Comment.mn

Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн

“Үүр шөнийн оддоос асуугаарай”, ”Цахилах гөрөөс”,  ”Сайхан чамдаа”, ”Баярлалаа”, “Рондо”, ”Гэгээн хүсэл” дуунууд нь хит болж Монголын поп хатагтай нарын нэгэн манлай явсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн рок попын ертөнцөд Ану нэрээрээ танигдсан. Дууны шүлгийн мастер З.Түмэнжаргал яруу найрагчийн гэргий. Эрхэм найрагч гэргийдээ олон сайхан дуугаа тэр дундаа “Нандин хайр” дуугаа зориулсан гэдэг. Харин өнөөдөр дуучин Б.Мягмарсүрэн эх орондоо том мөрөөдөл, зорилго, сюрпризтэй хүрэлцэн иржээ.

urna

Тэрбээр дөрвөн настайгаасаа балетаар хичээллэж улмаар мэргэжлийн төгөлдөр хуурч, дуурийн дуучин мэргэжилтэй Лирисса Тосканеллиг Парисаас эх орондоо урьж авчирч байгаа бөгөөд хамтдаа дуурийн олон сайхан аринуудаас бүрдсэн “Франц Италийн романтик бүсгүйчүүд” тоглолтоо хийхээр бэлтгэлээ хийж байхтай нь таарлаа. Түүнтэй тоглолтынх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Танай гэр бүл Франц улсад нилээдгүй жил амьдарлаа. Тэнд байхдаа таныг дуурийн урлагт “гүн дурласан” гэж сонслоо?

– Тийм ээ манайх тэнд овоо хэдэн жил болж байна. Долоон жил нь дээд сургуульд франц оюутнуудад монгол хэлний хичээл заасан. Мөн бага сургуулийн хүүхдүүдэд Монгол соёл иргэншлийн дугуйлангийн багшаар ажиллаж байлаа. Сонирхуулахад франц шавь нараас маань Улаанбаатар хотод багшилж байна, МУИС-д мэргэжил дээшлүүлж сурч байна. Мөн Эрдэм шинжилгээний ажил, олон гоё төслүүд дээр ажиллаж байна. Би 1997 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр Монгол Улсын гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлага дор төгссөн. Ингээд амьдралын шаардлагаар ч гэдэг юм уу дуурийн урлагаар явж чадаагүй.  2012 онд ханиа алдаад сэтгэл санааны хувьд маш хүнд байсан. Тэр үедээ “Рондо”, “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Гэгээн хүсэл”, “Сайхан чамдаа” гэх мэт зөндөө гоё дуугаа сонсоод, дуулж чадахгүй л  байлаа. Тэр хүнд хэцүү үедээ  2014 оноос Парисын Олон Улсын Хөгжмийн дээд сургуульд суралцаж, дуучин Лиррисса Тосканеллигийн шавь нь болсон. Тэгээд багштайгаа  маш шаргуу хөдөлмөрлөсөн, хичээлийн программын дагуу улирал болгон академик шалгалт өгнө. Франц хэл дээр дуулж сурна гэдэг амаргүй юм билээ. Шантрах үе байсан л даа. Гэвч дахиад оюутан болоод сураад дуулаад бэлтгэл сургуулилт хийгээд ирэхэд миний уйтгар гуниг арай гайгүй тайлагдаж эхэлсэн дээ. Тэгээд хоолой минь  дуугарах янзтай болоод ирэхээр нь багшдаа санал тавьсан юм. Хоёулаа хамтарч тоглолт хийх үү гэж.  Багш маань маш уриалгахан хүлээж авсан. Ийм том дуучин намайг хүлээгээд авахад би маш их баярлаж байлаа.

-Та хоёрын тоглолтын нэр тун өвөрмөц, гоё юм аа. Тоглолт хэзээ, хаана болох вэ?

-Удахгүй энэ сарын 23-нд Лиррисса Тосканелли багш маань ирэх юм. Уржигдар Монгол улсад зорчих визээ аваад их баяртай холбогдсон. Бид хоёрын хамтарсан “Франц Италийн романтик бүсгүйчүүд” гэдэг тоглолт 9 сарын 30-нд Дуурь бүжгийн Эрдмийн театрт болно. Тоглолтод ДБЭТ-ын симфони оркестр, найрал дуучид оролцоно. Удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү гуай ажиллана.  Франц хэл дээр ихэнх аринууд болон хоршилуудыг дуулах юм. Мөн Итали хэл дээр Дж.Вердийн “Аида” Г.Доницеттийн “Анна Болена” дуурийн хоршил /дуэт/ дуулна. Монголд анх удаа Франц Улсаас мэргэжлийн дуурийн дуучин ирэх гэж байгаа нь энэ тоглолтын онцлог. Ирсэн цагаасаа ганцаараа зүтгэсээр ер нь овоо ажлуудаа амжууллаа. Одоо мөн л тоглолтын бэлтгэлээ хангаад завгүй явна. Энэ тоглолтыг маань БСШУСЯ, Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МИАТ ТӨХКомпани, Эм импекс концерн, Хөвсгөл лэйк компаниуд ивээн тэтгэж байна. Мөн хэвлэл мэдээллийнхэн маань дэмжээд, Энэ олон байгууллагуудын буянаар Монголд маань нэгэн сайхан тоглолт болох нь. Тасалбарыг Ticket.mn 19001800-аас авах боломжтой. 

-Б.Мягмарсүрэн эгч та үзэгч сонсогчиддоо сюрприз барьж чадлаа. Та поп дуучин гээд блюз дуулаад явж байснаа гэнэт “Хөөрхөн халиун” гээд уртын дуу дуулсан. Дараа нь 2008 онд хүүхдүүдэд зориулаад “Бөөн баяр”, “Маамуу нааш ир” гээд хоёр CD гаргасан. Одоо ч борлуулалтаараа тэргүүлж байгаа. Тэгээд одоо дуурь дуулна гэж байна. Сюрприз барьж ханахгүй юм аа. Ямар гоё юм бэ?

-Тийм үү. Миний үнэнч сонсогч фэнүүд надад маш их урам зориг өгч байгаа. Тоглолтыг маань үзэх гээд гурав хоногийн өмнө захиалж байж билетээ авчихлаа шүү. Тэсэн ядан хүлээж байна гээд л ярих юм. Маш гоё мэдрэмж шүү.

-Тоглолт дээрээ хуучны дуулж байсан сайхан дуунуудаасаа дуулахгүй юм уу?

– Сонгодог тоглолт, нарийн чанд программын дагуу явдаг учраас поп, эстрад дуу дуулах боломжгүй юм. Монголынхоо дуурийн ариун сүмд ийм гоё тоглолт хийх гэж байгаа учраас Франц Италийн дуурийн романтик эмэгтэй баатруудын том том аринууд дуулна. Маш нарийн дэг хатуу сахилга бат дор тоглогдоно гэх үү дээ. Дангаараа сонгодог тоглолт. Тиймээс энэ удаа сонгодог урлаг сонирхогч, энэ урлагийг ойлгодог дээдэлдэг эрхэм бишрэгчид ирж үзэх байх. Миний хувьд энэ дуурийн урлагт бүр дурлачихсан. Гарч чадахаа больсон. Уг нь бол мөрөөрөө хүүхдүүдээ өсгөөд, өнөө хэдэн эстрад дуугаа дуулаад явж болох ч тэгээгүй. Парист амьдарч байна шүү дээ, Энэ биширмээр сайхан урлагийн дээжсээс би авчрахгүй бол хэн авчрах билээ дээ гэж хааяа бодох л юм. Миний энэ урлагт оруулж байгаа бага боловч сэтгэл юм даа.

Таны багш дуулаачаар сурч буй монгол оюутнуудад үнэгүй хичээл заана гэсэн үү?

-Лирисса Тосканелли багш маань Хөгжим бүжгийн консерватори болон СУИС-ийн оюутнуудад мастер класс-ын хичээл үнэ төлбөргүй орох юм. Баруунд маш үнэтэй хичээл шүү дээ.Тэгэхээр  манай оюутнуудад олдож буй том боломж. Дуучин болох гэж байгаа хүнд маш их проблем байдаг. Амьсгаагаа авч чадахгүй, зөв хуваарилж чадахгүй, гоё өнгө гаргаж чадахгүй, өнгөндөө хүрч чаддаггүй гэх мэт олон асуудал гардаг. Энэ бүхнийг багш маань гаргууд олж харж зөвлөгөө өгдөг. Гоё байгаа биз. Олон оюутнууд хамрагдаасай гэж хүсч байна даа. Энэхүү саналыг дээрх сургуулийн удирдлагууд их сайхан хүлээж авсан.

-Та эстрад чиглэлээрээ тоглолт хийх үү?

– Харин хүмүүс асууж байна билээ. Уг нь би шинэ CD хийх ажилтай байлаа л даа. Төсөл маань шалгараад багахан дэмжлэг аваад, за юутай ч энэ тоглолтоо хүргэчихээд дараа нь CD-гээ хэвлүүлэх тал дээр анхаарна гэж бодсон. Мөн эстрад чиглэлээрээ тоглолтоо ч хийнэ. 

-Та ер нь цаашид Францдаа амьдрах уу?

– Монголдоо ирвэл илүү хялбар байлгүй яахав. Хоёр хүүхдээ тэнд боловсрол эзэмшүүлэх л санаатай. Аав нь ч тэгж хүсч байсан болохоор хэцүү байсан ч тэр хүслийг нь гүйцээх гэж зорьж байгаа. Нэгэнт аав нь мэдээд зорьсон замыг би дураараа няцааж болохгүй гэж боддог.

-Монголын урлаг соёл, рок попынхон таныг эргэж ирээд, бүр дуурийн тоглолт хийнэ гэхэд яаж хүлээн авч байна вэ?

-Энд л найз нөхөдтэйгээ уулзаж байж ангаа цангаагаа тайлж, эх нутгийн, элгэн садны тэр сайхан элгэмсэг дотныг мэдэрч байна шүү дээ. Багш маань бүр уран бүтээлийн аз жаргалаа эдлээ Мягаа минь гэсэн. Олон сайхан гавьяатай багш нар маань амжилт хүсч байна. Манай дуучид, продюссерууд, студийн захиралууд бүгд юугаар туслах вэ гээд ярьж байна, чатаар бичиж байна. Поп хатагтай Сараатайгаа уулзаад зуслангаар нь зочилж нэг оройг сайхан өнгөрөөлөө. Найз нөхөд анги хамт олон тоглолтын маань билетийг хүртэл худалдаж аваад үзнэ гэж байгаа нь үнэхээр сайхан санагдах юм. Тийм учраас энэ олон хүнийхээ итгэлийг алдахгүй маш сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байна даа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.