Монголын чадварлаг гитарчдын нэг Өөжгий буюу Д.Өлзий-Орших гэдэгтэй маргах хүн үгүй. Пентатоник наадмын таван удаагийн шагналт, Алтан гадас одонт ая зохиогч, продюсер, Никитон хамтлагийн хөгжимчин тэрбээр ирэх сарын 04, 05-нд “Чи над шиг дурлаж чадах уу” тоглолтоо “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд толилуулна.
Д.Өлзий-Орших нь “Хайрын бурхан”, “Чи минь”, “Дурлаж бичсэн шүлэг”, “Эрчүүд”, “Хайртай гэхээсээ өмнө”, “Чи над шиг дурлаж чадах уу” зэрэг дууны үг, аяыг бичсэн билээ. Тэгвэл тэрбээр “Хайрын бурхан дуу бүтсэн түүх”-ээ ийн хуваалцав.
Би ер нь дуу хуур хийе зохиоё гэж тэр үед нэг их боддоггүй байлаа. Тэгсэн харин 1994 онд Ая дууны жигүүр наадамд Сараагийн дуулсан “Зүүдний учрал” дуугаараа түрүүлчихдэг байна ш дээ. Тэгэхээр хүн мангар их урам ордон юм байна лээ. Тэгээд ганц хоёр дуунууд хийж эхлэв. Нөгөө Номин Талстын дуулдаг “Баяртай гэж битгий хэлээч”-г зохиож өөрөө дуулаад.
1996 Сараа надад Хүрэлбаатар ахын “Хайрын бурхан” шүлгийг өгч энэн дээр ая хийж болмоор байвал нэг үзээдчихээч гэлээ. Зүгээр л энгийн хайрын шүлэг. Гэхдээ Хайрын бурхан гэж тэр үед хэн ч ярьдаггүй байсан юм. Надад зөвхөн Хайрын бурхан гэж тэр содон нэр л асар таалагдаад оролдож үзэхээр шийдэв. Харин даан ч болж өгдөггүй. 2-3 сар өнгөрлөө. Тэр үед Дашка, Халиун, Бука бид хэд тэр үеийн Холливууд баранд тоглодог. Жинхэнэ Баараар гэр, Лаазаар дэр хийсэн шахуу үе байлаа. Нэг шөнө баарандаа тоглочихоод орж иртэл миний дүү Батаа (Тэр үед Сараагийн тонмейстр хийдэг байсан)
Сараа эгч нөгөөдөр Сингапур руу шинэ цомгийнхоо бичлэгт явлаа. Нөгөө дуу бэлэн болсон бол маргааш л сурах зав байна гэж хэлж байна гэв.
Цаг нь их тулчихжээ. Ямар ч байсан нэг юм сонсгохгүй бол Сараад “алуулах” нь тодорхой тул шууд л ажилдаа орлоо. Галынхаа өрөөнд шөнө гитартайгаа суугаад ноцолдож байгаа хэрэг шүү дээ. Эхлээд шүлэгтэйгээ ноцолдож, энд тэндээс зарим нэг үгийг танаж, бас заримыг нь өөрчлөв. Том найрагчийн шүлгэнд бас өөрийн дураар гар хүрч Ү. Хүрэлбаатар ахад “алуулах” болзлоо бас хангачихлаа.
Одоо тэгээд яахав нэгэнт ийм хэрэг болсон тул шөнөжингөө ноцолдож нэг аятай болж аваад мартахгүйн тулд гэрийнхээ магнитофонд өөрөө дуулж бичээд унтав.
Өдөр босоод нөгөөхөө сонслоо.
Муугүй болсон байна гэж өөртөө дүн тавиад банзан гитараа үүрээд Сараагийн гэр рүү явлаа даа.
Очоод дуулж өгөв. Сараад таалагдаж байгаа бололтой. Манай Сараад дууны ая, үгний зохицол, зохиогчийг мэдрэх нэг тийм тайлбарлаж болшгүй онцгой авъяас байдаг.
Намайг эхлээд дуулахад сонслоо.
2 дахь удаад нь дагаад зөөлхөн аялаж байна.
3 дахь удаа нь би өөрөө нэг дуулаад үзэх үү гээд шууд сураад дуулж байгаам юм чинь
Ихэнх дуу зохиогчид дуугаа хийхдээ энэ үгийг нэг иймэрхүү хэлээсэй, энэ хэсэг дээр ингэж дуулаасай гэсэн мэдрэмж тухайн дууг зохиож байхад төрдөг.
Харамсалтай нь дуучид тэр хүслийг ихэнхи тохиолдолд ойлгохгүй өөрөөр дуулаад, зохиогч гонсгор үлдэх үе байдаг. Харин Сараагийн тэр мэдрэмж үнэхээр тасархай. Яг зохиогчийн хүссэнээр л мэдэрч улам гоё болгож өгнө шүү дээ. Ингээд Сараа дуугаа сурчихлаа. Хэрвээ Аргагүй амраг цомог дээр байгаа Хайрын Бурханы бичлэгийг сонссон хүн санаж байвал яг дууны өмнө Сараа бид хоёрын түүний гэрт ярилцаж байгаа бичлэг байдаг юм.
Тэр жил Хайрын бурхан дуу төсөөлшгүй амжилтанд хүрсэн. Хэдэн ч долоо хоног Хит парадад тэргүүлэв бүү мэд. Клипийг нь Ононбат, Тука, Бат-Эрдэнэ нар UBS телевизийн студид авч хийсэн. Нэг хөгтэй түүх нь тэр үед Сараа бид 2 юун дээрээсийг нь санахгүй байна( Биднуус чинь залуу омголон байхдаа хүн л юм чинь бас түр тар хийнэ ш дээ кк. Ядаж байхад хоёулаа нохой жилтэй. Ха ха) муудалцсан үе байлаа.
2 ууртай хүн 2 талд зураг авахуулаад, Онон дээрээс баахан бичгийн цаас шидээд л…
Тэр жилийн Пентатоникт харин Хайрын бурхан маань түрүүлж, дараа нь харин тэр үед дөнгөж байгуулагдсан байсан Тээврийн товчооны Хаанбройн бааранд Шагналын Цомоо угааж, цөмөөрөө 1 цөм авсан даа. Миний тэр Хүрэлбаатар ахын шүлгийг баллаж сохолсон эх хувийг Сараа Хүрлээ ахад жаазлаад дурсгасан.