Улсын аварга Э.Оюунболд Үндэсний бөхийн салбар хороог өөрийг нь гүтгэсэн хэмээн мэдэгдэл хийж байсан билээ. Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан юм. Түүнээс допингийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан нь ийнхүү шүүхэд хандах болсон аж.
Харин Э.Оюунболдын нэхэмжлэлийг шүүхээс буцаасан байна. Тодруулбал, ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар өнгөрсөн есдүгээр сарын 19-нд шүүгчийн захирамж гарчээ. Түүнээс хойш 14 хоног өнгөрсөн. Тиймээс Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэл гаргагч Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй байна гэж шийдвэрлэжээ.