Comment.mn

Томуугийн идэвхжил есдүгээр сараас эхэлдэг

Ханиадны оргил үе арваннэгдүгээр сараас хоёр сар хүртэл байдаг

Удахгүй эмнэлгүүдэд ханиалгасан, халуурсан, уйлсан хүүхдийн дуу тасрахаа байдаг ханиадны улирал эхэлнэ. Жил бүрийн өвөл дүүргийн эмнэлгүүд ачааллаа даахаа больж, арга ядахдаа хонгилын шалан дээр хүүхдүүдээ хэвтүүлдэг эмгэнэлт дүр зураг уламжлал болсон мэт.

Тэгвэл энэ өдрүүдэд хүүхдээ өвчлүүлэхгүйн тулд дархлаагаа хэрхэн дэмжиж, ханиаданд “дарлуулахгүй” байх талаар АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхмийн багш, дэд профессор Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.

-Энэ сарын 15-наас ирэх сарын 15-ныг хүртэл томуугийн вирусийн дэгдэлт идэвхжих хандлагатай байдаг. Улирал солигдох мөчид эцэг, эхчүүд юун дээр анхаарах ёстой вэ?

-Эцэг, эхчүүд гадаа дулаахан байна гээд хүүхдээ нимгэн хувцаслах, эсвэл хэт зузаан хувцаслаад халууцуулаад байдаг. Улирлын чанартай томуу, томуу төст өвчний үед хүүхдээ зөв  хувцаслах ёстой. Мөн сайн хооллож, шингэн зүйл их уулгах хэрэгтэй. Өмнө нь суулгалт өвчнөөс сэргийлэхийн тулд гараа сайн угаах хэрэгтэй гэдэг байсан бол одоо амьсгалын замын халдвар бохир гараар дамждаг болсон. Тийм учраас эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ гарыг тогтмол савандаж угаалгахыг зөвлөөд байгаа юм. Хамгийн чухал нь томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ дархлаажуулалтад сайн хамруулах хэрэгтэй. Улаанбаатар хотод уушгины хатгалгааны эсрэг дархлаажуулалт явагддаг. Пневмококкийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулсан тохиолдолд уушгины хатгалгаагаар өвдөх эрсдэлээс сэргийлнэ гэсэн үг. Үүнээс гадна хүүхдээ эрүүл чийрэг өсгөсөн байвал хүйтний улирлыг ажрахгүй даван туулна. Гэтэл тураалтай, хоол тэжээлийн доройтолтой хоёр хүртэлх насны хүүхдүүд бусдаас илүү өвчлөх магадлалтай байдаг. Үүнээс гадна эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол сайн байх ёстой.

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас болж нэг ангид 60 орчим хүүхэд хичээллэдэг. Олон хүүхэд нэг дор бөөгнөрөх тусам ханиад тархах магадлалтай. Тэгэхээр олон нийтийн газар байхдаа ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ханиад хүрсэн хүүхэд сургууль болон цэцэрлэгтээ явах гээд ирвэл авахгүй байх хэрэгтэй. Тэр хүүхдийг эдгэтэл нь гэр оронд нь байлгаж байгаад авчрах ёстой. Үүнд цэцэрлэг, сургуулийн эмч нар хяналт тавих ёстой. Мөн эцэг эхчүүд, багш нар цаашлаад эрүүл мэндийн ажилтнууд хүүхдийг уг өвчнөөс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж ёстой. Хамгийн наад зах нь гар угаах орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотын ихэнх сургуулийн бие засах газрын угаалтуур нь гараа угаах боломжгүй байдаг. Мөн өглөөний цай, өдрийн хоол хөтөлбөрийг харахад аяга, таваг, халбагаа хэрэглэсний дараа угаах нөхцөл бүрдээгүйгээс болж уутлаад аваад явдаг. Зарим хүүхэд дараа өдөр нь угаагаагүй аягатайгаа ирж хоол идэх тохиолдол ч байна. Тэгэхээр эрүүл ахуйн орчныг стандартын дагуу бий болгох хэрэгтэй.

• Эцэг, эхчүүд хүүхдээ өвдсөн тохиолдол бүрт эмчид хандах ёстой. 

• Намраас эхэлж томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. 

• Уушгины хатгалгаа ихэсвэл хүүхдийн эндэгдэл нэмэгддэг.

-Хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд яах ёстой вэ. Эмч нар шууд антибиотик бичиж өгдөг. Энэ нь зөв үү?

-Эцэг, эхчүүд хүүхдээ өвдсөн тохиолдолд дур мэдэн эмчилж болохгүй. Ихэнх тохиолдолд эмчид хандахаас залхуурдаг ч юм уу, цаг зав муу болоод ч тэр үү эмийн санд очоод ханиаданд ямар эм хэрэгтэй вэ гэж асуугаад л авчихдаг. Гэтэл тухайн хүүхдийн өвчин нь янз бүр байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хэдийд эмчид хандах, ямар тохиолдолд антибиотик хэрэглэх вэ гэдгийг мэддэг байх нь чухал. Өвдсөн тохиолдол бүрт эмчид хандах ёстой. Тухайн  хүүхдийг яаралтай эмнэлэгт хүргэх аюултай шинжүүд гэж байдаг. Тухайлбал, хүүхэд уух, идэх бүртээ бөөлжих, таталт өгөх, амьсгалын тоо нэмэгдэх, унтамхай болох, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ үед заавал эмчид хандах хэрэгтэй.

-Жил бүр ямар нэгэн вирус мутацид орж, өөр вирус шинээр гарч ирдэг. Энэ жил вирусийн дэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Манай улсад томуу, томуу төст өвчний үндэсний төв гэж байдаг. Тус төв Монгол орны өнцөг булан бүрээс вирусийн халдварын дээж авдаг. Энэ нь тогтсон зүй тогтолтой. Томуу, томуу төст өвчин (ТТӨ) гол төлөв жилийн эцсийн 35-40 дэх долоо хоног буюу есдүгээр сарын эхэн үеэс ихсэж эхэлдэг. Харин оны эцэс болон дараа жилийн эхний долоо хоногт буюу 50-10 дахь долоо хоногт дээд цэгтээ хүрнэ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сар хүртэл ханиад хамгийн оргил цэгтээ хүрдэг гэсэн үг. Үүнээс цааш 10-30 дахь долоо хоногт буюу хоёрдугаар сараас долдугаар сарын хооронд ТТӨ буурдаг. Томуу, томуу төст өвчний дэгдэлт хамрын ханиадаар эхэлдэг. Томуугийн А, В хүрээний вирус жил бүр өөрчлөгддөг хэдий ч энэ нь зүй тогтол ёсоороо байдаг л вирус. Тэгэхээр томуу өөрөө маш хүнд явцтай, ерөнхий хордлого ихтэй, хүүхдийг хүнд байдалд оруулдаг учраас намраас эхэлж урьдчилан сэргийлж, авах ёстой арга хэмжээнүүдээ эрт авах хэрэгтэй. Уушгины хатгалгаагаар өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн тоо эрс ихэсвэл үүнийг дагаад хүүхдийн эндэгдэл нэмэгддэг.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.