Монгол Улсын Их Хурал нь манай улсын төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.
Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. /Монгол Улсын Үндсэн хуулийн 20, 21 дүгээр зүйл. 1992.01.13./ хэмээн заалттай байдаг.
Уг нь бол дүрэм журмаараа 2020 оны УИХ сонгууль ирэх оны зургаадугаар сард болох учиртай. Тэгвэл энэ удаагийн сонгууль хугацаанаасаа өмнө буюу 2019 оны 11 дүгээр сард болно гэж улс төрийн салбарын эх сурвалжууд өнөөдрөөс эхлэн яриа дэгдээгээд эхэлжээ.
Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлт нийгмийн болоод улс төрийн салбарын гол сэдэв болоод байгаа. Тэгвэл Үндсэн хуулиа өөрчилж, УИХ-н сонгуулиа яаравчлан хийх гээд байна уу гэсэн ч хардлага байна. Хэрэв энэ хардлага үнэн бол улстөрчид Үндсэн хуулиа өөрчилж аваад л Сонгуулийн хууль руугаа ханцуй шамлан орох бололтой.
Энэ яриа албан ёсны биш хэдий ч ямар учиртай ийм сэдэв өнөөдөр гараад эхэлсэн нь одоогоор тодорхой биш байна. Ямар ч л байсан УИХ-ын шинэ сонгууль болох нь болно харин 2019 оны 11 сард болох нь уу 2020 ондоо болох уу гэдэгт олон нийтийг эргэлзээнд оруулах шалтгаан юу байв гэдэг нь удахгүй тодорхой болох байх.