Comment.mn

Оюу Толгойн гэрээг С. Баяр : Хар” ч бил үү “хиртэй” ч бил үү “толгойгоороо хариуцна” гэж бүлэг дээрэмчдийн толгойлогч мэт тунхагласан…

Дарангуйлал ба түүний эсрэг

 Би Ерөнхийлөгчийн засаглалыг бүрэн дүүрэн дэмждэг. Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой ч гэж үздэг. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн засаглал

1) хамгийн ардчилсан, 2) хамгийн хариуцлагатай, 3) хамгийн тогтвортой, 4) хамгийн чадварлаг, 5) хамгийн цэвэр тунгалаг засаглал. Учир нь аливаа төр улсад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн үндсэн гурван эрх мэдэл бий. Энэ гурван эрх мэдэл нэг этгээдийн гарт төвлөрвөл, уг этгээд нь угсаа залгамжилсан ч бай, томилогдсон ч бай, сонгогдсон ч бай, нэг хүн ч бай, цөөн хүн ч бай, олон хүн ч бай, уг дэглэм нь жинхэнэ утгаараа дарангуйлал. Үүнийг би сэтгэсэн ч, хэлсэн ч юм биш. Эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэгч үе үеийн сэтгэгчид ингэж номлосоор ирсэн бөгөөд тэдний сэтгэлгээгээр хүмүүжиж, өнөөгийн ертөнцийн хамгийн анхны, хамгийн гайхамшигтай үндсэн хуулийг бүтээж хуулийн засаглалыг тогтоосон Жеймс Мэдисон хэлсэн юм.

Чухам сонгогдсон олны ч бай дарангуйлал тогтоохгүйн тулд, цаашид дарангуйлал үүсэх үүд хаалгыг эгнэгт хаахын тулд Мэдисон ба түүний хамтран зүтгэгчид АНУ-ын үндсэн хуулийг бүтээсэн юм. Тиймээс хуулийн, Үндсэн хуулийн засаглал тогтоох нь дарангуйллыг хаах эхний алхам. Гэвч энэ нь зөвхөн эхний алхам. Харин дарангуйллыг аль ч хэлбэрээр нь тогтоохгүйн тулд, түүний үүсэх үүд хаалгыг эгнэгт хаахын тулд эрх чөлөөт нийгмийг эрхэмлэгч сэтгэгчдийн ч номлосон, Мэдисон ба түүний хамтран зүтгэгчдийн ч сонгож авсан үндсэн зам, зарчим нь эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж гурав хуваагаад (division of powers), парламент, засгийн газар, шүүх гэсэн гурван өөр байгууллагад хуваарилах (distribution of powers) төдийгүй, тэдгээрийг салгаж (separation), харилцан хазаарлаж (checks), тэнцвэржүүлэх (balances) явдал байсан юм. Бидний ерөнхийлөгчийн гэж нэрлэж зуршсан засаглал нь чухам энэ засаглал. Тиймээс ерөнхийлөгчийн засаглалыг манай зарим “мэргэдийн” номлож байгаа шиг дарангуйлал тогтоохын тулд биш, харин дарангуйллыг халах, түүнийг ямар ч хэлбэрээр үл тогтоох, улмаар үүсэх боломжийг нь эгнэгт хаахын тулд урласан юм.

 Эрх мэдлийн салгалт ба Ардчилал

 Эрх мэдлүүдийг салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ, Мэдисон болон түүний хамтран зүтгэгчид уг зарчмуудыг хэрхэн хэрэглэсэн бэ, тэр нь ямар засаглалыг бүтээсэн бэ гэдгийг энд товчхон авч үзэв. Сүүлийн асуултад өнөөгийн өндөрлөгөөс шууд хариулбал Мэдисон нарын үндсэн зорилго нь дарангуйллын аль ч хэлбэрийг хаах явдал байсан тул тэд 1) хамгийн ардчилсан, 2) гэхдээ хамгийн хариуцлагатай, 3) мөн хамгийн тогтвортой, 4) хамгийн чадварлаг засаглалыг бүтээсэн юм. Юуны түрүүнд эрх мэдлүүдийг салгах (separation of powers) гэдэг зарчим нь юу гэсэн үг вэ гэдгийг авч үзье. Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудыг өөр хоорондоос нь харилцан хамааралгүйгээр байгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл парламент, засгийн газар, шүүхийн нэг нь нөгөөгөө байгуулах ёсгүй гэсэн үг. Нэг нь нөгөөгөө байгуулбал тэдний хооронд эрх мэдлийн харилцан хамаарал үүсэх бөгөөд байгуулагч нь байгуулсныгаа захирах төдийгүй, мөн нэгэнт өөрөө байгуулсан учир мөн өмгөөлөн, хамгаалах хэрэгтэй ч болдог. Байгуулагдсан нь байгуулагчдаа захирагдах учир түүндээ үйлчлэх ч болдог. Тиймээс эрх мэдлийг салгана гэдэг нь парламент, засгийн газар, шүүх гурвыг тус тусад нь харилцан хамааралгүйгээр байгуулна гэсэн үг. Нөгөө талаар байгуулаад зогсохгүй буулгах нь ч нэг нь нөгөөгөөсөө хамааралгүй байх ёстой гэсэн үг. Буулгах, огцруулах эрх мэдэл нь байгуулах эрх мэдэлтэй адил эрх мэдэл, үндсэндээ эрх мэдлийн зоосны нөгөө тал гэсэн үг.

Энэ зарчмаас уламжлан хэрвээ эл гурван байгууллага нэг нь нөгөөгөө байгуулах, буулгах ёсгүй бол тэднийг хэн байгуулах, буулгах вэ, хэрхэн хамааралгүйгээр байгуулах, буулгах вэ гэдэг асуудал босож ирнэ. Мөн уг байгууллагуудыг хэн хаших вэ, буюу хэн сонгогдох вэ гэдэг асуудал ч босож ирнэ. Энэ нь Мэдисон нарын эрх мэдлийг салгах зарчмыг хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэг асуудал. Чухам энэ асуудлыг шийдэхдээ Мэдисон нар жинхэнэ ардчилсан хувьсгал хийж, ардчилсан дэглэмийн суурийг тавьсан юм. Тэд парламент, засгийн газар, шүүхийг байгуулах, буулгах эрх мэдлийг зөвхөн АНУ-ын ард түмэнд өгч, ард түмнийг анх удаа төрийн эрх баригч эзэн (sovereign) болгосон юм. Мөн тэд анх удаа Америкийн ард түмэнд өөрсдөд нь ерөнхийлөгч ч, парламентын гишүүн ч болох эрхийг өгсөн юм. Тиймээс Мэдисон нар парламент, засгийн газрыг байгуулах, буулгах эрхийг ард түмэнд өгөөд зогсохгүй, ард түмэнд өөрсдөд нь ерөнхийлөгч, парламентын гишүүн болох эрхийг өгсөн юм. Тиймээс ч АНУ-ын Үндсэн хууль “Бид Нэгдсэн Улсын ард түмэн” (We the people of the United States) гэж эхэлдэг юм. Ард түмнийг төрийн эрх баригч болгосон нь жинхэнэ ардчилсан хувьсгал байв. Мөн ард түмэнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудаа тус тусад нь өөрсдөө байгуулах, буулгах эрхийг өгсөн нь эрх мэдлийг салгах зарчмыг хэрэгжүүлсэн шийдэл, бас биелэл нь байсан төдийгүй нэг хүний ч, цөөн хүний ч, олон хүний ч дарангуйллыг халсан, хаасан хувьсгал байсан юм. Чухам эрх мэдлийг салгах зарчмын үр дүнд зөвхөн ард түмэн өөрсдөө хууль тогтоогчдоо нэг сонгуулиар тусад нь, мөн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Ерөнхийлөгчөө өөр нэг сонгуулиар тусад нь өөрсдийн дундаас шууд сонгон байгуулдаг, буулгадаг болсон юм. 

Давтан өгүүлэхэд, чухам ард түмэнд 1) парламентаа ч, ерөнхийлөгчөө ч тус тусад нь өөрсдөө шууд сонгон байгуулах, буулгах эрхийг өгсөн нь, 2) ард түмэнд өөрсдөө парламентад ч, ерөнхийлөгчид ч сонгогдох эрхийг өгсөн нь ард түмнийг төрийн эрхийг жинхэнэ баригч болгосон төдийгүй дарангуйллын аливаа хэлбэрийг халсан юм. Сонгох, сонгогдох эрхийн хооронд асар том ялгаа бий. Сонгосон нь төр барьдаг юм биш, сонгогдсон нь төр барьдаг юм. Монголчуудын дунд “харахын заяа байхаас, хазахын заяа байх биш” гэдэг хэллэг бий. Сонгох эрх бол “харахын заяа”, сонгогдох эрх бол “хазахын заяа”. Харин Мэдисон нар ард түмэнд “хазахын заяаг” өгч жинхэнэ ардчилсан хувьсгал хийж, жинхэнэ ардчилсан дэглэмийг бүтээсэн юм. Тиймээс эрх мэдлүүдийг салгах зарчим дарангуйллыг хаасан бол, ард түмэнд парламент болон гүйцэтгэх засаг буюу Засгийн газрын тэргүүнээ ч тус тусад нь өөрсдөө, өөрсдөөсөө шууд сонгох, үл сонгох эрхийг өгсөн нь ардчилсан хувьсгал болж, ард түмний ардчилсан ёс буюу ардын эзэн эрхт ёсыг тогтоосон юм. 

Энэ бол Монголд өнөөдөр тогтчихоод байгаа нам хэмээх хэсэг бүлэг зохион байгуулалтай хүмүүсийн “ардчилал” ч биш, мөн Монголд өнөөдөр тогтчихоод байгаа парламент хэмээх хэсэг бүлэг зохион байгуулалттай хүмүүсийн “ардчилал” ч биш, харин жинхэнэ ардчилал, ард түмний ардчилсан ёс юм. Өнөөдөр зөвхөн эрх мэдлийг салгах зарчмын биелэл болсон Ерөнхийлөгчийн гэдэг тогтолцоонд л ард түмэн хууль тогтоогчид буюу парламентаа ч, гүйцэтгэх засаг буюу Засгийн газрын тэргүүнээ ч өөрсдөө, өөрсдийн дундаас шууд сонгодог, үл сонгодог юм. Тиймээс Монголын ард түмэн хэзээ ч, ямар ч нөхцөлд Ерөнхийлөгчөө сонгох эрхээ хэнд ч, түүний дотор өөрсдийн сонгосон парламент хэмээх зохион байгуулалттай хэсэг бүлэг хүнд ч өгөх ёсгүй.

