“Эмэгтэйчүүд улс төрийг ёс зүйтэй болгодог. Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улстөрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэй гишүүд олонтой орны парламентад авлига, хээл хахууль багасан, нийгмийн асуудал сайжирч, үр дүнд нь улс орон хөгждөг.
Эмэгтэй гишүүд орхигдож гээгдсэн нийгмийн асуудлуудад анхаардаг. Хүн амын тэн хагасаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг тул тэдний оролцоо шийдвэр гаргах түвшинд ч мөн ийм хэмжээтэй байх ёстой. Эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр эмэгтэйчүүдийн асуудал шийдэгдэхгүй.
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажилласнаар хүнээ хайрлаж хамгаалах, хүний үнэ цэнийг өсгөх, хувь хүнийг хөгжүүлэх бодлого нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдэд байгаа асар их нөөцийг улс орны хөгжил дэвшилд дайчлахгүй байна”. Байнга яригдсаар улиг домог болж буй иймэрхүү ухуулга сурталчилгааг би эергээр хүлээж авдаг.
Эмэгтэйчүүд нийгмийн бүх шатанд оролцоотой байх, шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд илүү олноороо ажиллах ёстой гэсэн лоозонг дэмждэг. Олон нийтэд ч ийм сэтгэлгээ сууж байгаа учраас сонгуулиас сонгуульд эмэгтэй гишүүдийн тоо огцом өсөж буй биз.
1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад орж ирж байж. Үүнээс хойш 1996 онд долоо, 2000 онд найм, 2004 онд тав, 2008 онд гурав, 2012 онд 11, 2016 онд 13 эмэгтэй гишүүн сонгогджээ.
Энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн, тэр дундаа Сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн квотоор нэг намаас нэр дэвшсэн 16 эмэгтэйн 12 нь сонгогдсон нь түүхэн дээд амжилт.
Монголчуудын сэтгэхүйд бат бөх суусан жендерийн хэвшмэл хандлага нэг үеэ бодвол “гэсэж” буйг сүүлийн хоёр парламентын эмэгтэй гишүүдийн тоо илэрхийлнэ.
Харин сонгогдсон эмэгтэйчүүд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүрээнд хариуцсан ажлаа хэр үр дүнтэй, сайн гүйцэтгэж, манлайлж ажиллахаас эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо цаашид нэмэгдэх эсэх нь шууд хамаарах билээ. Бэхжиж, тогтож амжаагүй, зөв зүг рүүгээ чадан ядан тэмүүлж яваа нийгмийн хандлагыг хааш нь эргүүлэхээ эмэгтэй гишүүд өөрсдөө шийднэ гэсэн үг.
ДУУЛЖ ХУУРДСАН Ч АЖЛАА АЛДААГҮЙ, АТГАСАН ГАР ШИГ 11 ГИШҮҮН
Өмнөх парламентын эмэгтэй гишүүд дуулж хуурдахаас эхлээд хууль санаачлах, лоббидон батлуулах ажилд хамтдаа зүтгэсэн. Өнөөгийн парламентын эмэгтэй гишүүдтэй харьцуулбал таван намын төлөөлөл болсон 11 эмэгтэй гишүүн тун ч ажил хэрэгч, атгасан гар шиг байжээ.
УИХ-д эмэгтэйчүүдийн албан бус бүлэг байгуулан, нам харгалзалгүй эв нэгдэлтэй ажиллаж чадсаны хүчинд хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэхэд чамлахааргүй оролцож, өөрийн гэсэн зам мөрөө үлдээж чадсан байна.
Тэд 2012 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нийгэмд гаргаж тавин, онцгой анхаарал хандуулж, НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтран, нийтийн анхаарлыг татан, батлагдсанаасаа хойш хэрэгжээгүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Ганц энэ хичээл зүтгэл нь л тэднийг магтах хангалттай шалтаг билээ.
Өмнөх парламентын эмэгтэй гишүүдийг сайнаар дурсах зүйл ганц энэ биш. 2012-2016 онд эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын тухай, Хог хаягдлын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Монгол хэлний тухай, Түрээсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай, Органик хүнсний тухай зэрэг хууль, тогтоолын төсөлд хамтран ажилласан.
Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд шинээр барих шаардлагатай 800 цэцэрлэгийн хөрөнгийг нэг дор шийдэх боломжгүй учраас асуудлыг шийдвэрлэх өөр арга зам хайж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулсан нь олон ч хүүхэд, гэр бүлд буян болсон.
Мөн ахмадын тэтгэвэр нэмэх, одонтой эхчүүдийн мөнгө, малчдын тэтгэврийн нас зэрэг ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэй гишүүд ахмадын нэрийн өмнөөс байнга дуу хоолой болж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол санаачлагчаар ажиллаж, батлуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийг батлуулсан.
Санаачлан батлуулсан хуулиуд нь элдэв шалтгааны улмаас алдаг оног хэрэгжиж буй ч тэдний хийсэн ажил үлгэр жишээ болж үлдсэн юм. Тэд сайн ажилласан нь өнөөгийн парламентад 13 бүсгүй сонгогдоход нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй билээ.
НЭГДЭЖ ЧАДДАГГҮЙ 13
Мордохын хазгай гэдэг шиг, УИХ-ын гишүүнээр сонгогдоод анх удаа БНСУ-д айлчлахдаа өмссөн, зүүснээрээ шуугиулж, түүнээс хойш хурал дээр унтсан, бохь зажилсан, боов идсэн, согтуу явсан гэх мэтийн олиггүй мэдээллээр чих дэлдийлгэж эхэлсэн энэ парламентын эмэгтэй гишүүд засал авахгүй байсаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах нь.
