Comment.mn

Арслан айлын хурганы хашаанд…

МАН-ын лидер, Ерөнхий сайд асан С.Баяр ном бичиж, олон нийтэд хүргээд байна. Түүнийг өнгөрсөн хугацаанд АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр сар орчим  саатуулан шалгаж байв. 

Удахгүй хуулийнхны шалгалт дуусч, С.Баярын хэргийг шүүхэд  шилжүүлэх юм билээ. Асуудал ийм атал тэрээр ном хүртэл бичээд л харьцангуй тайван байгаа бололтой. Ингэхдээ тэр улстөрчид, авлигачид ном бичээд хийсэн гэмээ булзайруулдаг, хэн нэгэн рүү дайрдаг ийм л жишгийг гаргаж ирэв. Тэрээр  номдоо өөрийгөө өмөөрөх, бусдыг харлуулах тактикийг тун ч гарамгай ашигласан байна билээ. Аргагүй л стратеги, тооцоолол сайтай улстөрч юм. Түүнээс л ийм санаа гарна. Одоо С.Баярын араас ном гаргахаар саатуулагдах байранд өнгөрүүлсэн амьдрал, дурсамжаа бичээд сууж байгаа улстөрч ч байна.

Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяр номоо гаргаад чимээгүй орхисонгүй, тэрүүхэндээ нижгэр нээлт хийсэн байдаг. Түүний номын баярт улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн олноороо оролцож баяр хүргэсэн.

С.Баяр ч “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” номынхоо хуудсанд гарын үсгээ зурж тараав. С.Баяр бол эрх баригч намын лидер гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин түүний номын баярт өөрийнх нь намын нөхдөөс хэн ч ирсэнгүй нь сонин байв. Улстөрд гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн дүү нар нь ч ирээгүй. Баяр хүргээгүй. Харин өрөөлийн намынхан олноороо оролцож, С.Баяр тэр дунд их л ганцаардаж харагдав. Тухайлбал, нийтлэлч Б.Баабар, Хотын дарга асан С.Бат-Үүл, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам гээд АН-ын гаралтай эрхмүүд л ирсэн. Үүнээс  харахад С.Баярыг МАН аль хэдийнэ тоохоо больж, “тогооноосоо” гаргасан бололтой. Харин С.Баяр арслан айлын хурганы хашаанд… гэдэг шиг өөр газар төвхнөх аргаа олох гэж ядаж яваа ч юм бил үү.

Уг нь С.Баяр МАН-ын сонгуулийн штабыг олонтаа удирдан ялалтад хүргэж байсан гэлцдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн 2016 онд гэхэд Элчин сайд байхдаа сонгуулийн өмнөхөн эх орондоо ирж, МАН-ын төв байранд төвхнөж байв. Тусгай өрөө гаргуулж, туслах, зөвлөхүүдээр хүрээлүүлж, сонгуулийн ажилдаа орсон. МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт ч С.Баяртай холбоотой гэдэг. Тиймээс тэр уг нь ингэж намын нөхдөдөө хаягдах хүн биш сэн.

Гэхдээ МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л С.Баяраас зайгаа авч эхэлсэн байдаг. Ер нь тэгээд ч С.Баяр нэр цэвэр байгаагүй. Оффшор, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, АНУ-ын үнэтэй  хаусууд, долдугаар сарын 1-ний хэрэг гээд л түүний нэрнээс зүүгддэг асуудал олон. Тэр дундаа С.Баярын Ерөнхий сайд байхдаа байгуулсан Оюутолгойн гэрээтэй холбоотой ноцтой баримтыг хуулийн байгууллагынхан шалгаж буй. Энэ асуудлыг хуулийнхан төдийгүй монголын ард түмэн яриад, ухаад эхэлбэл С.Баярын бүтээлцсэн МАН задарч, бутарч эхэлнэ ч гэх юм билээ. Тэгэхээр түүний нөхөд буюу эрх баригч намынхан С.Баяраас зай барих нь аргагүй л юм. Арслан айлын хурганы хашаанд…

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.