Үндэсний их баяр наадмын шүдлэн насны уралдааны үеэр унаач хүү морьтойгоо унасан. Тэр үед үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицер Н.Батнасан уралдааны үеэр гүйн очиж, моринд нь мордуулсан. Эргүүлийн офицер Н.Батнасантай үүргээ гүйцэтгэж байхад нь хэсэг хором ярилцлаа.
-Шүдлэн насны уралдаанд нэгэн бахархалтай үйл явдал болсон. Яг юу болсон юм бэ?
-Шүдлэн насны уралдааны үеэр түрүүлж давхиж байсан зээрд халзан үрээ хүүхэдтэйгээ бүдэрч унасан. Тэгэхээр нь гүйж очоод биеийг нь асуусан чинь бэртэл гэмтэл аваагүй байсан. Надтай хамт ДХИС-ийн сонсогч Бат-Эрдэнэ очсон. Хүүхэд “Би зүгээрээ ахаа намайг морин дээр мордуулаач өгөөч” гэж гуйсан. Морийг нь босгоод, хүүхдийг нь мордуулаад уралдааны замд оруулсан. Харин сүүлд миний мордуулсан зээрд халзан үрээ айргийн гуравт орсон байна лээ. Хүүхэд, уяачтай дахин уулзаагүй. Айрагдсанд маш их баяртай байна.
-Өмнөх жилийн наадмуудаар үүн шиг үйл явдал тохиолдож байв уу?
-Би Цагдаагийн байгууллагад 11 жил ажиллаж байна. 11 жил Хүй долоон худагт наадмын үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын хамгаалалтад гарч байна даа. 2015 оны наадмаар бас нэг хүүхэд мориноосоо унаад, морь нь хөлөө хугалаад түүн дээр хамгийн түрүүнд очиж, эмч дуудаж тусламж үзүүлж байсан. Ийм үйл явдлаас хойш унаач хүүхэд, уяачдын бүтэн жилийн нөр их хөдөлмөр ийм зүйлээс болж үнэгүйдэж болохгүйг ойлгосон болохоор хүүхэд уяачид багахан ч болов цаг алдалгүй туслахыг хичээдэг дээ.
– Гэрийнхэнтэйгээ наадаагүй 11 жил болж байгаа юу?
-Цагаан сар, үндэсний их баяр наадам зэрэг бэлэн байдлын хамгаалалтад гарсан үед бидэнд баярлах эрх байдаггүй. Нартай цастай, бороотойд ч үүргээ гүйцэтгэж л байна. 11 жил гэрийнхэнтэйгээ наадсангүй, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тушаалаа аваад ажилладаг даа.
-Та аль нутгийн хүн бэ. Гэр бүлийнхэн нь ажлыг тань хэр ойлгодог вэ?
-Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумынх. Ээж аав маань Архангайд бий. Манай эхнэр Одгэрэл гэж бүсгүй бий. Гурван хүүхэдтэй. Миний ажлыг сайн ойлгодог. Саяхан намайг эргэж хоол цай авчирч өглөө.
-10 жилийн өмнөх наадам, одоогийнх гээд ямар өөрчлөлтүүд гарсан байна вэ?
-11 жилийн өмнө хамгаалалтад гарч байсан үе, одоо үе хоорондоо маш их ялгаатай байна. Хүй долоон худгийг зорьдог иргэдийн тоо өссөн байна. Зохион байгуулалтын өндөр түвшинд сайхан болдог болсон байна. Их сайхан соёлтой, тавьсан шаардлагыг хүлээн авах, биелүүлэх тал дээр ухамсартай болжээ иргэд маань. Гэмт хэрэг зөрчил ч алга.
Эх сурвалж:www.polit.mn