Comment.mn

Эрх баригчид 30 жилийн турш өлсгөлөн чоно шиг, эрүүгийн элементүүд шиг ажиллалаа

Та минь ээ! тооцоо хийгээчээ, судлаачдаа сонсоочээ!

2019 онд эргээд харахад “Монголын төр засаг хогийн сав” болтлоо эвдэрч, бохирлогджээ. Ийм болчихсны шалтгааныг, бурууг, бас эзнийг нь 1992 оны шинэ үндсэн хууль гэцгээж байна. Эх орон, ард олныхоо ашиг, сонирхлоос урваж чадсан хүн, авлига авсаар тэрбумтан болсон хүн, худал амлаж мөнгө тарааж сонгогчдын саналыг худалдаж авсаар УИХ-д хэд дахин сонгогдсон “гишүүн”, намдаа авлига өгч том албан тушаал хүртсэн хүмүүс, ард нийтийн өмчийг нууцаар дамлан зарсаар хөрөнгөжсөн шинэхэн баячууд бүгд л ингэж ярьж, тэгж “батлах” болжээ. Гэвч “ингэцгээгээрэй” гэсэн заалт нөгөө хуульд нь ер байхгүй. Аль ч улсын үндсэн хуульд байдаг л заалтууд 92 оны үндсэн хуульд бий. Төр ба намын үйл ажиллагааг зөв, зохистой хөтлөн явуулахад хэрэг болох ямар ч оргиник хуулийг зохиох, батлах эрх чөлөөг 92 оны үндсэн хууль олгосон юм. Гэтэл хэрэгтэй, шаардлагатай органик хуулиудыг боловсруулах, батлах сэтгэл ба чадвар МАХН ба АН-ын аль алинд нь байсангүй.

Энэ хоёр нам 30 жилийн туршид өлсгөлөн чоно шиг, эрэмшин танхайрсан хулгайч, луйварчин, эрүүгийн элементүүд шиг ажиллалаа. Иймэрхүү шинжтэй улстөрийн намуудад ямар ч сайн үндсэн хууль байгаад өөр үр дүн гарахгүй. Сахилга батгүй, хүмүүжилгүй, танхай хөл бөмбөгчид дүрмийнхээ дагуу тоглодог бил үү?… Бүх гишүүд нь шунахай, танхай, авлигач, луйварчид бол тэр парламентыг бурхан өөрөө даргалаад ч, бурхдын баталсан үндсэн хууль байгаад ч ард олны амьдрал ер дээшлэхгүй…

х          х          х

Органик хуулиудаар зохицуулагдах ёстой хэм хэмжээ, заалтуудыг үндсэн хуульд нэгбүрчлэн багтаан хуульчлах боломжгүйг ямар ч муу улстөрч ойлгодог. Тиймээс хамгийн ерөнхий хууль болох үндсэн хуульдаа биш харин органик хуулиуддаа л мэргэжлийн улстөрчид онцгой анхаарч ямар ч хийдэл, согоггүй болгож боловсруулдаг ажээ. Ямар ч орны үндсэн хууль нь “үндсэн хуулийн хуулиуд ба органик хуудлиудын нийлбэр” байдаггүй… Ийм үндсэн хууль 2019 онд Монголд л анх мэндлэх бололтой.

х          х          х

1924 оны 11-р сарын 8-наас 28-ны хооронд 21 өдөр чуулсан Улсын Анхдугаар Их Хуралд нийт 90 төлөөлөгч сонгогдсоноос 77 төлөөлөгч хүрэлцэн иржээ. Тэдний дунд 5 тайж, 9 лам, 1 эмэгтэй байв. Энэ хурал Монгол улсын хөгжих зам, чигийг тодорхойлж, шинэ төр засгийг байгуулж, Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн хэлбэрээр парламентыг үүсгэж, үндсэн хууль баталж, БНМАУ-ыг тунхаглажээ. Долоон гишүүнтэй УБХ-ын тэргүүлэгчид байнгын ажиллагаатай парламентын үүргийг гүйцэтгэх болжээ…

х          х          х

Хүн амын тоо ба парламентын гишүүний тооны харьцаан дээр тулгуурлан АНУ, Австрали, Гана, Бангладеш, Гватемал, Дани, Энэтхэг долоон улсын жишгийг тооцох юм бол 1992 онд Монголын УИХ 19 гишүүнтэй байж болох тооцоо гарч байлаа. Гэтэл нэр бүхий хүмүүс 76 гэсэн их тоог хэрхэн, яаж тогтоосноо ч хэлэхгүй зүтгүүлсэн юм. Тэдний нэг нь надад “том ламаас асуусан юм” гэж тоглоом шоглоом болгон хэлж байж билээ.

76 бол шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй тоо. Тэгэхлээр хүн ам өсчээ, одоо тэрнийг бодолцоод 108 болгоё гэх нь утгагүй зүйл болно. Хүн ам өссөн гээд парламентын гишүүдийн тоогоо өсгөсөн жишээ, баримт ер үгүй. 

“УБХ-ын тэргүүлэгчдийн тоог (долоо) тав дахин өсгөөд 35 болгоё, тэгэхэд 19 байж болох дунджаас 2 дахин их болчихож байна. Эсвээс 7 дахин өсгөөд 49 болгоё, тэгэхэд аль ч орны судлаач дэлхийн жишгээр тооцоод Монголын парламентын гишүүдийн тоо цөөдөж байна гэж хэлэх үндэсгүй” хэмээсэн миний үгийг Зардхаан, Санждорж, Чимэд гурав яагаад ч юм сонсоогүй юм шиг өнгөрөөж байж билээ…

5 тивээс тав таван улсыг сонгон аваад (мэдээжээр олон, дундаж, цөөн хүн амтай) парламентын гишүүд ба хүн амын тооны жишиг харьцааг олж хооронд нь нэмээд дахин 25-д хувааж дундчилах аваас “76 болон 108 бол олон байна” гэж л гарах болно. 

1992 онд Австрали 18,3 сая хүнтэй, парламент нь 2 танхимтай, 224 гишүүнтэй байв. Австралийн жишгээр Монголын парламент 28, харин Монголын жишгээр Австрали 604 гишүүнтэй байхаар байв. АНУ 270 сая хүнтэй, парламент нь 535 гишүүнтэй, АНУ-ын жишгээр Монголын парламент 4 гишүүнтэй, харин Монголын жишгээр АНУ 8921 гишүүнтэй байхаар ажээ. Гана улс 20 сая хүнтэй, парламент нь 200 гишүүнтэй, Ганы жишгээр бол Монгол 23 гишүүнтэй, харин Монголын жишгээр Гана 660 гишүүнтэй байх тооцоо гарч байв…

х          х          х

Парламентын засаглал Монголд зохихгүй нь 30 жилийн туршлагаар нотлогдлоо. Олигарх бүлэглэлүүд төр, намыг эрхшээснээс цааш цаашдаа бүр ч зохихгүй, улсаа мөхөөж ч мэднэ, жирийн иргэдийн ирээдүйг нэгмөсөн баллана. Парламентын засаглал яг хэрэг дээрээ бол Англид ч зохихгүй байгаа юм шүү! Эрх баригч намын алдаа, намын дарга ерөнхий сайдын алдаанаас урьдчилан сэргийлэх, түргэн шуурхай засах, залруулах бололцоо Их Британи Умард Ирландын Вант улсад байхгүйг дэлхийн шилдэг улстөр судлаачид мэддэг дээ… Энэ улсын байдал ХХ, ХХI зуун дамнан уруудсаар л байгаа билээ. 

Энэчлэн бодох, тооцоолох юм их байна. Яараад яахав дээ! хампаант ажил амьдралын олон салбарт чухалчлагдах боллоо!

Судлаач, профессор Д.Чулуунжав

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.