Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 7 сарын 16-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан билээ.
Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулсан юм.
Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэж баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллахаар болсон.
Өнөөдөр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Лхагва гарагт Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтын талаар улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүд өрнүүлнэ. Дээрх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, өргөн мэдүүлсэн төсөл, саналаа танилцуулах юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн төслийн УИХ-ын 108 болгох саналыг УИХ-ын гишүүдийн дийлэнхи олонхи буюу 60 орчим нь дэмжиж буй аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох үндэслэлээ: “1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 1992 онд Улсын Их Хурлын 1 гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн байна. Хүн амын тоо гуравны нэгээр өссөн байхад Улсын Их Хурлын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар юм.” хэмээн тайлбарласан юм.
Э.Мягмар
sonin.mn