Монгол Улсын улстөрд болж байгаа гол юм нь Үндсэн хуулиа өөрчлөх оролдлого болоод байна. Төрийн шаргал ордонд дуугарсан болгон нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэж хэлэх. Ерөөс Монголчуудын сүүлийн үед чаддаг юм нь юу вэ гэвэл хуралдах л дуртай.
Тэрнээсээ ч болсон уу өдөр бүр л зөвшилцөх, зөвлөлдөх нэртэй шил шилээ дарсан хурлууд. Үндсэн хуулиа шинэчлэхээр МАН-ынхан их улайрч байгаа. Нэг хэсэг хөдөө орон нутагт хэлэлцүүлэг хийлээ. Өчнөөн төчнөөн мянган санал гарлаа гээд л байсан. Тэгээд УИХ-д өргөн барих төсөл нь бэлэн боллоо гэж ноднин мэдэгдсэн. Өргөн бариад ч удсан. Саяхнаас буюу наадмын өмнөхнөөс УИХ-аар хэлэлцэж эхлэв. Энэ нь бас учиртай байсан шиг байгаа юм.
УИХ-ын толгойлох хүчин 64 суудалтай МАН-ынхны аль хэдийнээс ажиглагддаг нь олон түмний анхаарал өөр зүгт чиглэж сарниудуу болох цагаар шинэ асуудлыг хулгайн аргаар батлаад амждаг тийм зуршилтай л даа. Түүнийгээ ашиглаж хүмүүс амарсан, наадам цэнгээн олширсон үеийг далимдуулан Үндсэн хуулиа өөрчлөх ажлыг амжуулчих гэсэн шиг байгаа юм.
Чин санаа нь яг л наадмын өмнөхөн хэлэлцсэн шиг болж баталчихаад амраад, наадамлаад явчих байсан байх. Гэтэл гай газар дороос гэгчээр Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл оруулаад ирэв. Түүнийг нь УИХ-ынхан найртай нь аргагүй хүлээж аваад. Гайхмаар. Урьд нь Ерөнхийлөгчийн зүгээс олон төсөл, санаа орж ирж байсан даа. Нэгийг нь ч хүлээж аваагүйдээ бараг. Үг хэллэг, үсэг тооны зөрүүг нь хүртэл олж шүүмжилж байгаад л УИХ хүлээж авах боломжгүй гээд л алх цохьчихдог байв даа. Тэгтэл Үндсэн хуульд оруулах Ерөнхийлөгчийн талын санаанд тун талархалтай хандаж байх шиг л. Сайндаа тэрүү гэвэл тийм биш. Үндсэн хууль чухал гэсэндээ тэгж байна уу. Үгүй. УИХ- ынхны анхаарлын төвийг хэдэн тоо л гозолзуулаад байгаа юм. УИХ-ын бүтцийг томруулаад 108 суудалтай болгоё гэхээр алга ташаад байцгаана. Төрийн түшээгийн суудлыг нэмэх нь олон улстөрчидөд надад боломж байж мэднэ гэсэн горьдлого төрүүлж байгаа нь мэдээж. Тэгвэл өмнөх 1992 оны Үндсэн хуулиас хойш хүн амын тоо өссөн нь үнэн ч гэлээ. Нэг гишүүнд ногдох сонгогчийн тоо нэмэгдлээ гэдэг нэрийн дор УИХ-ын суудлын тоог бараг 50 хувь нэмнэ гэдэг өнөөдөртөө тохирохгүй санаа. Яагаад гэл дээ. Манай улстөрчдийн ёс зүй сахилга хариуцлага муу байгаа. Бод л доо. Аль муу муухай хэрэг төвөгт хэн орж баина улстөрчид ёс зүйтэй, өндөр албанд ажиллах чадвартай биш байна шүү дээ. Улс орноо бодож ажиллахын оронд хар амиа хичээж идэж уух, авах завшихын төлөө ажилладаг нь дэндүү олон. Саяхан л Ерөнхий сайд байсан, сайд байсан нөхөд хэнээс ч илүү гэм буруутан гэгдээд хууль шүүхийн хаалга сахиад сууж байна. Зарим нь хэдэн жилийн ял авлаа л гэнэ. Тэдний дараагийнх нь шилдгүүд Том уу гэвэл бас үгүй.
Өнөөгийн УИХ-ыг хараарай. Бөөн хуйвалдаан, луйврын эзэд байгаа. Зарим нь хүчингийн хэргээр зайлуулагдсан. МАН-ын 50 гаруй зөөлөн суудалтан хуйвалдаж байгаад ЖДҮ-ийнхэнд очих ёстой зээлийг хуваагаад авчихсан. Энэ булай хэргээ мартуулах гэж сандарсан хэвээр. Гэхдээ ичихээ больчихсун “амьтад” юм даа даанч. Би УИХ-ын гишүүн хүн, би сайд хүн гээд л суугаад байдаг. Ийм байхад УИХ-ын суудлыг 30 гаруйгаар нэмэх шаардлагагүй л дээ. Ямар хожмын гэмт хэрэгтнүүдийн тоог нэмэх гэж байгаа биш. Цаг нь болоогүй ээ гэх байна. Улстөрчдийг хүмүүжүүлье. Ес зүйтэй, хариуцлага, сахилгаа сахьдаг тийм түвшинд хүрсэн цагт УИХ-д олон суудал нэмье. Хүн амын тооноос гадна нэг буруу тайлбар сонгогчдод байгаа юм.
Өнөөгийн их хурал цөөн гишүүнтэйгээр хууль баталж байна гэж. УИХ-ынхан үүргээ биелүүлдэггүй сахилга хариуцлага нь муугаас өнөөгийн УИХ-ын чуулган гишүүдийнх нь тоо гуравны нэгдээ хүрэхгүй бүтэцтэйгээр хуралдаж байдаг нь үнэн. Гишүүн бүр нь үүргээ биелүүлдэгсэн бол 76-уулаа хуралдаж байх учиртай билээ.
Тиймээс УИХ-ын өнөөгийн бүтэц бүрэлдэхүүн цөөдөх учиргүй гэсэн санааны үүднээс үүнийг хэлье. Улстөрчдийг ёс зүй, сахилгатай болсон тэр цагт суудлын тоог 108 байтугай 408 болгосон ч болно доо. Бас УИХ-ын сонгуулийн хугацааг таван жил болгоё гэсэн санааг дэмжээд байгаа нь ч ямар юмбэ дээ. Өнөөгийнхөн шиг олхиогүй бүрэлдэхүүнтэй УИХ-тай бол дөрвөн жил ч барахад хэцүү шүү дээ.
Д.Бичээчхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин