Улс орныг дампуурлаас яаж гаргах талаараа шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санаагаа чилээж, толгойгоо гашилгаж сууна. Тэрбээр хүнд үед Ерөнхий сайд болж, дааж давашгүй хямралыг нуруун дээрээ тохож, улс орноо бүрмөсөн үгүйрүүлчихгүй гэсэндээ арга саам хайж урд хөршөөсөө хүртэл зээл авахаа мэдэгдсэн нь түүний хувьд хүнд байгааг харуулав. Хавтгайрсан халамжийн үйлчилгээг зогсооно, танана хасна, төрийн алба хаагчдын орон тоог цомхтгон халж хямралаас гарна гэх мэтээр ажил өрнүүлэх болсноо мэдэгдсэн. Цаашлаад ард иргэдийнхээ халаас руу өнгийн хандив гуйж, үнэт эдлэл буюу үнэтэй цайтай гэсэн бүхнээ зарж үрж хандив өргө ч гэх шиг боломжгүй зүйлсийг ярьсаар байгаа ч хэрэгжүүлсэн нь одоохондоо алга.
Харин эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн санаа амарч, өвчтэй гэсэн шалтгаанаар амархан гэгч хариуцлагаас мултарч, хар толгойгоо бодоод алга болсон. Үнэндээ эдийн засгийг хэцүүдүүлж хаясан тэр эрхэмтэй хариуцлага тооцож чадах засаг, төр гэж алга уу? Монгол иргэн бүр улс орныхоо хувь хишгийг хүртэх ёстой байтал өөрсдийнх нь зовж зүдэрч олсон хэд рүү өнгийж, халамж хандив гуйж байгаа төр ичээсэй. Төр иргэдийнхээ эрх ашгийн төлөө харин ч хохироож ажиллахаар болов. Хамгийн буруутай хүн бол Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газрын эрхмүүд бөгөөд тэд хагартлаа баяжиж, улс орны баялгийг үгүй хийн устгасан учир хариуцлага тооцох нь хуульд нийцэх ёстой биш үү?
Эх сурвалж www.wikimon.mn