Сагсан бөмбөгийн 18 дахь удаагийн ДАШТ эхлэхэд ердөө 4 хоног үлджээ. Дэлхийн олон сая үзэгчдийн анхаарлыг татаж буй уг тэмцээнийг NTV анх удаа эх орон даяар албан ёсны эрхтэй дамжуулах юм. Тэгвэл тус тэмцээнийг тайлбарлан хүргэх хөтлөгч Б.Төмөртэй ярилцлаа.
–Өдрийн мэнд. Удахгүй болох сагсан бөмбөгийн ДАШТ-ний сонин сайхнаас яриагаа эхлэе?
-Энэ удаагийн ДАШТ олон онцлогтой болж буй. Жишээ нь энэ жилээс дэлхийн аваргын тэмцээнд 32 баг оролцдог болсон нь өмнө нь уг тэмцээнд орж чаддаггүй байсан багуудад боломж олдох магадлал өссөн. Мөн Азид буюу БНХАУ-д зохиогдож байгаа учраас манай үзэгчдэд цагийн таатай нөхцөл таарч, ажил, сургуулиа тараад гэртээ ирэх үед тоглолтууд гарч таарч байгаа.
-Тэгэхээр ДАШТ-ний тоглолтуудыг бид хэдэн цагаас хүлээн авч үзэх боломжтой вэ?
-Хамгийн эхний тоглолт 16:00 цагаас бол дараагийн тоглолтууд 20:00, 22:00 гээд тун боломжийн цагаар явагдах хуваарьтай байна.
-Энэ ДАШТ-ний үргэлжлэх хугацаа болон багуудын тоглолтын хуваарийн тухай тодорхой мэдээлэл өгөөч?
-Энэ удаагийн ДАШТ-нд 32 баг оролцож, 8 хэсэгт хуваагдсан байгаа. Нэг хэсгээс хамгийн олон хожилтой хоёр баг гарах юм. Нийт 92 тоглолт болох тов гарсан байгаа. Сагсан бөмбөгийн ДАШТ 5 жил завсарлаад дахин зохиогдож байгааг сануулах нь зөв. Хамгийн сүүлд 2006 онд Ази тивд энэ тэмцээнийг хийж байсан. Уг тэмцээн дандаа Европ юм уу Америк тив гэх мэт манай цагийн бүсчлэлээс өөр газар зохиогдож байсан учраас энэ удаагийн ДАШТ-ний уур амьсгал, мэдээ мэдээлэл бидэнд илүү ойрхон, хүртээмжтэй байх болов уу.
-Энэ жилийн ДАШТ-нийг Монголд NTV телевиз албан ёсны эрхтэй шууд дамжуулж буй юм билээ. Ямар онцлог байдлаар шууд дамжуулах вэ?
– NTV телевиз өнгөрсөн зуны спортын хамгийн том үйл явдал болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг маш амжилттай, чанарын өндөр түвшинд орон даяар дамжуулсан. Түүнчлэн спортын томоохон төсөл, контентуудыг албан ёсны эрхтэй үзэгчдэд хүргэсэн туршлага, баг, хамт олон байгааг дурдах нь зөв. Энэ жил ч ялгаагүй сагсан бөмбөгийн ДАШТ-ний 92 тоглолтын эрхийг бүгдийг нь албан ёсны эрх, техник хэрэгсэл, дуу дүрсний чанартай гаргахын сацуу хэсгийн тоглолтуудыг Star, SPS телевизүүдтэй хуваан дамжуулах гэж байна.
Мөн бид энэ жилийн сагсан бөмбөгийн ДАШТ-ний тайлбарлагч, дасгалжуулагчдыг аль болох мэргэжлийн баг бүрдүүлэхээр зорьж ажиллалаа. Жишээ нь, манай шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн ахлагч Г.Баттөр, Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулж байсан, мэргэжилтэн Б.Мандуул мөн, хоёр залуу дасгалжуулагч манай багт орж ажиллах болно. Бид яагаад дасгалжуулагчдыг сонгосон бэ гэвэл, талбай дээр болж буй тактик, тоглолтын нөхцөл байдлыг мэргэжлийн тоглогч, дасгалжуулагчдын нүдээр тайлбарлаж, үзэгчдэд хүргэвэл илүү сонирхолтой, ойлгомжтой болох болов уу гэж бодсон.
