Манай улсад арилжааны банкнаас зээл аваагүй иргэн гэж үгүй биз ээ. Тэгвэл зээл авахад хэчнээн их бичиг баримт бүрдүүлдэг. Харин үүн дээр нэмэгдээд, Үүрэн холбооны оператор компани болоод татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүчний төлбөрөө хугацаандаа төлсөн эсэх талаарх лавлагааг шаарддаг болжээ.
Тодруулбал, Монгол банкны Зээлийн мэдээллийн санд Үүрэн холбооны оператор компани болоод татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүчний төлбөр зэргийг Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээдээр нэмжээ.
Харин одоогийн байдлаар Цахилгааны төлбөр төлсөн эсэх лавлагааны мэдээллийг багтаагаагүй байгаа аж. Гэвч зарим арилжааны банкууд зээлдэгчээсээ шаардаж УБЦТС ТӨХК-иас лавлагаа авах болсон байна. Уг зээлийн санд цахилгааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол та “найдваргүй зээлдэгч болно” гэдгийг анхаарах хэрэгтэй.
Дээр дурьдсан үүрэн холбооны оператор компани болоод татвар, нийгмийн даатгал зэрэг нь монгол банкны зээлийн санд багтжээ. Өөрөөр хэлбэл, иргэд утасны төлбөр, ажил олгогч компани ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ -ийг хугацаанд нь төлөөгүй бол “найдваргүй зээлдэгч гэсэн Монгол банкны жагсаалт”-д буюу хар жагсаалтад багтана гэсэн үг юм.
Иргэдээ боддоггүй харалган тогтоолцоог Монгол банк “Зээлийн мэдээллийн тухай хуулийн” дагуу хийсэн гэв. Тухайлбал, тус хуулийн 3.1.Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон энэ хууль, гэрээнд заасан иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хяналт тавихад энэ хууль үйлчилнэ хэмээн заажээ. Иймд ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ хуулийн 4.1.11.“төрийн байгууллага” гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хэлнэ хэмээн тусгаснаар дээрх мэдээллийн сандаа багтаасан байна.
Угтаа иргэд зээл авч амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж хэрэндээ л мэрийдэг гэдгийг Төвбанк нь мэдэж л суугаа биз ээ. Гэтэл ийм харалган шийдвэр гаргаж иргэддээ дарамт учруулах хэрэг юунд байв. Утасны төлбөр, цахилгааны төлбөрийн ард “тэдний цалин” байдаг. Байгууллага нь цалингаа хугацаанаасаа хэтрүүлж тавих бүүр хоёр, гурван сараар таслаж байж өгдөг үзэгдэл хувийн компанид түгээмэл. Тэгтэл “дарин дээр давс” гэгчээр цахилгааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй гээд байна гээд “найдваргүй зээлдэгч” болгох нь хэр зохистой вэ?
Тэртэй тэргүй алданги гэдэг зүйлээр төлбөрөө хугацаандаа төлөөгүй хэмээн гарсан төлбөр дээрээ нэмж төлж байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Мэдээллийн сандаа байгууллагуудыг хугацаандаа цалин тавиагүй гэдэг нэмэлтийг оруулвал ямар байх бол…
эх сурвалж. доргио.мн