Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэргийн алба хаагч, Орхон аймгийн харьяат 19 настай А нь амь насаа алдсан хэрэг гарсан билээ.
Талийгаачийн ар гэрийнхний зүгээс түүнийг бусдад зодуулж амиа алдсан гэж үзэж байгаа бол хуулийнхан гаднын нөлөөгүй хэмээн мэдээлж байсан билээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарт холбогдох эрүүгийн шүүх хурал 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 00 минутад улсын яллагч А.Дүүрэнбилэг, хохирогч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Д.Даваадорж, Б.Өлзийцэрэн, шүүгдэгч А.Энхбаяр, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч П.Бадамсамбуу, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Р.Вандлхангаа, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болов.
Шүүх хурал 21.30 цаг хүртэл үргэлжилж шийдвэрээ гаргасан байна. Энэ хэрэгт холбогдуулан тус цэргийн ангийн Мото буудлагын батлионы танкын ротын захирагч А.Энхбаяр, танкын ротын нэгдүгээр салааны механик, жолооч Р.Вандалхангай, салаан захирагч П.Бадамсамбуу нарыг шалгасан юм. Тэд 24-31 насны иргэн юм.
Улмаар шүүгдэгч А.Энхбаярт, Р.Вандлханга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын ял оноожээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тэнсэн харгалзах ял өгүүлэх хүсэлтэйгээр орж ирсэн ч ийнхүү шүүх бүрэлдэхүүн ял оноолоо.
Харин хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнэбат өмгөөлөгч Р.Булгамаа, Д.Даваадорж, Б.Өлзийцэрэн нарын хамт оролцсон байна.