Comment.mn

С.Амармандах: Үг минь сэлэм, ая минь жад. Харин би өөрөө баатар

Түүний дүр төрх, дуу хоолой хэн бүхний зүрхэнд хадгалагдаж байдаг. Харин дуу нь эгшиглэж эхлэхэд л биеэр минь ямар нэгэн хорхой гүйх шиг болж өөрийн эрхгүй хөл дээрээ үсэрмээр болдог. Рок попын урсгалд ардын хөгжмийн ритм, уртын дууны шуранхай, айзам, нугалааг анх удаа шигтгэж өгсөн нэгэн гэж өөрийгөө ам бардам хэлж байлаа.

Энэ бол “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах юм.

“Хар сарнай” хамтлагийг 1992 онд үүсгэн байгуулсан бөгөөд “Бүтээнэ сөнөөнө” цомог нь хамгийн их борлуулалттай анхны цомог байснаараа түүхэнд бичигджээ. Рок попын ертөнцөд анхдагчуудын нэг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай ярилцсан юм. Түүнийг сүүлийн үеийн уран бүтээл болоод шинэхэн гарах цомог, удахгүй болох тоглолтын сонин сайхнаар уншигч тантай уулзуулж байна.

-Сайн байна уу. Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе.

-Мөнх хөх тэнгэрийн дор мөнхөд байх настан буурлууддаа, ахан дүү болон Монголын ирээдүйг авч явах залуучууддаа энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн шинэ содон мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-Дэлхий ертөнцөд урлаг бол сайн сайхан гэрэл гэгээ цацруулж байдаг. Өвөөгөө дагаад урлагийн алтан тайзан дээр гурван настайдаа гарч байлаа. Урлагийн алтан тайзан дээр өсөж өндийж хүн болсондоо өөрөөрөө маш их бахархаж явдаг. 
Үндэсний ардын дуу бүжгийн чуулгад Сэвжидийн нэрэмжит өвөөгийнхөө бүжгийн хамт олон хөлсөө дуслуулан, асар их хөдөлмөрлөж гурав, дөрвөн минутын бүжгийг бэлтгэдэг тухай сайн мэддэг. 
Тиймээс “Хар сарнай” хамтлаг үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд үндэсний урлагаа өөрийн уран бүтээлд зайлшгүй шингээхийг зорьдог. “Тэнгэрийн тамга”, “Миний ээж”, “Би монгол хүн” эдгээр бүтээлд уртын дуу, хархираа, хөөмийг оруулж өгснийг сонсогч түмэн мэдэж байгаа. Сүүлд гарсан уран бүтээлдээ ч өөрийн өнгө аясыг оруулж мөн ардын урлагаа шигтгэж өгсөн.

-“Сэрүүн булаг” дууны клип цацагдаад удаагүй байгаа. Шинэхэн клипээ ард олондоо хүргэсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Бас клип бүтсэн түүхийг уншигчдад ярих уу?

-Шинэ клипээ энэ сарын 15-нд олон нийтийн сүлжээнд байршуулсан. Уран бүтээл өлгийдөж авах агшин бол юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж шүү дээ. 
“Сэрүүн булаг” дууны бичлэгийг “New star” студиэр хийлгэсэн. Харин клипээ “Imagefx” студитэй хамтарч бүтээсэн. Өвөр монголын Тэнгэр ахын дуулсан “Би монгол хүн” хэмээх дууг өөрийн хэмнэлээр 2007 онд дуулж олны хүртээл болгож байсан.

Харин 2019 онд Халимагийн хуурай ах болох О.Цагаанзам ахынхаа “Ээжээ минь” гэсэн хуучны дууг “Сэрүүн булаг” нэртэйгээр дуулж, клипжүүллээ. Энэ дууны түүх нь дээр үед эрчүүд дайн тулаанд орж, эзэнт гүрнийг эзэлж явахдаа өөрсдийн газар нутаг, уул ус, ээж элгэн саднаа санадаг.

Баатрууд үргэлж ээжийгээ санадаг тухай дуу юм. 2017 онд “Сэрүүн булаг” дууныхаа бичлэгт орж байсан. Харин хагас жилийн өмнө О.Цагаанзам гуайтай уулзаж албан ёсны зөвшөөрөл авсан. О.Цагаанзам ахтай намраас хамтарч дуу хийхээр болсон.

-Клип цацагдаад гурав хонож байна. Үзэгчдийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Шинэ уран бүтээлийг нь хэрхэн хүлээн авч байна вэ?

