Comment.mn

Э.Дэлгэртуяа: Талийгаачийн эд зүйлс, цусны толбо театрын энд тэндгүй байсан

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж байсан Д.Тэнгисмаа харамсалтайгаар амиа алдсан хэрэг шинэ жилийн өмнөхөн гарсан. Ар гэрийнхэн нь бүсгүйн үхлийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа аж. Бид талийгаачийн үеэл Э.Дэлгэртуяатай уулзаж ярилцлаа.

-Талийгаач шинэ жилээ тэмдэглэж байх үед золгүй явдал болсон гэсэн. Та бүхэнтэй эмнэлгээс холбоо барьсан уу, анх яаж мэдсэн бэ?  

-Талийгаач ээжийн минь төрсөн дүү. Арванхоёрдугаар сарын 18-ны орой театрынхаа шинэ жилд орно гээд өдөржин надтай хамт явж хувцсаа бэлтгэж, үсээ янзлуулсан.  Гэтэл үүрээр 76 настай эмээ маань над руу залгаж хэлсэн. Өндөр настай хүн болохоор сандарч тэвдэхдээ миний утасны дугаарыг буруу залгаад нэлээд удсан юм билээ.

Тэгээд өглөө  05:00 цагт эмнэлэг дээр очиход эгч сэхээний тасагт, эмээ, дүү хоёр гадна сууж байсан. Юу болсныг асуухад “Хүнд зодуулсан юм шиг байна” гэхээс өөр зүйл хэлээгүй. Эмээ рүү театрын найруулагч н.Гонгорсүрэн гэдэг хүн анх холбогдсон байдаг. Би өөрөө эмнэлгийн мэргэжилтэй хүн учраас эмнэлэг дээр очсон даруйдаа дотогш ороход ухаангүй, ил харагдах  хоолой нь боомилчихсон юм шиг гарын мөр гарсан байсан. Томографикын зургаар тархины суурь дагз бяцарсан, их хэмжээний цууралттай, харвалттай  гэж гарсан. Маргааш өглөө нь эмээ бид хоёр 09:00 цаг өнгөрч байхад өрөөнд нь ороход нэг удаа нүдээ нээж харсан. Хэл нь  амандаа багтахгүй хавдаад ам нь ангайчихсан. Юм хэлэх гээд чадаагүй. Тэгээд удалгүй огилт өгөөд дахиад томографикын зураг авахуулах гэж байтал амьсгал хураасан.

-Түргэн тусламж хэр хугацаанд очсон юм бол. Ажлынхан нь дуудлага өгсөн байх?

-Түргэн тусламж очиход ажлаас нь хэн ч ирээгүй зөвхөн эмч, жолооч нь л эгчийг авчирсан. Эмч нарыг очиход цус нь бүлэгнээд, захаасаа хатчихсан байсан гэсэн. Гэтэл түргэний машин дуудлага аваад хоёр минутын дараа гарч, гурван минутын  дотор очсон. Энэ хооронд их хэмжээгээр гоожсон цус бүлэгнэж хатахгүй шүү дээ. Эмнэлгийн машиныг очиход театрын гадна хүмүүс энд тэндгүй бөөлжиж байсан гэсэн. Хамгийн сонин нь анх жижүүр нь дуудлага өгөхдөө “Хүн цусаар бөөлжөөд байна” гэсэн байгаа юм. Эмч нь очингуутаа театрын гадна талд бөөлжиж байгаа хүн дээр хайж очиход харанхуйд нэг хүн дотор байгаа гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр хүмүүс мэдэж байсан болж таарч байна.

Шинэ жил нь 00:00 цагт тараад ажил дээрээ очицгоосон юм шиг байна лээ. Хамгийн сүүлд бүжгийн багш Тулгаа эгчийн өрөөнд  их согтсон гэж хэлэхээргүй орж ирсэн гэсэн. Өрөөнд нь сууцгааж байтал театрын дарга н.Сэржмятавын нөхөр Далхаа гэдэг хүн орж ирээд жаахан маргалдсан юм шиг байна лээ.  Тэгээд эгчийг Далхаа бөөлжүүлье гээд аваад гарсан гэсэн. Дараахан нь Тулгаа эгчийг гарах гээд коридороор явж байхад эгчийн толгой, хоёр гар нь сул унжчихсан, хүзүүн дээгүүрээ гарыг нь тохчихсон авч явсан гэсэн. Тэгэхээр нь тасарчихжээ гэж бодоод л гараад явсан байгаа юм. Түүнээс хойш эгчийг хэн ч хараагүй.

