Comment.mn

Х.Баттулга: Г.Жамьяан гуай та бичсэн зүйлээ нотлохгүй бол хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй нь

Ерөнхийлөгчийн ил захидал: Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч Галсангийн Жамьян танаа

Сайн байна уу, Г.Жамьян гуай. Зуншлага сайхан уу.

Таны “Зууны мэдээ” сонин болон sonin.mn сайт дээр (2019.06.19) нийтлүүлсэн Ил захидлыг уншаад хариу бичиж сууна. Юуны өмнө Таны үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг гүнээ хүндэтгэж байна.

Та олон жил хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан ахмад туршлагатай сэтгүүлчийн хувьд хэлсэн бичсэн бүхэн чинь хөдөлбөргүй баримттай, нотолгоотой, эх сурвалжаа давхар шалгаж байж нийтэд хүргэх ёстойг сайн мэдэх ёстой гэж бодож байна. Харамсалтай нь, таны захианд баттай эх сурвалж, баримт гэхээр зүйлс алга.

Захидлаа Таны айхтар сүржин төгсгөл үгст хариулахаас эхэлье гэж бодлоо. Та “… Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг олон хулгайчтай гээд зарлачихсан. Бүхний харж байгаагаар та бас алуурчидтай. Иймээс Х.Баттулга та намайг юм уу, манайхныг устгах гэж орон байраар нь, орж гарч яваа тээврийн хэрэгслэлээр нь устгаж тэнэглэв дээ!” гэх зэргээр туйлын зэрлэг балмад гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа лугаа зүйл бичжээ. Үндсэн хууль болон бусад хуулиар “үнэнийг зөвхөн шүүх тогтооно” гэж зааснаас бус Ерөнхийлөгч байсан хүн үнэнийг тогтооно гэж заагаагүй байх. Нийт хүмүүс ч Ерөнхийлөгч асан хүний үг туйлын үнэн гэж боддоггүй байх гэж бодох юм. Хоёрдугаарт, юу юугүй Таныг болон тантай хамаарал бүхий хүмүүсийг “устгах” хэрэгцээ хэнд байгаа юм бол доо, надад лав алга.  Ц.Элбэгдорж болон Та, хэн нэгнийг “олон хулгайчтай бас алуурчидтай” гэж хэлэхдээ нотлох баримтад тулгуурлаж байгаа гэж найдъя. Та хоёр одоо хэлсэн, бичсэн үгсээ шүүх дээр нотлох ёстой болно. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч “гэмт хэрэгтэн” гэж тооцож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасан. Гэтэл Та минь “олон улсын сэтгүүлч” байж учир мэдэхгүй балчир хүүхэд шиг зоргоор бичсэнд гайхаж л сууна.

Таны бичсэн “өөрийнхөө хүмүүсээр хууль шүүхийн байгууллагын удирдлагыг эзлүүлж аваад “Улсын Их Хурал тар!”, “Засгийн газар огцор” гэж эрээ цээргүй загнаж байгаа… Би, хамгаалах хүмүүсээ авсан, хийдэг ажлаа амжуулсан. Одоо та нар надад хэрэггүй гэлээ гэх зэрэг дүгнэлт чинь ямар яриа, бичлэг, мэдээлэл баримтад тулгуурласан юм бол? Би хоёр удаа УИХ-ыг хуулийн дагуу өөрөө тарахыг санал болгосон. Харин одоогоор “Засгийн газар огцор” гэж огт хэлээгүй, бичээгүй байгаа. Та хаанаас ийм мэдээлэл олж аваад бухимдаад, бачимдаад байдаг юм, мэдэхгүй.

“Тавантолгой – Гашуун сухайтын төмөр замыг тавина гэж төсвөөс хэдэн зуун тэрбум төгрөг аваад, баахан овоолсон шороо үлдээж, тэр их мөнгийг хань хамсаатнаараа хувааж завшсан” гэдэг дүгнэлтээ Та баримтаар нотолно уу. Энэ асуудал хуулийн байгууллага дээр эцэслэгдээгүй, эргэж буцаж, шалгагдсаар л байгаа. Удаад байгаа гол шалтгаан нь нотлох баримт олдохгүй байгаад юм. Танд нотлох баримт байгаа бол шүүхэд өгч тусалж болно шүү дээ.

Танд мэдээлэл болгож хэлэхэд би 2008-2012 онд ЗТБХБ-ын сайдын алба хашиж байсан. Тэр үед 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдсан ч Ерөнхий сайд Сү.Батболд хөрөнгө гаргаж өгөөгүйгээс ямар ч ажил хийгдээгүй юм. Хожим 2012 оноос Зам тээврийн яам болон өөрчлөгдөж сайдаар А.Гансүх томилогдсон үеэс Ухаахудаг – Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам тавих төслийг хэрэгжүүлэхээр болж 900 сая долларын өртгөөс 280 сая долларыг нь л олгосон. Түүгээр нь төмөр замын суурь бүтцийг барьж байгуулсан нь одоо ч бий. Мэргэжлийн дүгнэлт хэд хэдэн удаа гаргуулаад “овоолсон шороо” биш болохыг тогтоосон. Та хүсвэл очоод шалгаж, нягталж болох байсан, мэргэжлийн дүгнэлтийг ч олж харах боломж нээлттэй. Та энэ “хэргийн” үнэн мөнийг олохыг үнэхээр хүсдэг бол А.Гансүхтэй холбогдуулсан хэргийн шүүх хурлууд дээр сууж бүрэн, бодитой мэдээлэл авах ч боломж бүрэн байсан. Гэвч тэгсэнгүй сураг ажиг, хэвлэлийн ховоор эх сурвалж хийж, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэхээ л урьтал болгожээ.

Монголчууд өөрсдийн төмөр замтай болохыг эсэргүүцдэг, гадны санаархлыг хэрэгжүүлдэг, Монголын тээврийн бие даасан бодлогыг харлуулах, гүтгэх замаар саатуулах, зогсоохыг зорьдог бүлэглэл бодитойгоор оршдог. Тэд өнгөрсөн хугацаанд Ухаахудаг – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг “овоолсон шороо”, идсэн уусан гэмт хэрэг болгон харагдуулж, гүтгэсээр саатуулж зогсоосон юм. Гэвч тэдний гүтгэлгэд баримт нотолгоо олдоогүйгээс, шийдэж чадахгүй өдийг хүрсэн юм. Та тэдний санаархлыг л үргэлжлүүлж байгаа, давтаж байгаа төдий.

Г.Жамъян гуай Танд “Баттай эх сурвалжийн мэдээллээр Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Т.Гомбосүрэн … олон ноцтой хэргийг илрүүлсэн дунд Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн төмөр замтай холбоотой хэргийг газар дээр нь шалгаж ирээд “Овоолсон хэсэг шороо л байна. Тэр их мөнгийг яаж идэж, угааж чадаж байна аа!” гээд толгой сэгсэрч байсан… Тэгээд илтгэх хуудас бичин холбогдох газруудад өгсөн… Т.Гомбосүрэн гэж хүнийг зайлуулах юм уу, устгах ажилдаа та нар зохион байгуулалттай орсон… алуурчнаар Б.Махбалыг сонгож авсан” гэх зэрэг бусдыг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа мэдээллээ хуулийн байгууллагад очиж нотлох шаардлагатай.

“Б.Махбал 1993-1996 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Таны нууцаар оруулж ирсэн 17 чингэлэг спиртыг ус болгоход гар бие оролцон, итгэлийг тань олсон хүн… Х.Баттулга та нэг удаа архи ууж байхдаа: “Хүнд дал дөрвөн өндөр хавирга гэж байдаг бол миний дөрвөн хавирганы нэг нь манай Махбал” гэсэн…таны захиалгаар Ж.Бат-Эрдэнэ зохион байгуулсан” гэх мэт уран сэтгэмжийн чанартай зүйлсээ ч гэсэн шүүх дээр нотлох хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл Таны бичсэн зүйлс намайг болон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг онц ноцтой хэрэгт холбогдууллаа.

Г.Жамъян гуай, монгол хүн хэзээ ч “хүнд дал дөрвөн өндөр хавирга” байдаг гэж ярьдаггүй юм шүү! Амны алдас болно. Би ёс уламжлалаа хүндэтгэдэг бас сахидаг, хэзээ ч тийм алдас болсон нэр томъёо хэрэглэхгүй. Тэгээд ч хонь, хүн хоёрын биологийн бүтэц огт өөр юм.

Та бичсэн бүхнээ баримтаар нотло! Чадахгүй бол хэвлэлээр дамжуулж уучлал гуйх хэрэгтэй. Үгүй бол би үнэн мөнийг тодруулахаар хуулийн байгууллагад хандахаас өөр замгүй болно.

“Ц.Элбэгдорж таныг нэг удаа: “Монголын хамгийн том хулгайч” хэмээн загнаж билээ. …Та ч хариу няцаалт өгөөгүй… Ц.Элбэгдорж гэдэг хүн голыг нь олоод ч хэлчихсэн юм шиг” гэх зэрэг хуумгай дүгнэлтийг Тан шиг олон жил сэтгүүл зүйд ажилласан олон улсын сэтгүүлч хүн хийнэ гэхэд итгэмээргүй л байна. Гэхдээ л Та болчимгүй зүйл хийчихлээ. “Ц.Элбэгдоржийн хэлсэн болгон үнэн, түүний чалчсан болгоныг няцаагаагүй бол бүр үнэн” гэж Та боддог бол энэ таны л бодол. Тэртэй, тэргүй олон нийтэд “худалчаараа” гайхагдсан хүний үг болгоны араас хөөцөлдөх зав, бас сонирхол надад алга.

