Comment.mn

Б.Сувд Эрдэнэ: Логистикийн салбар тоглоом биш тул маш хариуцлагатай хандах ёстой

Энэ удаагийн ярилцлагын буландаа бид ХБНГУ-ын Бавари мужид Логистикийн мэргэжилтэнээр ажилладаг Б.Сувд Эрдэнэ хэмээх хөдөлмөрч бүсгүйг урин оролцуулж түүнтэй цөөн хором өрнүүлсэн яриаг хүргэж байна.

– Сайн байна уу. Таныг Монгол улсын гуравдагч хөрш болсон ХБНГУ-ын Бавари мужид Логистикийн мэргэжилтэн хийдэг гэж сонссон. Та өөрийгөө юуны өмнө манай уншигчдад танилцуулаач? 

– Сайн, Сайн байна уу. Намайг Билэгсайханы Сувдэрдэнэ гэдэг. Миний бие одоогоор Финстэрвалдар Тээвэр Логистикийн компанид онцгой албан татвар, Логистикийн мэргэжилтэний албыг хашиж байна.

– Таны мэргэжил ажлын онцлогоос хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна

Тээвэр, логистикийн салбар бол хүнийг олон талын мэдлэгтэй болгодогоороо илүү давуу талтай. Бид хоол хүнснээс эхлүүлээд, аюултай барааг тээвэрлэх, агуулах, ханган нийлүүлэх зайлшгүй үүрэгтэй тул төрөл бүрийн салбарын компаниудтай харьцаж, тухайн барааг үйлдвэрлэгч шиг нь мэдэж байх шаардлагатай болдог. Мөн маш хурдтай болгодог. Бид цаг хугацаатай уралдан ажилладаг.

-Герман улсын онцгой албан татвар нь Монголоос хэр ялгаатай вэ?

Герман улсад тог энерги, согтууруулах ундаа, тамхи болон кофе нь онцгой албан татвартай байдаг. Улаан болон цагаан дарс нь татваргүй байдгаараа Монголоос ялгаатай. Мөн Татварын хэмжээ нь харилцан адилгүй. Германд 0.75 литр 38% той согтууруулах бүтээгдэхүүнээс 3.71€ны онцгой албан татвар авна. Энэ нь 10000 төгрөг юм.

– Германд ажиллаж байгаа ч та хүүхэд насаа эх орондоо өнгөрүүлсэн байх. Тэгэхээр та өөрийн хvvхэд насны талаараа ярьвал?

Би Улаанбаатар хотод төрж, Төв аймгийн Сүмбэр суманд өссөн айлын том охин. Аав ээж хоёр маань миний хичээл сурлагад сайн анхаардаг, дугуйлан секц, уралдаан тэмцээн гээд намайг хөгжүүлж болох бүхий л тал дээр дэмжиж зөв хvмvvжvvлсэнд талархдаг. Ирээдүйд ээж болохоороо би бас л сайн ээж болохыг хичээх болно гэж боддог.

-Хятад улсад сурсан гэсэн. Энэ талаар бидэнтэй хуваалцахгvй юу?

-20 насандаа БНХАУ-д олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр төгссен. Дараагаар нь эх орондоо газар тариалангийн бизнес эрхэлж байгаад Герман улсад ирж тээвэр логистикийн чиглэлээр мэргэжлээ дээшлүүлсэн. Анх намайг Хятад улсад сургахаар авч явсан авга эгч Өнөрсайхандаа энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна.

-Гадаадад амьдардаг монголчууд маань эх орон руугаа маш их илгээмж явуулдаг. Энэ талаар та илүү л мэдээлэлтай байнаа байхдаа?

Тиймээ, Монголчууд маань өөрөөсөө харамладаг мөртлөө Монголд байгаа аав ээж ах дүүдээ гоё сайхан бэлэг явуулдаг гэр бүлсэг сайхан ард түмэн. Сэтгэлээ шингээн, хайртай хүмүүсдээ явуулдаг бэлгийг найдвартай тээвэрлэх ёстой гэж боддог. Даанч мэргэжлийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани ховор байдаг. Ажлынхаа хажуугаар Герман, Австри улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа ачааг тээвэрлээд 2 жилийн нүүр үзэж байна.

– Европт гаалийн татвараар мэргэшиж байгаа гэсэн энэ талаар дэлгэрэнгvй ойлголт өгвөл?

Герман улсад гааль мэдэж байна аа гэдэг нь өөрөө европын холбооны бүх улсын гаалийн хууль дүрмийг мэдэж байна гэсэн үг юм. Европын холбооны гишүүн 28 улс нь нэг улс , нэг хилтэй хэмээн гаалийн хүрээнд үздэг. Герман улсаас Итали улсруу тоног төхөөрөмж нийлүүлэхэд ямар ч гаалийн бүрдүүлэлт шаардлагагүй боловч Герман улсаас Швейцари, Норвеги гэх мэт гуравдагч улсруу барааны үнийн дүнгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлт зайлшгүй шаардлагатай байдаг. Зарим хүмүүс хятад улсад маш хямдханаар бараа үйлдвэрлээд Европын зах зээлд мөн адил хямдхан зарж мөнгөжих сонирхолтой тухайгаа хэлдэг. Энэ нь өөрөө гаалийн зохицуулалтаар боломжгүй юм. Барааны өөрийн өртөг болон европын зах зээлд дүйцүүлэх барааны үнэнээс шалтгаалан тухайн хямд бараанд өндөр гаалийн татвар ноогдуулдаг. Ингэснээр Европын холбоо үнийн тогтвортой байдал, цэвэр өрсөлдөөн, дотоодын үйлдвэрлэгчээ хамгаалж байгаа юм. Манай улс энэ бүхнээс үлгэр аван өөрсдийн гаалийн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж боддог.

-Таны мөрөөдөл юу вэ?

Монгол улсдаа татвар төлж, ажлын байр бий болгохыг мөрөөддөг.

– Ажлын хажуугаар ХБНГУ-ын МЗХ-ны санхvvгийн хариуцлагатай албыг хашдаг. Монгол залуучуудаа юунд нэгтгэхээр зорьж байна вэ?

Хэдийгээр бид эх орноосоо хол байгаа хэдий ч сэтгэл байвал хаанаас ч Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж чадна гэж боддог. Тиймдээ ч Европд байгаа чадалтай залуучууд маань нэгдэн олон сайхан ажлыг хийхээр зорьж, эхнээсээ биелэлээ олоод явж байна.

-Тээвэр зуучийн чиглэлд захих зvйлс? Монголын экспортыг нэмэгдvvлэхэд юуг анхаарах хэрэгтэй гэж боддог вэ?

Монголд маань логистик, тээвэр зуучийн салбар хараахан хөгжиж амжаагүй боловч бид хууль дүрмээ анхнаас нь холыг харан маш нарийн боловсруулах ёстой болов уу. Энэ салбар тоглоом биш тул маш хариуцлагатай хандах ёстой. Европын холбоо импортын бараанд илүүтэйгээр их хяналт шалгалт тавьдаг. Дэлхийн стандартын дагуу, чанарын шаардлага хангагдсан бүхий л бараа бүтээгдэхүүнүүд европын зах зээлд худалдаалах бүрэн боломжтой. Монголын үйлдвэрлэгч компаниуд Европын улс орнуудад болж буй үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулан, хамтран ажиллах түншээ олдог байгаасай. Үзэсгэлэн худалдаанд оролцох бараа бүтээгдэхүүнд зориулсан гаалийн бүрдүүлэлт тусдаа байдаг ба гаалийн татвар төлдөггүйгээрээ онцлогтой

-Таны мэргэжлийн хүмүүс таньтай хэрхэн холбогдох вэ?

Миний Facebook хаягаар чөлөөтэй холбогдож санал бодлоо солилцож болно оо. Suvderdene Bilegsaikhan

-Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.