Comment.mn

“…МАН-ын нэрийн өмнөөс” Ц.Сандуйгаар туг тахих нь

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй ямар нэг байдлаар олон нийтийн өмнө гарч ирж яриад байдаггүй хүн байгаа юм. Харин 60 тэрбумын хэрэг шүүхэд шилжсэн үед телевизийн нэвтрүүлэгт орж нэлээд зүйлийг ярив.

Ц.Сандуй өөрийнхөө намтар, нийслэлд насаараа ажилласан аав ээжийнхээ талаар, У.Хүрэлсүх “…Гурван алдааг чинь уучилна” гээд ташуур бэлэглэсэн, Д.Амарбаясгалан янз бүрийн юм нууцаар зохион байгуулдаг,  А.Ганбаатартай ямар холбоотой, Г.Доржзодовтой яаж танилцсан талаараа,“Хоум плаза” хэнийх болох, 60 тэрбумын бичлэг хэрхэн хийгдсэн тухай ярив. Харин УИХ-ын дарга асан М.Энхболдын талаар нэг их юм ярьсангүй.

Ер нь Ц.Сандуйгийн С1 телевизээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох болсон шалтгаан, нэвтрүүлгээр ярьсан зүйлийг аль ч талаас нь харахад нэг л хариу харагдаж буй.

Үнэнийг хэлэхэд Ц.Сандуйгийн сонссон ял тоглоом биш юм. Өмнө нь хоёр ч удаа хэрэгсэхгүй болсон 60 тэрбумын гэх хэргийг ТЕГ-аас сэргээж, өнөөдөр Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрт “…Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан” гэх үндэслэлээр 16-20 жилийн ялтай зүйл ангиар зүйлчилж ял сонсгоод байна. Ингэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг баримталж байгаа гэх мэдээлэл бас бий.

Ц.Сандуйгийн ярианаас үзвэл тэрээр найз А.Ганбаатартайгаа тангараг тасарсан бололтой.  Г.Доржзодовыг үзэн ядсан байдалтай яриа өгсөн. УИХ-ын дарга асан М.Энхболдыг бол “…Ярианы үед байгаагүй” гэв. Энэ нь тодорхой хэмжээгээр анхаарал татаж байна.

Хамгийн гол нь Ц.Сандуйгийн ярианаас МАН-ыг тольдож болохоор байгаа юм. Нэгэн цагт журмын нөхөд байсан намынхандаа тэрээр голдоо ортол гомджээ. Дээрээс нь 2012 оны сонгуульд МАН ялагдсаны дараа Нийслэлийн МАН-ын дарга болсон Ц.Сандуй 2016 оны сонгууль гэхэд “хэн” байсан нь тодорхой шүү дээ. 2016 оны сонгуулийн өмнөөс энд тэндээс буцаж ирсэн одоогийн дарга нар буюу У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар бүгдээрээ л Ц.Сандуйд бараалхаж, сайн муугаа ярьдаг л байж. Гэвч өнөөдөр бүгд нүүр буруулж, бүр ялтан болгоод явуулчих гээд байгаад тэр ихэд гомдсоныг харж  байна.

Шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрыг яллаж таарна. Гэхдээ 16-20 жилийн ял оноохгүй. Анхан шатны шүүх өндөр ял оноовч, давж заалдах, хяналтын шатанд тэдний ял торгууль, эсвэл тэнсэн болж хувирна.

Угаасаа Ц.Сандуйд олон, цөөн жилийн ял оноохдоо учир нь байгаа юм биш. Ямар нэг байдлаар “…Ялтай” болгох нь чухал. Ц.Сандуй нар 60 тэрбумын бичлэгийн хэргээс болж яллагдах нь улс төрийн хэд хэдэн шалтгаантай юм.

2017 оны сонгуулиар “…60 тэрбумын хэрэг” гэж ярьсаар гарч ирсэн Ерөнхийлөгч “амлалт”-аа биелүүлчихнэ. Бас энэ талаар ярьсаар албан тушаалд очсон Ерөнхий сайд ч сэтгэл хангалуун үлдэнэ.

