“Emart” их дэлгүүр, “Скайтел” группийн ТУЗ-ийн дарга, МҮОХорооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” олимпийн багийн ахлагч Б.Баттүшигтэй ярилцлаа. Тэрбээр Олон улсын олимпийн хорооны Маркетингийн комиссын гишүүн, Дэлхийн Бадминтоны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн юм.
–Таныг Харвардын бизнесийн сургуулийг төгсөгч, том аж ахуйн нэгжийн тэргүүн байхын зэрэгцээ спортод элэгтэй нэгэн гэдгээр нь мэднэ. Спорт Таны төлөвшилт хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би сагсан бөмбөг тоглож өссөн. Эмээтэйгээ зэрэгцэж суугаад NBA-ын тоглолт үздэг байлаа. Тухайн үед манай нийгэмд барууны улс, үндэстний тухай ойлголт хомс байхад монголчууд Майкл Жордан гэдэг нэрийг андахгүй мэддэг байсан шүү дээ. Майкл Жордан намайг төдийгүй хүн төрөлхтөнг сагсан бөмбөгт дуртай болгосон тамирчин. Би анх 1993 оноос сагсан бөмбөгчдийн зурагтай карт цуглуулж, NBA-д тоглохыг мөрөөдөх болсон. Спортод хил хязгаар байдаггүй. Хүнийг хүндлэх, хожиж, хожигдож сурах зэрэг олон давуу талыг спорт бидэнд сургадаг. Хожигдсон ч эсрэг багийнхантайгаа гар барьж, баяр хүргэдэгт спортын гайхамшиг оршдог байх. Ер нь спортод элэгтэй болоход гэр бүл маань их нөлөөлсөн. Аав минь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг 10 орчим жил хашиж, 2006 оны Дохагийн Азийн наадмын багийн ахлагчаар ажиллаж байлаа. Эмээ, өвөөтэйгөө Улаанбаатар хотод амьдарч байхдаа байрны найзуудтайгаа сагс тоглоно. Сагсны талбайд нөхөрлөж өссөн багын найзуудын минь нэг нь Хакүхо М.Даваажаргал. Бид хамтдаа өдөр бүр сагс тоглож өссөн, зэргэлдээ байрны найзууд. Заримдаа том ах нарт шийдээ булаалгачихаад тэднийг хүлээнгээ хоорондоо барилдаж ч явлаа (инээв). Би 11 настайдаа АНУ-д анх хөл тавьсан. Англи хэл сайн мэдэхгүй учраас спортоор л дамжуулж үеийнхэнтэйгээ найз нөхөд болж байлаа. Ахлах сургуулийнхаа 11, 12 дугаар ангидаа сагсан бөмбөгийн багийн ахлагч болж, Сиэтл хотын сургуулиудын 1 хэсэгт шилдэг арван тоглогчийн нэгээр шалгарсан юм. Багийн ахлагч болсон минь бусадтай хамтран ажиллах, зохион байгуулах чадварт суралцахад нэмэр болсон байх гэж боддог. Би одоо ч сагсан бөмбөгөөр хичээллэж, долоо хоногтоо хоёроос гурван удаа сагс тоглодог.
–Сагсан бөмбөгт дуртай, Майкл Жорданг шүтдэг байсан тань Чикагогийн их сургуульд элсэхэд нөлөөлсөн үү?