-Халуун алга ташилт, урмын үг, уухайн дуу надад маш их эрч хүч энерги өгдөг. Энэ нь цаашдын уран бүтээлийн минь галыг улам дүрэлзүүлж, ноцоож бадраадаг.

-“Сэрүүн булаг” дууны клипийг өртөг өндөр бүтсэн гэх юм. Ивээн тэтгэгч байгаа юу?

-Хөрөнгө мөнгө зарцуулж байж дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх урлагийн бүтээл хийх болно. Тэгэхээр зөвхөн Монголдоо биш дэлхийд гаргах зорилгоор маш их ач холбогдол өгч бүтээсэн бүтээл.

Намайг дэмжсэн анд найз “Мандар” группийн захирал Б.Батмагнай болон түүний хамт олонд талархсанаа илэрхийлж байна. Мөн найруулагчаар Ж.Ганзориг, Б.Болдбаатар нар ажилласан. Бүх хамтарч ажилласан уран бүтээлчдэд баярлалаа.

Ер нь, хамгийн багадаа 10 дуутай шинэ цомог гаргахад 30 сая болдог. Хэвлэлтэд 10 сая. Ойролцоогоор 40 саяар нэг цомог гарна. Харин клип бол тусдаа. Нэг клипийг багадаа таван саяар хийдэг. Тэгэхээр эргээд уран бүтээлчдийг ард олон дэмжиж мялаалга өгдөг. Үүгээр нь дараагийн уран бүтээлээ хийх ажилдаа орно. Харин тоглолт зохион байгуулах гэтэл заал, танхим маш өндөр үнэтэй.

-Яагаад О.Цагаанзам гуайн “Ээжээ минь” дууг сонгож дуулах болсон бэ?

-Дэлхийд монгол туургатнууд эсгий гэр, дээл, ёс заншлаараа холбогдсон. Орон нутгийн байрлалаас болж хэл ус, хилээр хязгаарлагдаад байгаа юм. Хүн төрөлхтөн Монголоос үүссэн гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг.

Дэлхий дээр монгол үндэстнүүд тархан суурьшжээ. Тэгэхээр Монгол туургатнууд эвлэлдэн нэгдэж монгол үндэстнийг алдаршуулах, урлагаар дамжуулан дэлхийд танигдаж явах хэрэгтэй. Ах дүү гурав болох “Харанга”-ын Лхагваа ах, Дэлгэрмөрөн бидний “Нууц товчоо” дуунд Хархорин хотыг дэлхийн нийслэл гэж дуулсан байдаг.

-Монгол туургатнууд өв соёлоо тээж, үр хойчдоо өвлүүлж чадаж байгаа болов уу. Ер нь, Өвөрмонголчуудтай харьцуулахад харьцангуй тааруу юм шиг санагддаг. Таны бодлоор?

-Ар монголчууд өв соёлоо хадгалсаар ирсэн. Харин төрөөс ямар нэгэн бодлогоор дэмжиж байна уу гэдэг асуудалтай. Сүүлийн жилүүдэд төрийн түшээд соёл урлагийг дэмжих нь ховордсон. Нийгэм шилжсэний дараа л хөгжиж эхлээд байна. 

Нэг үед Чингис хааныг магтаж болохгүй, үүх түүхээ дарж нуудаг байлаа шүү дээ. Харин Өвөр монголчууд ахан дүүсийн хувьд хилээр хязгаарлагдаж ирсэн цагаас өв соёлоо улам илүү хадгалж, уламжлал ёсоо маш сайн даган биелүүлсээр байна.

-Монголчууд салбар бүрд хүчтэй байгаа шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Монгол түмэн мөнх хөх тэнгэрээсээ л өөрийн гэсэн өгөгдөлтэй төрсөн хүмүүс. Өгөгдөл гэсэн үг гэдэг нь өөрийн гэсэн зөн совинтой.

Аливаа зүйлийг зөгнөж мэддэг. Тухайлбал, дэлхийд ганцхан нүүдэлчин соёлоо авч үлдсэн монголчууд маань эртнээс байгаль уул устайгаа ойр, тэнгэр лусаа шинжиж мэддэг уламжлалтай. Буурлууд маань “Энэ өвөл өнтэй өвөл болох нь ээ”, эсвэл “Энэ зун гантай, бороо хур бага байх нь ээ” гэдгийг тэнгэр, од гарагаа тахин шүтдэг учир мэддэг. 
Энэ том өгөгдөлтэй улсын түмэн шилдэг байх нь арга үгүй шүү дээ.

Бүх салбарт хүчээ аваад дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа. Спортынхон маань олимпийн алтан медаль хүртэж, оюун ухааныхан маань Гиннесийн номд бүртгүүлж байна. Төр засгаас тамирчдыг дэмжиж байна. Амжилт гаргасан тохиолдолд байраар шагнах жишээтэй.

Тэгвэл яг өнөөдрөөс эхлээд төр засаг маань биднийг яагаад дэмжиж болохгүй гэж. Соёлын яамнаас авьяаслаг уран бүтээлчдийг бодлогоор дэмжээсэй гэж бодож байна.

-Таны дээрх ярианд хэд хэдэн удаа бодлогоор дэмжих цаг нь боллоо гэсэн утга давтагдлаа. Тухайлбал, яг ямар бодлого шийдвэр гаргаасай гэж хүсдэг вэ?

-Сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд соёлын ажлуудад анхаарах болжээ. Жил бүр хэдэн мянган хүүхэд талбай дээр эх орноо магтан дуулж, морин хуур тоглож, шүлэг уншиж байна. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд биш аймаг, сумын хүүхдүүд идэвхтэй оролцож байгаа нь давуу тал юм. Мөн шинэ театр барих санаачилга гарган уриалсан. Жишээлбэл, Өвөрмонголд уригдаад очиж дуулахад театр нь асар хурдтай хөгжсөн байна. 

Барууныхныг давчихсан. Тайзны үзэгдэл, гэрэлтүүлэг, тайз засалт гээд мэргэжлийн түвшинд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилсэн байна. Гэтэл Монгол Улсын урлагийн байгууллагын тайз ихэвчлэн насжилт нь дууссан байдаг. Үүнд анхаарч ажиллахаар болсонд баяртай байгаа. Аливаа улсын урлаг нь хэрхэн хөгжсөн байна түүгээр нь тухайн улсын хөгжлийг тодорхойлж болно.

-Та дууныхаа шүлгүүдийг ихэвчлэн өөрөө бичдэг гэсэн. Тэгэхээр аяа өөрөө зохиогоод хийсэн бүтээл бусдаас өөр байдаг уу?

-Нийт дууныхаа шүлгийн 80 хувийг өөрөө бичсэн. Шөнө гэнэт онгод орж ирээд л бичдэг. Шүлгээ харж байгаад аяыг нь зохионо. Миний ихэнх уран бүтээл өвөг дээдсээ хайрлах ухаан, өв соёлоо дээдлэх утга санаа агуулгатай. Үүнтэй хамтатгаад цомог бүртээ агуу их яруу найрагчдын шүлгийг оруулдаг. Тухайлбал, их найрагч Б.Явуухулан гуайн “Би хаана төрөө вэ”, Р.Чойном, О.Дашбалбар гуайн шүлгийг магтан дуулж, хойч үедээ үлдээхийг зорьдог. 

Би өөрөө баатар. Харин миний үг бол сэлэм, жад нь ая тэгэхээр энэ хоёрыг хослуулан би тулалддаг гэсэн үг. Мөн дууны найруулга маш чухал.

Дууныхаа аль хэсэгт нь огшоох уу, хаана нь уйлуулах уу, хүйтэн усанд хийсэн мэт болгох уу, төгсгөлд нь ухаарал бодрол хайрлах уу гээд бүгд зөвхөн миний дууны найруулгаас шалтгаална.

-Өөрийнхөө бүтээлээс жишээ татаад тайлбарлавал?

-“Халхын сайхан охид байхад Харийн охиноор яах юм бэ Нүд гялбам зүс сайтай хоншоортой хөвгүүд байхад Хайр татдаг охид та нар харийн хүнээр яах юм бэ” гэдэг хэсэг бий. Монголчууд бид цөөхөн учир харийн хүнтэй битгий гэр бүл болоорой.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг, нэгнээ нандигнан шүтэх, хайрлах, хамгаалах үзлийг илэрхийлж байгаа юм. Мөн “Шөнийн охин” гэдэг дуун дээр “Шөнийн шөнийн охин минь ухаараач дээ, Чи минь чи минь даанч яав даа”. Энэ нь нийгмийн шилжилтийн үед гэнэт шөнөөр охид гарч ирсэн үед бүтээж байлаа. Энэ дуугаараа дамжуулаад охидыг ухааруулах гэж, аргадах гэж хийж байсан.

-Олонд хүрсэн “Бүтээнэ сөнөөнө” дууны тухай түүх сөхье. Энэ дуу хэрхэн бүтэж байв даа?

-Нэг шөнө гэнэт онгод орж ирээд “Бүтээнэ сөнөөнө”дууны үгийг бичиж байсан.

“Бид нар бүгдийг бүтээнэ, Бид нар бүгдийг сөнөөнө, Азоны давхарга цоорч байна, Айхавтар халах нь дээ, Хөдөө хээр халуун цөлд Хөргөгчид суух болж байна уу, Хойд урд мөсөн далай Хожим хайлуул яах билээ, Хорт хийнд утагдсаар бид Хойшид юугаар амьсгалах билээ” 1992 онд ингэж бичиж байлаа.

Тэгэхээр 32 жилийн өмнө зөгнөж бичсэн байгаа юм. Энэ дууг сонссон тэнгэрийн түшээд маань “айхавтар зөгнөж ээ” гэж хэлдэг. Хааяа зарим зүйлийг зөгнөж харах совин надад байдаг.

-Совин, онгод, өгөгдөл гэж та дээр хэлсэнчлэн танд тэнгэрийн сахиус байдаг гэсэн үг үү?

-Ер нь, надад тэнгэрээс өгсөн өгөгдөл бий. Гэхдээ тэнгэрийн сахиусаа авна гэж байна, аргадна гэж байна. Хувь хүнээс өөрөөс нь шалтгаалаад эцэг тэнгэр, өвөг дээдсээ аргадаж, шүтэж, тахина.

Их Монгол Улс үүсэн байгуулагдсаны 800 жилийн ой тохиож Германы Бонн хотод Чингис хааны үзэсгэлэн гарч байх үеэр манай урлаг соёлын төлөөллүүд оролцож байсан. Тус үзэсгэлэнг европчуудын төлөөлөл үзэж байсан. Манай байлдааны тактикийг гайхан биширч байлаа. 

Тэгсэн өөр шашинтнууд “Та нар тийм сүрхий тэнгэрийн хүчтэй хүмүүс юм, яг одоо бороо оруулчих” гэж басамжилж байсан. Тэгээд Төрийн зайран Д.Бямбадорж ах бөөлж байхад эхлээд усан хоолой буудаж, үүлгүй тэнгэрээс бороо оруулахад зочид бүгд мэл гайхаж, цэл хөхөрч байсан. Тэр үеэр гаднын сэтгүүл сониноор шаагилдаж байлаа.

-“Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт яагаад оролцсон бэ. Тэр нэвтрүүлгээр таныг их олон талаас нь тайлж, уншиж, нээж байлаа. Энэ үеийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Нэвтрүүлгийн баг иргэдээс хэнийг оруулах вэ гэдэг санал асуулга явуулсан байна. Тэр санал асуулгаар намайг оруулах хүсэлт их ирсэн гэнэ. Тэгээд нэвтрүүлгийн багаас намайг нэвтрүүлэгт орохыг хоёр удаа гуйсан. Би эхэндээ татгалзсан л даа.

Тэгсэн дараа нь гурав дахиа урилга өгсөн. Тэгээд ард түмнийхээ итгэл сэтгэлийг бодоод ороод үзье гэж бодсон. Манай үзмэрчид бол хүчтэй байсан. Заавал нэг шашин гэхгүй олон төрлийн мэрэгч, төлөгн нарт өөрийгөө үзүүлэх сонирхолтой санагдсан.

-Урлаг гэдэг их айлын голомтыг гурван үеэрээ сахиж яваа хүүгийн хувьд таныг бас урлагийн үе үеийнхэн хүндэлнэ биз дээ?

-Урлагийн тайзан дээр багаасаа өссөн болохоор урлагийнхны диктатур гэдэг чанга. Би аавыгаа аав гэж дууддаггүй. Хөгжим бүжгийн коллеж төгсөөд аавыгаа багшаа гэж дууддаг байсан. Сэвжид өвөөгийн үед ч гэсэн манай аав өөрийнхөө аавыг багшаа гэж дуудах жишээний.

Урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг зарим нь их амархан мөнгө олж байна. Нэг дуу дуулаад, нэг бүжиглээд л хоолоо олж идэж байна гэж эндүү ташаа боддог. Гэвч асар их хөдөлмөр шаарддаг ажил. Т эр хөдөлмөр, хөлсний цаана онгод, хийморь, өөрийн гэсэн өгөгдөлтэй хүн гэдэг өөр л дөө.

Хүндлэл гэдэг бол диктатур шүү дээ. Би өөрөөс дээш үеийн ах нараа хүндэлдэг. Манай үеийнхэн бол авьяаслаг шижигнэсэн залуучууд алтан тайзан дээр хамтдаа нэг гэр бүл болж байсан. Одоог хүртэл бид нэг сэтгэл зүрхээр нэгдэн уулздаг хэвээрээ.

