Уг нь манайх чинь Монгол Улс юм. 1992 онд Үндсэн хуулиа өөрчлөн шинээр баталж, БНМАУ нэрийг Монгол Улс болгосон. Өөрөөр хэлбэл, бид ардчилсан хэмээх нийгэмд шилжээд даруй 30-аад оныг үдэх гэж байна.
Гэвч энэхүү Ардчилал хэмээх хөшигний ард улс төр хэмээх жүжиг тоглосоор өнөөдрийг хүрлээ.
Мэдээж хэрэг, хөшигний ард болсон, болж байгаа бүхэн нууц. Нууц учраас ард түмэн мэддэггүй.
Улстөрчид сонгууль дөхөхөөр буюу дөрвөн жилд нэг удаа тэр хөшигний өмнө гарч ирнэ. Жигтэйхэн гоёчихсон.
Бусад цаг хугацаанд нь тэрхүү хөшигний ард хийж болох болгоныг амжуулна даа.
Гэвч цагийн аясаар хөшигний ардах тэр нууцууд эхнээсээ ил болж л байна.
Эдний нэг нь одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ юм.
“Рио Тинто”-д бурантаглуулаагүй нэгэн экс гишүүн зурагтаар “…Оюутолгойн гэрээг баталж байхад “Рио Тинто” бидэнд 250 сая ам.доллар гэж бичсэн морины пайз шиг юм бичиж өгсөн. Манайхан түүнийг нь аваад хөл нь газарт хүрэхгүй баярлаж байсан. Харин “Рио Тинто”-гийнхон тэгээгүй. Тэд дотроо эд нарыг арай л дэндүү шулчихлаа даа гэж бодож байсан байх” гэж ярьж байхыг үзэв. Ерөнхийдөө бол тийм л юм.
Угтаа Оюутолгойн гэрээг баталсан өдөр л “…Энэ болохгүй гэрээ шүү, Монголд ашиггүй” гэж олон хүн дуугарч байсан байдаг. Өнөөдрийг хүртэл энэ байр сууриа илэрхийлж байгаа Монголын төрийн нэртэй зүтгэлтнүүд ч байна.
Харин энэ гэрээг баталсан хүмүүс “…Бид гавьяа байгуулсан” хэмээн цээжээ дэлдсээр, бид ч түүнд итгэсээр ирсэн.
Гэвч өнөөдөр Монгол Улс “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудаас 2 761 789 570 000 /Хоёр их наяд долоон зуун жаран нэгэн тэрбум долоон зуун наян есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн татварыг авч чадахгүй хохирчихоод байгааг хууль хяналтын байгууллагынхан гаргаж ирээд байна. Энэ бол бидэнд харагдаж байгаа маш бага хохирлын дүн гэж байгаа юм. Бүгдийг нь уудлаад гаргаад ирвэл “алтан дээр суусан гуйлгачин” гэгдэх ч багадах буй за.
Ер нь бол 2009 оны дээрх гэрээ, дараа нь 2015 онд Дубайд очиж “зуруулсан” бас нэг гэрээ зэрэгт Монгол Улсын төрд өндөр дээд албан тушаал хашдаг хүмүүсийн дийлэнх нь хамрагдчихсан байна.
Оюутолгойн бэлтгэн нийлүүлэгчид гэж хэн бэ гэхэд л эхнээсээ ар нуруунд нь хүйтэн хөлс чийхарна. Та сонссон байж магад. Оюутолгойг шалгахаар очсон улстөрчид Улаанбаатараас “…Шалгана, илрүүлнэ” гэж улаан тугаа мандуулж оччихоод гарч ирэхдээ цагаан тугаа өргөчихсөн байдаг юм.
Ингэж Оюутолгой төслийг хэрэгжүүлэгчид Оюутолгойн үе үеийн гэрээгээрээ Монголын улс төрд эрх мэдлийн уртын урт гараа дүрж орхисон байгаа юм.
Товч хэлэхэд, Оюутолгой төслийн эзэн “Рио Тинто” компани Монголын ард түмний танил, Монголын улстөрчдийн найз, түнш болж чаджээ. Ингэтлээ хүчийг авсан “Рио Тинто” одоо нөгөөдүүлээ ашиглаад юу дуртайгаа хийдэг болов. Ил биш ч гэсэн нууц биш юм.
Одоо хар даа. Эрх баригчид Үндсэн хуулиа өөрчилнө гээд л үзэж тарж байна. Анх УИХ-д өргөн барьсан төслөө ойлгоцгоож амжаагүй байхад нь Ерөнхийлөгч бас нэг төсөл өргөн барьчихсан. Зүгээр л холион бантан.
Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн энэ өөрчлөлт дээр чин сэтгэлээсээ ажиллаж байгаа УИХ-ын гишүүн ч алга. Нэмэлт өөрчлөлтүүдийн төслийг ойлгохоосоо ойлгохгүй нь олон байна. Ерөөсөө л Үндсэн хууль яаж өөрчлөгдөх нь эрхэм гишүүдэд падлийгүй мэт харагдаж байгаа юм.
Энэ аргагүй. Яагаад гэвэл огт төлөвлөөгүй Үндсэн хуулийн өөрчлөлт гэнэт гарч ирсэн. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад өөр ямар ч асуудал хэлэлцэхгүй номтой. Одоо ч олон чухал хуулийн төслүүд Үндсэн хуулиас болоод таг гацчихаад байна.
Шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ руу яаран оруулсан шалтгаан нь Оюутолгойн асуудал байж таараад байгаа юм.
Яагаад гэхээр яг энэ төслийг өргөн барихын өмнө Оюутолгойн гэрээний асуудал маш хүчтэй хөндөгдөж байлаа. УИХ-ын ажлын хэсгийн тайлан дүгнэлт, Үндэсний Аудитын газрын дүгнэлт, АТГ-ын шалгалтын материал гээд Оюутолгойн гэрээ, түүний дараа хэрэгжилтийг тойрсон олон арван баримт Төрийн институциудад очоод байсан юм.
Хамгийн гол нь Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонсох процесс УИХ-ын холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлт Байнгын хорооны даргын зөвшөөрлөөр “Рио Тинто”-д очиж, “Рио Тинто” хоёр өдрийн дотор Монголын төрд хариуг нь ирүүлсэн зэргээр ноцтой асуудал өрнөж эхлээд байсан юм.
Яг тэр мөчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг зүйлийг УИХ хэлэлцэж эхлэх шийдвэр гаргасан. Энэ л асуудлын гол нь бөгөөд маш харамсалтай, эмгэнэлтэй учир шалтгаан юм.
Уг нь манайх чинь Монгол Улс юм. Бид бүхэл бүтэн улс байж ОУВС-гаас хараат болчихлоо гээд л халаглаад байдаг.
Гэтэл манай эрх баригчид “Рио Тинто” хэмээх ганц компанийн дөнгөнд орчихоод RIO MONGOLIA улсын бодлогыг хэрэгжүүлж суудаг болсон байна. Яг ийм бодлогоор сүүлийн 10 жилийг үджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин