Comment.mn

2000 оноос хойш ажиллаж байсан бүх Засгийн Газар хууль бусаар байгуулагдсан

МАХН (одоогийн МАН) ба АН-ын удирдлага улсынхаа Үндсэн хууль болон Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын хуралдааны их суудлын хуралдааны тогтоолыг цөөнгүй удаа зөрчсөн нь тогтоогдсон билээ. Өөрөөр хэлбэл тэд гэмт хэрэг үйлдсэн гэж хэлж болно. Үүний нэг жишээ нь Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон Үндсэн Хуулийн Цэцэийн 2000 онд гаргасан тогтоолыг тэд дагаж мөрдөөгүй байна.

Уг шийдвэрээс үзэх ахул 2000 оноос хойш байгуулагдсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын удирдсан Засгийн газрууд бүгд Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан болж таарч байна.

 Үндсэн хуулийн Цэцийн уг шийдвэртэй холбоотой холбогдох баримтуудыг танилцуулж байна.

                                                                                                                                                                                   М.Гал-Арив 

                                                                                                                                                                                  sonin.mn

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан 2000 оны 11-р сарын 29-нд болж, УИХ-ын 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг хүчингүй болгосон юм.

Цэц гаргасан тогтоолоороо Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг хүчингүй болгоод зогссонгүй, тогтоолын хоёр дахь заалтдаа 1992 оны Үндсэн хуулийн заалтууд хэвээр мөрдөгдөнө хэмээсэн байна.

Хуралдааны протокол ба тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.

1. Хуралдааны протокол

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан товлосон ёсоор  9 цаг 30 минутад эхэлсэн юм.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан хуралдаан нээснийг мэдэгдэн алх цохив.

Их суудал Н.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ж.Бямбажав, Н.Чинбат, В.Удвал нарын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдлаа.

Нэхэмжлэгч талаас иргэн Д.Чулуунжав, О.Жамбалдорж, Н.Баасанжав нар хүрэлцэн ирж харин хүндэтгэх шалтгаанаар С.Нарангэрэл, Н.Хайдав нар ирсэнгүй. УИХ-ын байр суурийг танилцуулах төлөөлөгчөөр томилогдсон Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж танхимын зүүн жигүүрт суудлаа эзэлжээ.

Хуралдаан эхэлсний дараа Цэцийн дарга Н.Жанцан УИХ-ын төлөөлөгчид үгээ хэлэхийг хүсэв. Ц.Шаравдорж суудлаасаа босч  хэлэх зүйл нь татгалзахад чиглэж байгаа учраас үгээ тасалдуулахгүй байхыг санууллаа.

УИХ-ыг төлөөлж хэлсэн түүний үгэнд Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга хууль бусаар зарлан хуралдуулсныг тэмдэглэлээ. Мөн Н.Жанцан, Цэцийн дунд суудлын байр суурийг илт хамгаалж, үүгээрээ Цэцийн эцсийн шийдвэрийг урьдчилан гаргасан байна гэжээ.

Хуулийн тодорхой заалтыг зөрчсөн Цэцийн дарга Н.Жанцан энэ маргааныг хэлэлцэх өнөөдрийн хуралдаанд оролцох хууль, зүйн эрхгүй гэдгийг хэлж, түүнийг энэ уг хуралдаанд оролцохыг татгалзаж байна хэмээлээ.

Түүнчлэн, Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн өөрчлөлтийг хянадаг, ард түмний засгийн эрх мэдлийг танадаг, хасдаг байгууллага биш. Үндсэн хуулийг, түүнд хуулийн дагуу орсон нэмэлт, өөрчлөлттэй нь чандлан сахиулах ганцхан үүрэг Цэцэд бий. Энэ үүргээ умартан улс орныгтөрийн хямрал руу түлхсэн шийдвэр гаргавал үүнээс үүдэх хариуцлагыг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан хүлээх ёстой хэмээн «сүрдүүлэх, айлгах» хоёрыг хосолсон үг хэлчихээд хуралдаанд оролцохгүй хэмээн УИХ-ын төлөөлөгн Ц.Шаравдорж хурал хаях мэт гарч одлоо.

УИХ-ын төлөөлөгчийн «Цэцийн дарга Н.Жанцанг хуралдаанд оруулахгүй» гэсэн хүсэлтийг шийдэхээр Цэцийн гишүүд зөвлөлдөх тасалгаанд оров. Хориод минутын дараа гишүүд суудлаа эзэлж, гишүүн В.Удвал УИХ-ын төлөөлөгчийн үгийг хүчингүй болгох магадлалыг танилцуулснаар хуралдаан цааш өрнөлөө.

