Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд энэ даваа гарагт аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай олдсон ба эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан талаар мэдээлэл гарсан.
Харин эл хэргийн талаар цагдаагийн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өгөхдөө:
“Орхон аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд наймдугаар сарын 5-ны өдрийн 14:31 цагийн орчимд манай дарга ажлын өрөөндөө нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд нь ажлын байрандаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллага уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн тухайн галт зэвсэг ямар маркийн, хэний эзэмшлийн бүртгэл, судалгаатай вэ гэдэгт эхний ээлжинд шалгалтын ажиллагаа явуулна. Дараагаар нь өөрийн амийг хорлосон уу, гаднын нөлөөтэй юу гэдгийг тогтооно” хэмээн ярьсан юм.
Өөр нэг албаны эх сурвалжийн мэдээллээр өөрийнхөө духан тус газартаа нэг удаа буудаж нас барсан нь үнэн гэв.
Мөн Цэргийн штабын дарга Л.Болд зарах гэж байсан буугаа оролдож байгаад санамсаргүй байдлаар сум алдсан ба сумтай байсныг мэдээгүй байж болзошгүй хэмээлээ. Талийгаач тухайн өдөр ажлын өрөөндөө ганцаараа байсан бөгөөд цайны цагийн үеэр ийнхүү нас барсан байна.
Дэд хурандаа Л.Болдыг өнгөрсөн зургаадугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилсон байжээ.