-Тиймээ, Майкл Жордан сонголтод минь том нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч, энэ сургуулийг сонгох илүү академик шалтгаан байсан. Чикагогийн их сургуулиас хамааралтай Нобелийн 98 шагналтан төрсөн байдаг. Эдийн засгийн чиглэлээр хамгийн сайн сургуулиудын нэг байсан нь миний сонголтод нөлөөлсөн. 20 дугаар зууны хоёр дахь хагасын хамгийн нөлөө бүхий эдийн засагч гэгддэг Милтон Фридмэн мөн Чикагогийн Эдийн засгийн сургуулийн бодлогод ихээхэн хувь нэмэр оруулсан хүн байдаг. Өнөөгийн бидний амьдарч буй чөлөөт зах зээл, Laissez-faire эдийн засгийн онол, чөлөөт худалдааны бодлогын давуу талыг гаргаж ирсэн. Laissez-faire гэдэг нь Товчхондоо чөлөөт зах зээлд хувийн салбаруудын хоорондын гүйлгээнд Төрийн нөлөөг бага байлгах тусам эдийн засагт сайн гэсэн үг л дээ. Үүнээс гадна Милтон Фридмэн Мөнгөний бодлогоор эдийн засагт нөлөөлөх нь зэрэг олон том онолын судалгаа хийж Нобелийн шагнал хүртсэн байдаг. Намайг Чикагогийн их сургуульд сурч байхад профессор багш нар маань Милтон Фридмэн багшийн талаар их ярьж, бахархдаг байсан. Түүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн Чикагогийн хуулийн сургуулийн профессор байсан гэдгээрээ сургууль маань олонд танигдсан Одоо Чикагогийн их сургуулийн дэргэд Обама Ерөнхийлөгчийн нэрэмжит номын санг байгуулахаар төлөвлөж байгаа гэж сонссон. Харвардад суралцах замыг тавьсан Чикагогийн их сургуулийг төгссөнөөрөө бахархдаг. Залуучууд дэлхийн нэр хүндтэй сургуульд хэрхэн суралцах талаар их сонирхож асуудаг юм. Тиймээс залуус, дүү нартаа бага ч гэсэн тус болох үүднээс энэ талаар ном бичиж байгаа. Чикагод суралцсан эхний улиралдаа мөн л сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож байгаад “За ямар NBA-д тоглох биш дээ” гэж бодоод хичээлдээ илүү анхаарч эхэлсэн (инээв). Тэгээд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
-Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр жил гаруй боллоо. Таны хувьд хийх хамгийн чухал ажил юу гэж бодогддог вэ?
-МҮОХ-д орж ажиллаад Олимпизмын хөдөлгөөн нь нийгмийг эерэг чиглэлд хандуулах асар их ач холбогдолтойг илүү их ойлгох болсон. Энэ оны эхээр ОУОХ-ны Маркетингийн комиссын хуралд оролцоод ирлээ. Хурлын үеэр ОУОХ-ын Ерөнхийлөгч Томас Бах илтгэл тавихдаа олимпизмын үнэт зүйл нь хүмүүсийн амьдралын философи, зөв зарчим, зөв бодол, эв нэгдэл, бие биенээ хүндэлж амьдрахад оршино гэж хэлсэн. Мөн Томас Бахын ярианд өнөөгийн бидний амьдарч буй цаг үед зөв зарчим, эв нэгдэлд тулгуурлан харилцан зөвшилцөж шийдвэрт хүрэх хэрэгтэй гэдгийг онцолсон.
Өнөөдөр дэлхийн олон оронд дэлгэрээд буй эв зүйгээ олж чадахгүй байгаагийн шалтгаан нь хүн хоорондын харилцаа багассан, хоёр талаас зөвхөн өөрсдийн эрх ашгаа л тулгадаг, хэт туйлширсан байр суурь баримталдагт байна гэж судлаачид тайлбарлах болсон. Голдоо уулзаж, харилцан буулт хийж чадахгүй байгаагаас асуудал үүсч байгаа гэсэн дүгнэлтийг энэ хурлын үеэр хийж байсан. 19 дүгээр зууны сүүл үеийн нийгэм бас л өнөөдрийнх шиг тогтворгүй, өөр хоорондоо учир зүйгээ ололцож чадахгүй болсон үе байсан. Чухам тэр л үед Пьер де Кубертен өөр хоорондоо эв зүйгээр учир зүйгээ олдог нийгмийн төлөө Олимпизмын хөдөлгөөнийг дахин эхлүүлсэн. Олимпийн наадмын үеэр л дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид болон улс орнуудын удирдагчид гээд нийгмийн бүх төлөөлөл нэг хотод цуглан эв найрамдалтай байх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой. Өнөөдрийн нийгэмд ч гэсэн бид энэ түүхээс суралцах хэрэгтэй гэж бодож байна.
-Та Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашдаг. Бадминтон, Рагби, бэйсбол зэрэг дэлхийд алдартай спортыг эх орондоо хөгжүүлэх тал дээр хэр анхаарч байна вэ?
-Бадминтоны олон улсын тэмцээнийг Монголд 2015 онд зохион байгуулахад анх ивээн тэтгэгчээр нь оролцсон юм. Улмаар энэ спортод илүү сонирхолтой болж, Монголд хөгжүүлье гэсэн мөрөөдөлтэй болсон. Бадминтон бол Азийн нэрийн хуудас болсон спорт ч манайд төдийлөн дэлгэрээгүй. Тиймээс олон улсын чанартай тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулж, улсынхаа болон холбооныхоо нэр төрийг бэхжүүлж, оролцоог нэмэгдүүлэхийг хичээж байна. Бусад спортын холбоод ч энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа байх. Одоогоор монголчууд спортын 8-9 төрлөөр л олимпд оролцож байгаа. Бид унадаг дугуй, бадминтон зэрэг спортын төрлүүдээр ойрын хугацаанд олимпд оролцох боломжтой. Түүнчлэн сагсан бөмбөгийн 3х3 төрөлд баг тамирчид оролцох боломж байгааг Олимпийн Хорооны бас нэг зорилго болгон ажиллаж байна. Монголоос сагсан бөмбөгийн спортоор олимпд орно гэдэг итгэхэд хэцүү байсан үе саяхан байсан. Тэгэхээр энэ бол маш том амжилт юм. Энэ ажлынхаа хүрээнд саяхан Бээжин хотод зохион байгуулагдсан Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Андрейс Загклистай уулзаж санал солилцсон . Энэ төрөлд Монгол Улсын баг Азидаа хоёрт, эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын онооны нийлбэрээр дэлхийд шилдэг тавд эрэмбэлэгддэг. Тиймээс дэлхийд өндөр эрэмбэтэй эмэгтэй юм уу эрэгтэй шигшээ багаа аль нэгийг Токиогийн олимпд оруулах асуудлыг баталгаажуулахаар Дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой нягт харилцаатай ажиллаж, Олимпийн наадмаас өмнө аль болох олон тэмцээн уралдаанд оролцох нь чухал юм. Мөн Монголд өвлийн спорт хөгжүүлэхийг дэмждэг. Бид дөрвөн улиралтай улс атлаа өвлийн олимпд хоёр гуравхан тамирчин оролцуулж байна гэдэг хангалтгүй санагддаг. Ер нь эх орондоо олимпийн спортын тэмцээн уралдаанууд болон олимпд оролцох спортын төрөл, тамирчдын тоогоо нэмэх боломж бий.
-Токио 2020” олимпийн багийн ахлагчийн хувьд гадаад хамтын ажиллагааны тал дээр түлхүү анхаардаг уу?
-Их спорт болон тамирчид маань олон улсын тэмцээн уралдаануудад үзүүлж буй амжилтаараа Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж байна. Сургуулиа төгсөж ирснийхээ дараа Монголын бизнесийн төдийгүй нийгэм, спортын салбарт хувь нэмрээ оруулахыг зорьж, Олимпийн хорооны сонгуульд оролцохоор шийдэж, олимпийн хорооны гишүүдийнхээ итгэлийг хүлээж, тэдний саналаар тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Мөн “Токио 2020” олимпийн багийн ахлагч болсон. Олон улсын олимпийн хороо нь 26 салбар комисстой. Тэдгээр салбарын нэг болох Маркетингийн комиссын гишүүнээр сонгогдсоноо нэр төрийн хэрэг гэж боддог. Хүн спорттой нэг л холбогдвол сэтгэлээ зориулж, чадах бүхнээ хийхийг эрмэлздэг юм байна. Би спортод хайртай учраас эдгээр сонгуульт ажилдаа идэвхтэй зүтгэдэг. Гэхдээ спортын холбоодуудын бие даасан үйл ажиллагаанд шууд оролцдоггүй. Харин дэмжлэг үзүүлж, туслахыг хичээдэг. Мөн олимпыг угтаж, үндэсний шигшээ багийн тамирчиддаа дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах бодолтой байна.
–Олимп бол хүн төрөлхтний баяр. Энэ үеэр спортоор дамжуулж эх орноо сурталчлах боломжтой юу?
-Харвардад хамт суралцсан найз Анжела Ругиеро маань Олон улсын олимпын хорооны тамирчдын комиссын даргын албыг найман жил хашиж, ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн байсан. АНУ-ын алдартай хоккейчин энэ бүсгүй намайг олон спортын зүтгэлтнүүдтэй ажил хэргийн шугамаар холбож өгсөн. Анжела Пёнчаны өвлийн олимпын үеэр биднийг АНУ-ын хауст зочлохыг урьсан юм. Тэнд Америкийн тамирчдыг танилцуулж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах оролцсон том арга хэмжээ болж байсан. Мөн Пёнчанд байгуулсан Японы хауст зочилсон. Тамирчидаа танилцуулж, хүндэт зочид хүлээн авч, улс орноо сурталчилдаг олимпын хаус нь улс орныхоо нэрийн хуудас төдийгүй дэлхий нийтэд том сурталчилгаа болдог. Тиймээс Токиогийн олимпын үеэр Монгол хаус байгуулахаар 2018 онд Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайд, Японы олимпын хорооны дарга нартай уулзаж ярилцсан. Манай Элчин сайд энэ саналыг дэмжиж, хэд хэдэн газар сонгоод байгаагийн нэг нь Токио цамхагийн дэргэд бий. Бид монгол гэрээ барьж, эх орноо сурталчилах ажил гэрээний шатандаа байгаа. Энэ саналыг Ёкозуна Хакүхо маань дэмжиж, Монголын сүмочид очиж, эх орноо сурталчилж болно гэсэн. Бид Токиод Монгол хаус байгуулбал, дэлхийн томоохон хэвлэлүүдээр өндөр төлбөр төлж гаргуулдаг нэвтрүүлгээс илүү сурталчилгаа болох юм.
