Comment.mn

Иргэн Ц.Энхзаяа: Дээд шүүх 2.7 фромилтэй согтуу жолоочийн ялыг хөнгөрүүлсэн

Ослын газрын зураг

Иргэн Ц.Энхзаяатай ярилцлаа.


-Осол гарах үед та бүхэн хаашаа явж байсан бэ. Ослын шалтгаан нь юу байв?

-Баасан гаригт ажлаа эртхэн амжуулаад л хойшоо зуслан руугаа ээжтэйгээ, хоёр хүүхэдтэйгээ явж байсан юм. Шадивлин өнгөрөөд л явж байхад яах ийхийн зуургүй өөдөөс машин ирж мөргөсөн. Энэ хэрэг дээр ажилласан шинжээчид осол гаргасан жолоочийг урсгал сөрсөн, 2.7 фромилийн согтолттой болохыг тогтоосон.

-Осол болоход ээжтэйгээ, хоёр хүүхэдтэйгээ явж байсан гэлээ. Ослын дараа зорчигчдын биеийн байдал ямар байсан бэ. Мөн одоо ямар байдалтай байна вэ?

-Осол болсон даруйд нүд халтирам байсан. Ээж минь тэр чигтээ цус болчихсон би ээжийгээ машинаас гаргахыг оролдсон. Охин маань уйлаад байсан. Хүү машинаас буугаад газар хэвтсэн байсан. Ээжийг маань машинаас гаргах гэж маш олон хүн тусалсан. Нөгөө машины жолооч машиныхаа хажууд согтуу хэвтэж байгаа харагдсан. Надад тусалсан хүмүүс шал согтуу байна шүү дээ гэж байсан. Хоёр түргэний машин гэмтлийн эмнэлэгт авчирсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд гурван цагдаа намайг үлээлгэсэн. Нөгөө жолооч үлээх чадваргүй согтуу байсан болохоор цуснаас нь шинжилгээ авсан. Энэ ослын улмаас хүнд гэмтсэн ээж маань өнөөдрийг хүртэл ухаан ороогүй нэг жил болох гэж байна. Энэ ослоос өмнө эрүүл саруул, хоёр хүүхдийг минь хараад миний ар тал болдог байсан. Миний охин бүжгийн спортоор тав дахь жилдээ хичээллэж байсан юм. Ослын улмаас аарцагны яс, баруун шуу нь хугарч дахиж бүжиглэх боломжгүй болсон. Миний өвдөг хүнд гэмтсэн. Дурангийн хагалгаанд орох шаардлагатай. Нуруундаа физик эмчилгээ хийлгээд үр дүнд хүрэхгүй бол хагалгаанд орно. Ээжийгээ ийм байдалтай байхад хэдий заваараа яаж эмчилгээ хийлгэх билээ дээ. Ээжийгээ ярьдаг болгочих юм сан, босоод суудаг болгочих юмсан гээд төдийгөөс өдийг хүртэл хичээж явна. Гэхдээ үр дүн алга. Гэмтлийн эмч нар “Ээж чинь хүсч байгаа шиг чинь ярьдаг болохгүй, өндийж суухгүй. Амьдрах боломжгүй болсон хүн ирсэн шүү дээ. Таныг насаараа харамсах вий гэсэндээ хэдэн сар ч болов хажууд нь байж асрах боломжтой болгох гэж бид их хичээлээ” гэсэн. Гэмтлийн эмнэлэгт 45 хоноход нурууны хэсэг нь гарын алганы дайны цоорсныг мэргэжлийн сувилагчаар одоо ч боолгодог. Бага ч болов хунигдаж л байна, гэхдээ ухаан ороогүй болохоор тодорхой сайн үр дүнд хүрч чадахгүй байна даа.

-Хоёр хүүхдийнх нь бие гайгүй юу?

-Бид тухайн үед хүүгээ эмчид үзүүлж чадаагүй. Охин маань бол гэмтлийн онош нь тодорхой болж хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Хүү бол зөөлөн эдийн гэмтэл гээд гар хуруугаа боолгоод өнгөрсөн. Гэтэл өнгөрсөн тавдугаар сарын 6-нд гэртээ зүгээр байж байгаад л татаад уначихсан. Яаралтай түргэн тусламж дуудахад мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Маргааш нь үзүүлэхэд “Авто ослын хоруу чанар илэрч байна. Тархины MRI хийлгэ” гэсэн, одоогоор чадахгүй л байгаа. Эдийн засаг болоод сэтгэл санаагаар туйлддаг юм байна.

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасан жолооч эд материал болон сэтгэл санааны хохирлыг тань барагдуулсан уу?

-Би 45 хоног гэмтлийн эмнэлэгт ээжийгээ сахисан. Энэ хугацаанд Г.Ариунболдыг ээжийн минь биеийн байдлыг асууж ирэх болов уу гэж хүлээж байсан ч огт ирээгүй. Нэг ч удаа асуугаагүй. Жолоочийн царайг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дээр анх удаа л харсан. Гэмээ ухаарч уучлал огт гуйгаагүй. Энэ ослыг гаргасан Г.Ариунболдын өмгөөлөгч С.Намжилмаа “Энэ хөгшин тавилангаараа л явж байгаа юм. Тавилан нь энэ байхгүй юу” гэж шүүх хурал дээр хэлэхэд дэндүү их гомдсон.

-Анхан шатны шүүхийн шийдвэр яаж гарсан бэ?

