Comment.mn

Багахан хүндрэлийг шийдчихвэл 200 орчим хүүхэд цэцэрлэгтэй болох нь

Улаанбаатар хотын есөн дүүргээс Баянгол дүүрэгт шинээр барьж, өргөтгөж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Өмнө нь бид 13 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлын явцыг сурвалжилсан бол энэ удаад 114 дүгээр цэцэрлэгийг зорьсон юм.

Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийг 1987 оны долоодугаар сард байгуулж, 12 бүлэг, 41 багш, ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш буюу 32 жилийн дараа ийн өргөтгөж байгаа юм.

Н.МӨНХБАТ: НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТЭЭР ХИЙХ ХЭД ХЭДЭН АЖИЛ БИЙ

Баянгол дүүргийн VI хорооны хүүхдүүд 114 болон 98 дугаар цэцэрлэгт суралцаж байна. Хэдийгээр хоёр цэцэрлэгт хүүхдүүдээ хуваан суралцуулж байгаа ч хамран сургах тойргиинхоо нийт хүүхдиин 70 хувийг хүлээн авдаг бөгөөд өргөтгөл барьснаар 90 орчим хувийг нь хамруулах боломжтой.

150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга хоёр давхар, давхар бүрийн талбай нь 578 ам метр аж. Зоорийн давхарт нь цагаан хэрэглэл угаах болон архивын өрөө, чийрэгжүүлэлтийн танхимтай байхаар зургийг нь гаргажээ.

Гүйцэтгэгчээр “Зөөлөн эхийн сахиус” компанийнхан ажиллаж байна. Барилгын ажлыг графикийн дагуу гүйцэтгэж өдгөө 70 гаруй хувьтай үргэлжилж буйг тус компанийн ерөнхий инженер Н.Мөнхбат хэллээ.

Тэрбээр барилгын ажлын санхүүжилт цаг тухайдаа орж байгаа учраас эдийн засгийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Гэхдээ барилгаа шугам сүлжээнд холбохын тулд хажуугийн гараашийг нураан,холболт хийсний дараагаар эргүүлэн барих нь хүндрэлтэй байгааг дуулгасан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Барилгын ажлын явц хэдэн хувьтай байна. Одоогоор аль хэсгийн ажлыг гүйцэтгээд байна вэ?

-Барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Одоогоор дотор талын сан, цахилгааны ажлыг гүйцэтгэж байна. Зоорийн давхрын өрлөг, шавар зэргийг хийж дуусгахаас гадна халаалтын систем, сангийн цэвэр, бохир усны шугам, цахилгааны холболтуудыг хийсэн.

Гадна талын бохирын шугамын холболт хийхээс гадна дулааны шугамыг өргөтгөх шаардлагатай байгаа. Үүнийг хийхэд зарцуулах мөнгийг гэрээнд тусгаагүй учраас нэмэлт төсөв хэрэгтэй болсон. Цэцэрлэгийн өргөтгөл доод давхартаа угаалгын газартай учраас бохирын шугамыг холбох зайлшгүй шаардлагатай.

-Эдгээрээс гадна зураг төсөлд тусгаагүй хэрнээ зайлшгүй хийх шаардлагатай ажил гарч байна уу?

-Цэцэрлэгийн үндсэн тэжээл явсан талбайд өргөтгөлийн барилгын зургийг төлөвлөсөн учраас түүнийг эхний ээлжид компанийнхаа санхүүжилтээр хойш нь гаргасан. Энэ мөнгөө гаргуулж авах шаардлагатай байна. Мөн шинэ цэцэрлэгийн зоориос дээш гарсан шатанд хаалт хамгаалалт байхгүй тул борооны ус зоорийн давхар руу нэвчих эрсдэлтэй. Тиймээс нэмэлт санхүүжилт гаргаж байж шатанд хаалт хийх шаардлагатай байгаа юм. Цэцэрлэг болон өргөтгөлийн барилгын хоорондох зай хэтэрхий ойрхон болохоор дээврийн ус барилгын сууринд нөлөөлөх учраас ус зайлуулах бага хэмжээний систем хийх шаардлага бий. Энэ мэт ажлуудыг одоогоор нэмэлт санхүүжилтээр хийх хэрэгтэй.

-Тухайн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд холбогдох газарт нь хандсан уу. Ямар хариулт өгсөн бэ?

-Үүссэн асуудлыг шийдэхийн тулд холбогдох газарт нь албан бичиг хүргүүлж, уулзсан боловч нааштай хариу авч чадаагүй. Тиймээс бид БСШУСЯ-нд хандахад нааштай хариу өгч, энэ асуудалд анхаарал тавьж шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн. Бохирын шугамын холболт хийхийн тулд ойролцоо байгаа нэг гараашийг буулгах шаардлагатай байгаа. Холболтоо хийсний дараа дахиад барих ажил бий. Үүнд бас тодорхой санхүүжилт хэрэгтэй. Мөн үйлчилгээний хоёр худаг барих ёстой. 