Хэрвээ тэгвэл энэ нь ард түмний ардчилсан ёсыг халж, парламент хэмээх хэсэг бүлэг сонгогдсон хүмүүсийг л төрийн эрх барих эзэн болгож, зөвхөн тэдний “ардчиллыг”, мөн тэдний дарангуйллыг тогтооно.

Харин түүний оронд Монголын ард түмэн өнөөгийн Монгол улсын Үндсэн хуульд байгаа “УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэсэн ардчилсан бус заалтыг халж, Монгол улсын уугуул иргэн, улс орондоо тодорхой хугацаагаар оршин суусан, тодорхой насны болзол хангасан, эрүүл саруул хэн ч сонгогдох, мөн тийм хэнийг ч сонгох эрх мэдэлтэй болох ёстой. Мөн “Сонгуулийн тухай” хуульд байгаа бие даан нэр дэвшигчид тавьсан “801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсэг”, мөн “Улс төрийн намын тухай” хуульд буй нам байгуулахын тулд “801-ээс доошгүй гишүүний бүртгэлтэй” байх гэх мэт Үндсэн хуульд байхгүй бүх заалтуудыг халах ёстой. Монгол улсын иргэн ганцаараа ч нам байгуулах эрхтэй байх ёстой. Харин түүнийг сонгох эсэх нь Монголын ард түмний эрх мэдэл. Улсын үндэс иргэн, иргэний сонгогдох эрх ардчилсан ёсны үндэс. Иргэний сонгогдох эрхийг тухайн иргэн өөрөө л эвлэлдэн нэгдэж бусдад сайн дураараа өгөөгүй л бол өөр хөндлөнгийн хэн ч, юу ч хориглох, зуучлах, монопольчлох ёсгүй. Монголын асуудал олон намтайдаа бус, харин МАН, АН хоёр иргэдийн ч, бусад намын ч сонгогдох эрхийг Үндсэн хуулийн бус хууль, тогтоомж бусад улс төрийн элдэв аргаар хааж, сонгогдох эрхийг зөвхөн өөрсдөдөө монопольчилчихоод байгаа юм. Энэ нь зөвхөн МАН, АН-ын ардчилал болохоос Монголын ардчилал биш. Монголын ардчиллыг МАНАН хурааж аваад, өмчилчхөөд байгаа юм. МАНАН дотроо намын “төв байгууллага” хэмээх хэдэн олигарх мянга мянган гишүүдийнхээ сонгогдох эрхийг өмчилчхөөд байгаа юм. Энэ Монголын ардчиллын ноцтой асуудал. 

Эрх мэдлийн хязгаарлалт, харилцан хазаарлалт, тэнцвэржүүлэлт

 Мэдисон нарын гол зорилго дарангуйллын аливаа хэлбэрийг хаах явдал байсан учир гүйцэтгэх эрх мэдлийг сонгогдсон нэг хүнд даатгах, мөн хууль тогтоох эрх мэдлийг сонгогдсон зохион байгуулалтай хэсэг бүлэг хүнд өгөх нь аюултай гэдгийг мэдэж байв. Тэдгээр нь эрх мэдлээ нэмэгдүүлэх, хэтрүүлэхээс гадна, ард түмний итгэн найдсан эрх мэдлийг урвуулан ашиглах, эсвэл итгэн даалгасан үүргийг ч орхигдуулах аюул байв. Мөн дөнгөж тусгаар тогтнолоо олсон нялх, сул дорой бүгд найрамдах улс өөрийгөө хамгаалахын тулд чадварлаг, тогтвортой, хүчирхэг төр засагтай байх хэрэгтэй байв. Тиймээс Мэдисон нар дарангуйлал үүсэх замыг хаахын тулд эрх мэдлүүдийг салгаад зогсохгүй, тэдний эрх мэдлийг хязгаарлах, мөн харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх хэрэгтэй байсны дээр, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалж чадахуйц, тогтвортой, тасралтгүй ажиллах, чадварлаг, хүчирхэг төрийн тогтолцоог урлах хэрэгтэй байв. Энд Мэдисон нар төр байгуулах ухаанд мөн л хувьсгал хийсэн юм. Ингэхдээ Мэдисон нар эрх мэдлүүдийг хязгаарлахын дээр, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчмыг, меритийн буюу мэдлэг, чадвар, туршлагын зарчимтай хослуулан, уг зарчмуудаа дээрх байгууллагуудын эрх мэдэл, үүргийн хуваарь, тэдгээрийн уялдаа холбоо, байгуулагдах арга зам, хугацаатай нь зохистой уялдуулан тохируулж нэвт шингээж чадсан юм. Эдгээр арга, зарчим, зохицуулалт, тохиргоо нь эрх мэдлүүдийг харилцан хазаарлан, тэнцвэржүүлж дарангуйлал үүсэх замыг хаасан төдийгүй, Америкийн төрийн тогтолцоог бүхэлд нь ардчилсан, хариуцлагатай, тогтвортой, чадварлаг болгосон юм. Мэдисон нар меритийн зарчмыг засгийн газар ба шүүхийг байгуулахад онцгойлон нэвтрүүлснээр чадварлаг гүйцэтгэх болон шударга шүүх засаглалыг төрүүлдэг тогтолцоог бүтээсэн юм. 

Ардчилсан засаглалын тогтолцоо

 Нэгдүгээрт Мэдисон нар тус тусдаа сонгогддог, Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй, мөн зөвхөн Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох эрх мэдлийг хоёр танхимынхаа тус тусын олонхоор хэрэгжүүлдэг Сенат ба Төлөөлөгчийн танхим гэсэн 2 танхимтай Конгресс хэмээх парламент байгуулав. Мэдисон нар төрийн үйл ажиллагаа тасралтгүй, бодлого тогтвортой байх ёстой, тиймээс энэ бүхнийг тодорхойлдог, тогтоодог хууль тогтоох үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой, залгамжтай байх ёстой гэдгийг гүн гүнзгий ухаарч байв.  Тиймээс Мэдисон нар 6 жилийн хугацаатай 30-аас дээш насны гишүүдээс бүрддэг, гэхдээ гуравны нэг нь 2 жил тутамд шинэчлэн сонгогддог Сенатыг байгуулсан юм. 

Гэхдээ Мэдисон нар Сенатын нөгөө талд 25-аас дээш насны гишүүдээс бүрддэг, бүхэлдээ 2-хон жилийн хугацаагаар сонгогддог Төлөөлөгчдийн танхимыг байгуулсан нь төрийн бодлого тогтвортой байх явдлыг ард түмний эрх ашиг, хүсэл зорилго, шаардлагатай уялдуулах, тэнцвэржүүлэх зорилготой байв. Мөн Мэдисон нар аливаа дарангуйллыг хаах үндсэн зам нь төрийн эрх мэдлийг ард түмний өмнө хариуцлага, тайлагналтай байлгах явдал гэдгийг нэвт ухаарч байв. Тиймээс тэд Төлөөлөгчдийн танхимыг зөвхөн 2 жилийн хугацаагаар сонгогддог байхаар тогтоосон нь Төлөөлөгчдийн танхимыг ард түмний жинхэнэ төлөөллийн танхим болгох зорилгынх нь биелэл байв. Учир нь Мэдисон нар төлөөлөгчдийн сонгуульт хугацаа урт байвал сонгогдсон төлөөлөгчид нь ард түмний төлөөлөл байхаа больж төрийн түшмэдүүдээс ялгаагүй болж, өөрсдөө өөрсдөдөө үйлчилдэг болно гэдгийг гүн гүнзгий ухаарч байв. Тиймээс 2-хон жилээр сонгогдсон нөхцөлд төлөөлөгчид хэрэг дээрээ ард түмний хэсэг хэвээр үлдэх төдийгүй, мөн дахин сонгогдохын тулд сонгогчдодоо үнэнч байхаас өөр аргагүй гэдгийг мэдэж байв. 

Мөн төрийн эрх мэдлүүдийг ард түмний төлөө үйлчлүүлэхийн тулд тэднээс ард түмний нэрийн өмнөөс хариуцлага, тайлагнал нэхэх хүчирхэг институц хэрэгтэй гэдгийг ч тэд мөн мэдэж байв. Чухам тиймээс тэд зөвхөн Төлөөлөгчдийн танхимд Ерөнхийлөгч, Засгийн газрын бүх гишүүд, шүүгч нарыг ердийн олонхоороо импийчмент (impeachment, огцруулах эрх мэдэл) хийх онцгой эрх мэдлийг олгосон юм. Буруутгагдагчдыг парламентын танхимд ард түмний нүдэн дээр ил тод нээлттэй асууж, хэлэлцэж, эцэст нь санал хурааж олонхын саналаар шийддэг учир импийчмент нь ард түмний хараа, хяналт дор явагддаг үйл явц. Үүний үр дүнд Tөлөөлөгчдийн танхим нь гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтнууд болон шүүгчдээс хариуцлага, тайлагнал нэхэх, тэднийг эрх мэдлээ зүй бусаар хэрэглэхээс сэргийлэх ард түмний хүчирхэг зэвсэг болж хувирсан юм. Тиймээс ч уг танхимыг “Төлөөлөгчдийн танхим” гэж нэрлэсэн юм. Гэхдээ Мэдисон нар улс орны улстөр, эдийн засгийн хүндрэлтэй үед ард түмний дургүйцэл, шаардлага туйлшрах аюултай гэдгийг ч мэдэж байв. Тиймээс түүнээс сэргийлэх зорилгоор аливаа импийчментийг хянан шүүж (trial) гуравны хоёроороо шийдэх эрх мэдлийг Сенатад олгож Төлөөлөгчдийн танхимын эрх мэдлийг тэнцвэржүүлсэн юм. Ялангуяа Ерөнхийлөгчийн импийчментийг хянан шүүх хурлыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, эцэст нь Сенатын гуравны хоёрын саналаар шийдвэрлэдэг учир энэ нь алдаа мадаг гаргахаас сэргийлсэн хэрэг.

