Comment.mn

Тусгай хангамжийн эрхэмсэг гэгээн алуурчид

С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцээд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг гэм буруутай гэж тогтоон шийтгэл оноосныг мэдэхгүй монгол байхгүй.

Бүх харилцаа хуулийн дор өрнөдөг ардчилсан улсад шүүхийн шийдвэр бол эцсийн үнэн. Шүүхээс буруутай гээд алх тогшсон учраас монголчууд шоронд хоригдож буй гурвыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа.

Гэтэл сүүлийн үед УИХ-ын зарим гишүүдийн хандлага гайхаш төрүүлэх боллоо. Ж.Батзандан, Лу.Болд, Ц.Нямдорж гурвын гаргаж буй авирыг анзаарахад шоронд хоригдож буй хэд эрхэмсэг гэгээний туйл, хүний хайлан гэж ойлгогдохоор байна. УИХ-ын гишүүд хөтлөлцөж гүйж очоод хөлийг нь угааж өгөх нь халаг сүйд болж, эмнэлэгт хэвтүүлж, тусгай эмчилгээ хийж, Ц.Нямдорж уучлал гуйж нүд орой дээр гаргасан үйл явдал шил дарах болов. Ц.Нямдоржийн уучлал гуйлт бол Монголын түүхэнд Хууль зүйн сайд нь гэмт хэрэгтнээс уучлал хүссэн анхны тохиолдол.

УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд нь хүртэл шүүхээс буруутайг нь нотлоод шоронд хорьсон гэмт хэрэгтнүүдийг сулла гэж ам нийлүүлж явна. Гэмгүй ариун цагаан хүмүүс байгаа юм, өвтгөж гэмтээж болохгүй, хамгийн сайн эмчилгээг хийлгэж, онцгой анхаарч асар, ахиад хэлмэгдүүлчих вий гэсэн үгс гишүүдийн амнаас давтамжтай унасаар байна. Ийм нөхдийг эрхэмсэг гэгээн гэхээс өөр юу гэхэв.

Нэр бүхий хэдэн улстөрчийн үйлдэл, мэдэгдлүүдээс харах нь ээ сор болсон сайн хүмүүсийг хэлмэгдүүлээд хорьчихжээ гэсэн ойлголт л төрөөд байна. Эрх мэдэлтнүүдийн хошуу цорвойлт сүүлдээ бүр утгаа алдлаа. Илт улайрсан улс төр гэж харагдахаар байна, үнэнийг хэлэхэд. Улайрч байгаагийн тод жишээ нь Монголын үндэсний олон нийтийн телевизээр саявтар цацсан бичлэг.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж буйг харуулсан камерын бичлэгийг олон нийтэд цацлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр ажилладаг, олон нийтийн статустай үндэсний телевизээр ийм бичлэг цацсанд дургүйцэх хүмүүс олон байна. 

Бичлэгийг Б.Содномдаржаа нарын хэлмэгдсэн гэдгийг батлахын төлөө улайрсан улс төр гэж ойлгогдохоор тайлбартайгаар цацна лээ. Тэр бичлэг ч яахав, тийм газар гэгээн цагаан, аятай таатай үйл явдал өрнөхгүй нь ойлгомжтой. Жуулчны бааз, цэргийн анги биш Эрүүгийн хуулийн дагуу хэрэг шүүж шалгаж байгаа газар. Тийм газарт хар бараан, таагүй аягүй өнгө ноёлох нь гайхаж цочихоор зүйл биш.

Хэрэгтнийг олж тогтоохын тулд нийгмээс тусгаарлаж шүүж, шалгах процесс дунд юу эс өрнөх билээ. Үндэсний телевизээр цацсан бичлэгт шинэ баримт байгаагүй. Өмнө нь ил болсон бичлэг дээр нэмэх нь хэрэгтнүүдийг өмгөөлөгч улстөрчдийн сүржин тайлбар яриа л цацагдсан.

Шоронгийн амьдралыг харуулсан хар бараан бичлэгийг Монгол даяар цацахдаа Лу.Болд, Ж.Батзандан нар шинэ хувьсгалд уриалж харагдсан. Тэдний хувьсгалд уриалсан ярианаас Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёроос хувийн хонзонгоо авах гэсэн өнгө аяс л цухалзаад байх юм.

Бичлэгийн хувьд камер тавьсан байхад эрүүдэн шүүсэн нь ямар учиртай юм бол гэсэн асуулт тавимаар санагддаг. Камертайг нь мэдсээр байж эрүүдэн шүүх үү, ер нь Хяналтын камер дуутай бичлэг хийдэггүй гэсэн тайлбар бас дуулддаг. Энэ мэт үнэмшил төрмөөргүй зүйл олон бий. Анзаарч ухаад байх нь ээ, сайтар найруулсан жүжиг ч юм шиг. Нэг зүйлийг онцлох учиртай. Олонд ил болсон тэр бичлэг жинхэнэ хуурамч аль нь ч байсан хүний эрхэд халдах нь зүй бус хэрэг.

