Comment.mn

У.Хүрэлсүх: Шаардлагатай бол цэрэг армиа хөдөлгөж, замбараагүй уул уурхайтай тэмцье

Улсын комиссын өргөтгөсөн хуралдаан төрийн ордонд өнөөдөр болж өнгөрлөө . Өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгсөн юм.

Тэрээр “Цаг агаар нөхцөл байдлаас шалтгаалан ургац алдах эрсдэл байгааг анхааруулж, эртнээс төлөвлөгөөтэй ажиллахыг холбогдох албаныханд анхааруулав. Мөн ирэх жил мах, гурилын үнэ нэмэгдвэл Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хар толгойгоороо хариуцна шүү гэдгийг сануулж хэлсэн. Тиймээс эртнээс зохицуулалт хийж, арга хэмжээ авч ажиллаарай” гэв.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүтээн байгуулалтын ажлуудад анхаарал хандуулж ажиллахыг сайд нар болон орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо. Төлөвлөгөөт ажлууд хугацаандаа дуусгахыг сануулж, аймаг орон нутгийн дарга нар хариуцсан ажилдаа эзэн нь болж, сахилга хариуцлагыг тогтоож ажиллах хэрэгтэй байна.

У.Хүрэлсүх: Шударга хүмүүс энэ улс орныг удирдаж эхэлж байгаа

Тэрээр “Засгийн газрын зорилт болгон дэвшүүлсэн сахилга хариуцлагыг дээшлүүлж, нийгэмд шударга ёсыг тогтоох асуудалд онцгойлон анхаарах шаардлага хэвээр байна.  Эрх мэдлээ ашиглан байгалийн баялгийг олборлодог, орон нутгийг сүйтгэж байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Үүнийг олон удаа хэлж байгаа. Хүний өөрийн нам засаггүй хэлж байгаа. Монголын төрд олигархууд орж ирснээр монгол төрийн үйл ажиллагаа гацаанд орж байгаа. Тиймээс дарга нар аймаг орон нутгийнхаа олигархуудтай тэмц. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй. Монгол төр мөнгөний өмнө, олигархуудын өмнө гудайж болохгүй гэж олон удаа хэлж байгаа. Шударгаар хөдөлмөрлөж, бизнес хийж байгаа бизнес эрхлэгчдийг хэлээгүй. Харин хууль бусаар Монголын баялгийг хулгайлж авсан олигархуудын талаар ярьж байгааг ялгаж салгаарай. Дээр нь төрийн эрх мэдлийг давхар олж авсан хүмүүст хэлж байгаа.

Цаашдаа Монголын төр бизнес улс төр хоёрыг салгах ёстой. Энэ хоёрыг салгаж байж төр ариусах юм байна. Аймаг орон нутагт ч мөн адил. Аймаг, сумын удирдлагууд байгаль орчноо хамгаалах асуудалд ихээхэн анхаарах хэрэгтэй байна.

Сая Тост тосон бумбын нурууны асуудлыг юу болж байж эргүүлж авав. Төр төмөр нударга байдаг гэдгийг ингэж харуулах хэрэгтэй. Төрийн хууль зөрчвөл ямар ч олигарх бөхийдөг юм гэдгийг харуулах хэрэгтэй. Сүүлийн 30 жил Монголын төрд дутагдсан зүйл энэ. Үүнийг цөмөөрөө хийх ёстой. Үүний өмнө битгий өвдөг сөхрөөрэй, битгий зориг шантраарай гэж захья. Иргэдийнх нь ам руу нь мөнгө чихээд, шүүх дээр очоод асуудлуудыг шийднэ гэж ярьж байгаа хүн байна. Тийм зүйл байхгүй гэж би бодож байна. Монголын шүүх, прокурор өөрчлөгдсөн. Шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаа. Бүгд хонгилын шүүгч, бүгд авлигачид биш. Шударга хүмүүс энэ улс орныг удирдаж эхэлж байгаа гэж бодож байна. Тиймээс Монголын шүүх, прокурор, цагдаа гэмт хэрэгтэнтэй хатуу тэмцэх хэрэгтэй.

Архангайчууд Орхоны хөндийгөө хар, Сэлэнгэчүүд Ерөө, Хүдэрээ хар, Хэнтий Гутайн даваагаа хар, Эко алтан заамар гээд яриад байна. Энэ бүхэн дээр аймаг орон нутгийн дарга, холбогдох дарга нар арга хэмжээ авна. ЦЕГ, ТЕГ, Засаг дарга аа энэ бүхнийг хаа мэдэв үү. Гол мөрөнг чинь ширгээд дууслаа. Улс орон гэж байдаг бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг армиа хөдөлгөе. Газар нутгаа хамгаалалтад авъя. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм бэ. Эх орноо хамгаалах гэж ш дээ. Тэгвэл эх орныг тэнд хэдэн тонуулчид ухаад дууслаа. Таван аймаг дамжин урсдаг Орхон гол чинь ширгээд дууслаа, аймгийн дарга нар аа. Алтыг ухсан олигархууд нь баяжаад, зарим нь Монголын баялгийг гадаадад алдаад дууссан олигархуудаас эхэлсэн юм байна лээ, түүх нь. Энд цэг тавь. Эхний ээлжид Орхон, Ерөө, Хүдэр, Гутайн даваа, “Эко алтан заамар”-ыг холбогдох газрууд шалга. Арга хэмжээгээ ав. Хийж чадахгүй нь ажлаа өг. Хийх хүн төрийн албанд бий. Дөрвөн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Монгол Улсад олгосон бүх лицензийг шалгаж, хууль бусаар авсан бүгдийг хураана, цуцална.  

ЦЕГ, ТЕГ-ын дарга АТГ-ын даргыг дуудаж авчраад манай өрөөнд өнөөдөр цугла. Нүдэн дээр авлига явж байхад таслан зогсоо. Гэмт хэргийг илрүүл, шийтгэ. Сайд, УИХ-ын гишүүн хэн байх нь хамаагүй, гэмт хэрэг хийсэн бол тэр хүн ялаа үүрэх ёстой. Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Хуулиар олгогдсон үүрэг нь. Энд сууж байгаа хүмүүс тар нар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой шүү. Шударга ёсыг чанд сахиж ажилла” гэлээ.

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Сайн байна шүү дээ, эрх мэдлийг зөв зүйлд ашиглавал юу байхав дээ дороо л өндийгөөд ирнэ дээ, амжилт хүсье ерөнхий сайд аа

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.