Comment.mn

“Хөрс ба амьдрал” уралдаанд “хогон дундах бидний ирээдүй” гэрэл зураг шилдгээр шалгарлаа

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогтын санаачилгаар нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдлыг төр засгийн анхааралд  хүргэх, иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал” гэрэл зураг, төсөл, бүтээлийн уралдааныг хоёр сарын хугацаанд  зохион байгууллаа. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн шилдгүүдийг тодруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өгсөн юм. Мөн уралдаанд ирүүлсэн гэрэл зургуудаар “Монголын уран зургийн галерей”-д үзэсгэлэн гаргаж, олон нийтэд дэлгэлээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр санаачлагч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Улаанбаатар хотын хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн байна. Хөрсний бохирдлоос үүдэн хүний эрүүл мэндэд хор хөнөөл учирч байгаа асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор мэргэжлийн зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгууллаа. Хөрсний бохирдол ямар түвшинд байгааг төр засгийн түвшинд, иргэдэд хүргэх, ойлгуулахыг зорьж ажиллалаа. Мөн хөрсний бохирдлын чиглэлээр олон жилийн турш судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын бүтээлүүд, санаачилгыг төр засгийн түвшинд хүргэе. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудалд хамтарч анхаарлаа хандуулъя гэж зорьсон” хэмээлээ.

Хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдлыг тусгасан “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаанд нийт 30 гаруй уран бүтээлч 80 гаруй гэрэл зургийн бүтээл ирүүлснээс Ш.Ганзоригийн “Хогон дундах бидний ирээдүй” зураг тэргүүн байрт шалгарч 1.5 сая төгрөгийн шагнал хүртлээ. Тус уралдааны хоёр дугаар байрт залуу уран бүтээлч Б.Төрбатын “Хашгираан” гэрэл зураг шалгарсан бол гуравдугаар байрт В.Баттулгын “Чимээгүй хот” бүтээл шалгарсан юм. Уралдааны шагналт байрт Г.Өнөболдын “Бидний ирээдүй ямар орчинд тоглож байна вэ”, Б.Рэнцэндоржийн “Манай хашаа л цэвэрхэн байвал бусад нь хамаагүй”, Д.Даваанямын “Хог ба ирээдүй”, Н.Түвшинтөгсийн “Байгаль бидний толь” бүтээлүүд шалгарлаа.

Тэгвэл хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалал чиглэлээр дэвшүүлсэн шинэ шилдэг санал, санаачилга тусгасан төслийн уралдаанд нийт 14 иргэд, аж ахуй нэгж, байгууллага бүтээл ирүүлснээс тэргүүн байрт Баянзүрх дүүргийн XXVIII хорооны ахмад настан С.Адъяабаатарын “Хогийн ургамал хог биш” төсөл шалгарчээ. Уралдааны хоёрдугаар байрт Шинжлэн ухааны академийн Геологи, газарзүйн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын судлаачдын багаас ирүүлсэн “Хог хаягдалгүй цэвэр орчин” төсөл шалгарсан бол гуравдугаар байрт “Пластик центр” ХХК-ийн айр өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл шалгарчээ. Тэргүүн байрт шалгарсан төсөлд Улаанбаатар хотын хаа сайгүй байдаг хогийн ургамал болох лууль, шарилж, хамхуул, халгай, хагд, өвс, хатсан навчийг түүн авч бордоо болгон муудаж доройтсон хөрсийг нөхөн сэргээхэд ашиглах санааг тусгаснаараа шилдгээр тодорсон ажээ.

Харин хөрсний бохирдлыг бууруулах шийдэл дэвшүүлсэн бүтээлийн уралдаанд нийт есөн бүтээл ирснээс нүүрсний үнсийг ашиглан гарган авсан хаягдал уснаас бохирдлыг ялган шингээх материал гарган авсан “Үнсэн үрэл” нэртэй бүтээл шалгарсан юм. Уралдааны хоёр дугаар байрт гэр хороололд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн шийдэл бүхий “Хэрэглээ” ариун цэврийн байгууламж бүтээл шалгарав. Гуравдугаар байрт гэр хорооллын нүхэн жорлонг ариутгах, арьс ширний үйлдвэрүүдээс үүдэлтэй бохирдлыг цэвэршүүлэхэд ашиглах шийдэл бүхий “Бөсгөсөн шохой” бүтээл шалгарлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.