Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн ХДХВ/ДОХ/БЗДХ-ын кабинетийн их эмч Ц.Хишигсүрэнтэй тэмбүүгийн өвчлөл, урьдчилан сэргийлэлтийн талаар ярилцлаа.
-Тэмбүүгийн өвчлөл манай улсад өндөр байгаа асуудал дэгдэж, салбарын яамнаас тусгайлан урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад хүрсэн. Одоо энэ өвчлөлийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Улсын хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг 2018 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүүг устгая” уриан дор халдварт өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх 31 ажлыг төлөвлөж эхлүүлсэн. Манай дүүргийн хувьд ч урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ үргэлжилж байна.
Сүүлийн үед тэмбүүгийн өвчлөл Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Халдварын тархалтын хувьд манай улсад ихэссэн. Ялангуяа сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд статистик үзүүлэлт өссөн. Насанд хүрэгчдийн тэмбүүгийн өвчлөлийг дагаад төрөлхийн тэмбүүгийн асуудал далайцтай яригдах болсон. Одоогийн байдлаар улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн 38 тохиолдол бүртгэгдэж, түүнээс дөрөв нь нас барж, 15 амьгүй төрөлт байгаа юм. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2014 онд 30, 2015 онд 52, 2016 онд 42, 2017 онд 59, 2018 онд 49 бүртгэгдсэн байдаг. Он гарснаар 38 тохиолдол бүртгэгдээд байгаа.
-Энэ өвчний тоон үзүүлэлт нийт хүн амтайгаа харьцуулахад хэр өндөр үзүүлэлт вэ?
-Халдварт өвчнийг 10.000 хүн амд тооцоолдог. Тэгэхээр 1983-1992 он хүртэлх 10 жилийн дундаж 10.000 хүн ам тутамд 5.1 байсан. Энэ үзүүлэлт 1993-2003 онд 4.8, 2003-2013 онд 13.3, 2013-2018 онд 22.2 болсон байдаг. Үүнээс харахад 2003 оноос хойш тэмбүүгийн өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдсэн. Ялангуяа 1982-1992 оныхтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн байгаа юм.
-Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүүг устгая” аяныг эхлүүлсэн гэлээ. Үр дүн өгч байгаа ямар ажил байна вэ?
-Улсын хэмижээнд 390.000 орчим хүнийг тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, илэрсэн тохиолдолд эмчлэх үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тодруулбал, бэлгийн замаар дамжих халдварын аймаг, дүүрэг, ХӨСҮТ-ын кабинетээр үйлчлүүлж байгаа 180.000 эрэгтэй, сүрьеэтэй 4200 иргэн, 140.000 орчим оюутан залуус, гар аргаар алт олборлогч34.000 иргэн, мөн уул уурхайн салбарт ажилладаг, алсын тээврийн жолооч, эмзэг бүлгийн нийт 30.000, дээр нь хорих ангид ял эдэлж байгаа 3000 хоригдлыг үзлэг шинжилгээнд хамруулах юм. Эдгээр хүмүүс бол тэмбүүгийн халдвар авах эрсдэлтэй бүлэг гэж үзэж байгаа. Манай дүүргийн хувьд ч 2017-2018 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хянах, эмчлэх үйл ажиллагаа идэвхжсэн. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнууд, ахлах ангийн сурагчдын дунд, их, дээд сургуулийн оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс гадна илэрсэн тохиолдолд эмчлэх, эрүүлжүүлэх ажлыг давхар гүйцэтгэж байна. Бэлгийн замын халдвар бол хавьтагчийг илрүүлж эмчилснээр үр дүнд хүрдэг. Хавьтагчийнх нь хамт эрүүлжүүлэх дараа нь хянах үйл ажиллагааг хэрэгжүүлснээр бидний үйл ажиллагаа нэлээд үр дүнтэй болж байна.
-Халдварт өвчний талаарх иргэдийн мэдлэг хамгийн чухал гэдэг. Та бүхэн иргэдэд хамгийн түрүүнд юуг анхааруулж, зөвлөж байна вэ?