Хоёрдугаарт, Мэдисон нар зөвхөн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг Ерөнхийлөгчийн тэргүүлсэн засгийн газрыг байгуулж, гэхдээ Засгийн газрын гишүүдийг зөвхөн Сенатын олонхын дэмжлэгтэйгээр томилогдог байхаар тогтоосон юм. Мөн Ерөнхийлөгчид Конгрессийн тогтоосон аливаа хуульд хориг тавьж, уг хоригийг Конгресс хоёр танхимынхаа тус тусын гуравны хоёроор няцаадаг байхаар хуульчилсан. Мэдисон нар гүйцэтгэх эрх мэдэл нэг эх сурвалжтай байж хариуцлагатай байх төдийгүй, бас тогтвортой байж чадвартай, мөн нэр хүндтэй байна гэдгийг ч мэдэж байв. Тиймээс гүйцэтгэх эрх мэдлийг нэг эх сурвалжтай байлгах зорилгоор Ерөнхийлөгчийг бүх гүйцэтгэх эрх мэдлийн эх сурвалж болгож, бүх гүйцэтгэх албадын удирдлагыг Ерөнхийлөгч томилж байхаар тогтоосон юм. Дараагийн асуудал нь гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой болгох явдал байв. Мэдээж Ерөнхийлөгч хугацаагүй, эсвэл урт хугацаагаар сонгогдвол хааны буюу нэг хүний дарангуйлал болно гэдэг нь тодорхой байв. Мөн хэт богино хугацаагаар сонговол тогтвортой байдал устах төдийгүй, чадварлаг засгийн газар бий болохгүй гэдгийг ч мэдэж байв. Тиймээс тэд Ерөнхийлөгчийг Сенатаас богино, гэхдээ Төлөөлөгчдийн танхимаас урт хугацаагаар сонгогддог байхаар тогтоосон нь 4 жил байв. 4 жилээр тогтоох нь мөн сонгуулийн хэмнэлтэй уялдуулсан төдийгүй, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, засаглах арга барилд ч ард түмний зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх зорилготой ч уялдсан юм. Учир нь Ерөнхийлөгчийн хугацааны дунд Конгресс, ялангуяа, Төлөөлөгчдийн танхим шинээр сонгогдож, ард түмэн Ерөнхийлөгчийн бодлогыг сайшааж байвал дэмжих, буруушааж байвал хазаарлах, зогсоох, тэр ч байтугай импийчмент хийх ч боломжтой юм. Ерөнхийлөгчөөр 35-аас дээш насны Америкийн унаган иргэн сонгогддог байхаар хуульчилсан нь түүний ажил үүргийн хариуцлага болон үндэсний эрх ашгийг хамгаалахад оршиж байв.

Ийнхүү хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдийг тус тусад нь байгуулах, буулгах, тэдний эрх мэдлийг зүй зохистой хуваарилах зохицуулалтыг хийхийн хамт Мэдисон нар бүх сонгуулийг нэг өдөр явагддаг байхаар тогтоосон. Энэ зохицуулалт нь цогцоороо ардчилсан улс төрийн динамик, зүй тогтцыг төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, ард түмний тухайн цаг үеийн хүсэл зориг, шийдэл, шаардлагатай зохистой уялдуулсан зохицуулалт, тохиргоо юм. Энэ бүхэн нь эрх мэдлийг салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчмыг, меритийн зарчимтай, ардчилсан улс төрийн динамик, логиктой зохистой уялдуулсан шийдэл байв. Үүний үр дүнд төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх бүх эрх мэдлийн байгууллагуудыг ард түмэн өөрсдөө байгуулдаг. Тиймээс төрийн бүх эрх мэдэл жинхэнэ утгаар ард түмний гарт байдаг тогтолцоог бүтээсэн юм. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглал жинхэнэ ардын ардчилсан засаглал болсон юм. 

Гуравдугаар Мэдисон нар шударга шүүх байгуулсан. Нэгэнт энэ асуудал өнөөдөр Монголд тун хурц яригдаж манай “мэргэд” хараат бус хэмээх шүүхийг байгуулахыг номлож, тэрхүү хараат бус шүүх байгуулах зам нь зөвхөн шүүгчид өөрсдөө өөрсдийгөө захирч байх төдийгүй, зөвхөн шүүгчид өөрсдөө өөрсдийгөө шилэн, бас сонгон, томилох явдал гэж сурталдаж, “чамлахаас чанга атга” гэгч амжилт олчхоод байгаа учир энэ асуудлыг тусад хойно авч үзье.    

Парламентын дарангуйллыг сэргийлсэн нь 

 Юуны түрүүнд эрх мэдлийг хязгаарлах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчмыг хууль тогтоох эрх мэдэлд хэрхэн хэрэглэснийг авч үзье. Мэдисон нар хууль тогтоох эрх мэдэл төрийн хамгийн хүчирхэг эрх мэдэл гэдгийг мэдэж байв. Тиймээс хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч сонгогдсон хэсэг бүлэг хүмүүс хууль тогтоох замаар бүх эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлэх нь битгий хэл ард иргэдийн эрх, эрх чөлөө, амь, амьдралд ч заналхийлэл учруулах аюултай гэдгийг мэдэж байв. Тэд мөн хууль тогтоох эрх мэдлээ урвуулан ашиглан өөрсдийн хувийн эрх ашгийн үүднээс авилга, хээл хахууль хийх өндөр магадлалтай. Энэ нь үндсэндээ сонгогдсон хэсэг бүлэг хүмүүсийн буюу парламентын дарангуйлал (Өнөөгийн Монголд бүрэн дүүрэн тогтсон дэглэм). Тиймээс хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлах, хазаарлах хэрэгтэй байв. Юуны түрүүнд Мэдисон нар Үндсэн хуулийг хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлах үндсэн хэрэгсэл болгосон юм. Тиймээс Мэдисон нар Конгрессод 1) Үндсэн хуулийг өөрчлөх, нэмэх эрх мэдлийг өгөөгүй төдийгүй, 2) зөвхөн Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох эрх мэдлийг олгосон юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг тусгайлан байгуулсан Үндсэн хуулийн хурлын (Convention) дөрөвний гурав, эсвэл холбооны нийт муж улсуудын дөрөвний гурав нь хууль тогтоох хурлуудаараа баталсан нөхцөлд л хүчин төгөлдөр болохоор хуульчилсан юм. Тиймээс хэдийгээр АНУ-ын Конгресс хоёр танхимынхаа тус бүрийн гуравны хоёроор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах эрхтэй ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй болсон юм. Энэ нь парламентын хууль тогтоох эрхийг Үндсэн хуулиар хязгаарласан хэрэг байв. Нэгэнт Үндсэн хууль эрх мэдлүүдийг хуваагаад, хуваарилчихсан тул Конгресс Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр эрх мэдлийн хуваалт, хуваарилалтад өөрчлөлт оруулах боломжгүй юм. Чухам энэ зохицуулалтын улмаас Конгресс нь өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн ба Шүүхийн эрх мэдлийг хасах, булаан авах боломжгүй болсон юм. Энэ нь АНУ-ын төрийн тогтолцооны тогтвортой байдлын төдийгүй, парламентын дарангуйлал үүсгэхгүй байх хамгийн хүчирхэг баталгаа юм. Улмаар Мэдисон нарын оруулсан Эрхийн тунхаг (Bill of Rights) хэмээх шүтэх бишрэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан, эсэргүүцлээ илэрхийлэх, зэвсэглэх зэрэг хүний болон иргэний эрхийн 10 нэмэлтийг 1791 онд баталснаар Конгресс нь мөн Эрхийн тунхагтай зөрчилдсөн хууль тогтоох боломжгүй болсон юм. Мөн Үндсэн хуулиар эрх мэдлийг хуваарилахдаа төрийн аливаа байгууллага, албыг байгуулах эрх мэдлийг зөвхөн Конгрессод өгсөн ч, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол байгуулагдсан байгууллага, албаны удирдлагыг зөвхөн Ерөнхийлөгч томилохоор тогтоосон нь Конгресс өөрийн эрх мэдлийн хүрээнд шинэ алба, байгууллага байгуулах замаар эрх мэдлээ нэмэгдүүлэх боломжийг хаасан юм.   

Дээрээс нь Мэдисон нар Үндсэн хуульдаа Конгрессын хууль тогтоох эрхийг хазаарласан гурван үндсэн зохицуулалт суулгаж өгсөн. Эхнийх нь аливаа хуулийн төсөл Конгрессын хоёр танхимын олонхын саналаар батлагдаж байж хууль болохоор хуульчилсан явдал. Хоёр танхим сонгогчдын өөр өөр хэсгээс (constituency) сонгогддог төдийгүй, сенаторууд 6 жилийн хугацаатай, төлөөлөгчид зөвхөн 2 жилийн хугацаагаар сонгогддог учир хоёр танхим харилцан бие биенээ хазаарлах хандлагатай. Сенаторууд хууль тогтоох болон төрийн бодлогын тогтвортой, залгамж чанарыг төлөөлж байдаг бол төлөөлөгчид нь ард нийтийн тухайн цаг үеийн хүсэл зориг, шаардлагыг илэрхийлдэг. Гэхдээ Сенатын гуравны нэг, Төлөөлөгчдийн танхимтай зэрэг сонгогддог учир тэдгээр сенаторууд нь шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн танхимтай ижил төстэй уур амьсгал, эрх ашиг, сонирхлыг тусгаж байх магадлалтай. Гэвч хоёр болон дөрвөн жилийн өмнө сонгогдсон сенаторууд өмнөх бодлогын залгамж, тогтвортой байдлыг тусгах хандлагатай. Тиймээс хууль тогтоох үйл ажиллагаа тэр бүр хувьсганаж, савладаггүй болсон юм. Конгрессын хууль тогтоох эрхийг хазаарласан хоёр дахь хүчирхэг зохицуулалт нь Ерөнхийлөгчийн хориг. Хоригийг хоёр танхим тус бүрдээ гуравны хоёроос дээших саналаар няцаах учир Ерөнхийлөгчийн хориг тун үр дүнтэй хазаар болдог. Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар сонгогддог учир өөрийн бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Конгрессын хууль тогтоох бодлогыг өөрийн бодлогод уялдуулах, нийцүүлэх зорилгоор хориг тавьдаг. Энэ нь мөн л хууль тогтоох үйл ажиллагааг бодлогын залгамж, тогтвортой байдал руу түлхдэг. Конгрессын хууль тогтоох үйл ажиллагааг хазаарласан гурав дахь зохицуулалт нь Дээд Шүүхийн хэрэгжүүлдэг Үндсэн хуультай зөрчилдсөн хууль, тогтоомжийг хүчингүй болгох эрх. Эл бүх хязгаарлах, хазаарлах зохицуулалт нь парламентын дарангуйлал үүсэх хаалгыг үндсэндээ хаасан гэхэд болно.

Ерөнхийлөгчийн дарангуйллыг сэргийлсэн нь

 Парламент хэсэг бүлэг хүмүүсийн дарангуйллын аюулыг бий болгож байдаг бол ард түмнээс сонгогдсон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Ерөнхийлөгч нь сонгогдсон нэг хүний дарангуйллын аюул. Тиймээс Мэдисон нар гүйцэтгэх эрх мэдлийг хэрхэн хязгаарлаж, хазаарлаж Ерөнхийлөгчийн дарангуйлал үүсэх үүд хаалгыг хэрхэн хаасныг авч үзье. Мөн Ерөнхийлөгч нь эрх мэдлээ урвуулан өөрөө хөрөнгөжихийн тулд авилга, хээл хахуульд өртөх, тэр ч байтугай гаднын нөлөөнд орж улс орны эрх ашгаас урваж ч болох (Ерөнхийлөгчийн эрхийг Ц. Элбэгдорж урвуулан ашигласан нь үүний жишээ). Мэдисон нар энэ аюулыг хэрхэн хязгаарлаж, хазаарласан бэ? 