-Хэсгийн тоглолтыг хоёр телевизтэй хуваан дамжуулах тухай ярилаа. Тэгэхээр хэсгийн зарим тоглолт давхцана гэсэн үг үү. Энэ тухай дэлгэрүүлж ярина уу?
-Хэсгийн 4 тоглолт яг зэрэг явагдах хуваарьтай байгаа. Тиймээс бид бүх тоглолтыг шууд дамжуулах үүднээс NTV телевиз үндсэн сувгаараа болон ONTV сувгаар дамжуулахаас гадна Star, SPS телевизтэй хамтран шууд дамжуулах гэж байна. Монголын телевизийн түүхэнд бие даасан дөрвөн телевиз бүх техник хэрэгсэл, тайз арын албаны бүрэлдэхүүнтэйгээр шууд дамжуулалтыг зэрэг хийх гэж байгаа нь анхны тохиолдол гэж хэлж болно.
-Түрүүн та хэллээ. ДАШТ-ний шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд мэргэжлийн дасгалжуулагчдын баг ажиллах тухай илүү дэлгэрүүлж, тайлбарлагчдыг танилцуулахгүй юу?
-NTV, Star, ONTV телевизүүдэд эдгээр тайлбарлагч, дасгалжуулагчдын баг ажиллах бол SPS телевиз өөрсдийн үндсэн хөтлөгч, аналистуудаар хэсгийн тоглолтуудыг хүргэх юм. Манай тайлбарлагчдын бүрэлдэхүүнд багтсан Б.Мандуул, Ч.Ижилболд нар гадны сургуульд дасгалжуулагчийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Мөн А. Алтан-Очир дасгалжуулагч багаа хоёр ч удаа лигийн аварга болгосон туршлагатай. Түүнчлэн Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч, тамирчин Г.Баттөр нарын мэргэжилтнүүд шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд багтсан. Эдгээр мэргэжилтнүүдийг урьсан гол шалтгаан бол яг мэргэжлийн үүднээс тайлбарыг хэрхэн хүргэх вэ гэдгийг бид үзэгчдэд сонирхуулахыг хүсч байна. Жишээ нь, миний хувьд энгийн тайлбарлагч. Бид тухайн өдөр болсон тоглолтыг юу болсон чигээр нь ярьж, хүргэх бол эдгээр мэргэжлийн дасгалжуулагч, тамирчид тусдаа нэвтрүүлгээр тухайн тоглолтын арга барил, дасгалжуулагчийн шийдэл, онцлох үйл явдал зэргийг задалж, үзэгчдэд сонирхолтой байдлаар хүргэнэ.
-Ямар баг түрүүлэх таамагтай байгаа вэ. Мэдээж АНУ-ын баг жил бүр л түрүүлэх гол багаар нэрлэгддэг. Танд арай өөр таамаг байгаа юу?
-Миний хувьд сагсан бөмбөгийн эх орон гэгддэг америкчууд энэ удаагийн тэмцээний гол фаворит биш гэж үзэж байгаа. Учир нь, Европын багууд тэр дундаа Франц, Испани, Сербийн шигшээ тун хүчирхэг байна. АНУ-ын багийг дээрх дурьдсан Европын төлөөллүүд буулган авах бүрэн боломжтой. Тиймээс энэ жилийн ДАШТ-ний бас нэгэн онцлог бол өрсөлдөөн маш ширүүн байгаа. Би хувьдаа үзэгчийн нүдээр аль баг түрүүлэх вэ гэж таамаг дэвшүүлбэл сербийн залуучуудыг нэрлэмээр байна. Учир нь сүүлд болсон гурван том тэмцээнд сербүүд дандаа мөнгөн медаль хүртэж, харамсалтай ялагдсан. Тэд АНУ-ын шигшээ багт гурван ч удаа хожигдоод байгаа. Тиймдээ ч Сербийн шигшээгийн залуусын цаг нь ирсэн болов уу гэсэн хүлээлт байна.
-Монголын залуучуудын хамгийн дуртай спорт бол мэдээж сагсан бөмбөг. Энэ спортоор 3х3 гэх мэт төрөлд бид давгүй амжилт үзүүлж эхлээд байна. Мэргэжлийн тайлбарлагчийн хувьд Монголын шигшээ хэзээ ДАШТ-нд зодоглох бол?
