Төрийн байгууллагын дарга нарын “том толгой” гаргаж, хүнд суртал үзүүлснээс болж төрийн албаны нэр хүнд унаж, иргэдэд чирэгдэл учруулахын зэрэгцээ төрийн ажил гацах эрсдэл үүсч байгаа. Үүний нэгэн жишээ бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хуягцогт юм.
Түүний хүнд суртлын улмаас таван залуу 2019 оны 04-р сараас өнөөдрийг хүртэл цалингаа авч чадахгүй хохирч байгаа нэгэн жишээг хүргэж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Боловсролын салбарын мэдээллийн системийн багт таван шинжээч ажилуулахаар болсон байна. Энэ дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2019 оны 04-р сарын 18-ны өдөр тушаал гаргаж, бизнесийн туслах шинжээч, өгөгдлийн агуулахын шинжээч, java script хөгжүүлэгч, java scriptхөгжүүлэгчийн туслах хөгжүүлэгч зэрэг таван хүнтэй гэрээ байгуулахаар болжээ. Улмаар цалин хөлсний хэмжээг тогтоож, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ажилтны үнэмлэх гаргаж өгсөн байх юм.
Харин тушаал нь гарчихаад байхад нэр бүхий таван хүний цалинг тушаал гарсан өдрөөс эхлэн тогтмол өгөх ёстой байтал өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Энэ байдлыг шийдвэрлүүлэхээр бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хуягцогтод 2019.06.30-ны өдөр хандсан ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй аж.
Энэ хугацаанд таван залуу ажил үүргээ хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа ч тэднийг ийнхүү чирэгдүүлж байгаа нь өнөөдөр төрийн ажил зогсоход хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл дээрх таван залуугийн хувьд Монгол улсын боловсролын салбарын системийг боловсронгуй болгоход анхаарч байгаа бөгөөд энэ ажил зогсох юм бол тухайн салбарын нэгэн хэсэг хуучирсан хэвээрээ үлдэх эрсдэл байгаа юм.
Хурган даргын шийдийг хүлээж тэвчилгүй эдгээр таван хүний нэг ажилтан нь ажлаа орхин явсан аж.
Хэдийгээр тулга тойрсон жижиг асуудал мэт харагдаж байгаа ч хурган дарга нарын том толгойноос болж энэ мэтээр олон хүн хохирч үлдвэл хэн хариуцлагыг нь хүлээх бол? Лав л үүрэг гүйцэтгэгч энэ эрхэм хүлээхгүй байх…