Юуны түрүүнд Ерөнхийлөгчид хориг тавихаас өөр хууль тогтоох эрх мэдэл байхгүй. Тиймээс Ерөнхийлөгч хууль тогтоох замаар эрх мэдлээ нэмэгдүүлэх, Конгресс ба Шүүхийн эрх мэдлийг булаан авах боломжгүй. Мөн Ерөнхийлөгчид төрийн ямар нэг алба байгуулах, санхүүжүүлэх эрх мэдэл байхгүй. Төрийн аливаа алба, байгууллага байгуулах эрх мэдэл зөвхөн Конгрессод бий. Мөн бүх татварын болон төсвийн эрх мэдэл зөвхөн Конгрессын мэдэлд. Бүх зэвсэгт хүчнийг байгуулах, тараах, татан буулгах, санхүүжүүлэх эрх ч мөн Конгрессод. Тиймээс Конгресс төр ямар албадтай байх, тэдгээр албад нь ямар санхүүжилттэй байх, улс орон ямар зэвсэгт хүчинтэй байх, тэр нь ямар санхүүжилттэй байхыг шийддэг юм. Тиймээс Ерөнхийлөгчийн дарангуйлал тогтох боломж үндсэндээ үгүйсгэгдсэн гэсэн үг.

Одоо Ерөнхийлөгчийн авилга, хээл хахууль, эрх мэдлээ урвуулан хэрэглэх асуудлыг Мэдисон нар хэрхэн сэргийлснийг авч үзье. Мэдисон нар Үндсэн хуулиараа зөвхөн Ерөнхийлөгчид буюу нэг хүнд, бас зөвхөн гүйцэтгэх эрх мэдлийг олгосон. Нэг хүний үйл ажиллагааг нэгэнт тогтоосон хуулийн үүднээс хянах хялбар. Нэг хүний үйл байдлыг түмний нүд хянах ч хялбар. Ялангуяа тусгайлан хянах, хариуцлага тооцох үүрэгтэй Tөлөөлөгчдийн танхимын гишүүд ард түмний хурц нүд, дуран хараа болдог. Тиймээс Ерөнхийлөгчийн аливаа үйлдэл хэвлэл, мэдээлэл, ард түмэн, конгрессын анхаарлын төвд, хараа хяналт дор байдаг. Та бүхэн АНУ-ын Ерөнхийлөгчийн бараг үйлдэл бүр мэдээллийн анхаарлын төвд байдгийг анзаарсан байх. Энэ бүхэн хяналт. Мөн Конгресс Засгийн газрын аливаа албан тушаалтнуудын эрх, үүрэг, тавигдах шаардлага, томилох процедурыг ч тодорхойлох эрхтэй. Мөн Конгресс бүх төсвийг баталдаг, шаардлагатай гэж үзвэл аливаа санхүүжилтийг Конгресс зүйл бүрээр нь маш нарийн хуваарилж, зохицуулж ч болно. Мөн Конгресс хянах шалгах эрх мэдлийнхээ хүрээнд төсвийн зарцуулалтад аудит хийх, хууль бус болон зохист бус үйл ажиллагааг шалгах, мэдээлэх зэрэг эрх мэдэлтэй Төр засгийн Хариуцлагын Алба (Government Accountability Office) хэмээх хүчирхэг байгууллагыг ажиллуулдаг. Мөн шаардлагатай гэж үзвэл Сенатын танхим ч, Төлөөлөгчдийн танхим ч Ерөнхийлөгч болон гүйцэтгэх эрх мэдлийн аливаа алба, үйл ажиллагааг шалгах эрхтэй. Хамгийн гол нь Ерөнхийлөгч болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч хэнийг ч авилга, хээл хахууль, улс орны эрх ашгаас урвасан болон бусад гэмт хэрэг болон зүйд үл нийцэх үйлдэл гаргавал Төлөөлөгчдийн танхим импийчмент хийнэ. Төлөөлөгчдийн танхим засгийн газрын сайд нарын томилгоонд мөн л оролцдоггүй учир, намын харьяаллыг эс тооцвол, тодорхой сайд нарыг хамгаалаад байх эрх ашиг тэдэнд тэр бүр байхгүй. Мөн импийчмент хийхэд Төлөөлөгчдийн олонхын санал л хангалттай. Импийчмент хийгдсэн этгээд шившигтэйгээр албан үүргээсээ зайлуулагддаг төдийгүй, цаашдаа хийсэн гэмт хэрэгтээ шүүхээр шүүгдэж хуулийн хариуцлага хүлээдэг. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалд Ерөнхийлөгч ба Засгийн газрын гишүүд эрх мэдлээ урвуулан ашиглах, хээл хахууль, авилгад өртөх боломж тун хязгаарлагдмал.

Харин парламентын засаглалд бол хууль тогтоох болон гүйцэтгэх хоёр эрх мэдэл хоёулаа парламентын олонхынх болдог. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн засаглалд зөвхөн нэг хүнд зөвхөн гүйцэтгэх эрх мэдэл очдог бол парламентын засаглалд зохион байгуулалттай бүлэг хүмүүст хууль тогтоох ч, гүйцэтгэх ч эрх мэдэл хоёулаа очдог. Нэг хүнийг хянахаас зохион байгуулалтай бүлэглэсэн олон хүмүүсийг хянах тун төвөгтэй. Тэр ч байтугай зохион байгуулалтай бүлэг хүмүүс өөрсдийн төрөл садан, хамааралтай этгээдүүдээр төр, засгийн албыг бүхэлд нь “эзлэх” ч аюултай. Дээрээс нь уг зохион байгуулалтай бүлэглэсэн хүмүүс өөрсдөө хууль тогтоодог, өөрсдөө түүнийгээ хэрэгжүүлдэг бол хянах боломж огт байхгүйтэй адил. Учир нь тэд хууль тогтоох эрх мэдлээ луйвар хийх зэвсэг болгон хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл тэд хуулийг луйвар, тонуулын хэрэгсэл болгодог буюу хуульчлагдсан луйвар, тонуул хийдэг гэсэн үг. Жишээ нь Эдийн засгийн өршөөлийн хууль гэж гаргаад өөрсдийнхөө хууль бус орлогоо хуульчилж болно. Эсвэл Татварын өршөөлийн хууль гэж гаргаад өөрсдийн хамааралтай компаниудын татварын өрийг өршөөж болно. Эсвэл концессын гэрээ, ЖДҮ-ийн зээл гэж бий болгоод өөрсдөдөө хувааж аваад, мөнгө хүүлээд түүнийгээ хав дарчхаж болно. Үндсэндээ парламентын засаглалд ард түмэн улсын сан, хөрөнгөө зохион байгуулалттай бүлэглэлд өгөөд өөрсдөө нүдээ аниад явдаг гэж хэлж болно.    

Чадварлаг гүйцэтгэх засаглал байгуулсан нь

 Ерөнхийлөгчийн засаглалд хариуцлагын тогтолцоог өндөрсгөсөн өөр нэг чухал зохицуулалт бол Засгийн газрын гишүүдийн томилгооны зохицуулалт. Хэдийгээр Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог, хэдийгээр Засгийн газрын бүх шийдвэр эцсийн эцэст Ерөнхийлөгчийн шийдвэр байж, аливаа шийдвэрт эцсийн эцэст Ерөнхийлөгч хариуцлага хүлээдэг ч Ерөнхийлөгч засгийн газраа өөрийн үзэмжээр томилох эрхгүй. Одоогийн Монголын улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлагчдын улайран зүтгүүлж байгаа сайд нараа зөвхөн өөрийн үзэмжээр томилох, огцруулах эрх мэдэлтэй Ерөнхий сайдтай харьцуулбал АНУ-ын Ерөнхийлөгч ард түмний “тэргүүн зарц” (first servant) бол харин Монголын “мэргэдийн” зүтгүүлж байгаа Ерөнхий сайд бол харин хэмжээгүй эрхт дарангуйлагч. Нөгөө талаар АНУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нараа томилохдоо парламентын засаглалын Ерөнхий сайд шиг намынхаа гишүүдтэйгээ сайд нарын суудлаа найзан-найран дундаа бялуу мэт хуваагаад, наймаалцаад бялуу хуваалцсан “хам-хэрэгтнүүдээрээ” дэмжүүлчихдэггүй. 

Эсрэгээр Ерөнхийлөгч сайд нарынхаа нэрсийг дэвшүүлж Сенат нэр дэвшигч бүрээр нээлттэй сонсгол хийж, ард түмний нүдэн дээр тэдний мэдлэг чадвар, ажлын туршлага, намтар, ёс суртахууныг асуун тодруулж, шүүн хэлэлцэж, ам өчгийг нь авч байж эцэст нь санал хурааж олонх нь дэмжсэн тохиолдолд л Ерөнхийлөгч нэр дэвшигчийг сайдаар томилдог. Конгрессын гишүүд засгийн газрын гишүүн байх боломжгүй учир Сенат Ерөнхийлөгчтэй бялуу хуваах, найзлах, найрлах, наймаалцах боломж байхгүй. Нөгөө талаар Сенатын олонхыг нь Ерөнхийлөгчийн эсрэг намынхан бүрдүүлж байх нь ч бий. Тиймээс Ерөнхийлөгч аливаа сайдад нэр дэвшүүлэхдээ тухайн салбарын шилдгүүдийг дэвшүүлэхээс өөр аргагүй болдог. Тиймээс ч Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх хүмүүсээ тун нухацтай шилж сонгох процессоор (clearance and vetting process) тодруулах хэрэгтэй болдог. Чухам эл учир Америкийн сайд нар (secretary гэж нэрлэдэг) салбар салбарынхаа шилдгүүдийн нэг байдаг. Тийм учир АНУ-д дан ганц улс төрчид биш харин салбар салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд, бизнесийн лидерүүд, генералууд сайдаар томилогддог. Энэ нь манайхны яриад байдаг нөгөө “мэргэжлийн засгийн газрыг” жинхэнэ утгаар нь бий болгодог гэж хэлж болно. Нэгэнт Засгийн газар нь салбар салбарын лидерүүдээс бүрддэг, тэднийг томилох үйл явц өндөр шүүлтүүрээр явагддаг учир, Засгийн газар нь Ерөнхийлөгчийн эрх мэдлээ урвуулан ашиглах боломжийг ч хязгаарладаг. Тиймээс ч Засгийн газрын сайд нар нь Ерөнхийлөгчийн бодлого, засаглах арга барилтай санал нийлэхгүй нөхцөлд өөрсдөө огцрох нь ч түгээмэл. Эцсийн эцэст эдгээр томилогдсон сайд нар нь Төлөөлөгчдийн танхимын хурц хараа хяналт дор ажиллах бөгөөд, нэг талаас Төлөөлөгчдийн танхимын импийчментийн, нөгөө талаас Ерөнхийлөгчийн чөлөөлөх аюул дор ажилладаг учир, нэр төрөө алдаж шившиг болж дуусахыг хүсэхгүй л бол тэд ажил үүргээ нэр төртэй биелүүлэхээс өөр аргагүй болдог. 

Тиймээс үнэндээ АНУ-ын Засгийн газрыг Ерөнхийлөгч дангаараа байгуулдаггүй. Ерөнхийлөгч, Сенат хоёр хоёулаа оролцож, тэгэхдээ Ерөнхийлөгч нь санаачилж, Сенат нь шүүн тунгааж, Төлөөлөгчдийн танхимын болон ард түмний хараа хяналт дор байгуулдаг. Харин Ерөнхийлөгч нь сайд нараа өөрийн үзэмжээр чөлөөлдөг. Ерөнхийлөгч сайд нараа чөлөөлөх эрх мэдэл байхгүй бол Ерөнхийлөгч сайд нартаа хариуцлага тооцох чадамжгүй байх болно. Ерөнхийлөгчийн эрх мэдэл ард түмнээс ургадаг бол, сайд нарын эрх мэдэл Ерөнхийлөгчөөс ургах. Тиймээс Ерөнхийлөгч ард түмнээс эрх мэдлээ авч, ард түмний өмнө хариуцлага хүлээдэг бол сайд нар Ерөнхийлөгчөөс эрх мэдлээ авч, Ерөнхийлөгчийн өмнө хариуцлага хүлээдэг. Энэ бол эрх мэдэл, хариуцлагын ардчилсан зарчим, гинжин холбоос. Харин Сенатын шүүлтүүр, дэмжлэг нь Засгийн газрыг Ерөнхийлөгч өөрийн үзэмж, дур зоргоор байгуулахаас сэргийлдэг төдийгүй улс орны засгийн газар ард олны итгэл найдварыг даахуйц байхын дээр, холбогдох салбараа чадварлаг удирдахуйц шалгарсан шилдгүүдээс бүрдсэн байх явдлыг хангаж өгдөг.  Тиймээс АНУ-ын засгийн газар нь парламентын олонх болсон намын гэхдээ тухайн парламентын гишүүн “давхар дээлтэй”, найраа бялуу хуваах, наймаалцах зарчмаар томилогдсон “мэргэжлийн намчин-улстөрчдийн намын засгийн газар” бус харин улс орны шилдгүүдээс бүрдсэн үндэсний мэргэшсэн засгийн газар болж хувирдаг.

Улс үндэсний эрх ашгаа хамгаалсан нь

 Одоо Мэдисон нар Ерөнхийлөгч гадна, дотнын, ялангуяа, гадаадын хүчирхэг гүрнүүдийн нөлөөнд орж улс орны эрх ашгаас урваж ч болох аюулыг хэрхэн сэргийлснийг авч үзье. Энэ асуудал Монголын улс төрд маш онцгой байр суурь эзэлдэг. Тиймээс ч парламентын засаглалыг хамгаалагчид Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл Ерөнхийлөгч хэмээх нэг хүнийг гаднын хүчин амархан дарамтлах, эсвэл амархан худалдаж авах аюултай, тиймээс олноороо асуудлыг шийддэг парламентын засаглал улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа гэдэг аргументыг дэвшүүлдэг. Учир нь тэд 76 хүнийг дарамтлах, худалдан авах боломжгүй гэсэн аргумент дэвшүүлдэг. Энэ нь хэрэг дээрээ улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа 76 толгойд нуугаад 76 нүхэнд шургуулах, өөрөөр хэлбэл нуух, нуугдах аргумент гэж нэрлэж болно. Мэдээж тэдний нэг хүнийг амархан дарамталж, худалдан авах боломжтой, олон хүнийг дарамтлах, худалдан авах боломжгүй гэдэг аргумент зөв. АНУ-ын Үндсэн хуулийг бүтээгчид ч мөн ингэж үзсэн юм. Гэхдээ манай “мэргэдийн” парламентын засаглал л энэ бүхнээс аврах баталгаа гэдэг нь худлаа төдийгүй, төөрөлдсөн, эсвэл төөрөлдүүлсэн төдийгүй бас хортой аргумент. Учир нь тэд нэг бол парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын мөн чанарыг огт ойлгохгүй байгаа хэрэг эсвэл тэд парламентын буюу зохион байгуулалттай бүлэг хүмүүсийн дарангуйллыг хамгаалах далд санаагаа үүгээр халхалж байгаа хэрэг. 

Парламентын засаглал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх бүх эрх мэдлийг нэг этгээдийн гарт төвлөрүүлдэг. Монголын парламентын засаглалын нөхцөлд тэр нэг этгээд нь парламентын олонхыг бүрдүүлж байгаа нэг нам гэсэн үг. Дийлэнх тохиолдолд уг нэг этгээд нь эцсийн эцэст эрх барьж буй намын дарга-босс байдаг. Намын дарга-босс Засгийн газраа ч, парламентаа ч атгадаг. Даргын гарт Засгийн ч, парламентын ч гишүүдээ дарамтлах, худалдан авах бүх эрх мэдэл, зэвсэг бий. Даргын гарт сайдаас эхлээд бүх яам, тамга, газрын албан тушаалууд, УИХ-ын бүх албан тушаалууд, мөн УИХ-д нэр дэвшүүлэх эрх мэдэл бий. Мөн даргын гарт бүх төсөв, лиценз, концесс, тендер, ЖДҮС гэх мэт бүх сан, зээл, тэр бүү хэл гадаад томилгоо ч бий. Мөн даргын гарт гишүүдийн “фактууд” ч бий. Энэ бүх эрх мэдэл, эд баялгаар намын дарга-босс парламентын олонхыг дарамталж ч, худалдан авч ч атгаж байдаг. Чухам тиймээс л Оюу Толгойн гэрээг С. Баяр “Би хар” ч бил үү “хиртэй” ч бил үү “толгойгоороо хариуцна” гэж төр, цааз, хууль, ёс, журамтай улсын Ерөнхий сайд шиг биш харин бүлэг дээрэмчдийн толгойлогч мэт тунхаглаж чадсан хэрэг. Энэ тогтолцоог дэлхий нийтээр бүгд мэднэ. Ялангуяа Монголд эрх ашгаа шургуулсан бүхэн үүнийг гаргууд мэднэ. Нэг бус удаа ч хэрэглэж байсан. Нөгөө талаар ерөнхий сайд нь Н. Алтанхуяг шиг зөрүүдлээд байвал, 76-гийн хэсгийг ч дарамталж ч, худалдаж авч ч болно гэдгийг ч тэд сайн мэднэ. Н. Алтанхуягийг унагахад өөрийнх нь намын 8 гишүүн эсрэг санал өгч, 10 гишүүн “алга” болоход л хангалттай байсан. Энэ бүхэн парламентын засаглал Монголын эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хэрхэн “хамгаалсны” баримт. 

Үнэн, аливаа улсд, түүний дотор бүгд найрамдах улсад хаад биш ноёд төрийн эрх мэдлийг хашиж байдаг. Харин ноёд урвадаг бол хаад урвадаггүй юм. Бүгд найрамдах улсын хаад нь харамсалтай нь ард түмэн. Дээрээс нь парламентын засаглалд тэр бүлэг урвагч ноёд нь дор хаяхад парламентыг ч, засгийн газрыг ч хоёуланг нь хашиж байдаг. Чухам бүлэг ноёд парламент, засгийн газар хоёрыг хоёуланг нь хашдаг учир С. Баяр “стандарт бус” хэмээх Засгийн газраа байгуулан УИХ-ыг сөрөг хүчингүй стандарт бус парламент болгосон бол, чухам парламент Засгийн газрыг байгуулдаг учир УИХ нь Н. Алтанхуягийн Засгийг огцруулж болж байгаа юм. Хэрвээ АНУ-ынх шиг парламент, засгийн газар хоёр салгагдсан, парламент нь хуулиа тогтоодог, засгийн газар нь хуулиа хэрэгжүүлдэг, ард түмэн энэ хоёрыг тус тусад нь байгуулдаг байсан бол С.Баярын үед МАН бүгдээрээ С.Баярын “хар толгойд” Оюу Толгойг даатгасан ч АН сөрөг хүчин хэвээр үлдэж, С. Баярын “хиртэй толгойд” Оюу Толгойг хэзээ ч даатгахгүй байсан юм. Мөн тийм байсан бол УИХ хэзээ ч Н. Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахгүй байх байсан юм. Дээрээс нь хэрвээ АНУ-ынх шиг 2 жилээр сонгогддог, имийчментийн эрх мэдэлтэй Төлөөлөгчдийн танхимтай байсан бол Монголд хээл хахууль төдийгүй, “хонгил” ч, “хонгилынхон” ч, “хонгилын шүүгчид”, “хонгилын өмгөөлөгчид” ч гэж хэзээ ч үүсэхгүй байх байсан юм.

Харин одоо Мэдисон нар нэг хүн, олон хүний асуудлыг хэрхэн шийдсэнийг авч харъя. Мэдисон нар нэг хүнд улс орны эрх ашиг, аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг даатгаж болохгүй гэдгийг тодорхой мэдэж байв. Гэхдээ улс орон эрх ашгаа хамгаалахын тулд нэг толгойтой, нэг амтай байх ёстой ч гэдгийг мэдэж байв. Тиймээс тэд аливаа гэрээ, хэлэлцээр явуулах, хийх эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгосон ч, харин түүнийг батлах эрхийг Сенатад гэхдээ Сенатын гуравны хоёрт олгосон юм. Нэгэнт хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл салгагдсан тул, мөн Сенатыг ард түмэн тусдаа сонгодог учир, сенатор нэгэн зэрэг засгийн газрын гишүүн байх боломжгүй учир улс орны эрх ашигт харш байж болох аливаа гэрээ, хэлэлцээрийг батлах асуудал дээр Сенатад гуравны нэгээс илүү сөрөг санал бүрэлдэх үндэслэл хангалттай бий. Дээрээс нь нэгэнт Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгчийг импийчмент хийх эрх мэдэлтэй учир энэ нь Ерөнхийлөгчийг улс орны эрх ашгаа орхигдуулахгүй байх хангалттай хөшүүрэг. 