“Х.Баттулга та шударга үнэний баг өмсч явсаар хууль шүүхийн байгууллагын шинэчлэл гэгчийг зөвхөн хувийн ашиг сонирхолдоо зохицуулаад одоо ямар болсон байна, хар л даа” гэх Таны дүгнэлтэд үнэний үнэр ч алга. Олон улсын сэтгүүлч Г.Жамъян гуай “… нэр хүндтэй шударга шүүгчийг “англи хэлний мэдлэггүй” гэж буцаагаад Ц.Зоригийн баруун гарын хүнийг томилуулчихаж” гэх зэрэг ховын чанартай мэдээллийг “баримт” гэж үздэг дотоодын сэтгүүлч ч одоо цагт байхгүй.

Та бодит мэдээлэлд тулгуурладаг хүн юм бол 2017 оны долдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш намайг шүүх, хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд хуульд захирагддаггүй, хуулиа сахидаггүй болохыг удаа дараа илчилж, өөрчлөхийг шахаж шаардаж байсныг он, сар, өдрөөр нь хөөгөөд гаргаад ирж болно. Маш олон эх сурвалж бэлээхэн бий. Байдал огт дээрдэхгүй, хуулийнхан томилсон улс төрчдөдөө үйлчилдэг асуудал даамжирсаар байсан тул арга буюу “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг” УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар шинэчлэл хийгдэх боломжийг нээсэн юм. Шинэчлэл эхэлсэн, явагдаж байгаа. Мэдээж иргэдийн хүлээлт шиг хурдтай явагдахгүй байгаа. Учир нь, төрийн ажил давхар давхар шалгаж, нягталж байж хийгддэг хуультай, журамтай юм. Зөрчил, буруутай үйлдлийг шалгаж, тогтоож байж өөрчлөх, халах солих шийдвэр гарахаас бус Таных шиг таамаг, сэжгээр төрийн ажил явагддаггүй талтай. Танд хэлэхэд би хууль, шүүхийг иргэддээ, нийгэмдээ шударгаар үйлчилдэг болгохын төлөө чадах бүхнээ хийх болно.

Г.Жамъян гуай Та “ард түмэндээ үнэнийг хэлж ойлгуулж байх үүрэгтэй сэтгүүлч хүний хувьд…” гэж бичихдээ таны үнэн гэж бодсон, бичсэн зүйл чинь баримт нотолгоонд суурилсан байх, эх сурвалжаа давхар шалгасан байх, нэр дурдагдаж байгаа хүнээс заавал тодруулга авах зэрэг сэтгүүл зүйн суурь зарчмыг огт баримтлаагүйд ихэд харамсаж байна. Бичсэн зүйл чинь ердөө л ахмад настны сэтгэгдэл, бухимдахдаа эрээчсэн зүйл гэж ойлгогдохоор ч ноцтой нь гэмт хэрэгт бусдыг гүтгэчихсэн байгаа.

Та “ард түмэн одоо л ойлгож, тан руу “нулимж” байна” гэж олны нэр барин бичихдээ хэдэн хүний яриа, үйлдэл, санал баримтад тулгуурласныг мэдээлж болох уу? Ард түмэн гэдэг ойлголт нь Монголын нутаг дэвсгэр дээр амьдран суугаа нийт хүмүүсийг илэрхийлдэг тул Та ард түмний өмнөөс дүгнэлт гаргахын тулд ямар статистик, тоо баримт, арга зүй хэрэглэсэн нь сонин байна.

Эрхэм хүндэт Г.Жамъян гуай, Таныг бухимдалтай, тодорхой асуудлуудад сэтгэлээ чилээж явааг ойлгож байна. Таны насны хүн мэргэжлийн ёс зүйгээ баримтлахгүй юм гэхэд ахмад хүний жудаг, нуруутай баймаар юм даа. Үнэхээр харамсалтай байна.

Дахин хэлэхэд Та бичсэн нийтэлсэн зүйлээ баримтаар нотлохгүй бол, хэрвээ нотолж чадахгүй бол, онц ноцтой гэмт хэрэгт намайг болон бусдыг гүтгэсэндээ уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгохоос өөр аргагүйд хүрэх нь.

Мэхийн ёсолсон: 

Монгол Улсын Ерөнхийлөгч

Халтмаагийн Баттулга

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.