Цэцийн дарга Н.Жанцан нэхэмжлэгчдэд хандан дахин шинэ нотлох баримт байгаа эсэхийг лавлахад,

Д.Чулуунжав: -Анх би өргөдөл гаргахдаа УИХ, Үндсэн хуулийн найман зүйлийн заалтыг зөрчсөн гэсэн. Цэц дунд суудлаараа хуралдаад гурвыг нь зөрчсөн гэсэн шийд гаргасан. Гэтэл УИХ олон түмэнд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь зөв, харин оруулсан арга барил жаахан буруу байсан гэсэн ойлголтыг төрүүлээд байна. Ингэж ч сурталчилж байгаа. Н.Энхбаяр сайд өчигдөр ярихдаа стаканд ус хийх ёстой. Харин аль талаас нь хийсэн нь сонин гэж байна. Тэгэхээр 23-ийн 1, 16-гийн 9,10, 25-ын 4-ийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг Цэц анхааралдаа аваач ээ гэж хүсмээр байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилсан гэгдэж гарын үсэг зурцгаасан олон хүн хүчинд автагдсан гэдгийгээ хэлсэн. С.Оюун, Дашпүрэв нарын гишүүд хүчинд автаж гарын үсэг зурснаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Өчигдөр телевизээр Ерөнхий сайд Н.Энхбаяр: -Үндсэн хуулийн Цэцийн талаарх асуудлыг зөвшилцсөний дараа шийдэх боломжтой гэж үзэж байна гэсэн. Тэгэхээр Н.Энхбаярын энэ үг Монголд Үндсэн хууль байхгүй гэсэн үг юм уу? Цэцийн хүлээцтэй удаан хандсан энэ үйл явцыг тэд мушгиад байна. Хууль зөрчсөн гэмт үйлдлээ баталгаажуулахыг хүсч байна. Та бүхэн үүнийг анхааралдаа авах биз ээ. Монголд Үндсэн хууль, түүнийг хамгаалдаг Цэц гэж бий шүү гэдгийг харуулах хэрэгтэй гэв.

Нэхэмжлэгч Д.Чулуунжав нотолгоогоо ярьж дууссаны дараа Цэцийн дарга Н.Жанцан тайлбар хийхийг хүсээд «зөвшилцөх гэдэг ойлголт УИХ-д байхгүй. Цэц зөвшилцдөг субъект биш. Ийм ойлголт өмнө нь ч байгаагүй, цаашдаа ч байхгүй гэдгийг хатуу ойлгоорой» гэлээ. Дараа нь хэргийг уншиж, танилцсан В.Удвал илтгэл тавилаа. Илтгэлийн дараа Цэцийн гишүүн Н.Чилхаажав, «УИХ-ын байр суурийг танилцуулсан Ц.Шаравдорж өмнө нь ямар нэгэн тайлбар ирүүлсэн эсэхийг» асуув

УИХ-ын захирамжаар томилогдсон төлөөлөгч өмнө нь ямар ч тайлбар ирүүлээгүй болохыг В.Удвал хэллээ.

Нэхэмжлэгчдэд Цэцийн гишүүд асуулт тавилаа. Асуултыг Цэцийн дарга өөрөө хагалав.

Н.Жанцан: -Гомдол гаргагчид гомдлоосоо татгалзах зүйл байна уу? Татгалзах чөлөөтэй, харин үндэслэлээ хэлэх шаардлагатай гэв.

Н.Баасанжав: -Татгалзах зүйл байхгүй. Харин нэмж гомдол гаргамаар байна.

О.Жамбалдорж: -Үндсэн хуулийг зөрчих явдал улам гүнзгийрч байна. Иймээс гомдлоо улам чангаруулна.

Д.Чулуунжав: –Надад ч татгалзах зүйл алга.

Цэцийн дарга Н.Жанцан: -УИХ-ын төлөөлөгч Ц.Шаравдорж УИХ-ын байр суурийг илэрхийлэхдээ Үндсэн Хуулийн Цэц хууль бус дүгнэлт гаргасан гэсэн. Хууль ёсных уу үгүй юу гэдгийг дүгнэх эрх УИХ-д бий юу. Байвал хуулийн заалтыг нь хэлнэ үү. Эсвэл санал нэгтэй байна уу?

Д.Чулуунжав: -Үндсэн хуулийн Цэц иргэдийн санал, гомдлын дагуу дүгнэлтээ гаргасан. Үндсэн хуулиа зөрчөөгүй. Үндсэн Хуулийн Цэц шүүхийн үйл ажиллагаа зөрчөөгүй. УИХ тайлбар хийх хариуцлагаас зайлсхийж байна. Хоёр дахь асуудлын талаар маргаан үүсгэж болно.

Н.Баасанжав: -Цэц, хууль зөрчсөн эсэхийг ямар ч хуулиас эрээд олоогүй. Харин УИХ хууль зөрчсөн гэдгийг хуулиас үзэж болно. Үндсэн хуулиа зөрчсөн баримт байна.

О.Жамбалдорж: -УИХ, хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Энэ нь улаан цайм иргэдийн толгойг эргүүлэх үйлдэл. Энэ бол УИХ-ын одоогийн явуулж буй бодлогын нэгээхэн хэсэг. Үнэн мөнийг ялгахад Цэц л бидний горьдлогыг төрүүлж байна.

Н.Жанцан: -Ц.Шаравдорж, Цэц нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцэх ёсгүй гэсэн. Хэлэлцэх үгүйг хууль зүйн хувьд л нотлох ёстой юм.

Д.Чулуунжав: -Хоёр зүйлээр нотлоно. Нэхэмжлэгчид асуулт тавьж дууссаны дараа Цэцийн дарга Н.Жанцан УИХ-ын төлөөлөгчид тавих асуулт байсан ч боломжгүй болсныг дурдаад, гэлээ ч энэ нь хуралдааны явцад саад учруулахгүй хэмээлээ. Ингээд Цэцийн гишүүдээс нэхэмжлэгчдэд тавих асуулт бий эсэхийг лавлахад,

Гишүүн Ж.Амарсанаа: -Шинэ нөхцөл байдлын тухай тайлбарлахдаа иргэн Д.Чулуунжав «Цэцийн гишүүд Цэцэд нөлөөлөх оролдлого хийж байна» гэсэн. Энэ юу гэсэн үг вэ?

Д.Чулуунжав: -Би УИХ-ын гишүүд Цэцэд нөлөөлөх оролдлого хийж байгаа тухай л хэлсэн. Тухайлбал цас зудтай байхад Цэц хуралдах гэлээ. Төр, засаг дөнгөж зүгшрээд байхад үймүүлж байна гэх мэтчилэн ярьж, бичиж байгааг л хэлсэн гэлээ.

Асуулт хариултын дараа нэхэмжлэгчдэд асуулт тавих гишүүн байхгүй учир асуултыг зогсоолоо.

Хуралдааны дараагийн үе шат бол талуудын мэтгэлзээний үе байсан ч УИХ-ын төлөөлөгчид байхгүй учир боломжгүй болов. Ингээд үдээс өмнөх хуралдаан 12 цагт өндөрлөж Цэцийн гишүүд зөвлөлдөх тасалгаанд орж 16 цагт эцсийн шийдвэрийг танилцуулах болсноо зарлалаа.

Цэцийн гишүүд товлосон цагтаа цуглаж Цэцийн эцсийн шийдвэрийг гишүүн Ж.Бямбажав уншиж танилцуулсан юм. Ийнхүү Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын шийдвэр их суудлаараа дахин батлагджээ.

2.  Хуралдааны тогтоол

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс: Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Болдбаатар, Д.Чилхаажав, Ж.Бямбажав, Ж.Амарсанаа, В.Удвал (илтгэгч), Н.Чинбат нар, хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж, УИХ-ын төлөөлөгч Ц.Шаравдорж нар оролцов. Цэцийн хуралдаанаар Монгол Улсын иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж, Н.Отгон нарын гомдлоор үүссэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.

Хянавал:

1. Монгол Улсын Их Хурал 1999 оны 12 дугаар сарын 24-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, дапдугаар зүйлийн 1 дэх заалтад нийцээгүй байна.

2.Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжийг Үндсэн хуулийн Цэцэд олгоогүй байна.

3.Эдгээрээс үзэхэд Улсын Их Хурлаас баталсан Үндсэнн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр, 68 дугаар зүйлийн нэг, 70 дугаар зүйлийн нэг дэх заалтыг зөрчиж байна гэсэн иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, Н.Отгон, О.Жамбалдорж нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн гурав, Үндон хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс ТОГТООХ нь:

Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан «Монгол Улсын Үндон хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт» нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт заасан «Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгшбайдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн», 68 дугаар зүйлийн нэгд заасан «Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно», 70дугаар зүйлийн нэгдэх хэсгийн «Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино» гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул

Улсын Их Хурлын 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосугай.

2.1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн бүх заалт хүчинтэй болохыг дурдсугай.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү шийдвэр нь эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно.

Улаанбаатар хот, 2000 оны 11 сарын 29 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.