 Хараат бус шүүхийг байгуулсан нь 

 Мэдисон нар зөвхөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, гэхдээ парламентын тогтоосон аливаа хуульд ч, Ерөнхийлөгчийн гаргасан аливаа тогтоолд (executive orders) ч “хуулийн хяналт” (judicial review) хийж хүчингүй болгох эрх мэдэлтэй Дээд ба бусад шатны шүүхийг байгуулсан. Харин шүүгчийг ард түмнээр шууд сонгуулах, буулгах замыг сонголгүй, харин ардчилсан гинжин холбоосны замыг сонгосон юм. Тиймээс ард түмний өөрсдийнх нь сонгосон Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, ард түмний өөрсдийнх нь сонгосон Сенат дэмжсэн нөхцөлд л Ерөнхийлөгч шүүгчийг хугацаагүй томилдог байхаар тогтоосон юм. Энэ нь Мэдисон нарын баримталсан меритийн зарчмын илрэл байсан бөгөөд, уг зарчим нь шүүхийн чадвар, бодлого, шийдвэр тогтвортой байхад чухал учир холбогдолтой байв. Ингэхдээ Сенат нэр дэвшигч бүрийг нээлттэй сонсголд оруулж, ард түмний нүдэн дээр тэдний мэдлэг чадвар, ажлын туршлага, намтар, зан чанар, ёс суртахууныг нь асуун тодруулж, шүүн хэлэлцэж, ам өчгийг нь авч байж эцэст нь санал хурааж дэмжих эсэхээ шийддэг учир шүүгчийг томилох үйл явц нь хэн нэгэн эрх мэдэлтний үзэмжийн томилгоо бус, харин ард түмний нүдэн дээр ил тод явагддаг мэдлэг чадвар, туршлага, зан чанар, ёс суртахууны шалгуураар шилэгдэх үйл явц болсон юм. Мэдээж Сенат шүүгч нарыг шилэх сонгох төдийгүй, томилуулахгүй байх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийн чанарын шүүлтүүр болсон юм. 

Мэдисон нар мөн шүүгч зөвхөн хуульд захирагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг ч тууштай нэвтрүүлсэн. Юуны түрүүнд Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, томилохоор зохицуулсан нь шүүгч нарыг хууль тогтоогчдоос хараат бус болгох зорилготой байв. Гэхдээ шүүгчийг мөн нэр дэвшүүлэгч, томилогчдоос ч хараат бус болгох хэрэгтэй байв. Тиймээс чухам Ерөнхийлөгч нэрийг нь дэвшүүлж, Сенат дэмжсэн нөхцөлд л Ерөнхийлөгч томилдог болгосон нь шүүгч нарыг Ерөнхийлөгчөөс ч, Сенатаас ч хараат бус болгох эхний зохицуулалт байв. Шүүгч нарыг томилогчдоос хараат бус болгох хоёрдох зохицуулалт нь шүүгчийн хугацаагүй томилолт. Хугацаатай томилогдох бол шүүгч дахин томилогдохын тулд нэр дэвшүүлэх, мөн эцэст нь томилох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Ерөнхийлөгч, томилуулуулахгүй байх эрх мэдлийг хэрэгжүүлдэг Сенат хоёрт үйлчлэхээс өөр аргагүй болно. Шүүгч нарыг томилогчдоос хараат бус болгох өөр нэг зохицуулалт бол Ерөнхийлөгчид ч, Сенатад ч шүүгчийг огцруулах эрх мэдлийг өгөөгүй явдал. Хэрвээ тэд огцруулах эрх мэдлийг хэрэгжүүлдэг байсан бол огцрохгүйн тулд шүүгч тэдэнд мөн үйлчлэхээс өөр арга байхгүй. Гэхдээ шүүгч нарыг хараат бус болгох хамгийн хүчирхэг зохицуулалт нь Төлөөлөгчдийн танхимын импийчмент хийх эрх мэдэл. Төлөөлөгчдийн танхим нь шүүгч нарын томилгоонд оролцдоггүйн дээр, тэд ард түмнээс зөвхөн 2-хон жилийн хугацаагаар сонгогддог. Гэтэл шүүх үйл ажиллагааны үндсэн бай нь ард иргэд бөгөөд, Төлөөлөгчдийн танхим нь ард иргэдийн хэсэг, тэдний төлөөлөл. Тиймээс Төлөөлөгчдийн танхим нь нэгэнт шүүгчийн томилгоонд оролцдоггүй учир тэдэнд шүүгчийг хамгаалах сонирхол байхгүйн дээр, тэд 2-хон жилийн хугацаатай сонгогдог тул ард түмний хэсэг төдийгүй, дахин сонгогдохын тулд ард түмэнд үнэнчээр үйлчлэхээс өөр аргагүй. Тиймээс Төлөөлөгчдийн танхимын импийчмент хийх эрх мэдлийн дор орших шүүгч нар зөвхөн хуульд захирагдаж, ард түмний буюу нийгмийн хүлээлт, нийгмийн ёс суртахууны хүрээнд ажиллахаас өөр аргагүй болсон юм. Улмаар аливаа импийчментийг Төлөөлөгчдийн танхим ард түмний нүдэн дээр ил тод асууж, хэлэлцэж, шүүн тунгааж, эцэст нь мөн л санал хурааж шийддэг үйл явц тул шүүгчийг импийчмент хийх нь хэн нэгэн эрх мэдэлтний үзэмжээр үйлддэг үйл явц бус харин жинхэнэ учрыг олж, хужрыг тунгаах үйл явц. Шүүгчийн томилгоо ч, импийчмент ч ийнхүү ард түмний нүдэн дээр ил тод явагддаг учир, хэрэг дээрээ ард түмний хараа, хяналт дор явагддаг үйл явц. Энгийнээр хэлбэл ард түмэн арай дөнгүүр хүмүүсээ сонгож тэднээр шүүгч нарыг томилуулах, буулгах үйл ажиллагааг зохион байгуулуулж өөрсдөө тэр томилох, буулгах үйл явцыг хянаад сууж байдаг гэсэн үг. Энэ бүхэн нь шүүгчийг аливаа хууль бус нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлдэг. Эдгээр зохицуулалтыг бүхэлд нь авч хураангуйлан үзвэл Ерөнхийлөгч нэр дэвшүүлж томилдог нь шүүгч нарыг хууль тогтоогчдоос хараат бус болгоход чиглэгдсэн бол, Сенатын шүүлтүүр нь мэдлэг чадвар, туршлага, ёс суртахууны хувьд тохирох этгээдийг томилуулах явдлыг хангах төдийгүй, шүүгчдийг Ерөнхийлөгчөөс хараат бус болгоход чиглэгдсэн бол хугацаагүй томилолт, Төлөөлөгчдийн танхимын импийчмент нь шүүгчийг томилогчдоос хараат бус болгох зохицуулалт юм.

Мэдээж, ард түмэн өөрсдөө шүүгч нараа сонгодог нь ч бий. Тухайлбал АНУ-ын 39 муж улс шүүгч нарынхаа дор хаяж тодорхой хэсгийг сонгодог бөгөөд, нийт муж улсуудын нийт шүүгчдийн 87 хувь нь сонгогдог гэсэн статистик ч бий. Энэ нь ардчилсан зам бөгөөд шүүгч нарыг ард түмний шаардлага, нийгмийн хүсэн хүлээлтэд үйлчлэхэд хүргэдэг талтай. Гэхдээ энэ нь шүүгч нарыг улстөржүүлэх үр дагавартайн дээр зохих мэдлэг, чадвар, туршлага, зан чанартай хуульчид шүүгчээр сонгогдох эсэх, мөн хууль ба ард түмний хүсэн хүлээлт, нийгмийн ёс суртахуун хоёрын мөргөлдөөнд шүүгчдийг оруулах зэрэг асуудалтай. Чухам эдгээр үндэслэлийн үүднээс АНУ-ын Үндсэн хуулийг бүтээгчид энэ замыг зохистой хувилбар гэж үзээгүй юм.

Монголын шүүх: Хэнээс хараат бус хэний хараат?

Харин Монголд шүүх эрх мэдлийг хараат бус болгох уриан дор явагдаж байгаа суртал, мөн сонгож авсан шийдэл нь бид Монгол улсад ардчилсан буюу, ард түмэн төр засгаа өөрсдөө барьдаг дэглэмийг байгуулах гэж байна уу аль эсвэл гэдэг асуудлыг тавих хэрэгтэй болгоод байгаа юм. Энэ асуудлыг тавихын учир нь манай “мэргэдийн” хараат бус шүүх байгуулах зам нь зөвхөн шүүгчид өөрсдөө өөрсдийгөө захирч байх төдийгүй, зөвхөн шүүгчид өөрсдөө өөрсдийгөө шилэн, бас сонгон, томилох явдал гэж сурталдаж байгаагаас үүдэлтэй юм. Тэд сурталдаад ч зогсохгүй гайхалтай нь энэ УИХ түүнийг нь дэмжээд дийлэнх олонхоороо баталчихаад байгаа учраас ч ардчилсан засаглалын асуудлыг тавихаас өөр аргагүй болгоод байгаа юм. Хэрвээ Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг эдүгээ хашиж байгаа Х. Баттулга эсэргүүцээгүй л бол тэд өөрсдийнхөө “хараат бус” шүүхээ бүрэн байгуулж, шүүх эрх мэдлийг тэр чигээр нь шүүгч, хуульч нарын эрх мэдэлд өгч, тэдний онцгой эрх мэдэл болгох байсан юм. Тиймээс л ардчилсан засаглалын тухай асуух хэрэгтэй болоод байгаа юм. 

Дээр өгүүлснээр шүүх бол эрх мэдэл, төрийн эрх мэдэл. Шүүх мэргэжил биш. Шүүх ажил биш. Шүүх бол хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлүүдийн нэгэн адил төрийн эрх мэдэл. Төрийн эрх мэдэл дотроо шүүх бол бүр бидний амь, амьдрал, эрх, эрх чөлөөг шийддэг эрх мэдэл. УИХ-д биднийг цаазлах, хорих эрх мэдэл байхгүй. Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад биднийг цаазлах, хорих эрх мэдэл байхгүй. Харин шүүхд энэ эрх мэдэл бий. Чухам бидний амийг авах, эрх чөлөөг хасах онц эрх мэдэл учир шүүх аливаа хэргийг хаашаа ч хэлтийхгүй зөвхөн хуулиар буюу ард түмний хүсэл зориг (will), шийдлийн (resolution) гэрээгээр хагалаж (rule) байх ёстой юм. Үүнийг хуулийн засаглал (rule of law) гэх. Тиймээс л шүүхийн хараат бус байдал онцгой чухал. 

Гэвч хүний бүтээсэн хууль төгс биш төдийгүй дутуу. Хууль хүний нийгмийн амьдралыг хэзээ ч бүхэлд нь хамарч ч, зохицуулж ч байгаагүй, байх ч үгүй. Монголын нэгэн алдарт уяач хурдан морийг уяна, засна гэдэг тал дээр байгаа хялгасыг шүдэнзний хайрцагт оруулахтай л адил зүйл гэсэн шиг, хууль тэр хялгас мэт хутганы ирийг шүдэнзний хайрцаг шиг их орон зай дотор оруулж ирж чадаж байвал их юм. Шүүгч ийм хуулийг хэрэглэж, тийм орон зай дотор, тэр хялгасаар, тэр хутганы ирээр хүний амь, амьдрал, эрх, эрх чөлөөг хяргаж байдаг. Чухам тиймээс шүүхийн жишиг (prededent) үлгэр, жишиг хууль болдог. Тэр үлгэр, жишгийн эх сурвалж нь шүүхийн хагалалт, шүүгч өөрөө байдаг. Зөвхөн шүүгч буюу нэг хүн, шүүхийн хагалалтын эх сурвалж байх нь учир дутагдалтай учраас ч жишиг хуулийн (common law) уламжлалтай орнуудад энгийн иргэдээс бүрдсэн жюри нарыг суулгаж тэдний нүдэн дээр маргалдагч талууд баримтаа дэлгэж жюри нар  буруутай, буруугүйг хагалаж, буруутай гэсэн шийдвэр гарвал, шүүгч зохих шийтгэлийг нь ногдуулдаг. Харин иргэний хуулийн (civil law) уламжлалтай орнуудад ийм уламжлал байхгүйн дээр, жюри нар тал тохой татдаг гэж үздэг. Гэхдээ аль ч уламжлалд хууль шүүхийн шийдвэрийн цорын ганц эх сурвалж болдоггүй, хуулийн үлдээсэн орон зайг шүүх бөглөж байдаг. Тэр орон зайг, тэр шүдэнзний хайрцаг шиг орон зайг юу бөглөх ёстой вэ? Түүнийг эрх баригчийн үзэмж бөглөх ёстой юм. Харин ардчилсан улс оронд эрх баригч нь ард түмэн байдаг. Тиймээс тэр орон зайг ард түмний үзэмж бөглөх ёстой юм. 

 Харин манай “мэргэд” тэр орон зайг шүүгчийн үзэмж бөглөх ёстой гэж номлож байгаа төдийгүй шүүх эрх мэдэл бүхэлдээ шүүгч нарын эрх мэдэлд байх ёстой гэж улайран зүтгэж байгаа. Учир нь тэд хэн шүүгч байх ёстойг, хэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхийг зөвхөн шүүгч нар мэдэх ёстой гэж зүтгэж байгаа. Тиймээс тэдний бодож олсон Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэдэг байгууллагыг шүүгч нар өөрсдийн дундаас өөрсдөө сонгож байгуулаад, тэр байгууллага нь хэн шүүгч байх ёстойг шийдэж байх учиртай юм. Тэднийхээр хэн шүүгч байхыг ард түмэн ч, ард түмний итгэн сонгож, эрх мэдлээ түшүүлсэн Ерөнхийлөгч ч, УИХ-ын гишүүд ч шийдэх ёсгүй. Өөрөөр хэлбэл тэднийхээр шүүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн адилаар ард түмнээс ургаж байх ёстой бус, харин зөвхөн шүүгчдээс өөрсдөөс нь ургаж байх ёстой болж байгаа юм. Тэгээд тэр шүүгчдээс ургасан шүүх эрх мэдэл нь иргэд бидний амь, амьдрал, эрх, эрх чөлөөг шийдэж байх ёстой болж байгаа юм. Хэрвээ тэдний логикоор сэтгэвэл зүй нь Ерөнхийлөгч хэн Ерөнхийлөгч байхыг, УИХ-ын гишүүд хэн УИХ-ын гишүүд байхыг зөвхөн өөрсдөө, өөрсдийнхөө дотроос шийдэх ёстой гэсэн үг. Энэ ардчилсан ёс уу? Энэ тэгээд ард түмэн эрх мэдлээ өөрсдөө өөрсдийнхөө дотроос сонгон байгуулж байгаа хэрэг үү? Ийм учраас л “Ардчиллаа хамгаалья!” гээд байгаа “мэргэдээс” ч, их хурлын гишүүдээс ч та нар ардчилсан буюу, ард түмэн төр засгаа өөрсдийнхөө төлөө өөрсдөө байгуулдаг, барьдаг дэглэмийн тухай ярьж байна уу эсвэл та нарын ардчилал гээд байгаа зүйл чинь зөвхөн та нарын өөрсдийн чинь “ардчилал” буюу хэн эрх мэдэл барихыг зөвхөн та нар өөрсдөө өөрсдийн дундаас шийдэх асуудал болоод байна уу гэж асуух хэрэгтэй болоод байгаа юм.

Зөвхөн шүүгч нар хэн шүүгч байхыг мэддэг болвол шүүх эрх мэдэл мэдээж манай “мэргэдийн” шүүх эрх мэдлийг өөрсдөөсөө хараат болгоод “бузарлаад” байна гээд зүхээд байгаа “улстөрчдөөс” (уг нь улстөрчид нь ард түмний итгэн сонгож эрх мэдлээ түшүүлсэн төлөөлөгчид, мөн түшээд) төдийгүй төрийн эрх баригч гээд байгаа ард түмнээс ч хараат бус болох нь ойлгомжтой бус уу? Ард түмэн чухам ямар учраас өөрсдийн амь, амьдрал, эрх, эрх чөлөөг нь мэдэх эрх мэдлийг өөрсдөөсөө хараат бус, хамааралгүй хэсэг бүлэг хүмүүст өгөх ёстой вэ? Ер нь аливаа ард түмэн өөрсдийн төр улсыг яах гэж байгуулдаг хэрэг вэ?

Өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд бус уу? Энэ тэгээд ардчилсан ёс уу? Энэ тэгээд ард түмэн төрийн эрх мэдлээ, түүний дотор төрийн шүүх эрх мэдлээ өөрсдөө барьж байгаа хэрэг үү? 

Улмаар зөвхөн шүүгч нар хэн шүүгч байхыг мэддэг болвол шүүх эрх мэдэл тэдгээр шүүгч хэмээх хүмүүсээс хараат бус болохгүй юу? Тэр тусмаа шүүгч нар шүүхийн захиргаа, мөн хэн шүүгч болохыг, ямар шатны шүүгч болохыг мэддэг ШЕЗ-өө зөвхөн өөрсдийн дундаас өөрсдөө сонгодог болвол шүүгч нар өөрсдийн эрх ашгийг хамгаалах этгээдүүдээ ШЕЗ-дөө сонгохгүй юу? Улмаар шүүгч нар шүүгч нараа төдийгүй, зөвхөн өөрсдийн дундаас өөрсдөө ШЕЗ-өө сонгодог болвол шүүгч нар өөрсдөө шүүхийн улстөртэй болж, шүүхийн улстөрийн анги, намд хуваагдаж улстөржихгүй юу? Ингэхэд шүүгч гэгч хэн бэ? Тэдэнд та нарын зүхээд байгаа улс төрчдөд байдаг шунал, тачаал, хомхой сэдэл байхгүй юу? Шүүгч гэгч хүн биш ариуссан, гэгээрсэн бурхад уу?

Манай “мэргэдийн” хараат бус шүүх байгуулах, түүний тулд хэн шүүгч байхыг зөвхөн шүүгч нар өөрсдөө мэдэх ёстой гэж зүтгээд байгаа номлол нь эртний Энэтхэгийн кастийн (caste) системтэй адил зүйл. Эртний Энэтхэгийн хиндү номлолоор Энэтхэгийн хүн ам брахмин (brahmin), кшатрья (kshatriya), вайша (vaishya), шудра (shudra) гэсэн кастаас бүрэлдэх болсон бөгөөд эдгээр кастууд нь төрмөл байсан юм. Өөрөөр хэлбэл брахмины гэр бүлд төрсөн нь брахмин, кшатрьягийн гэр бүлд төрсөн нь кшатрья болно. Брахмин нар лам, багш нар, кшатрья нар нь төрийн эрх баригчид, засаглагчид болно. Өөрөөр хэлбэл эдгээр нь эрх мэдэл, ажил мэргэжлийн угсаа залгамжилсан, өөрсдөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг хаалттай давхрагууд, тиймээс каст буюу хаалттай давхрага, бүлгүүд гэдэг юм. Тиймээс юу номлох, юу заах нь брахмин нарын мэдэлд, яаж засаглах нь кшатрья нарын мэдэлд байв. Тэд үүнийгээ ертөнцийг бүтээгч Брахма бурханы амнаас брахмин нар, цээжнээс нь кшатрья нар төрсөн учир ийм байх ёстой гэж номлодог байв. Мэдээж хүмүүсийг нийгмийн гарал үүслээр нь ялгаварлан гадуурхдаг төдийгүй, брахмин, кшатрья нар үргэлж номлож, засагладаг учир кастийн систем нь хүний мөн чанарт харш хамгийн харгис дэглэм байсан юм. Тиймээс ч Будда Сидхарта түүний эсрэг хувьсгалт номлолоо дэвшүүлж хүн ямар ч гэр бүлд төрсөн, өөрөө хичээж, өөрөө зүтгэвэл бодисатва (bodhisattva) буюу бурханы гэгээрлийг ч олж болно гэсэн номлолоо дэвшүүлсэн нь эдүгээгийн бурханы шашин. Гэтэл манай “мэргэд” ч, их хурлын гишүүд ч Элбэгдорж гэгч этгээдийн гамшгаар хэн шүүгч байхыг зөвхөн шүүгч нар мэдэж байж л шүүх эрх мэдэл хараат бус болно гэж чухам энэ кастийн системийг сэргээж шүүгч нарын кастийн систем бий болгох гэж зүтгээд байх. Тиймээс тэд хэрвээ юу ярьж, юу хийж буйгаа мэдэхгүй байгаа бол тэд үнэндээ нуухыг нь авах гэж нүдийг нь сохлов гэдгийг хийж байгаа юм.

