Гэтэл өнөөдөр хүүхдийн эмнэлгийн хүрэлцээгүй асуудал сөхөгдөхөд Х.Тэмүүжингийн хариуцлагагүй үйлдэл илчлэгдэж, хүн бүхэн хошуурч байгаа нь бэлхнээ байна. Тухайн үед энэ асуудалд хариуцлагаа хүлээсэн бол хэн ч түүнд өшрөхгүй байсан байх. Гэвч сайдын суудалдаа хайртай, ховхорч чадахгүй, гүн шигдсэн байсан нь ил болж байх шиг. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин өмнөх засагтай нийлж байгаад Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг улай цайм булаасны гэрч нь энэ эмнэлгийн эмч нар бий. Тэд өлсгөлөн зарлаж, суулт хийсэн ч нэг л өдөр хаалгыг нь лацдаж, хэнийг ч нэвтрүүлээгүй. Ингээд тэд эмнэлэггүй хоцорсон.
Харин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин эмнэлгийн байрыг оффис болгоно хэмээн булаачихаад доод грашид нь хүмүүсийг байцаах, хориход зориулан шорон болгон зассан байсныг юу гэх билээ. Тэр байтугай уг шоронгийн засварыг хийхэд 1.2 тэрбум зарцуулсан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлсэн нь ортой байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан нийслэлийн А бүсэд байрлах энэ эмнэлэгт “нууц шорон” байгуулсан нь Х.Тэмүүжингийн санаархал биелсэн хэрэг. Харин хэнд зориулсаныг нь түүнээс асуух хэрэгтэй биз.
Нөгөөтэйгүүр Хууль зүйн сайдаар томилогдсон Д.Дорлигжав Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах асуудал хариуцсан байгууллагын албан контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээллийн конторын барилгыг клиник эмнэлэг болгох нөхцөлийг судлах ажлыг хийлгэхээр ажлын хэсгийг байгуулсан юм. Энэ нь Х.Тэмүүжингийн сайдаар ажиллах хугацаанд хамгийн буруу шийдвэр гаргасныг засах нэг алхам байгааг үгүйсгэхгүй. Ажлын хэсгийнхэн энэ сарын 25-нд Д.Дорлигжав сайдад ажлаа танилцуулна. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг зориулалтын дагуу ашиглах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа юм. Түүнчлэн барилгын засвар үйлчилгээ, ажлыг гүйцэтгэхэд зарцуулагдах төсвийг оруулж ирэхийг ажлын хэсгийн ахлагч холбогдох хүмүүст үүрэг болгосон юм. Харин MRA аппарат эвдэрсэнийг засварлах, улсын үнэтэй өмч хөрөнгөд хайр гамгүй хандсан төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох ёстойг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн гаргасан нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Тэр байтугай энэ асуудлаар түүний булай дэлгэгдсэн харамсалтай.
Эх сурвалж http://www.info.mn