-“Олимпын өвөө” гэгддэг Ш.Магван гуай Хуан Антонио Самаранчтай нөхөрлөж явснаараа бахархдаг. Та Олон улсын олимпын хорооны гишүүдтэй хэр холбоотой байна вэ?
-Хуан Антонио Самаранчийн хүү болон ачтай ажлын шугамаар танилцаж, холбоо тогтоосон. Олон улсын спортын хурал зөвлөгөөн болон үйл ажиллагаанууд дээр эх орноо төлөөлөн аль болох идэвхтэй ажиллахыг эрмэлздэг. Дэлхийн бадминтоны холбоонд орсноор олон хүнтэй танил боллоо. Ер нь олимпын спортын удирдах зөвлөлд байх нь хурал, цуглаанд оролцохоос эхлээд Монголоо таниулах, ойлгуулах боломж их олгодог юм байна. Энэ шугамаар Олон улсын Сэргээшийн эсрэг байгууллагын /WADA/ ерөнхийлөгч Дэлхийн Бадминтоны холбооны ерөнхийлөгч асан Сэр Крейг Ридитэй холбоо тогтоон ажиллаж байгаа. Түүнтэй Бадминтоны ДАШТ-ний үеэр уулзахдаа Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагынх нь талаар санал солилцсон. Спортод допингийн асуудал анхаарал төвд байгаа үед түүний туршлагаас сонсох нь чухал ач холбогдолтой байсан. Мөн 2017 онд “Токио 2020” олимпын багийн ахлагч болсныхоо дараа Японд очсон юм. Тэр үеэр Токиогийн олимпын зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ёширо Моритой уулзсан. Японы Ерөнхий сайд асан энэ эрхэм Монголын сүмочдыг ихэд хүндэтгэж явдаг ба рагбигийн спортыг сонирхдог юм билээ. Дүү маань рагбигийн спортоор хичээллэдэг байсан тухай халуун дотно яриа өрнүүлсэн. Ер нь спортын зүтгэлтнүүдээс аль болох их туршлага судалж, түүнийгээ Монголдоо хэрэгжүүлэхийг хичээж байна.
-Олон улсын олимпийн хороонд улсынхаа дуу хоолойг хэрхэн хүргэж байна вэ?
-Маркетингийн комиссод олон нөлөө бүхий гишүүд байдаг. Нэгэн хуралдааны үеэр би “Монгол Улсын төлөөлөгч байна. Өнөөдөр манай улсын гол асуудлуудын нэг нь агаарын бохирдол. Агаарын бохирдлын тодорхой хэмжээг автомашинаас ялгарах утаа эзэлдэг. “Тоёота” компани бол олимпийн алтан түнш. Тиймээс Тоёота компани байгаль орчинд ээлтэй цахилгаан машин үйлдвэрлэдгээрээ алдартайгийн хувьд олимпийн үеэр ямар санаачилга гаргаж байгааг тодруулсан. Тэгээд их сайхан хариу сонссон. Токиогийн олимпийн үеэр “Тоёота” компанийн байгальд ээлтэй автомашинуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах юм билээ. Түүнчлэн Олон улсын олимпийн хорооноос спортоор дамжуулж хүүхдийг хүмүүжүүлэх боловсролын хөтөлбөр зохиосон байдаг. Энэ OVEP (Olympic Values and Education Program) хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гуайтай ярилцсан. Мөн олимпийн нээлтийн үеэр Монгол Улсын далбааг эмэгтэй тамирчнаар бариулах санал дэвшүүлэх санаатай байгаа. Зуны олимпийн түүхэнд туг барьж алхсан Монголын эмэгтэй тамирчин байдаггүй юм билээ. Жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага тэргүүтэй их спортоор дэлхийн хэмжээнд танигдсан, бахархал болсон эмэгтэй тамирчид манай улсад олон бий. Гэхдээ энэ асуудлыг олон хүнтэй зөвшилцөж, МҮОХ албан ёсоор шийдвэрлэх байх.