-Далхаа гэдэг хүнтэй маргалдсан гэсэн үг үү. Хамт ажилладаг хүн нь юм уу?

-Театрын даргын нөхөр. Өмнө нь цагдаагийн газар ажиллаж байгаад театрын ерөнхий найруулагчаар ирсэн. Театр талаас мэргэжлийн хүн биш юм билээ. Манай эгч театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байтал Далхаа гэдэг хүн ирээд эгч маань ажлаасаа халагдчихаад оёдлын ажилд нь тусалдаг ч юм уу тодорхой ажилгүй байсан юм шиг байгаа юм. Бидэнд нарийн ширийн юмаа ярьдаггүй, дотогшоо хүн байсан. Гэхдээ их нийтэч. Сүүлд  “Би зээлээ дуусгаад ажлаасаа гарна” гэж ярьж байсан. Угаасаа жил гаруй театрын даргатайгаа маргаантай байсан.  Бидний бодож байгаагаар театрын дарга нөхрөө эгчийн маань оронд ерөнхий найруулагчаар оруулснаас болж жил гаруй хугацаанд маргаантай, манай эгч тодорхой ажилгүй байсан юм шиг байна лээ.Эгч надад нэг удаа “Урлагийн хүн гэдэг урлаг руу л тэмүүлдэг. Мэргэжлийн бус хүн эвгүй санагддаг учраас үнэнийг нь хэлчихдэг” гэж хэлж байсан. Ийм л шалтгаанаар маргаан эхэлсэн байх. Их шударга л даа. Хэлэх гэсэн үгээ хэлчихдэг. Эгч маань хоёр хүүхдийнхээ аав нь ээж нь байсан болохоор манай гэр бүлд үнэхээр харамсалтай байна.

-Дуудлага өгсөн хүн, театрын дарга, хамт олонтой нь уулзсан уу?

-Театрын дарга шинэ жил болох үеэр Солонгост байсан. Банзрагч гэдэг хүн орлож байсан. Саяхан Өнөржаргал гээд эгч маань эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар Сэржмятавтай таараад “Эмээтэй минь ядаж очоод уулзаач” гэж хэлсэн гэсэн. Одоо болтол ирээгүй. Жаахан төвөгшөөсөн шинжтэй байдаг юм билээ.

-Та бүхний зүгээс шүүхийн шинжилгээний дүгнэлтэд эргэлзэж, гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байгаагийн шалтгаан юу вэ?

-Талийгаач маань архи дарс уугаад, хүнтэй маргаад байдаггүй төлөв даруу хүн л дээ. Тэр тусмаа хоёр хүүхдээ үлдээгээд амиа хорлох хүн яавч биш. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бие дээрх шархыг юунаас болж үүсэв, ямар магадлалтайг нарийвчлан гаргах байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл хоёр метр гаруйн өндрөөс унахад тархинд гэмтэл авч үхэлд хүрч болно л гэсэн ерөнхий дүгнэлт гаргасан.

Талийгаачийн найман хавирга нь хугарч, тархиндаа тоолж барамгүй их бяцралттай, хоолойг нь боосон мэт цус хурсан, цээж хэсэгт нь цохисон мэт улаан оромууд, хоёр өвдөг нь хөхөрсөн, баруун гарын чигчий хурууг хурц юмаар зүсч урсан уу гэмээр гүн шархтай байсан. Мөн өмсч байсан гадуур хувцас нь чирсэн гэмээр шороо болсон. Талийгаачийн хувцсыг тайлах үед ухаан орохдоо “Намайг битгий зодооч” гэж байсныг  эмч нар хэлж байсан. Хажуу талаараа унасан хүн ганц удаагийн уналтаар ийм их гэмтэл, шарх сорви авна гэж байх уу. Хар ухаанаар бодоход 90 см шатны хашлага дээгүүр согтуу хүн давж унах уу. Шатны хашлаганы доор дахиад нэг тусгаарласан хашлага бий. Энэ хашлаганы дундуур гулгаад уналаа гэхэд хашлаганы дээд талын тоосны мөр арилсан байгаа нь сонин.  Гэтэл эгч маань метр 50 см өндөртэй. Хашлаган дээгүүр хөлөө ч юм уу давуулж байж унана биз дээ. Гэтэл тоосны арилсан байдлыг харахад зөвхөн хүн зогссон гэмээр л байгаа юм. Согтуу хүн авирсан гэхээр гарын мөрөөр тоос арилах ёстой.

Биеэс нь олдоогүй эд зүйлс ч бий. Хүзүүний зүүлт, өрөөсөн ээмэг нь огт олдоогүй. Хүзүүгээ боомилуулсан гэмээр гарын ортой хөх эрээн болсон. Ил шархууд ихтэй. Хүзүү, гуя, өвдөг хөх няц болсон. Хоёр метрээс уналаа гэхэд найман хавирга, эгэм нь хугарч, хөл, гар, хүзүү нь хөх няц болох уу гээд эргэлзээтэй зүйлс их байгаа учраас үнэхээр гомдолтой байна.

Бидний бодлоор ямар нэг байдлаар гадны хүчний үйлдэл, нөлөө байсан. Түүнийгээ нуун дарагдуулахаар өндрөөс унагасан болгож харагдуулсан юм биш байгаа гэж хардаж байна. Мөн нэг туслах охин, жижүүр хоёр л олж харж дуудлага өгсөн гэж байгаа ч олуулаа байж байгаад маргаан үүсч цаг алдсанаас цус бүлэгнэж, хатсан байх магадлалтай. 103 руу анх залгахдаа цусаар бөөлжөөд гэж залгасан байдаг. Тэгээд эмч очоод гадна нь бөөлжиж байсан хүнээс асуухад дотор байгаа гэж хэлснээс харвал гадаа байсан хүн хүртэл мэдсэн байж. Анх дуудлага өгсөн жижүүрээс их зүйл гарна гэж боддог. Уулзах болгонд зөрүүтэй зүйл ярьдаг. Эсвэл олон хүн байсан гээд, нөгөө бол бүжгийн анги руу орох чигтэй нэг давхар руу бууж явсан гэдэг. Алдсан хүн арван тамтай учраас олон төрлийн таамаглал дэвшүүлж байна даа.

-Шүүхийн шинжилгээний дүгнэлттэй нарийвчлан танилцсан уу. Яг ямар дүгнэлт гарсан юм бэ? 

– Шүүхийн шинжилгээний дүгнэлт 3-4 сарын дараа үнэхээр хангалтгүй гарсан. Хоёр удаагийн дүгнэлт гарахдаа эхнийх нь үхлийн шалтгаан өндрөөс унасан гэмтлээс болсон. Хоёр дахь нь өндрөөс унахад хавирга хугарна, тархи бяцарч яс цуурна гэдэг зүйл л бичсэн байсан. Шарх ингэж үүсэх магадлалтай гэсэн нарийвчилсан дүгнэлт байгаагүй. Анх 103-ын эмч очиход үс нь ноолорсон, шифилкнүүд нь сугарч алга болсон, толгой нь цусандаа хутгалдсан байсан учраас хайчлахаас өөр арга байгаагүй гэсэн. Уг нь сэхээнд байхад нь шүүх шинжилгээний эмч орж хоолой, өвдөг, бие нь энд тэндгүй хөхөрсөн зургийг авсан. Тэгсэн ч юу ч хэлээгүй, нарийвчилсан дүгнэлт гаргаагүй.

Эгчийн маань цүнх нь нэг давхарт, хувцас нь хоёр давхарт гээд эд зүйлс театрын  энд тэндээс олдсон. Бид өөрсдөө очиж хайж олсон. Үснийх нь шифилк хаа сайгүй тарчихсан, цусных нь толбо хана, пааранд үлдсэн байсныг эгчийн цус гэдгийг шинжилгээгээр тогтоосон.

Унаад босч ирж чадаагүй юм бол яагаад цусных нь толбо хана, пааран дээр үлдсэн юм бол. Гар нь хурц ирмэгтэй зүйлд зүсэгдсэн байсан. Бодвол тэр гараараа л хана, паар түшээд явсан юм шиг байна лээ. Гэтэл төмөр шатаар дээшээ өгсөхдөө цус, гарын мөр үлдээгээгүй. Гараараа түшилгүй өгссөн юм уу гэмээр. Хананы тоос ер арилаагүй.