–Дараагийн ДАШТ-ийг 2023 онд Азийн гурван улс хамтран зохион байгуулна. Яг одоо лиг, 3х3 гэх мэт төрлөөр манай залуучууд үнэхээр сайн хөгжиж, сайжирч байгаа. Бид дараагийн ДАШТ-д эх орны шигшээгээ илгээхэд ч болохгүй зүйлгүй. Аливааг гэгээлгээр харах хэрэгтэй шүү дээ.
-Та анх сагсан бөмбөгийн спорттой яаж холбогдсон бэ. Хөтлөгч, тайлбарлагч болсон түүхээ хуваалцаач?
-Анх 1993 онд NBA хэмээх Хойд Америк гэлтгүй дэлхийд цар хүрээ нь дэлгэрсэн лигийн том тэмцээний цуурайг сонсож байлаа. Тухайн үед шууд тоглолт хүлээн авч үзнэ гэдэг ойлголт байсангүй. Үндэсний телевизийн оройн мэдээний завсраар хэсэгхэн бичлэг л үзүүлдэг байв. Ингээд Chicago Bulls багийн домогт од Майкл Жорданы тоглолтыг харж, сагсан бөмбөгийн спортод буцалтгүй орсон. Майкл Жорданы тоглолт олон ч хүүхэд, залуусыг уг спортод татан оруулж байсан ид үе юм. Би сагсан бөмбөгийн мэргэжлээр сурч, боловсрох хүсэлтэй байсан ч амьдрал дээр хэрэгжүүлж чадаагүй. Учир нь, 10-р ангиа төгсөх үед манай улсад спортын сэтгүүлчээр мэргэжилтэн бэлтгэж эхлээгүй байлаа. Бага идэр насандаа сагсны спортоор хичээллэж, бас хэрэндээ амжилт гаргасан байсан маань нөлөөлсөн гэхэд болох юм. Ер нь л сагсны спорттой ойрхон амьдарч ирсэн. Нэг хэсэг АНУ-д ажиллаж амьдарч байхдаа гадны тайлбарлагч, дамжуулалтыг тогтмол үздэг байсан маань тайлбарлагч болох хүслийн нэг хэсэг байж улмаар зорьсноо орхилгүй явсаар дуртай мэргэжлээрээ ажиллах бололцоо гарч ирсэн. Хамгийн анх 2012 онд телевизэд ажиллах боломж гарч ирж, Sport Box телевизээс гараагаа эхэлсэн.
-NTV телевиз спортын томоохон контентуудыг албан ёсны эрхтэй дамжуулсаар байгаа. Цаашид ч мөн энэ чиглэлээрээ тасралтгүй ажиллах уу?
-Өнгөрсөн зуны хөлбөмбөгийн ДАШТ, энэ жилийн сагсны ДАШТ, Дакар Ралли-2019, Н.Төгсцогт гавьяатын тулааныг эх орон даяар анх удаа албан ёсны эрхтэй хүргэсэн гээд NTV телевиз үзэгч, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж яваа гэж боддог. Тиймдээ ч энэ жилийн ДАШТ-нийг дамжуулах үе буюу 8-р сарын 31-нээс 9-р сарын 15-ны хооронд дотоод, гадаад гэлтгүй спортын олон үйл явдал давхцаж байгаа. Жишээ нь, Мазаалай лигийн тоглолтууд болон Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн эрэгтэй багийн нэн чухал тоглолт болох ДАШТ-ний урьдчилсан шатны тулаан биднийг хүлээж байна. Гадны дамжуулалт гэвэл Бундеслигийг NTV телевиз 9 дэх удаагаа албан ёсны эрхтэй гаргана. Энэ бүгдийг бид дамжуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Ямартаа ч үзэгчид 2 долоо хоногийн турш NTV телевизтэй хамт байснаар спортын олон сонирхолтой үйл явдлыг хүлээн авах боломжтой.
-Дэлхийн аваргын томоохон контентыг худалдан авах, шууд дамжуулах зэрэг үйл ажиллагаанд ивээн тэтгэгчдийн оролцоог дурьдах нь зөв болов уу?
-Мэдээж аливаа контентыг үзэгчдэд хүргэхэд ивээн тэтгэгчдийн оролцоо тун чухал. Тиймдээ ч энэ удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-нийг Худалдаа хөгжлийн банк, Скайтел групп, “Union Pay Mongolia”, АПУ ХК, Бишрэлт групп зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Батсугар