-36 сая төгрөгийн хохирлыг барагдуулах, Г.Ариунболдод гурван жилийн хорих ял оноосон шийдвэр 2018 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр гарсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Г.Ариунболд хоёр өмгөөлөгчтэйгөөр нийслэлийн шүүхэд давж заалдсан.

-Давж заалдах шалтгаан нь юу байсан юм бол?

-Гурван жилийн хорих ялыг тэнсэн болгох, хохирлын хэмжээг багасгахыг хүссэн өргөдөл гаргасан байсан. Г.Ариунболдын ээж С.Сүгжмаа нь надад “Чи наад хохирлынхоо хэмжээнээс 10 саяыг нь хасчих. Тэгээд гомдолгүй гэж хэл. Тэгвэл миний хүү ажил хөдөлмөр хийгээд хоёр жилийн хугацаанд хохирлыг чинь барагдуулна. Өөр боломжгүй” гэж хэлсэн.

-Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр яаж гарсан бэ?

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Г.Ариунболд Улсын дээд шүүхэд давж заалдсан. Гэтэл Улсын дээд шүүх хохирогч бидэнд огт мэдэгдэлгүй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд хуралдчихсан байсан. Би хурал болсныг зургадугаар сарын 05-нд мэдсэн.

– Хохирогчдын талаас хүн оролцуулаагүй юм уу?

– Хохирогч бидний нэгэнд нь ч хэлээгүй. Өмгөөлөгчийг маань ч шүүх хуралд оролцуулаагүй. Өмгөөлөгчид мэдэгдсэн гэсэн тэмдэглэл байх боловч өмгөөлөгчийн маань танилцсан гарын үсэг байхгүй байна лээ.

-Шүүх хурлын протоколтой та танилцсан уу?

– Шүүх хурлын протоколыг дээд шүүхийн тогтоолыг авах гэж очихдоо хавтаст хэргээс олж уншсан. Тэр протоколд: Шүүгч н.Хосбаяр хохирогч эмэгтэйн биеийн байдал ямар байгааг асуухад Г.Ариунболдын өмгөөлөгч С.Намжилмаа “Ярьж чадахгүй ч орчинтойгоо харьцаатай байгаа“ гэж хариулсан байгаа юм. Миний ээжид ямар ч орчны харьцаа байхгүй шүү дээ. Ухаангүй байгаа. Хохирогчийн талын байр суурьгүй шүүгдэгчийн хоёрын хоёр өмгөөлөгчийн мэдүүлгээр дүгнэсэн нь гайхалтай. Бид гэр бүлээрээ эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирч явна шүү дээ. Надад үг хэлэх эрх олдсонгүй. Би бодит байдлыг хурал дээр танилцуулж чадсангүй. Хамгийн гол нь энэ хурлаас шүүгдэгч Г.Ариунболд гурван жилийн хорих ялаа хоёр жил болгоод бууруулчихсан байгаа юм. Энэ хүнийг заавал хорих ялаар шийтгүүлэх гээд байгаа юм биш. Нэг гэр бүлийг ийм болгочихоод хохирол барагдуулах алхам огт хийхгүй, хийсэн хэргээ ухамсарлахгүй гэмшихгүй байгаа нь дахин хэн нэгний гэр бүл, амь насаар тоглох вий гэх айдсыг төрүүлж байна. Дээд шүүх яагаад хохирогчдын байр суурийг сонсолгүй ийм шийдвэр гаргасан юм бол, энэ шийдвэрээ эргээд нэг харна гэж найдаж байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандаж өргөдлөө өгсөн байгаа. Одоо хариу гараагүй байна. Хүний амь нас, эрүүл мэнд хамгаас чухал тул зөв шийдвэр гарна гэдэгт итгэж хүлээж байна.

-Г.Ариунболдын эрхэлдэг ажил хөдөлмөр, амьдрал ахуйг судалж үзсэн үү. Хохирол барагдуулах боломжтой хүн үү?

-Судлаад явах зав надад гараагүй ээ. Ээжийгээ босгох гэж хичээж явна. Гэм буруугаа ойлгоод учруулсан хохирлоо төлж, сэтгэл гаргах болов уу гэж төдийгөөс өдий хүртэл харсан. Хүний мөс чанар гэж байдаг бол, хийсэн гэм нүглээ наминчилъя гэж жаахан ч болов сэтгэдэг бол, үйлийн үр гэж байдгийг гадарладаг бол уучлал гуйж, хохирлоо барагдуулна байх гэж харж байна.

-Дээд шүүхийн ерөнхий шүүгчид та хэдийд хандсан бэ?

– Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандаж зургадугаар сарын 17-нд өргөдлөө өгсөн. Монгол Улсын Эрүүгийн хуульд Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан этгээдэд оноох шийтгэл нь мөнгө төгрөг, эд хөрөнгө хулгайлсан хулгайн хэргээс бага ялтай юм билээ. Гэтэл Улсын дээд шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн эсрэг шийдвэр гаргаад байвал жилд 1000 орчим хүн автын ослоос болж тахир дутуу болж, өдөрт 1-2 хүн нас бардаг гэсэн энэ тоо буурахгүй. Мөн эм тариа, живх бүгд импортоор орж ирдэг. Мөнгөний урсгал гадагш чиглээд байна шүү дээ. Дээд шүүх нийгмийн бурууд зөв шийдвэр гаргаж байж гэмээнэ зөв голдиролд орно. Тиймээс найдаад хүлээж байна даа.

О.ДАШ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.