Нэг, хоёр давхарт үлдсэн цусны толбыг эгчийнх мөн эсэхийг тодруулуулахаар бид өөрсдөө хөөцөлдөж шүүхийн шинжилгээний газарт хандсан. Эд зүйлийг ч мөн адил өөрсдөө хайж олоод цагдаагийн мөрдөн байцаагчийг дуудаж зургийг нь авахуулсан. Тухайн үед хэргийн газрыг битүүмжлээгүй. Ул мөр нь арилчихвий гэдэг үүднээс битүүмжлүүлэх хүсэлт тавьсан. Маргааш өглөө нь очиход цусыг угаачихсан байсан. Эгч театрын хөшиг янзалдаг шатнаас тайзан дээр унасан. Тайз бол гурван давхар хулдаатай мод. Гишгээд явахад намалзаж байдаг зөөлөн шал шүү дээ. Цемент биш. Ингээд бодохоор эргэлзэх зүйл маш их бий. Тиймээс гэмтэл, шарх болгон дээр нь дүгнэлт хүсч байна.

-Уучлаарай. Гэхдээ задлан шинжилгээ хийлгэсэн үү?

-Хэргийг шуурхай шийдэх арга нь өмгөөлөгч юм байна гээд долоо хоногийн дараа өмгөөлөгч авсан. Босоод ирэхгүйгээс хойш биеийг нь сэглүүлээд яахав гээд задлан хийлгэхгүй гэж байснаа амиа хорлосон болж хувирах шинжтэй байхаар үнэн мөнийг олохын тулд  задлан хийлгэсэн. Хариу нь бас л тодорхойгүй, бүрхэг болоод өнгөрсөн. Миний эгч хоёрын хоёр хүүхдээ хаяад амиа хорлохгүй.

-Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа хэр үр дүнтэй явагдаж байна вэ. Хэргийн явцын мэдээллийг авч байгаа юу? 

-Тухайн үед ах дүү нараараа эрчимтэй хөөцөлдсөн ч ганц хүн нь төлөөлж харьц гэсэн учраас эхлээд нагац маань бие төлөөлөгчөөр нь байж байгаад сум руугаа явсан. Дуудах бүрт нь ирж амжихгүй байсан болохоор 76 настай эмээ маань төлөөлөх болсон. Эмээгээр дамжуулаад хүмүүсээс мэдүүлэг авсан эсэх хэргийн явц, нотлох баримт ямар байгааг асуулгахаар шүүх хурлаар орохоор мэд гэдэг. Гэтэл хэрэг гараад долоон сар гаруй болж байхад одоо болтол шүүх хурал товлогдох нь битгий хэл хэрэг нь прокурорт шилжсэн эсэх нь ч тодорхойгүй байгаа. Яагаад таг болчихов гээд асуухаар прокурор нь солигдсон  гэдэг. Ямар шалтгаанаар солигдсоныг хэлээгүй.

Уг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэдэг утгаараа эмээд мэдээлэл өгөх ёстой. Одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Шүүх, цагдаа дээр гүйгээд очихоор нэг янзын л тайлбар хэлнэ. Өөрөөр хөөцөлдөж, өмгөөлөгчтэйгээ сайн ажиллаж чадахгүй л байна. 

Одоо бол бидний эцсийн найдвар хууль хяналтын байгууллагынхан л болж байна даа. Үнэн зөв нь тогтоогдоосой, хүүхдүүд нь ээжийгээ амиа хорлосон гэсэн шархыг насан туршдаа битгий тээж, шаналаасай гэж хүсч байна. Хорвоог орхисон ч нэрийг нь цэвэр байлгахсан.

-Төрийн албан хаагчид ажлын байран дээрээ архидаж, хүний амь эрсэдсэн гэж хэн нэгэн хариуцлага хүлээсэн үү?

-Тухайн үед түр орлон гүй­цэтгэг­чээр ажиллаж байсан Банзрагч гэдэг хүнд хариуцлага тооцсон гэсэн. Театрын ажилтнууд шинэ жилээ ойр­хон тэмдэглээд хувцсаа солих гэж л орж ирсэн гэж хариулсан уч­раас ажлын байран дээр архидсан шалт­гаанаар хариуцлага тооцох бо­ломжгүй болсон юм шиг байна лээ.

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.