Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн нэг нь Гавьяат хуульчийг шүүгч хүүтэй нь шалгуулахаар АТГ-т хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдгээр 17 шүүгчийн олонхи нь Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар түдгэлзүүлсэн гэх мэдээлэл бий. Харин АТГ-т шалгуулахаар болсон Гавьяат хуульч бол өдгөө ШЕЗ-д зөвлөхөөр ажиллаж байгаа Б.Сарантуяа юм байна. Б.Сарантуяагийн хүү Г.Даваадорж нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилладаг аж.
Б.Сарантуяа нь 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч цол шагнагдсан. Намтрын хувьд 1976 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш 1976-1977 онд Төв аймгийн шүүхэд арбитрын байцаагч, 1977-1978 онд Сүхбаатар районы ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1978-1979 онд Сүхбаатар районы ардын шүүхэд шүүгч, 1979-1993 онд Октябрын районы ардын шүүхэд шүүгч, 1993-2000 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, 2000-2003 онд Нийслэлийн шүүхэд шүүгч, 2003-2011 онд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч, 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр ажилласан. Түүний нэрийг Хуульчдын холбооноос санал болгосноор Ерөнхийлөгчийн 2013 оны арванхоёрдугаар сарын 27-ны 206 тоот зарлигаар ШЕЗ-ийн гишүүнээр томилсон байдаг.
Б.Сарантуяагийн ШЕЗ-ийн гишүүний бүрэн эрх нь хуулийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, оронд нь 2017 оны зургадугаар сарын 2-нд В.Оюумааг томилсон юм.
Харин Б.Сарантуяагийн хүү Гоошоохүүгийн Даваадорж нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2000-2002 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2002-2004 онд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах, 2004-2013 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн шүүгч, 2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны Аравдугаар шүүхийн шүүгч, 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Г.Даваадорж нь тун удахгүй зэрэг дэв нь дээшилж, Улсын Дээд шүүхийн шүүгч, бүр Танхимын тэргүүн болж магадгүй гэх яриа шүүгчдийн дунд тараад удаж байна.
Үүнээс гадна шүүх байгууллагад үүсээд байгаа нэг ээдрээтэй асуудал Гавьяат хуульч Б.Сарантуяагаар илрэн гарлаа гэхэд болно. Юу гэвэл Б.Сарантуяа ШЕЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдсөн ч өнөөг хүртэл ШЕЗ-д ажиллаж буй юм. Тэрээр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөх гэсэн албан тушаал дээр гэрээгээр ажилладаг юм байна.
Ийм мэдээлэл ШЕЗ-ийн албан ёсны мэдээллийн сайтад байна. Гэтэл Б.Сарантуяа хууль зүйн зөвлөгөө өгдөг, хувийн өмгөөллийн байгууллагад бас харьяалагддаг. Түүний нэр Монголын өмгөөлөгчдийн лавлагаа буюу өмгөөлөгчдийн жагсаалтын 1569 дээр нэр нь бичээстэй байдаг. Гэтэл ШЕЗ-д гэрээгээр ажиллаж, хэргийн хөдөлгөөнтэй холбоотой хяналт шалгалтыг бүх шатны шүүхэд явуулж, шүүгч нарыг өмнөө бөндөгнүүлсээр сууж байгаагийн ард ашиг сонирхлын асар том зөрчил нуугдаж буйг захын шүүгч хэлээд өгнө.
Өөрөөр хэлбэл, “…Шүүх шинэчлэгдсэн, үгүй” гэх дуусдаггүй маргаан бий. Гэтэл шүүхийн захиргааны байгууллага болох ШЕЗ ингэж бүх шатны шүүхийн хэргийн хөдөлгөөн зэрэгт нөлөөллөө үзүүлж, бас Б.Сарантуяа шиг ашиг сонирхлын зөрчилтэй хүн гүйцэтгэж байгаагаас “…Шүүхийн шинэчлэл гээч нь цаасан дээр, эсвэл даргын хэлсэн үгэнд л байжээ” гэдгийг нотолж буй юм.
Түүнчлэн Б.Сарантуяаг өнөөг хүртэл ШЕЗ-д ямар нэг байдлаар ажиллуулж байгаа хүн нь ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж гэдэг. Тэрээр Б.Сарантуяагийн бүрэн эрх нь дууссаны дараа ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөх гэдэг албан тушаал гаргаж, гэрээ байгуулан ажиллуулжээ. Дашрамд хэлэхэд, Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа бас дууссан. Энэ оны тавдугаар сард дууссан ч өнөөг хүртэл албан тушаалаа хашсаар байгаа юм.
Ер нь энд хөндөгдөх бас нэг асуудал бол Хуульчдын холбоо хэмээх нэг том малгай дор бөөгнөрсөн олон “хүүхэд”-ийн хоорондын харилцаа юм. Өнөөдөр шүүгч, прокурор, өмгөөлөгч, төрийн захиргааны зарим албан тушаалтнууд Хуульчдын холбоонд харьяалагддаг. Өөр хоорондоо харш байх учиртай эдгээр хүмүүс Хуульчдын холбооны элдвийн үйл ажиллагаанд хамтдаа оролцож, нягтардаг. Танилцана. Дотносно. Энэ бол амьдралд байдаг явдал. Дагаад аливаа хэрэг маргаан шийдэхэд энэ харилцаа нэмэр хандиваа өгөөд эхэлж байгаа юм даа.
Нөгөө талаас хуульчдад эрхийг нь олгохоос хянаж барьдаг газаргүй болохоор ШЕЗ-д ажиллаж байгаа Б.Сарантуяа өмгөөлөгчдийн бүртгэлд нэр нь тууж яваа юм. Энэ утгаараа Б.Сарантуяа нь эрх бүхий өмгөөлөгч болж таарна. Гэтэл ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөх гэдэг албан тушаалынхаа хувьд шүүхэд хяналт тавьж, шалгалт явуулж байгааг ойлгоход тун бэрх болоод байгаа юм. Өмгөөлөгч хүн л шүүгчдийн шийдвэрлэж буй хэргийн хөдөлгөөнийг хянаж, тэднийг жагсааж байгаад загнаж байна шүү дээ.
Ерөөс өмгөөллийн үйл ажиллагаа, байгууллагатай нь холбоотой бие даасан эрх зүйн зохицуулалт тааруухан учраас тэтгэвэрт гарсан шүүгч, прокурор хуульчийн эрхэндээ дулдуйдан бараг автоматаар өмгөөлөгч болчихдог цоорхой байгаа хэрэг. Товчхондоо, хуульчийн эрхтэй хүний сүүлчийн хоргодох байр нь өмгөөлөгчийн “албан тушаал” болдог болчихсон. Аргаа барахдаа гүйгээд очдог аавын гэр шиг гэсэн үг.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: Зууны мэдээ сонин