-Зураг төсөлд тусгаагүй ажлуудыг гүйцэтгэхэд нэмэлтээр хэдэн төгрөг шаардлагатай байна вэ?

-Мөнгөн дүнг нь нэгдсэн байдлаар тооцож гаргаагүй. Мэргэжлийн хүнд нь хандаж байж шаардлагатай төсвийг нь гаргуулна.

-Гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өгч амжих уу?

-Гэрээнд заасан ёсоор наймдугааp сарын 1-нд хүлээлгэн өгөх ёстой. Гэвч гадна талын холболтын ажлыг шийдвэрлэхэд хугацаа шаардлагатай. Тиймээс нэн даруй хугацаа алдалгүй л шийдвэрлэж, хичээл эхлэхээс өмнө тухайн ажлыг гүйцэтгэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хичээл эхэлчихвэл хүүхэд унаж бэртэх эрсдэлтэй.

-Ашиглалтад оруулах сүүлийн хугацаа хэдэн сарын хэдэн бэ?

-Дээр дурдсан асуудлыг шийдчихвэл наймдугаар сарын 20-ныг гэхэд хүлээлгэж өгөх боломжтой. Гэхдээ өрлөг, шаврын ажлыг нэг дор гүйцэтгэдэггүй. Технологийн байдлаас шалтгаалан шат дараатай хийдэг. Одоо заслын ажлаа хийнэ. Гэхдээ өнөөдөр шавардсан хананд маргааш засал хийж болохгүй. Мөн л тодорхой хугацаа шаардлагатай болдог.

“ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ХҮҮХДҮҮДИЙН 90 ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО”

Цэцэрлэгийн хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2019-2020 онд шинээр 174 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тухай БСШУСЯ-наас мэдээлсэн. Үүнээс 29 цэцэрлэгийн барилгыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй. Үүний нэг нь Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг юм. Тус дүүргийн V, VI хороонд цэцэрлэгийн насны 1000 гаруй хүүхэд бий. Тэдний 30 хувь нь 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлджээ. Гэхдээ зөвхөн ийм байдал тухайн дүүрэгтэй гараагүй. Бусад дүүргийн хувьд ч мөн адил. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал, хүртээмж хангалттай биш. Тиймээс БСШУСЯ-наас томоохон хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж буйн нэг нь цэцэрлэгийн хүчин чадал, тоог нэмэгдүүлж, сургуулийн өмнөх насныхны дийлэнхийг хамруулах явдал юм.

Баянгол дүүргийн 114 цэцэрлэг VI хороонд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн хорооны 113 байрны болон ойр орчмынхоо хүүхдүүдийг хүлээн авдаг. 2018-2019 оны хичээлийн жилд 12 бүлэгт 535 хүүхдийг хамруулжээ. Гүйцэтгэгч компани өргөтгөлийг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өгч чадвал нийт 123 байрны 730-аад хүүхдийг хүлээн авах бүрэн боломжтойг тус цэцэрлэгийн эрхлэгч М.Сарантуяа хэллээ.

Тэрбээр “Өргөтгөлийг ашиглалтад оруулснаар цэцэрлэгийнхээ хамран сургах тойргийн хүүхдүүдийн 90 хувийг хамруулна. Одоо бол үүнээс бага, 70 гаруй хувийг нь л хамруулж байна. Өргөтгөлийг зургаан бүлэгтэй байхаар тооцсон. Үүнийг задалбал, зургаан настан буюу бага бүлэг, таван настан буюу бэлтгэл бүлэг тус бүр нэг, гурав болон дөрвөн настны анги нээхээр төлөвлөн хяналтынхаа тоог нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн. Ингэснээр хүүхдүүд цахим хэлбэрээр элсэн орох боломжтой. Боловсон хүчний тухайд одоо ажиллаж буй 42 ажилтан дээр багш, ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу 24 хүн нэмж авна. Энэ ажлыг наймдугаар сарын 15-наас хойш зохион байгуулна. Гүйцэтгэгч компанийн инженерийн хэлснээр гадна талын шугам, сүлжээ, сантехникийн асуудлыг маш хурдан шийдвэрлэчихвэл есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх бүрэн боломжтой” гэлээ.

Гүйцэтгэгч компанийн инженерийн хэлснээр багахан хүндрэлийт шийдчихвэл 200 орчим хүүхэд цоожтой хаалганы цаана бус үеийнхэнтэйгээ өдрийг хөгжидтэй өнгөрүүлэх боломжтой болох юм. Тиймээс захиалагч болон гүйцэтгэгч байгууллагууд гэрээнд заасан үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж, хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгох л үлдэж байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.