-Энэ олон ажлыг зэрэг амжуулах амаргүй биз?
-Нэг талаас мультитаскинг буюу олон ажил зэрэг амжуулдаг ч нөгөө талаар нэг чиглэл дээр төвлөрөх гэж хэлж болох байх. “Emart”, “Скайтел”, “Монголын Үндэсний олимпийн хороо” гээд олон ажил амжуулж, олон хүнтэй хамтрах хэрэгтэй болдог. Гэхдээ хаана ч очсон нэг чиглэлээ барьж, нэг төрлөөр мэргэшиж, түүндээ анхаарлаа хандуулж ажиллахыг хичээдэг. Би эдгээр газруудад түншлэл буюу гадаад харилцаа, стратеги, санхүүжилт босгох талаар анхаарлаа хандуулж ажилладаг. Чикаго, Харвардын их сургууль, “Морган Стэнли”-д ажиллаж байхдаа танилцаж байсан хүмүүстэйгээ одоо ч сайн харилцаатай байдаг ба тэдэнтэйгээ санал солилцож, зөвлөгөө, санаа авч ажилладаг. МҮОХ-ын Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болсондоо баярладаг. Энэ ажил нь орон тооны бус бөгөөд олон улсын спортын зүтгэлтнүүдтэй хамтдаа хурал зөвлөгөөнд оролцон эх орондоо олимпизмын үзэл санаа, спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх ажилд хүч нэмрээ оруулахын сацуу хувийн салбарын ажлаа хийх боломж олддогт баяртай байдаг. Мөн 2016-2018 оны хооронд Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажиллах боломж гарсан. Ер нь би өдөр бүр нэг ажлын байранд нэг зүйл хийж суухаас илүү олон зүйл сонирхон судалж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд тустай ажлууд хийхийг илүүд үздэг. Жишээлбэл, “Монголд Та хэрэгтэй” ТББ-ыг үүсгэн байгуулж, жил бүр 25-30 оюутан менторшип хөтөлбөрт хамруулан 10 оюутан шалгаруулан тэтгэлэг олгодог. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ хөтөлбөртөө 108 оюутан хамруулж, 30 гаруй оюутанд тэтгэлэг олгоод байна. Мөн Имарт, Скайтел компаниуд маань ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэлээдгүй ажлуудыг хийдэг.
-Баярлалаа. Хамгийн сүүлийн асуултаа асуугаад энэ ярилцлагаа өндөрлөе. Спортын салбар, нийгмийн хариуцлагатай ажил хийж байгаа санаануудаас Монголдоо хэрэгжүүлж болох, ирээдүйд ажил болгох ямар хамгийн чухал санаа юм уу зөвлөгөө юу байна?
-Спорт бол нийгмийн том бүтэц л дээ. Ойрын хугацаанд Монголд хэд хэдэн томоохон спортын тэмцээнүүд зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа.
Томоохон хэмжээний тэмцээн уралдаануудыг Монголдоо зохион байгуулах нь нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд нэмэр болох боломжийг бүрдүүлнэ гэж бодож байна. Олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулснаар олон улсаас дэд бүтэц, тамирчдын зардал зэрэг гээд олон зүйл дээр дэмжлэг авах боломжийг бүрдүүлдэг юм билээ. Ийм хэмжээний том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бол тамирчдын хотхоноо хотын ойролцоо бариад тэр хотхоны байруудаа “affordable housing” буюу хямд өртөгтэй орон сууцны төсөл болгож, бага хувийн хүүтэй ипотекийн зээлээр айл өрхүүдийг орон сууцжуулах бас нэг боломж байгаа байх аа.
Эцэст нь хэлэхэд нь утааны асуудал нийгэмд хамгийн том асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хүн бүрийн оролцоо дэмжлэг чухал юм. Манайх шиг хөгжиж буй оронд зохион байгуулах боломжтой тэмцээний нэг нь ОУОХ-ноос зохион байгуулдаг Залуучуудыг олимпын наадам юм. Энэ наадам өнгөрсөн 2018 онд Аргентин улсад болсон, 2022 онд Сенегал улсад зохион байгуулагдана. Люзань хот 2020 онд Залуучуудын өвлийн олимп зохион байгуулахаар ажиллаж байгаа. Эдгээрээс туршлага судалж, зөвхөн спортын салбарынхан гэлтгүй төр засаг, олон нийтийн байгууллагууд хамтран ажиллах нь зөв болов уу.