Comment.mn

Саарал өнгөтэй Монголыг хүлээж буй саар зүйлс

Парист төвтэй, олон улсын ФАТФ буюу мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллагаас гаргадаг саарал жагсаалтад Монгол Улсыг оруулсан талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн халуун сэдэв байв. Их долоон гүрний мөнгө угаахын эсрэг санаачлагын хүрээнд энэ байгууллага 1989 онд байгуулагджээ.

Дээрх мэдээлэл Исланд улс эл жагсаалтад нэмэгдсэн тухай icelandmonitor.mbl.is-д нийтлэгдсэнээр олон нийтэд хүрчээ. Саарал жагсаалтад багтсан улсууд нь мөнгө угаахын эсрэг хангалттай арга хэмжээ аваагүй, эсвэл терроризмыг санхүүжүүлсэн учраас ийнхүү нэр зүүдэг аж.

Энэ мэдээлэлтэй зэрэгцэн мөнгө угаахтай тэмцэх эрэн сурвалжлах агентлаг ACAMS MoneyLaundering.com-ийн сэтгүүлч Koos Couvée “ФАТФ байгууллагаас саарал жагсаалтад Исланд, Монгол, Зимбабве улсуудыг өндөр эрсдэлтэй хэмээн нэмжээ. Тэгвэл Этиоп, Шриланка, Тунис улсууд мөнгө угаахын эсрэг дэглэмээ сайжруулснаар дээрх жагсаалтаас нэрээ цэвэрлэж чаджээ” хэмээн өөрийн твиттер хуудсандаа өнгөрсөн баасан гаригт бичсэн байлаа. “Bloomberg.com” дээрх мэдээллийг баталгаажуулж, ФАТФ-ын мэдэгдлийг дамжуулсан байна. Ингэхдээ “Парисаас илгээсэн цахим шууданд Монгол болон Исланд, Зимбабве зэрэг улс саарал жагсаалтад бичигдсэнийг тус олон улсын байгууллагын мэдэгдэлд дурдсан байна” хэмээжээ. Түүнчлэн эдгээр улс орнууд нь ФАТФ-тай хамтран санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах төлөвлөгөө гаргах ёстой гэдгийг ч онцолжээ.

Монголбанкны албаны эх сурвалж ФАТФ Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсныг баталсан. Улмаар манай улсад үүрэг даалгавар өгсөн байлаа. Тухайлбал, хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх, мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ногдуулах, гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах, нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх гэсэн дөрвөн зүйл бүхий заалтуудыг шууд хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үүрэг болгоод байгаа аж.

Манай улс анх 2013 онд дээрх жагсаалтад бичигдэж байсан түүхтэй бөгөөд 2014 онд энэ жагсаалтаас гарсан байна.

Монголд юу тохиолдох вэ?

“Саарал жагсаалт бол монголчуудын хувьд шинэ зүйл биш. Яагаад гэхээр өмнө нь монголчууд 2013 онд ороод 2014 онд гарсан. Магадгүй үүнийг иргэд мэдээгүй өнгөрсөн байх. Харин банк санхүүгийн салбарт ажиллаж байсан хүмүүс бол үүнийг мэдэрсэн. Тухайн үед төлбөр тооцоо хийдэг гадны банкууд Монголыг тоохоо байсан. Зарим нэг нь хараа хяналтаа сайжруулаад биднээс маш олон материал нэхсэн. Жишээлбэл, АНУ руу шууд төбөр тооцооны банкаар нь гүйлгээ хийдэг байсан бол Хонгконгоор дамжиж хийдэг болсон гэх мэт бэрхшээл үүссэн. Тодорхой хэмжээгээр гадаад худалдаа хийхэд хүндрэлтэй болно. Шат дамжлага, хяналт шалгалт нэмэгдэнэ. Гэхдээ хэр хэмжээгээр гэдгийг одоо хэлж мэдэхгүй. Ямартай ч компанийн, банк санхүүгийн, хувь иргэний түвшинд хүндрэл бол үүснэ” гэж эдийн засагч Б.Дөлгөөн eagle.mn-д ярьсан байв.

Саарал жагсаалт Пакистанд юу авчирсан бэ?

Өнгөрсөн оны зургадугаар сард Пакистан улс энэхүү саарал жагсаалтад бичигдсэн байдаг. Тухайн жилийнхээ аравдугаар сарын 19-нд ФАТФ-ын төлөөлөгчид Пакистаны нийслэл Исламабад хотод 12 хоногийн хугацаатай ажиллаж, санхүүгийн өөрчлөн байгуулалтын талаар хэлэлцжээ.

Эдийн засгийн судалгаа, шинжилгээ, зөвлөгөө мэдээллийн “The Economist” сэтгүүлийн шинжээчдийн дүгнэснээр ФАТФ Пакистаны талаар шүүмжлэлтэй байр сууринд хэвээр байх бөгөөд бодлогын мэдэгдэхүйц өөрчлөлтийг хүлээж байгаа билээ. Учир нь терроризмыг санхүүжүүлбэл тус улс бүр хар жагсаалтад багтах эрсдэлтэй гэдгийг албаны байгууллагаас нь мэдээлсэн. Гэсэн ч үнэн хэрэгтээ саарал жагсаалтад орсон улс орнуудын эдийн засаг ихээхэн хязгаарлагдмал байдалд ордгийг мартаж болохгүй юм.

Санхүүгийн салбар дахь цохилт

Пакистан саарал жагсаалтад багтсан нь ганц энэ удаагийнх биш аж. Тус улс нь 2012-2015 онд мөн энэ жагсаалтад багтаж байсан юм. Энэ хугацаанд эдийн засгийн шууд эрсдэл тэгтлээ учирч байгаагүй ч 2013 онд Пакистан ОУВС-гаас зургаан тэрбум ам.долларын дэмжлэгийн хөтөлбөр хүлээн авах боломжтой байсан юм. Саарал жагсаалт бол эдийн засгийн ямар нэг хориг арга хэмжээ биш. Гэхдээ олон улсын банк, санхүүгийн системд тухайн улс оронтой хийх аливаа мөнгө, хөрөнгө оруулалтын урсгал нь өндөр эрсдэл дагуулна гэсэн болгоомжлолыг үүсгэдэг.

Тиймээс ч Пакистаны банкны болон гадаад салбар нь хамгийн ихээр доголдсон байдаг. Олон улсын банкууд болон улс хоорондын санхүүгийн хүрээлэнгүүд энэ улстай хийх аливаа гүйлгээ, хэлэлцээрт анхаарал болгоомжтой хандах болжээ.

Санхүүгийн гадаад боломжууд шахагдаж эхэлнэ

Саарал жагсаалтад багтах нь хязгаарлагдмал байдлыг үүсгэдэг. Үүнээс гадна төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлдөг учраас Засгийн газарт эдийн засгийн сорилт болон хувирдаг байна. Тиймээс ч Пакистаны төсвийн алдагдал өнгөрсөн жил хурдтай өссөн байдаг. Төвбанкных нь валютын нөөц ихээхэн бага буюу 7.8 тэрбум ам.долларт хүрсэн байлаа. Гэтэл саарал жагсаалтын улмаас гадны хандивлагч улс орнууд элдэв тусламж дэмжлэгээ олгоход ч саад болж, сорилт үүсгэж, цаашлаад зээлжих нөхцөл байдалд ч хана болон тусгаарлах нь бий.

Эх  сурвалж: Зууны мэдээ сонин  2019.10.21 №208 (6175)

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.