Хамгийн гол нь 60 тэрбумын хэргийг шийдсэн болж харагдахын ач холбогдол Ерөнхийлөгчөөс илүүтэй МАН-д илүү наалдана.

МАН яагаад УИХ-ыг тараахаар яриад эхэлсэн бэ гэдэг их сонин. Өмнө нь Ерөнхийлөгч хоёр ч удаа “санал” тавьж, эдний намын Ж.Мөнхбат хүртэл Төрийн ордны хонгилд гарын үсэг зурах самбар ажиллуулж, 14 гишүүн тэр дээр нь гарын үсэг зурж байсан. Тэр үед хөдлөхгүй байсан гишүүд өнөөдөр “…УИХ тарах нь зөв” гэж яриад эхэлсэн. МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ ажиллагааг гардан зохион байгуулж байгаа. Гарын үсэг зурсан гишүүд 47 дээр гацчихаад Д.Амарбаясгалан дахиад дөрвөн гишүүн нэмж зуруулах гээд намынхнаа гуйж нэг, “гуядаж” нэг үзээд сууж байгаа аж. Хэрвээ өнөө маргаашдаа дөрвөн гишүүнээ олоод 51 гишүүний гарын үсэг өргөн мэдүүлбэл, ирэх долоо хоногийн эхээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, зөрүүлээд ээлжит бус сонгууль зарлах боломжит хугацаа бол байгаа юм. Эс бөгөөс УИХ тарах ч, Үндсэн хуулийн өөрчлөлт ч нам зогсоно.

Нөгөө талаас МАН ээлжит бус сонгууль зарлах зайлшгүй шаардлагатай тулсан. 2020 оны сонгуулийг жамаар нь явуулбал энэ нам “үсгүй арчигдах” магадлалтай. Ц.Сандуйгийн яриа бол зүгээр л өмнөтгөл юм. Ирэх оны зургадугаар сар хүртэл МАН-ынхан хамаг муу муухайгаа дарж чадахгүй. Хамгийн түрүүнд ЖДҮ нь орж ирнэ. Ёстой бөөндөнө дөө. Их л муухай юм болно. Ер нь бол МАН ээлжит бус сонгууль яриад эхэлсэн нь ЖДҮ-гийн хэрэгтэй л холбоотой. ЖДҮ-гийн хэргээсээ айгаад УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах гэж байгаа юм. Бас ЖДҮ-гийн хэргийн сенсаацыг дарах гэж 60 тэрбумыг явуулж байна гэж ч ойлгож болно.

60 тэрбумын яриа бол муухай. Монголын улстөрчид ийм зүйл яриад сууж байна гэдэг эмгэнэл юм. Гэхдээ Ц.Сандуй нарын ярианы бичлэгээс хэд дахин хор хөнөөлтэй, илт баримттай хэргүүд шүүх, прокурор, АТГ дээр олон жил “хадгалагдсаар” байгаа нь нууц биш шүү дээ. Эхнээсээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд хэрэгсэхгүй болж л байна.

Энэ талаас нь харвал Ц.Сандуй нарын хэргийн эрэмбэ Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдсон Ерөнхий сайд нар, “Эрдэнэт  үйлдвэр”-ийг барьцаалж, улсад хохирол учруулсан “Жаст”-ын Ш.Батхүү, оффшортой холбоотой асуудлуудын ард нь орох учиртай юм.

Гэвч, намынхан нь нэгэн цагт Нийслэлийн МАН-ын дарга явсан, гудамжинд явсан намаа ялалтад хүргэхэд хувь нэмрээ оруулсан Ц.Сандуйгаа түлхлээ. Хэрэгсэхгүй болгосон хэргийг нь хөөж явсаар дахин сэргээж энд хүргэлээ. Одоо бас л нүдэж байна. Маш товчоор хэлэхэд, “…МАН-ын нэрийн өмнөөс” Ц.Сандуй­гаар туг тахих л гээд байна даа.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.