Энэ хэргийг тойрсон дуулиан дунд МАН таг дуугүй суугаа нь гайхахаас аргагүй том шалтгаан. Бас хэрэг юу болж буй тухай хөндөж ярьж суугаа эрх мэдэлтэн алга. С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай биш их л эрхэмсэг нандин хүмүүсийг барьж хориод хэлмэгдүүлсэн дуулиан л өндрөө авч байна. Хамгийн гол нь гурван шатны шүүхийн шийдвэрийг хэн ч сөхөж ярихгүй юм. Хууль тогтоож баталдаг УИХ-ын гишүүд нь шүүхийн шийдвэрийг үл тоож байгааг юу гэж ойлгох вэ? Хууль цаазгүй улс болохоор шийдчихсэн гэлтэй авирлал нь л улам төгөлдөржөөд байна. 

Хүчтэй танилтай, хувийн амбицтай, дээдчүүлийн атгаг санааг хэрэгжүүлэх санаа зорилго л бүхний дээр тавигдаж байна. Ямар ч гэмгүй хөөрхийсийг суллахгүй бол хоёр дахь хувьсгал дэгдэнэ гэх юм. Хуулийн дор амьдарч аж төрдөг ардчилсан нийгэмд үнэн худлыг тогтоох тов тодорхой гарц бий. Тэр нь хууль.

Хуулийн хүрээнд хэргийг задлаад буцаагаад шүүхээр оруулах боломжтой. Гурван шатны шүүхээр ахиад хэлэлцээд явна гэж мэдэгдвэл улстөрчдийг хардаж сэрдээд байх шалтгаан алга. Гэвч ингэх сонирхол хэнээс нь ч анзаарагдахгүй байна. Хуулийнхаа хүрээнд асуудлыг эргэж харъя гэхийн оронд “Сулла” гэж чанга дуугаар хашхирахаас өөр үйлдэл хийсэнгүй өнөөг хүрлээ. Цаашдаа ч үнэн мөн, хууль номоор нь явъя гэх сонирхол харагдахгүй байна.

Өнгөрсөн түүхэнд одоо өрнөж буй дуулиантай төстэй байж мэдэх нэг хэрэг бий. Шүүх тухайн үед хэргийг эргэн задалж үнэн зөв шийдвэр гаргасан байдаг. Улсын прокурорын орлогч Л.Отгонбаярын сэдэж зохион байгуулсан “Дугархорлоогийн хэрэг” гэхээр олон нийт андахгүй. Хуучин нийгмийн үед Булган аймгийн нэгэн сумын агент Дугархорлоо өөрийгөө буудаж хөнөөсөн хэрэг гарч байсан юм. 

Хэрэг гарснаас гурван жилийн дараа Зүүнхараагийн хорихын ялтан Мягмар уг хэргийг өөрийгөө үйлдсэн гэж мэдүүлж, хэрэгт арваад хүнийг ялтнаар татаж байв. Тэдний дөрөв нь цаазын ял сонсож байлаа. Тухайн үед сонинд нийтлэгдсэн нийтлэлийн мөрөөр өнөөдүүлийн гэм буруугүйг тогтоосон кейс Монголын шүүхийн өнгөрсөн түүхэнд бий.

Гэтэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлж, буруутай хүмүүст нь ял оноосон шүүх нь хүртэл таг чиг, ажин түжин байна. Ийм учраас тийм шийдвэр гаргасан гэх мэтээр тайлбар мэдэгдэл хийх учиртай газрын нэг нь яах аргагүй шүүх. Үнэхээр шүүх нь жүжиг тавьж буруу шийдвэр гаргасан бол, гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж хохироосон бол Монгол Улс хаашаа яваад байна вэ гэсэн асуулт тавихаас аргагүйд хүрнэ.

Хэрвээ байдал иймдээ тулсан бол энэ улсын хуулиудыг оройноос нь улыг нь хүртэл өөрчлөх, шинэчлэх шаардлагатай нүүр тулахаас аргагүй. Нийгэм, эдийн засаг хуулийн дор хөгждөг. Хууль иймдээ тултал үнэ цэнэгүйдсэн бол нийгэм бутарна гэсэн том аюул эрсдэл бий. Ямартай ч алуурчин гэж шүүхээс тогтоогоод хорьчихсон хүмүүсээс Хууль зүйн сайд нь уучлал гуйж “Монголд хууль байхгүй” гэсэн утгатай үг унагасан шигээ суугаа нь өнөөдрийн бодитой үнэн. Байдал үнэхээр иймдээ тулсан бол аль нэг талд нь гарах гэсэн цор ганц гарц байна.

Ц.Билиг 

Эх сурвалж: Өдрийн сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.