Comment.mn

Б.Батцэцэг: “УАА” серийг азын, энгийн гэж ялгахгүй

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын нөөц дуусч, шинээр “УАА” серийг өчигдрөөс олгож эхэлсэн. Энэ талаар АТҮТ-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Батцэцэгээс тодрууллаа.

-“УАА” шинэ сери хэрэглээнд нэвтэрлээ. Улсын дугаарын загвар хийц ямар байх вэ?

-Улсын хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.003.922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 57568 нь шинээр бүртгэгдсэн байна. 2012 оноос хойш улсын дугаарын сери шинээр олгогдоогүй бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 50 серийн 499.950 дугаар байгаа тул нөөцгүй болсон. 50 сери гэхээр иргэд гайхаж магадгүй. Энэ нь “УБ”-гийн араас 25, “УН”-ийн араас 25 үсэг шивэхээр нийт 50 серийн дугаартай болж байгаа юм.

Сери дугаарт өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтийн тээврийн хэрэгсэлд шар дэвсгэртэй хар дугаар, 100 хувь цахилгаан мотор, устөрөгчийн хөдөлгүүртэй машинд ногоон дэвсгэртэй цагаан дугаар, хүнд даацын автомашинд хар дэвсгэртэй цагаан дугаар олгодог болсон. Харин шинэ серийн хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

-Шинэ серийн дугаарыг онлайнаар захиална гэлээ. Тэгвэл захиалсан хүмүүс хаанаас яаж авах вэ?

-Иргэд захиалсан дугаараа 22-ын товчоонд байрлах “Авто худалдааны цогцолбор” болон “Аса цирк”-ийн урд байрлах АТҮТ дээр 7600 төгрөг болон тээврийн хэрэгслийн гаалийн бичиг, өөрийн бичиг баримтуудын хамт авчирна. Үнийн хувьд азын энгийн гэж ялгахгүй, 7600 төгрөгөөр худалдаалагдана. Азын болон алтан дугаар нь хүний оролцоогүйгээр санамсаргүй байдлаар өдөрт тодорхой тооны хязгаарлалттайгаар ашиглалтад гарч байгаа. Тухайн дугаарууд нь 14 хоногийн хугацаанд олголтод орж дуусна.

-22-ын товчоо гэхээр иргэд, автобус унаа дутмаг, явахад хүндрэлтэй гээд төвөгшөөдөг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний газраас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, Ч:60 Авто худалдааны цогцолбор-Саппора чиглэлийн дунд оврын тээврийн хэрэгслүүдийг явуулж байгаа. Ингэхдээ өглөө 07:55 цагаас орой 18:10 цаг хүртэл нэг цагийн давтамжтайгаар зорчигчдод үйлчилнэ. Цаашдаа иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэж, аль болох чирэгдэлгүйгээр үйл ажиллагааг явуулна.

-Тухайн серийг орон нутгийн тээврийн хэрэгсэлд болон хуучин дугаараа солиулах журмаар авч болох уу?

-Боломжгүй. Орон нутгийн дугаарын сери хэвийн нөөцтэй байгаа. Тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдаж байгаа үед л улсын дугаарыг хүчингүй болгоно. ЗТХЯ-ны сайдын тушаалаар дугаар олгох журманд өөрчлөлт орж, эзэмшигч улсын дугаараа сольдог байсныг болиулсан. Анх ямар дугаар авсан, тэрүүгээрээ л ашиглаж, бусдад шилжүүлнэ.

-Онлайнаар захиалгын үйл ажиллагааг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Манай байгууллагын зүгээс тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олголтыг Улаанбаатар хотын найман цэг, 21 аймгийн 23 салбараар дамжуулан иргэд, ААНБ-д хүргэдэг байсан. Цахим системд шилжсэнээр “дугаарын наймаа” гэх хууль бус явдлыг зогсоох ач холбогдолтой.

-Сард хичнээн тооны улсын дугаарыг хэрэглээнд нэвтрүүлдэг вэ?

-Манай төвөөс өдөрт 100 гаруй, сард 4000 гаруй шинэ дугаарыг ашиглалтад оруулж байна. Манай улсын автомашины дугаарт байгаа Ө,Ү,Ч гэх мэт дугаарыг олон улсад танихгүй байгаа. Тиймээс олон улсад танигдаж ашиглагддаг, латин үсэг дүйцүүлж, болох 11 үсэгтэй серийг цаашид гаргана.

Эх сурвалж: www.polit.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.