-Тэмбүүгийн халдвар ихэвчлэн бэлгийн замаар халддаг. Өөр замаар дамжих тохиолдол ч бий. Жирэмсний хугацаанд ээж халдвартай байгаа тохиолдолд эхээс урагт халддаг. Мөн халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, ариутгаагүй багаж хэрэгслээр дамжих эрсдэл байдаг. Ер нь бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Агаар дусал, ахуйн замын халдвар биш учраас хувь хүн өөрийгөө 100 хувь сэргийлж чадна. Олон улсын “ABC”-ийн дүрэм гэж бий. “Тэвч, үнэнч бай, бэлгэвч хэрэглэ, мансууруулах бодисоос татгалз” гэдэг. Энэ зарчмыг баримталж чадвал бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлөөс бүрэн хамгаалах боломжтой. Хэрэв тохиолдлын бэлгийн харилцаанд хамгаалалтгүй орсон бол харьяа дүүргийн бэлгийн замаар дамжих халдварын кабинет, мэргэжлийн эмч нарт хандаад шаардлагатай шинжилгээг цаг алдалгүй хийлгэх ёстой. Мөн эмчээсээ зөвлөгөө авна. Тэмбүүгийн халдар маш сайн эмичилгээний үр дүн авдаг, эдгэрдэг өвчин.
-Тэмбүүгийн халдварын хор хохирол юу байдаг вэ?
-Тэмбүүгийн халдварын үе гурван үе шаттай. Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ороод халдвар авсан тохиолдолд 3-4 дөрвөн долоо хоногийн дараа эхний шинж тэмдэг илэрдэг. Тодруулбал, бэлэг эрхтэн дээр хөндүүргүй шарх гарна. Улаан өнгөтэй, тэмтрэхэд ямар нэгэн эмзэглэл байхгүй ч дагаад цавины булчирхай зочиж, үрэвсдэг. Ийм шинж тэмдэг илэрсэн ч эмчилгээ хийгдээгүй тохиолдолд өөрөө арилчихдаг. Ингээд 2-3 сарын дараа энэ өвчний дараагийн үе шат нь эхэлдэг. Хоёрдугаар үе шат руу ороход биеэр толбон тууралт, гүвдрүү тууралт гарч эхэлнэ. Бас л оношлуулж, эмчлүүлэхгүй бол тав, 10, 15 жилийн дараа гуравдугаар үе шат руу шилждэг. Энэ үед мэдрэл, дотор эрхтний тэмбүүгээр хүндэрдэг. Өөрөөр хэлбэл энэ бол аюултай халдвар. Тиймээс эрт үедээ оношлуулж, эмчлүүлбэл бүрэн эдгэрнэ гэдгийг дахин сануулъя.
-Гуравдугаар үе шатанд хүрч хүндэрсэн тохиолдол манайд хэр байдаг вэ?
-Ер нь тэмбүү дотор эрхтэнд нөлөөлөх нь хоёрдугаар үеэсээ эхэлдэг гэж онолын хувьд үздэг. Халдвар аваад эмчлэгдээгүй тохиолдолд 2-3 сарын дараа хоёрдугаар үе рүү ордог гэсэн шүү дээ. Тэр үеэс хүний дотор цуллаг эрхтэнүүдэд өөрчлөлт өгч эхэлж байна гэсэн үг. Гуравдугаар үе шатанд хүндэрсэн тохиолдол улсын хэмжээнд одоогоор бүртгэгдээгүй байна. Гэхдээ өвчнөө эрт илрүүлж эмчлүүлэхгүй яваад байх юм бол гуравдугаар үе шатанд орохыг үгүйсгэхгүй.
-Манайхны дунд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн үед, магадгүй халдвар авснаа мэдсэн ч эмчид хандахаасаа айж эмээдэг, бас ичдэг тал бий. Ийм тохиолдолд эмч нар юу гэж зөвлөдөг бол?
-Манайхны заншил юм уу, залуучууд төдийгүй аль ч насны хүмүүст ичих хандлага байдаг. Нэгэнт халдвар авсан тохиолдолд харьяа аймаг, дүүргийнхээ эмнэлгүүдэд мэргэжлийн эмч нарт хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмч нар тухайн хүний нууцлалыг чанд сахих үүрэгтэй. Тиймээс өвчний талаарх мэдээлэл эмч өвчтөн хоёрын хооронд л үлддэг.
Б.ЭНХЗАЯА
ӨДРИЙН СОНИН