Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаа болон тэнд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 973 га талбайн 85 хувь нь ногоон байгууламж байх бол 183 га газарт бүтээн байгуулалт хийхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргасан байдаг. Үүнээс эхний ээлжид нийт 30 га газрыг тохижуулж байгаа юм. Ингэхдээ ихэвчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулалат өрнүүлж буй аж. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хүрээлэнд ажиллах үеэрээ “Гэрэлт гэр” төслийн ажлын явц, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан “Экстрим спортын талбай”, иргэд, олон нийтийн хандиваар байгуулсан “Байт харваан талбай”, Маршалын гүүр орчмын тохижилтын ажлын явцтай танилцсан. Тус хүрээлэнгийнхэн цаашид ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу задгай театр, цэцгийн хүлэмж, наран шарлагын газар, хөнгөн атлетикийн талбай зэрэг иргэдэд ая тухтай, тавлаг орчин бүрдүүлэх бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Гэвч тус хүрээлэнгийнхэн нийслэлийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах гээд олон бэрхшээлтэй тулгардаг аж. “Гэрэлт гэр” төслийн хүрээнд усан сан бүхий орчин үеийн тохижилттой талбай байгуулж буй юм. Гэтэл төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйн улмаас тухайн ажлыг нэг сар орчмын хугацаанд гацаасан тул хүлээлгэн өгөх хугацаа нь хойшлоод байгааг гүйцэтгэгч компанийнхан хэллээ. Түүнчлэн нийслэлийн төсвөөс оруулах хөрөнгө бага, өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүрээлэнд ганц бүтээн байгуулалт хийсэн аж. Өдгөө цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаас орох бүтээн байгуулалтын ажил дууссан боловч авто зогсоол, нийийн бие засах газрыг асуудлыг шийдэж чадаагүй нээх боломжгүй байгаа ажээ. Энэ талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Манайд гадаад, дотоодын байгууллагуудаас хамтран ажиллах, хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт, төгөл байгуулах санал их ирдэг. Гэвч эдийн засгийн үр өгөөжөө тооцоод, санхүүжилтийн асуудлаас болж хойшлох, цуцлагдах тохиолдол олон гардаг. Жилийн дөрвөн улирлын зургаа орчим сард нь ажиллаж бусад хугацаанд амралтын байдалтай байдаг нь үүнд голлох нөлөөтэй. Цаашид дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулахаар бол дулаан байр барих шаардлагатай байгаа” гэв. Мөн ямар нэгэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхэд гурвалсан гэрээ байгуулдаг тул ажил удааширдаг талаар хэлсэн.
Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг нь аялал жуулчлал. Тиймээс нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн орчин нөхцөлийг сайжруулж, оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буй. Тодруулбал, тэрбээр Богдхан уулыг дархан цаазат бүсээс гаргаж, тус хүрээлэнтэй холбосон аялал жуулчлалын бүс байгуулах боломжтой талаар хэлэв. Энэ талаараа “Хүүхэд, залуусын амарч зугаалах орчинг тус хүрээлэнгийнхэн бүрдүүлж чадаж байна. Цаашид хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г эдийн засгийн үр өгөөжөө өгөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал. Аялал жуулчлалын том бүтээгдэхүүн болгосноор ажлын байр нэмэгдэх, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэж улс орны эдийн засагт эерэг дам нөлөө үзүүлэх боломжтой. Ингэхийн тулд гадаад, дотоодын жуулчдыг татах, тэдэнд ая тухтай, тохилог, амар тайван орчин бүрдүүлэх, дэвшилтэд санал, санаачилгууд гарган ажил хэрэг болгох хэрэгтэй. Тиймээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг хөрөнгийг буцаан олгодог болж, бүтээн байгуулалтын ажилд зориулж нийслэлийн төсвөөс жилд нэг тэрбум төгрөг төсөвт суулгадаг байх хэрэгтэй. Уг асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг авна. Мөн хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлж, бүтээн байгуулалт өрнүүлэхэд анхаарч ажиллана” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