-Үргэлж асаж бадарч явах бол таны стиль шүү дээ. Тэгэхээр хувь хүний хувьд яаж дундаршгүй их хүчтэй амьдардаг вэ?

-Туг сүлдээ намируулж, эх орноо, төр засгаа бишрэн шүтэх, хайрлах, хамгаалах юм. Нэгдүгээрт, төр засаг, эх орноо хайрлах. Хоёрдугаарт, үүх түүх өв соёлоо судлах. Гуравдугаарт, төрүүлж өсгөсөн өвөг дээдсээ шүтэх. Дээрх гурвыг цогцлоохоор үргэлж тэнгэрлэг буюу асаж бадарч явна даа.

-Тэгвэл хүн л юм чинь гуниглаж, гутрах, эсвэл ялагдах, шантрах үе цөөнгүй байх. Та яг одоо юунд шаналж байна вэ?

-Урван тэрслэгчид төдийгөөс өдийг хүртэл байхгүй байсан бол миний улс орон сайхан хөгжих байсан. Энэ муу муухай, уваагүй улстөрчдөөс болж миний Монголын ард түмэн гундаж, сөхөрч байна. Өвөл нь утаанд дарлуулж, зун нь өмхий үнэрт дарамтлуулж байна. 

Үүнд л би хамгийн их шаналж явдаг. Гэхдээ би боддог юм. Удахгүй улс эх орон минь сайхан болно. Тиймээс 2020 оны сонгуульд түмэн олон минь зөв сонголт хийгээрэй. Бид хүнээ буруу сонгоод байна. Хэрвээ хүнээ зөв сонговол 10 жилийн дотор цэцэглэн хөгжих боломжтой гэж хардаг.

-Та сонгуульд нэр дэвших юм биш биз дээ?

-Яг одоогоор бодсон зүйл алга. Гэхдээ яагаад болохгүй гэж. Харин миний фэнүүд намайг дэмжинэ нэр дэвшээч ээ гэж хэлдэг шүү. Миний дуун дээр гардаг шиг шаардлагатай гэж үзвэл Монгол Улсынхаа төлөө “Дайтах ч болно”. /инээв/

-Эргээд уран бүтээлийн яриагаа үргэлжлүүлэх үү. Цомгийн баяр хэзээ болох вэ. Тоглолт төлөвлөсөн үү?

-Мандан бадрахыг ерөөж андуудтайгаа нийлээд удахгүй “Мандтугай” хэмээх богино хэмжээний кино гаргах гэж байгаа. Мөн наадмын дараа цомгийн баяраа хийнэ. Харин тоглолт намар болно.

-Тоглолтын бэлтгэлдээ хэзээнээс орох вэ?

-Наадмын дараа нэг cap сайхан амарна. Тэгээд наймдугаар сараас бэлтгэлдээ орно доо. Мэргэжлийн бүжигчин хүн биеэ сайн халааж, бэлтгэлээ сайн хангахгүй бол аюултай шүү дээ. Энэ дашрамд Сэвжидийн нэрэмжит Хөгжим бүжгийн ардын бүжгийн ангийнханд мөн дууны ангийнханд мэнд хүргэж байна. Хайртай шүү.

-Удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байгаа. Наадмын тухай танаас асуухгүй өнгөрч болохгүй байх. Тийм үү?

-Т эгэлгүй дээ. Төрийн их наадмын нээлтэд зургаан жид оролцож дуугаа олон түмэнд хүргэж байснаараа бахархдаг. Энэ Монгол Улсын түүхэн алтан хуудаснаа тэмдэглэгдэн үлдэнэ. Харин долоодугаар сарын 12-нд улсаас нэгдсэн байдлаар шөнийн шоу зохион байгуулдаг болбол их сайхан.

21 аймгаас ирсэн ахан дүүс болон аялал жуулчлалаар ирсэн гаднынханд шөнийн Улаанбаатарыг үзүүлбэл гоё шүү дээ. Нийслэлийн бүх барилга гэрэлтүүлгээ асааж дэмжлэг үзүүлж болж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Бүгд үндэсний дээл хувцсаараа гангараарай.

-Ярилцсанд баярлалаа. Төгсгөлийг танд үлдээе.

-Монгол Улс дэлхийд номер нэг улс болно гэдэгт итгэдэг. Би өөрөө ч буурал болтлоо тэмцэнэ. Төр засаг минь төвшин амгалан байж, Монгол Улс мандан бадартугай.

http://www.npost.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.