Монголын морин спорт, уяачдын холбооны салбар хороодын онлайн хурал боллоо. Энэхүү хуралдаанд ММСУХ-ны зөвлөх СГЗ, Доктор А.Баярмагнай, ММСУХ-ын ажлын албаны дарга Б.Батбаатар, ажлын албаны ажилтан Э.Энхмаа, Sodonsolution компанийн захирал А.Мягмар нар оролцов.
Тус онлайн хурлын талаар ММСУХ-ын ажлын албаны дарга Б.Батбаатар “Монголын морин спорт уяачдын холбооны удирдлагууд болон зохион байгуулалт шинэчлэгдсэн. Үүнээс хойш бид бодлого, үйл ажиллагаагаа орон нутаг руугаа чиглэсэн уялдаа холбоогоо сайжруулахаар анхаарлаа хандуулж ажиллаж байна. Ингээд 21 аймагтаа улирал тутамд онлайн хурал хийдэг. Хурлаараа тодорхой асуудал, ажил хэрэг санал хүсэлтийг хүлээн авч түүнийг шийдвэрлүүлж цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөдөг юм. Энэ удаад 21 аймагтаа танилцуулга хэлбэрээр хурлаа явууллаа. Нэгдүгээрт, Холбоо вэб сайтаа шинэчилсэн. Өмнө нь сервер, админ эрх гээд бүхий л зүйл нь тусдаа 21 аймгийн мэдээ, мэдээлэл нь байдаггүй байсан. Харин энэ асуудлыг Sodonsolution компанитай хамтран ажиллаж байна. Ингээд вэб сайтаа шинэчилж хоёр хэл дээр гарна. Төв холбооны дүрэм, журам, цаг үеийн мэдээ мэдээлэл тавигдана. Мөн 21 аймгийн салбар хороодоо оруулсан нэгдсэн вэб сайт болсон байгаа.
Хоёрдугаарт, вэб сайт дээрээ суурилж бүртгэлийн ажлыг төгөлдөржүүлэх нь чухал юм байна гэж үзсэн. Нэг дарга солигдоход л өмнөх мэдээ бүртгэл нь байхгүй болчихдог. Үүнийг цэгцэлж уяач, унаач хүүхдийн бүртгэл, тухайн уралдаан наадмын бүртгэлийг нэг дор төвлөрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн хурлаар Sodonsolution компанийн захирал Мягмар вэб сайтын танилцуулгыг хийлээ. 21 аймгууд тун удахгүй вэб сайт дээрээ мэдээ мэдээллээ оруулж эхэлнэ.
Гуравдугаарт, Үндэсний баяр наадмын тухай хуулинд шигшмэл болон улсын бүсийн уралдааныг Засгийн газрын тогтоолоор зохион байгуулна гэж заасан. Энэ хүрээнд энэ жил 6 бүс, Их хурд шигшмэл уралдаан, хаврын төвийн бүсийн уралдаан гээд нийтдээ найман уралдааныг тэргүүлэгчдийнхээ хуралдаанаар хэлэлцэж Засгийн газрын 2019 оны 134-р тогтоолын дагуу зохион байгуулсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг холбоо нэгтгэж тайлангаа тавина. Энэхүү тайлангаа бид нэгдсэн нэг стандартаар авахаар болсон. Ингэж нэг стандартад орсноор 21 аймгийн салбар хороодынхоо ажлыг дүгнэж, шагнах урамшуулахад дөхөм болно. Ирэх сарын 10-ны дотор тайлангаа танилцуулна. Цахим хуралд 21 аймгийнхан маань маш их идэвхтэй оролцлоо. Мөн асуулт, хариулт санал хүсэлтээ ярилцаж шийдвэрлэлээ” гэлээ.
Хурдан морь унаач хүүхдүүдийн бүртгэлийн ажил хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахад, тэрбээр “Унаач хүүхдийн бүртгэлийн асуудал улсын баяр наадам, аймгийн хэмжээнд бүртгэл бүрэн шийдэгдсэн. Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг бичгийн дагуу хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэлжүүлсэн. Өөр ирэх боломжгүй үедээ чип карттай болгосон байгаа. Ингэхээр тухайн хүүхэд өөрөө мөн үү гэдгийг батална. Одоо сумдын унаач хүүхдийг бүртгэлжүүлэх асуудал үлдээд байгаа юм. Өнгөрсөн онд 4 мянга гаруй хүүхэд албан ёсны даатгалд хамрагдаад хурууны хээгээрээ бүртгэлжүүлсэн. Энэ жилийн хувьд даатгалын үйл ажиллагаа явуулсан тайлан мэдээг нэгтгээгүй байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд тайлан мэдээнд ирсэн хойно Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтран улсын хэмжээнд хэдэн хүүхэд хурдан морь унасан байна. Гэнэтийн эрсдэл бий болсон нь хэд байна, үүнээсээ нөхөн төлбөрөө олгогдсон нь хэд байна гээд тоон мэдээлэл нь гараад ирнэ гэсэн юм.