Энэ парламентын эмэгтэй гишүүдээс нийгэмд “Оюунхорол гох гох Амарзаяа ангар ангар Оюунчимэг бувар бувар Ундармаа гүд гүд” хэмээсэн дөрвөн мөртөөс өөр дурсагдах зүйл үлдэх, эсэх нь одоогоор эргэлзээтэй байна.
Төрт ёсны хэдэн мянган жилийн уламжлалтай, төрийн хүнийг энгийн нэгэн бус гэж хүндэлдэг, тэр ч утгаараа тэднээс асар өндөр ёс зүй, үүрэг хариуцлага нэхдэг ард түмний хувиар зохисгүй үйлдлээ олон нийтэд дэлгэж орхисон бүтэлгүй гишүүдийг буруутгаж, баалсан шүүмжлэлээр сонгогчид нь эхний үед булсан.
Харин эмэгтэй гишүүд “Эмэгтэй гишүүд хуралдаа хамгийн идэвхтэй сууж, хор найруулахад оролцохгүй, асуудалд маш шударга хандаж байгаа. Гэтэл эмэгтэй гишүүдийн хэлж, хийж байгаа ажил руу анхаарал хандуулахгүй, зүгээр л өө хайж байна.
Жишээлбэл, намайг ганц кофе уусны төлөө тэр бичлэгийг зориуд, төлбөртэйгөөр цацлаа. Нийгэмд эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоод эхлэхээр хуйвалдахгүй, хор найруулахад оролцохгүй, хариуцлага ярьж, шударга байгаа эмэгтэй гишүүдийн нэр хүнд, имижийг унагаж, төрд байх хэрэггүй гэх мэтээр орон зайг нь багасгах захиалгат зүйл яваад байна. Тангаргаа өргөснөөс хойш хуралдаа нэг ч удаа суугаагүй эрэгтэй гишүүнийг хэн ч ярихгүй байна шүү дээ.
Яагаад заавал эмэгтэй гишүүд рүү дайраад байгаа юм. Ингээд баалаад байвал сүүлдээ шударга зангаа больчихвол яах юм” хэмээн “тунирхсан”.
Эмэгтэй гишүүдийн паян энэ мэтээр үргэлжилсээр, тэд алдаагаа бусад руу чихэхийг оролдсоор. Эцэст нь олон нийт тэднээс юу ч хүлээж, шахаж шаардаад нэмэргүйтэй эвлэрэн, дүлий дүмбэ оргиж сууна.
Энэ парламентын эмэгтэй гишүүд уг нь өмнөх парламентын бүсгүйчүүдийн тогтоосон жишгийг дагаж, эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг байгуулсан. Тэд “Улс төрийн намын харьяалал, үзэл бодлын ялгаа харгалзахгүйгээр хүсэл зорилгоо нэгтгэж, эх хүний сэтгэлээр нийгмийн тулгамдсан, эмзэг асуудлуудад анхаарал хандуулах эрмэлзлээр байгуулсан” хэмээн мэдэгдэж байв.
Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, цэцэрлэг, сургууль, амаржих газрын хүрэлцээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, өрхийн эмнэлгийн хүрэлцээг сайжруулж, хэвтэн эмчлүүлэх нөхцөлийг хангах гэх мэтийн арваад асуудлыг онцгойлон анхаарч, хууль тогтоох ажилдаа тусгана хэмээж байсан тэд албан бус бүлгийн зорилгоо биелүүлэхийн төлөө нэгдэх бүү хэл албан ёсны бүлэг дээрээ ч хамтарч чадалгүй байсаар дөрөв дэх жилтэйгээ золгож байна.
Бүхэл бүтэн дөрвөн жилд нийтийн эрх ашиг руу хандсан ганц дорвитой төсөл санаачлаагүй хэр нь амин хувийн ажлаа чамгүй сайн хөөцөлдсөн. ЖДҮ авсан, зээлээ чөлөөлүүлсэн, өрөө хаалгасан. “25 настай бүсгүй УИХ-ын гишүүнд хүчиндүүллээ, 13 настай охиныг хүчиндээд, амийг нь хөнөөжээ. Шахмал түлшнээс болж гурван хоногт зургаан хүн нас барлаа” гэсэн сэтгэл сэртхийлгэм мэдээллүүдэд таг чиг суудаг эмэгтэй гишүүд намраас гэнэт ухаан оров.
Тэд хуулийн төсөл санаачлан, боловсруулж, өргөн барилаа. Тэр нь “Итгэлийн зээл”, “Бурхан багшийн дүйчин өдрийг тэмдэглэх тухай хууль” гэх мэтийн элэг авмаар зүйл байх. Барьцаагүй зээл өгөх, нэг өдөр илүү амраах гэгээнтний дүрээр гарч ирсэн тэд дараа жилийн сонгуулиа л бодсоноос биш, бидэнд хайртайдаа биш гэдгийг нь олон нийт ялгаж салгахтайгаа байлгүй.
Сонгогчдод сонголт нь буруу байгаагүйг харуулах, эмэгтэйчүүд эрчүүдээс дутуу бишийг, төр түшилцэж, хууль тогтоолцож, шийдвэр гаргахад оролцож, нөлөөлж чаддагийг харуулах том үүргийг энэ парламентын эмэгтэйчүүд аль хэдийнээ шороотой хутгасан.
Эмэгтэй хүйс хүнд илүү эрх дарх, тэнэглэх боломж олгодоггүй. Эмэгтэй хүн болж төрснөөрөө сонгогдох, шийдвэр гаргах түвшинд ажиллах эрхээ дутуу эдэлж байна гэхэд чинь бид дэмждэг. Харин эмэгтэй хүйсээрээ тэнэглэлээ нуух гэж оролдохыг чинь дэмжиж чадахгүй шүү.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин