Comment.mn

Автомашин ачих журамд өөрчлөлт оруулъя хотын дарга аа!

Жолооч нар мянган зовлонтой гэлцдэг. Жишээлбэл, хулгайчид дугуй, толь зэргээс өгсүүлээд цонхыг нь хагалж доторх эд зүйлийг авахаас гадна бүтнээр нь хулгайлаад эд, ангийг нь хэсэгчилж зарах тохиолдолд ч үе үе гардаг. Эдгээрээс илүүтэй тэдний хувьд хамгийн том дайсан бол ачилтын авто машин.

Хамгийн их үзэн яддаг чинь юу вэ гэсэн асуултад нэгэн жолооч “Ачилтын машин” гэж хариулсан гэдэг. Учир нь, төлөвлөсөн ажлаа түргэн шуурхай амжуулах зорилго өвөртөлсөн иргэд автомашинаа хаа нэгтээ түр байрлуулаад тав, аравхан хором болох хооронд төмөр хүлэг нь аль хэдийнэ журмын хашаанд зогсч байх нь энгийн үзэгдэл болсон.

Нэгэн эмэгтэй автомашинаа байрлуулахдаа цагдаа юм уу ачилтын компанийн ажилчдаас “Энд зогсч болох уу” гэж ам авч байж сэтгэл нь амардаг талаар ярьж байсан юм. Автомашиныг нь ачиж байхад гарч ирсэн жолооч өөрийгөө азтайд тооцсон ч, эцэст нь журамласан машиныхаа бүхээгт журмын хашаа руу хамт явах жишээтэй. Эмнэлгийн үүдэнд тэргэнцэртэй хүн буулган эмчийнх нь өрөөнд хүргэж өгөөд ирэх таван минутын хугацаанд автомашиныг нь ачаад явчихдаг. Энэ наад захын жишээ. Автомашинд хүүхэд байгааг мэдэхгүй журмын хашаанд аваачиж байсан тохиолдол ч гарч байсан удаатай. Ингээд бодохоор жолооч нарын дайсан, хамгийн ихээр үзэн яддаг зүйл нь байхаас аргагүй биз ээ. Хаа нэгтээгээс харж байгаад аль эсвэл зарим газрыг тоочиглон отож байгаад жолоочийг нь буусан даруйд ачдаг үзэгдэл сүүлийн үед өндрөө авах болов. Үүнд иргэд, жолооч нар дургүйцэж, ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ талаар сурвалжпахаар бидний нэрлэж сурснаар Долоон буудлын шинэ замд байрлах Автомашин саатуулах түр II байранд очсон юм. Тухайн байрны хашаанд 100 гаруй автомашин байсан ч дийлэнх нь осол аваар хийсэн болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг шалтгаанаар ачигдаж иржээ. Биднийг очсон даруйд хоёр автомашиныг журмын хашаанд авчирч, төд удалгүй жолооч нар нэлээд бухимдалтай, яарч сандарсан байдалтай ирлээ. Улмаар ачилтын компанийн ажилтан болон жолооч нарын хооронд багагүй маргаан дэгдсэн юм. Жолооч “Тав, аравхан минут болох хооронд ачаад байхдаа яахав дээ. Ядаж 30 минут болсон бол хамаа алга. Иргэдийг ийм байдлаар шулж болохгүй. Эхлээд сануулж болдоггүй юм уу” гэж байсан бол ачилтын компанийн ажилтан “Бид мэдэхгүй. Цагдаагийн шийдвэрийн дагуу л ачдаг” гэсэн хариулт өгч байлаа. Энэ мэт автомашин ачилттай холбоотой санал гомдол, хэрүүл маргаан, үл ойлголцол өдөр бүр гардаг. Энэ байдал буурах нь байтугай улам нэмэгдэж буйг олон жишээнээс харж болно.

Автомашинаа авахаар ирсэн жолооч болон тус түр саатуулах байрны зохицуулагчаас зарим зүйлийг тодруулсан юм.

АЛИВАА ЗҮЙЛ УЯН ХАТАН БАЙХ ЁСТОЙ

Ц.ТҮВШИНБАЯР: Дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь автомашиныг маань ачаад явчихсан байна. Нэг их удаагүй шүү дээ. Тав, арван минут л болсон байх. Дэлгүүр ороод гурил, будаа аваад гарч ирэх хооронд л 60 мянган төгрөгөөр торгуулчихлаа. Хэн хаана автошинаа тавих бол гээд ажиглаад, отож байдаг шиг байна. Иргэдийн автомашиныг юу юугүй ачихаасаа өмнө зогсоолоо шийдээд өгчих хэрэгтэй. Иргэд олноор төвлөрдөг газруудад 1000, 2000 төгрөгийн зогсоол байгуулах хэрэгтэй шүү дээ. Зогсоолыг нь шийдээд өгчихсөн байхад хориглосон газар автомашинаа тавьж байгаад ачуулбал асуудал үүсгээд байх шаардлагагүй. Ер нь аливаа зүйл уян хатан байх ёстой. Дэлгүүр орохын тулд 20 минут зогсоол хайж явсан. Эцэст нь аргаа бараад удахгүй юм чинь гээд байрлуулчихсан. Ийм хурдан ачаад явна гэж арай ч бодоогүй.

ЭМНЭЛЭГ, ГАНДАНГИЙН ҮҮДЭН ДЭЭРЭЭС Ч АЧИХ ЮМ

Э.ДЭНСМАА: Гэсэр сүмийн үүдэнд автомашинаа байрлуулаад дотогш ороод гараад ирсэн чинь байдаггүй. Тэр хавьд зогсоол байхгүй учраас зорчих хэсгийг нь чөлөөлж зогсохоос өөр ямар ч арга байгаагүй. 98 настай ээжийгээ авч ороод тан бичүүлсэн юм. Ёстой л арван минут болсон. Өчнөөн минут, хэдэн цагаар зогссон биш. Ийм байдлаар иргэдийн халаасыг хоосолж, ажлыг нь цалгардуулж болохгүй шүү дээ. Хоёр дахь удаагаа ийм асуудалд орж байна. Өмнө нь Улсын нэгдүгээр эмнэлгийн хаалган дээрээс ачаад явчихсан байсан. Тухайн иргэн автомашинаа байрлуулаад 30 минут, цаг болж бусдад саад учруулсан бол ачих нь зүйн хэрэг. Хэн ч уурлаж бухимдахгүй. Гэтэл ороод гарах хооронд ачина. Эзэн нь ирсэн байхад чирээд яваад өгнө. Ачилтын Компаниуд арай л дураараа аашлах юм.

ХҮҮГИЙНХЭЭ АВТОМАШИНЫГ АВАХ ГЭЖ БАЙНА Ц.БАТСҮХ: Хүүгийнхээ автомашиныг авах гээд хүлээж байна. Би унаж яваад энэ сарын 5-ны 11.00 цагийн орчимд ачуулчихсан юм. 60 мянган төгрөг төлөхөөс гадна хоногийнхоо мөнгөтэй нийлээд  85 мянган төгрөг тушаалаа. Тэтгэврээ авах санаатай гарсан биш автомашинаа ачуулаад том асуудалд орлоо.

ЦАГДААГИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ Л АЧДАГ 

Чингэлтэй дүүргийн Автомашин түр саатуулах II байрны зохицуулагч Г.ЖАРГАЛСАЙХАН: -Бид хуульд заасан дүрэм журам, холбогдох албаныхны гаргасан шийдвэрийн дагуу л ажиллаж байна. Иргэд “Зам, талбай хааж зогссон байна. Ирж ач” гэдэг санал гомдол удаа дараа гаргадаг. Гэхдээ бид энэ дагуу ажиллах боломжгүй. Тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан замын цагдаагийн шийдвэрийн дагуу л автомашиныг ачиж автозам чөлөөлдөг. Жолооч нар автомашинаа авах гэж ирэхдээ маш их бухимддаг. Бид дур мэдээд ачсан юм шиг ярьдаг. Автомашины хүрдний ард суусан л бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх үүрэгтэй. Жолооч нар эрхээ мэдэхээс биш үүргээ ухамсарладаггүй учраас автомашинаа хаа хамаагүй байрлуулдаг. Хориглосон тэмдэглэгээний дор хүртэл байрлуулдаг. Ингэснээр тухайн хэсгийн автозамын хөдөлгөөнд саад учруулж, улмаар бусад жолоочоо бухимдуулдаг. Түгжрэлд нөлөөлж буй олон хүчин зүйлийн нэг нь жолооч нар автомашинаа нэгдүгээр эгнээ болон хориглосон зам, талбайд байрлуулж буй явдал юм. Өдөрт замын хөдлөгөөний дүрэм зөрчсөн 30-40 автомашин журамладаг. Тухайн автомашиныг ачиж тээвэрлэхдээ баримтжуулж бичлэг хийдэг. Дараа нь ямар нэгэн асуудал үүсвэл тухайн бичлэгээ үзүүлдэг. Хэрэв тухайн автомашин крадантай байсан тохиолдолд дугуй тавьж ачдаг. Өмнө нь бид автомашиныг ачсан, аль дүүргийн журмын хашаанд аваачсан талаар эзэнд нь мэдэгддэг байсан. Одоо бол тэгэхгүй. Замын цагдаагийн удирдпагын лавлагаа буюу 1800-1200 гэсэн утас хориглосон бүх тэмдэг дээр бичээстэй байдаг. Иргэд, жолооч нар өөрсдөө энэ дугаараас асуухад автомашин нь аль дүүргийн, хаана байрлалтай журмын хашаанд байгааг хэлж өгдөг.

