Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос санаачлан зохион байгуулдаг улс үндэстний хүүхэд, багачуудыг урлагийн хөтөлбөрөөр нэгтгэж, ардын өв уламжлал, соёлын өвөө дээдлэн түгээн дэлгэрүүлэх, соёлын солилцоог өргөтгөх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий “Мөнгөн хараацай” олон улсын хүүхдийн урлагийн наадам VIII ээлжийн үеэр зохион байгуулагдлаа. Хүүхдийн дуу хуурын ордон болсон “Хараацай” театрын их танхимд үндэсний хувцсаараа гоёсон орон орны бяцхан үрс инээд хөөр, баяр баяслын дор үндэсний дуу, хуур, хөгжим, бүжгээ толилуулан урлагийн наадамдаа амжилттай оролцсон юм.
Энэ удаагийн наадмын онцлог нь Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж бөгөөд БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны “Урлагийн солилцооны нийгэмлэг”–тэй 5 дахь жилдээ амжилттай хамтран зохион байгуулж жил бүр оролцогчдын тоо, цар хүрээ, ур чадвар, улам нэмэгдүүлсээр байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.
Шилдгүүдийн гала тоглолтын үеэр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэнгээс урлагийн наадам, Найрамдал цогцолборын ойн талаар тодрууллаа.
– “Мөнгөн Хараацай -2019“ урлагийн наадам Найрамдал цогцолборт болж байна. Энэ удаагийн наадмын онцлог юу байна, хичнээн хүүхэд оролцов?
-Хүүхдүүдийн минь хувьд баярын өдөр болж байна. Урлаг соёл тэр дундаа үндэсний урлагаараа өрсөлдөөд өнөөдөр гала тоглолтоо хийж байна. Мөн 5 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа урлагийн их наадам Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байгаа. Оролцогч хүүхдүүдийн тоо, хүрээ нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна. Хоёр үе шаттай явсан урлагийн наадамд 1300 орчим хүүхэд авьяас чадвараа сорьж өрсөлдсөнөөс өнөөдөр 200 гаруй хүүхэд шалгарч гала тоглолтонд оролцож байна.
– Наадмын цар хүрээ тэлж хөрш орнуудын хүүхдүүд оролцож байгаа гэсэн. Гала тоглолтонд тэр хүүхдүүд шалгарч оролцож байна уу?
– БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орноос, ОХУ-ын Иркутск мужаас олон авьяаслаг хүүхдүүд ирсэн. Гала тоглолтонд эдгээр хүүхдүүд улс үндэснийхээ онцлогийг харуулсан тоглолтоор оролцож байна. Мөн гурван орны Урлаг соёлын солилцооны нийгэмлэгийн хүрээнд улс орнууд харилцан туршлага солилцох боломжийг багш нарт олгож байна.
– Найрамдал цогцолбор энэ жил 41 дэх жилтэйгээ золголоо. Энэ жил ямар ажлуудыг амжуулав?
– Найрамдал цогцолбор маань 2018 онд 40 жилийн болж өргөн тэмдэглэж, амжилт ололтоо ярилцаж, ирэх 40 жилд хийх, хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж төлөвлөлөө. 41 жилийн ойн хүрээнд бид найрамдлын арга зүйн төв болохынхоо хувьд бусад аймаг, дүүрэгт хэрхэн өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн хүүхдийн зуслангуудыг байгуулахын төлөө хамтран ажиллаж байна. Бидний эхлүүлсэн ажлын үр дүн эхнээсээ гарч Сонгинохайрхан дүүрэг хөдөлмөр зуслан нээж ажиллуулж байна. Тун удахгүй Хан-Уул дүүрэг хамгаалалтанд байгаа газраасаа зуслангийн зориулалтаар ашиглахаар болж байна. Орон нутагт Хөвсгөл аймаг далайн эрэг дээрээ олон улсын хүүхдийн зуслан байгуулахаар судалгааны ажлаа хийж байгаа. Найрамдал цогцолбор дангаараа хүүхдүүдийн амрах хүслийг гүйцэлдүүлж чадахгүй учир орон нутагт ижил төрлийн хөтөлбөртэй зуслангуудыг байгуулахад арга зүйн талаас нь хамтран ажиллаж байна. Ингэснээр олон хүүхэд манай хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.
“Мөнгөн Хараацай -2019“ олон улсын наадам нь 2 үе шаттай явагдсан бөгөөд нийтдээ 200 гаруй хүүхдүүд оролцож гоцлол дуу, гоцлол бүжиг , язгуур урлаг, хамтлаг дуу , хамтлаг бүжиг гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө. Тус наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сүлд Хошуу, Хөлөнбуйр аймгийн Өөнг хошуу, Альша аймгийн Альша зүүн хошуу, Оросын холбооны Улсын Эрхүү мужийн хүүхэд багачууд, Дорноговь аймаг , Завхан аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд , Монголын Уран Нугаралтын төв, Баянзүрх дүүргийн Соёлын ордны авьяаслаг хүүхэд багачууд амжилттай оролцсон байна.
Урлагийн их наадмын шүүгчээр ажилласан Монголын хүүхдийн орны багш, Монгол Улсын гавьяат багш С.Ганчимэг “ Жил бүрийн “Мөнгөн Хараацай” урлагийн наадам их сайхан, онцлогтой, дурсамжтай болдог. Жил ирэх бүрт хүүхдүүдийн авьяас чадвар маш их сайжирч байна. Энэ жилийн наадам маш өрсөлдөөнтэй, өмнөх жилээсээ илүү олон хүүхэд оролцсон. Тэр дундаа бүжгийн төрөл хамгийн их өрсөлдөөнтэй болж шүүгчдээс ч ур ухаан шаардлаа. Хамгийн гол нь ардын өв уламжлалыг тээн, өвлөн авч, үе тэнгийнхэндээ харуулж чаддагаараа энэ наадмын ач холбогдол юм. ОХУ, Өвөрмонголоос оролцож байгаа хүүхдүүд өмнөх жилээсээ илүү сайжирч бэлтгэл сайтай ирсэн байна” гэж наадам шүүсэн сэтгэгдлээ хуваалцлаа.
ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн наадмын төлөөлөгчид урлагийн наадамд оролцохоос гадна Монгол хүүхдүүдтэй найзлан нөхөрлөж , тус цогцолборын хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд Улаанбаатар хоттой танилцах аялал, Богд хааны музей үзэх, Чингисийн хөшөө Цонжинболдогт байгалийн аялалд явах гээд олон хөтөлбөрт оролцож хөгжилтэй өдрүүдийг өнгөрүүлж байна.
Эх сурвалж: www.times.mn