Comment.mn

Х.Баттулга: УИХ “гэмтнүүдийн чуулбар” болсон

-Гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон гишүүдтэйгээ нийлээд Үндсэн хуульд “гар хүрч” болж байгаа юм уу, Ерөнхийлөгч өө-

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН давамгайлсан УИХ-ыг тарахыг албан ёсоор хоёр ч удаа “санал болгосон” байдаг.

Тэрээр 2018 оны аравдугаар сарын 29-нд “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн байдаг. УИХ-ын дарга М.Энхболдод өгсөн “Зөвшилцөх тухай” албан бичигтээ “…2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа.

..Мөн УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан ЖДҮХС-гаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын таван хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна.

Түүнчлэн 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхол бүхий концессын гэрээ байгуулсан зэрэг алдаатай олон бодлогынхоо үр дүнд огцорсон бол У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь УИХ, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна.

…Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм” гэсэн байв.

Дараа нь 2019 оны тавдугаар сарын 23-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож УИХ-ыг “…Тар” гэдэг шаардлагаа дахин тавьсан юм. Ерөнхийлөгч “…2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Та бүхэнд үүнийг нэхэн сануулъя.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон.

…УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан ЖДҮХС-гаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна.

Түүнчлэн 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхол бүхий концессын гэрээ байгуулсан зэрэг алдаатай олон бодлогынхоо үр дүнд огцорсон бол У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь УИХ, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна.

/УИХ-ын дарга М.Энхболдод өгсөн “Зөвшилцөх тухай” албан бичиг. 2018.10.29/

…Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл.

УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна.

… УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг  ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ.

/УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан. 2019.5.23/

УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, ЖДҮХС-гаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон.

Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдсанаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл.

УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна.

Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.

Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа.

… УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг  ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ.

Эрхэм гишүүд ээ, Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна” гэсэн юм.

Гэвч Ерөнхийлөгч энэ байр сууриасаа ухарсан. 2019 оны долдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулсан юм.

УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийг хэлэлцэж байсан УИХ тэр өдрөөс хойш хоёр төслийг зэрэгцүүлэн хэлэлцэж эхэлсэн.

Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны долдугаар сарын 18-ны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар болсон. Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө сонгогдсон байдаг юм. Үр дүнд нь өнөөдөр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө өөрсдөө танихаа болилоо гэсэн гомдлыг хэлцгээгээд эхэллээ. Ер нь бол ард түмэн ч энэ өөрчлөлтийг ойлгохоо болиод байгаа юм.

Хамгийн гол нь УИХ-ыг тарахыг удаа дараа шаардаж байсан Ерөнхийлөгч маань нөгөөдүүлтэйгээ нийлээд  Үндсэн хуульд “гар хүрээд” эхэлсний шалтгааныг ойлгоход тун бэрх байгаа юм. Тэр ч байтугай Ажлын хэсгийн ахлагч нь болчихсон.

Тиймээс өчигдөрхөн “…Үндэсний эрх ашгийн төлөө тараад өгөөч” гээд байсан байр суурь нь өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөхөд яагаад өөр болчихов гэдэг тун эргэлзээтэй. Ерөнхийлөгч гэж хэн бэ гэдгийгҮндсэн хуульд “Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”  гэж “тодорхойлсон” байдаг.

Мөн  Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгч бол УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавих, Ерөнхий сайдыг зөвшилцөх, бүрэн эрхийнхээ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, улсаа төлөөлж Олон улсын гэрээ байгуулах, Элчин сайдыг зөвшилцөн томилох, эгүүлэн татах,  гаднын Элчин сайдын жуух бичгийг хүлээн авах, уулчлал үзүүлэх, харьяатын асуудлыг шийдэх, ҮАБЗ-ийг тэргүүлэх, цэргийн дайчилгаа зарлах, Онц байдал, дайны байдал зарлах, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх зэрэг эрхтэй.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр эрхийг гурван жилийн турш эдэллээ.

Харин өөрөө командалж байгаад хийх гэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн эрх хэмжээ нь хэрхэн өөрчлөгдөн нэмэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч маань хэн болох гээд байна вэ гэдгийг олон нийт сонирхоод эхэлж байна. Арга ч үгүй юм.

Дахиад хэлэхэд, өчигдөрхөн “…Тар” гээд загнаж суусан Ерөнхийлөгч маань өнөөдөр “…Та нартайгаа хамт Үндсэн хуулиа өөрчилье” гээд хуралдаж сууна шүү дээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.