Гэхдээ “мэргэдийг” юу ярьж, юу хийж буйгаа мэдэхгүйгээсээ болж байна гэж хэлэхэд хэцүү. Учир нь ШЕЗ гэдэг байгууллага бий болоод удсан төдийгүй, хэрэг дээрээ Монголд шүүгч нарын онцгой бүлэглэл аль эрт үүсчихсэн нь илэрхий учир “мэргэдийг” уг бүлэглэлээ дархлах гээд байна уу гэсэн сэжиг өөрийн эрхгүй төрж байгаа юм. Монголын “мэргэдийн” одоогийн сонгож аваад байгаа шийдэл нь Италийн системтэй хэлбэрийн хувьд төстэй. Италид Шүүхийн Дээд Зөвлөл (High Council of the Judiciary/Consiglio Superiore della Magistratura) гэж Италийн Ерөнхийлөгч нь даргалдаг байгууллага байх бөгөөд энэ байгууллага нь Италийн Дээд шүүхийн (Supreme Court of Cassation/Corte Suprema di Cassazione) нэгдүгээр Ерөнхийлөгч, Ерөнхий прокуророос гадна 24 сонгогдсон гишүүнээс бүрдэх бөгөөд, сонгогдсон гишүүдийн 16 нь шүүгч нарынхаа дундаас сонгогдсон шүүгч нар, 8 нь Италийн парламентын 2 танхимын хамтарсан хуралдаанаар сонгогдсон шүүгч биш хуулийн профессорууд болон 14-өөс доошгүй жил ажилласан хуульч нараас бүрддэг. Парламентын сонгосон 8 гишүүн нь шүүгч нарыг онцгой каст болгохоос сэргийлэх үүрэгтэй. Италийн энэ байгууллагыг Монголын одоогийн байгаа ШЕЗ-тэй ч, одоо байгуулах гэж байгаатай нь ч харьцуулаад харах хэрэгтэй. Монгол улсын Ерөнхийлөгч, эсвэл Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нар аль нь ч аль ч ШЕЗ-д байхгүй. Улмаар Италийн энэ байгууллага нь шүүгч нарыг томилох, дэвшүүлэх, огцруулах эрх мэдлийг хэрэгжүүлдэг боловч шүүгч болох үйл явц нь маш нарийн “өрсөлдөөнт улсын шалгалтаар” (public competitive examination) шийдэгддэг. 

Суларсан шүүгчийн орон тоо, шалгалтыг Хууль зүйн яам нь зарладаг бөгөөд суларсан орон тоон дээр өрсөлдөөнт шалгалт авдаг. Шалгалт өгөхөөр өргөдөл гаргагсад нь хуулийн боловсролын зэрэгтэй байхын дээр хуулийн сургуулиас хуулийн докторын буюу өөр ямар нэг ахисан төвшний зэрэгтэй, эсвэл шүүхийн курс төгссөн, эсвэл хүндэт шүүгчээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан, эсвэл хуульчийн эрх авсан, эсвэл их сургуулийн хуулийн багшаар ажиллаж байх, эсвэл төрийн удирдлагын албанд менежерийн төвшинд ажиллаж байсан зэрэг хоёрдахь шаардлагыг хангасан байх ёстой. Шалгалтыг Шүүхийн Дээд Зөвлөлийн томилсон Дээд Шүүхийн шүүгч даргалж, давж заалдах шатны ба түүнээс дээшхи шатны шүүхийн 22 шүүгч эсвэл прокурор болон хуулийн 8 профессороос бүрдсэн 31 хүнтэй шалгалтын комисс авдаг. Шалгалт нь урьдчилсан цахим тест, иргэний, эрүүгийн, захиргааны гэсэн бичгийн гурван шалгалт, эцэст нь аман шалгалтаас бүрддэг. Эдгээр шалгалтыг амжилттай өгч, зарлагдсан орон тоонд багтсан хүмүүс шүүгчээр томилогддог. Энэ шалгалтын комисс, шалгалт авах журмыг Монголын Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүгчийг сонгон шалгаруулах журамтай харьцуулаад харах хэрэгтэй. Тиймээс энэ систем нь манай “мэргэдийн” “Монголчилсон” системээс мөн чанарын хувьд эрс өөр систем. 

Хамгийн гол нь парламентын засаглалын системийг хамгаалах болохоороо Германы системийг урьдаа барьж, бүр Германы “итгэл үл үзүүлэх конструктив санал хураалтын” (constructive vote of no confidence) системийг хэрэглэх гэж зүтгүүлэх мөртлөө яагаад манай “мэргэд” Германы шүүхийн системийг сонгож авахгүй, тун ховор тохиолддог Италийн шүүхийн системийг сонгож аваад байгаа нь дээрх сэжигийг төрүүлээд байгаа юм. Германы шүүхийн систем нь ямагт ардчилалын гинжин холбоосыг баримталдаг. Гэхдээ АНУ-ын муж улсуудад байдаг шиг шүүгчийг иргэд нь шууд сонгодоггүй. Ардчилалын зарчмыг чанд баримталдаг учир шүүгч нар өөрөө өөрсдийгөө хэзээ ч сонгож, томилдоггүй. Германд үндсэн гурван арга хэрэглэдэг. Доод шатны шүүгчдийг Хууль зүйн сайд нар нь томилдог. Хууль зүйн сайд нь парламентын гишүүн учир энэ нь ардчилсан гинжин холбоос, хариуцлагын тогтолцоо гэж үздэг. Дээд шатны шүүгчдийг Шүүгчийг Сонгох Хороодоор сонгодог. Тухайлбал Германы холбооны Дээд шүүхийн (5 төрлийн дээд шүүх бий) шүүгчдийг Шүүгчийг Сонгох Хороо (The Judges Election Committee/Der Richterwahlausschuss) гэж 32 гишүүнтэй хороо байх бөгөөд түүнийг Холбооны Хууль Зүйн Яамны сайд нь даргалж хуралдуулдаг. 32 гишүүний 16 нь Германы 16 муж улсын Хууль зүйн сайдууд (эдгээр нь бүгд тус бүрийн муж улсынхаа хууль тогтоох хурлын гишүүд гэдгийг тэмдэглэх хэрэгтэй), 16 нь Бундестагийн томилсон гишүүд байх бөгөөд эдгээр нь заавал Бундестагийн гишүүн байх албагүй. Гэхдээ нэг ч шүүгчийг оруулдаггүй. Холбооны Хууль зүйн сайд даргалдаг ч санал өгөх эрхгүй. 32 гишүүн нууцаар санал хурааж шүүгчийг сонгодог бөгөөд эцэст нь Германы Холбооны Ерөнхийлөгч томилдог. Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийг нь Германы парламент өөрсдөө сонгож, Холбооны Ерөнхийлөгч нь томилдог.

Мэдээж Германы Хууль зүйн сайд нарын томилдог аргыг шүүхийг “улстөрчдийн” нөлөөнд бүрмөсөн оруулах нь гэж маргах нь ойлгомжтой. Тэгвэл яагаад Германы 32-ын хороо шиг хороог Монголын парламент байгуулж болохгүй гэж. Яагаад шүүх эрх мэдлийг Монголын ард түмний сонголтоос ч, сонгосон байгууллагуудаас нь ч хараат бус болгох гэж? Яагаад шүүх эрх мэдлийг хэний ч сонгоогүй, зөвхөн өөрсдөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг шүүгч нарын хараат болгох гэж? Яагаад АНУ-ын системийг авч хэрэглэж болохгүй гэж?  

Юу хийх ёстой вэ?             

Чухам эдгээр болон бусад олон учир шалтгааны улмаас миний бие Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой ч гэж үздэг. Тиймээс Монголын ард түмэн парламентаа ч, Ерөнхийлөгчөө ч өөрсдөө сонгодог хэвээр үлдэх хэрэгтэй. Харин Засгийн газар, шүүх ба шүүгчдийг яг АНУ-ын замаар байгуулах ёстой. Монгол улсын Дээд шүүх нь парламентын баталсан аливаа хуульд “хуулийн хяналт” хийж хүчингүй болгох эрх мэдэлтэй байх ёстой. 

Монгол улс 2 танхимтай парламенттай болох ёстой. 45 гишүүнтэй, 6 жилийн хугацаатай, 3-ны 1 нь 2 жил тутамд нөхөн сонгогддог Дээд танхим, 80 гишүүнтэй, 2 жилийн хугацаатай Доод танхимтай байж болох юм. Парламентын гишүүд өөр ямар ч албан тушаал хавсран эрхлэх ёсгүй. Дээд танхим нь ижил тоотой хүн ам бүхий 3 мандаттай 15 тойргоос, Доод танхим нь ижил тоотоотой хүн ам бүхий 2 мандаттай 40 тойргоос хэн олон санал авсан нь сонгогдох зарчмаар сонгогддог байж болно. Монгол улсын насанд хүрсэн иргэн гэмт хэрэг, ял шийтгэлгүй, эрүүл саруул хэн ч сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцох эрхтэй байх. Нэр дэвших үедээ тухайн тойрогт оршин суудаг байх. Парламент хууль тогтоох, төсөв батлах, төрийн байгууллага байгуулах, Засгийн газрын байгуулсан аливаа гэрээ хэлэлцээрийг батлах, цуцлах зэрэг хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх. Аливаа хууль 2 танхимын тус тусын олонхийн дэмжлэгтэйгээр батлагдах. Доод танхим нь Ерөнхийлөгч, Засгийн газрийн гишүүд, шүүгч нарыг импийчмент хийх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байх. Аливаа импийчментийг Дээд танхим хянан үзэж, дэмжвэл тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь буулгах. Ерөнхийлөгчийн импийчментийг Дээд танхим хянан үзэхэд, хурлыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргалах. Эцэст нь бүх сонгууль нэг өдөр, нэгэн зэрэг явагддаг байх.

Ерөнхийлөгчийг ард түмэн 4 жилийн хугацаагаар мажоритар зарчмаар сонгох. Монгол улсын 40 насанд хүрсэн иргэн гэмт хэрэг, ял шийтгэлгүй, эрүүл саруул хэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцдог байх. Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлдэг байх. Ерөнхийлөгч өөр ямар ч албан тушаал хавсардаггүй байх. Засгийн газрын сайд нарын нэрсийг Ерөнхийлөгч дэвшүүлж парламентын Дээд танхим хэлэлцэж, дэмжвэл Ерөнхийлөгч томилох замаар Засгийн газрыг байгуулах. Ерөнхийлөгч бүх сайд нараа өөрийн үзэмжээр огцруулдаг байх. Шүүгч нарын нэрсийг Ерөнхийлөгч дэвшүүлж Дээд танхим хэлэлцэж олонхоороо дэмжвэл Ерөнхийлөгч хугацаагүй томилох. Нэгэнт томилогдсон шүүгчийг Ерөнхийлөгч ч, Дээд танхим ч огцруулах эрхгүй байх.

Ингэвэл Монгол улс тулгараад байгаа засаглалын бүх хямралаас ангижрана. Давхар дээл, өвөр түрүйдээ оролт устана! Засгийн газрын тогтворгүй байдал устана! Харилцан хувааж идэх, харилцан барьцаалах, харилцан биенээ өмгөөлөх, хамгаалах, хамтдаа хариуцлага үл хүлээх явдал устана! Үндсэндээ олигарх дэглэм мөхнө! Ардчилсан, хариуцлагатай, тогтвортой, чадварлаг, хүчирхэг төр засагтай болно!

Доктор Л. Мөнх-Эрдэнэ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.