Comment.mn

Өдрийн сурвалжлага: “Эрдэнэт үйлдвэр” жишиг хөрөнгө оруулагч

OLYMPUS DIGITAL CAMERA– Монгол Улсын эдийн засгийн хамгийн том түшиг тулгуур болсон Эрдэнэт үйлдвэр”-ийн нөлөөгөөр Эрдэнэт хот  Зууны манлай бүтээн байгуулалтаар шалгарсан гэж хэлж болно. Зөвхөн энэ онд л гэхэд Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын хөгжилд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагатай,  жишиг хөрөнгө оруулагч гэдгээ  дахин баталсан юм-

Өнөөдрийн Эрдэнэт хот 1973 онд “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн “Эрдэнэт хороо” нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Хорооны бүтээн байгуулалт, хөгжлийн хурдцыг харгалзан 1976 онд “Эрдэнэт хот” болгон зохион байгуулснаар Монгол Улсын гуравдахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Тэгвэл Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлтэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК анх байгуулагдснаас нь эхлэн  оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийсэн байдаг. Тухайлбал,  Бурхан багшийн сэрэг дүр, Цэнгэлдэх хүрээлэн, Уухайчдын хөшөө, Найрамдал өндөрлөг, хөгжимт усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн, Чулуун хүрхрээ, “Эрдэнэт” сувилал, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий  “Эрдэнэт медикал” эмнэлэг, Хангарьд” спорт клуб, Технологийн сургууль, “Уурхайчин” соёлын ордон,  “Сэлэнгэ” амралтын бааз, зам тавих зэрэг ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн байна.  Өөрөөр хэлбэл ганцхан жилийн дотор  Эрдэнэтэд хотод нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг бөгөөд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байгууллага Монгол улсын хэмжээнд үгүй.

Эдгээр хөрөнгө оруулалтаас хамгийн сүүлд хийгдсэн “Эрдэнэт Медикал” эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй бөгөөд манайд оношлогдохгүй байгаа бүхий л өвчинг энд оношилж эмчлэх боломжтой юм.  “Эрдэнэт Медикал” төв нь өдөрт 500 гаруй иргэнд үйлчлэх хүчин чадалтай. Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа MRI, судсан дотуур оношилгоо, эмчилгээ хийх ангиографи, компьютер томографи аппарат, дижитал рентген, дуран, лабораторийн анализатор зэрэг Япон улсын “Hitachi” брэндийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. MRI буюу соронзон резонанс томографи аппарат нь Улсын клиникийн 3-р эмнэлэгт нэг байдаг бөгөөд хөдөө орон нутагт анхны аппаратыг “Эрдэнэт Медикал” төвд ашиглаж эхэлнэ. Цахим системд бүрэн холбогдож, алсын зайн оношилгоо хийхийн зэрэгцээ өдрийн эмчилгээний тусгай зориулалтын өрөөнүүдтэй, мэс заслын эмчилгээний вакумжуулсан өрөөнд нээлттэй болон дурангийн мэс засал хийх юм. Жилд 100-300 орчим сая төгрөгийг гадны улс орнуудад оношилгоо эмчилгээ хийлгэхэд зарцуулдаг Монголчуудын  хувьд  дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх боломжтой болж байгаагаар давуу талтай юм.  Цаашид  70 га нутаг дэвсгэртэй Эрүүл мэндийн цогцолбор, хотхон бий болж, түүнийг түшиглэн орон сууц,  үйлдвэр худалдаа, эмэнэлэг эрүүл мэндийн чиглэлтэй жижиг дунд үйлдвэрлэл хөгжин, Эрдэнэт хотын ирээдүй эдийн засгийн хөшүүрэг,  орлогын эх үүсвэр бий болох юм байна.

 Эрдэнэт хотын Хот тохижуулах газар нь хотын хэмжээний 1680 гаруй байгууллага аж ахуйн нэгж, 22 багийн 24 мянган гаруй өрх, 100 орчим мянган хүн амын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлдэг. Хог хаягдлыг устгаж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болгох нь Эрдэнэт  хотын тулгамдсан асуудлын нэг юм. “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлага, ногоон хөгжлийн төлөө хотын хог хаягдлаас эрчим хүч гаргах асуудлыг судалж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөөс ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг худалдан авч, тусгай станцид өндөр температураар шатаан эрчим хүч гарган хотын дулааны шугамд нийлүүлнэ. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй энэ технологи нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх давуу талтай.

Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК нөхөн сэргээлтийг Монгол улсы хэмжээнд жишиг байдлаар хийдэг бөгөөд “Ногоон төгөл” төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ төслийн хүрээнд ногоон төгөлийн 30 га газарт усалгаа, агааржуулалт, нарны энергийг автоматаар тохируулдаг, жилд 1 сая мод үржүүлэх боломжтой хүлэмжийг бий болгоно.  Ногоон төгөлийн цэцэрлэгт хүрээлэнд байгаль орчны сургалтын төвийг байгуулснаар ирээдүй хойч үе хүүхэд залуучуудад эх дэлхийгээ хайрлах хүмүүжлийг олгох юм. Монгол оронд нутагших боломжтой олон төрлийн мод, ургамлыг шинээр гаргах технологийг бий болгох судалгаа шинжилгээний төв болгон өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

 

Орхон аймаг өнөөдрийн байдлаар Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг, Хангайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Энэ боломжийг түшиглэн малын гаралтай түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнсний ногоо сүү цагаан идээ боловсруулах, барилгын материал, электроникийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Эрдэнэт” үйлдвэрлэл технологийн паркийг байгуулахаар болсон. “Эрдэнэт” үйлдвэр үйлдвэрлэл технологийн паркад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн импортыг орлох бүтээгдэхүүн, бараа материалыг худалдан авч, дэмжин ажиллах юм байна.

Энэ мэтчилэнгээр  “Эрдэнэт үйлдвэр” ХХК Эрдэнэт хотод хөрөнгө оруулалт хийсээр байгаа бөгөөд  бид дараагийн сурвалжлагаар  Эрдэнэт  хот 50 жилийн дараа ямар болох талаар дэлгэрэнгүй хүргэх болно.

Өмнөх сурвалжлага: Өдрийн сурвалжлага: “Эрдэнэт” үндэсний үйлдвэрлэгчдийг 45.7 тэрбум төгрөгөөр дэмжжээ

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.