ИРГЭДИЙН НУРУУН ДЭЭРХ АЧААГ БАГАСГАЯ

Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр автомашийы тоо ч өсч улмаар автозамын хөдөлгөөнд түгжрэл үүсэх болсон. Нөгөө талдаа зогсоол хангалтгүй, хүрэлцээ муутайгаас болж жолооч нар автомашинаа нэгдүгээр эгнээнд, байрлуулахаас аргагүй байдал ордог. Энэ нь түгжрэл үүсгэх бас нэг шалтгаан. Тиймээс энэ бүхнийг шийдвэрлэх үүднээс автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачиж журамладаг болоод олон жил өнгөрлөө. Энэ хугацаанд автомашин ачдаг компаниуд тухайн иргэний хөрөнгийг авч явахдаа бичлэг хийх, журмын хашааны аюулгүй байдлыг хайгаж камержуулах, төлбөр төлсөн иргэнд НӨАТ-ын баримт олгох гэх мэтээр үйл ажиллагаагаа нийгмийн хөгжлийн зарчмаар илүү боловсонгуй болгож байгаа ч автомашин ачих аргаа улам нарийсгаж, мөнгөний төлөө улайрч буйд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй ханддаг билээ. Нэгэнт л дүрэм, журам зөрчсөн нь үнэн л бол дарга, цэрэг, жирийн иргэн хэн ч байсан хариуцлага хүлээх нь зайлшгүй. Үүнийг эсэргүүцэх бас гомдоллох эрх хэнд ч байхгүй. Гэвч энэ үйл явдлын эргэн тойронд багагүй асуудал үүсээд байгаа. 

Автомашинаа түр байршуулаад тав, арван минут болох хооронд аль хэдийнэ журмын хашаанд аваачсан байдаг, автомашин байрлуулахыг хориглоно гэсэн тэмдэг тэмдэглэгээгүй газарт байршуулсан ч ачдаг, эзэн нь гарч ирэхэд чирээд зугтдаг, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүйг дахин тодотгоё.

Түүнчлэн төлбөр нь хэт өндөр. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар ачилтын 95 автомашин ажиллаж өдөрт 200, давхардсан тоогоор сард нийт 6000 автомашин ачдаг аж. Жолооч автомашинаа буцааж авахдаа 60 мянган төгрөг төлдөг гэхээр багагүй хэмжээний мөнгө эргэлдэх нь. Нэг ёсондоо олон иргэнд эдийн засаг, сэтгэл санааны хохирол учруулах болов. Тиймээс холбогдох дүрэм журамд зохих өөрчлөлт оруулж, энэ бүхнийг боломжит байдлаар шийдэж, иргэдийн нуруун дээрх ачааг багасгахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүгээр дамжуулан уламжилъя. Хориглосон газарт тээврийн хэрэгслээ байршуулсан жолоочийг эхний ээлжид зарлан дуудаж, мэдээлэх, сануулах зохицуулалт оруулах, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэхээс гадна илүү ухаалаг шийдлээр зохион байгуулах шаардлага зайлшгүй тулгарч буйг иргэн, жолооч нар биднээр дамжуулан уламжилж буйг онцолъё. Энэ ажил чухал биш мэт санагдаж магадгүй. Гэхдээ Аз жаргалтай Улаанбаатарыг цогцлоохын тулд иргэдэд тулгамдаж буй асуудлыг багаас нь шийдэх нь зүйтэй. Эс бөгөөс амар хялбар аргаар олз олох гэсэн ачилтын компаниудын үйлдэл хэрээс хэтэрч дуртай үедээ хүссэн автомашинаа ачаад амандаа орсон мөнгөө нэхэж, иргэдийн халаасыг хоосолсоор байх нь. Автомашин дотор хүүхэд байгааг ч анзааралгүй ачиж байсан нөхөд хүний амь, эд хөрөнгөөр тоглохгүй гэх баталгаа алга.

С.Юмсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.