Comment.mn

C.Чинзориг: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгоход төсөв хөрөнгийн асуудал үүсэхгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон аливаа төсөл хөтөлбөртэй холбоотойгоор холбогдох хүмүүст тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм.

Үүний хүрээнд нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байна. Тиймээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургаадугаар сарын 1-нээс мөнгөн тэтгэмж олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгасан билээ. Тэгвэл уг ажлыг хэрхэн зохион байгуулах, шаардлагатай төсөв хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх, иргэдийн зүгээс хүүхдийн мөнгөө хэрхэн авах боломжтой талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С. Чинзоригоос тодрууллаа.

-Ирэх сарын 1-нээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Төсөв хөрөнгийг нь ямар байдлаар шийдэхээр байна вэ?

-Энэ оны улсын төсвийг батлахдаа УИХ-аас 40 дүгээр тогтоолыг батлан гаргасан юм. Энэ тогтоолд нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгох чиглэл өгсөн. Нөгөөтэйгүүр цаашдаа хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох чиглэлээр судалгаа хийх, үүнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг олон улсын байгууллагуудтай зөвшилцөхийг үүрэг болгосон байдаг. Улмаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тусгасан зорилтоо ханган биелүүлэх арга хэмжээ авах талаар тогтоолд тусгасан юм. Уг тогтоолын дагуу манай болон миний эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг авсан.

Уг судалгаагаар нийт хүүхдийн 85 хувь нь буюу нэг сая хүүхэд мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ гаргасан байдаг. Нэгэнт УИХ-аас тогтоол гаргасан, холбогдох судалгааг хийсэн учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр “Хүсэлтээ гаргасан хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгох тогтоолыг УИХ-аас гаргасан, дээрээс нь холбогдох судалгаа тооцоог нэгэнт бэлэн болгосон учраас ирэх сарын 1-нээс ажил хэрэг болго” гэсэн чиглэл өгсөн.

-Одоогоор хэчнээн хүүхэд мөнгөн тэтгэмж авч байна вэ. Хүсэлт гаргасан хүүхдүүдийг нэмж тоооцоохоор хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай болох вэ? 

-Одоогийн байдлаар 912 мянган хүүхдэд төрөөс мөнгөн тэтгэмж олгож байгаа юм. Харин хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно гэвэл нэг сая орчим хүүхдэд мөнгөн тэтгэж олгохоор байна. Одоогийнх дээр 88 мянган хүүхдийг нэмж хамруулна гэсэн үг. Эдгээр хүүхдэд сүүлийн 6-7 сарын мөнгөн тэтгэмжийг нөхөж олгоход 17 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гарсан. Энэ мөнгөн хөрөнгийг 2019 оны батлуулсан төсөвтөө багтаан гаргах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Сангийн яам болон манай ХНХЯ-ныхан тооцоо нийлүүлж үзэхэд боломжтой дүр зураг харагдаж байгаа. Тийм учраас энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд хүүхдийн мөнгөтэй холбоотой тогтоолыг оруулж, батлуулахаар төлөвлөж байна. Ингэж Ерөнхий сайдын зүгээс өгсөн чиглэлийг албажуулж гаргаснаар ажил хэрэг болгох бүрэн боломж бүрдэнэ.

-Тэгэхээр зургаадугаар сарын 1-нээс олгож амжих уу?

-Холбогдох судалгааг хийгээд бэлэн болгочихсон гэдгийг дээр хэлсэн шүү дээ. Бэлэн болсон судалгааг үндэслэн мөнгөн тэтгэмжолгоно. Тиймээс одоогоор хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлсэн 88 мянган хүүхдэд олгох боломжтой. Хөрөнгийн эх үүсвэрийг энэ жилийн ХНХ-ын сайдын төсөвт тусгасан учраас 17 тэрбум төгрөгийг гаргах боломжтой, хөрөнгө мөнгөний тухайд асуудал үүсэхгүй гэж ойлгож болно. 

-Ерөнхий сайдаас чиглэл өгсний дагуу зарим айл өрх харьяа дүүрэг, хороондоо хандахад “Таны хүсэлтийн дагуу гэрт чинь очиж судалгаа хийнэ, өрхийн амьжиргааны түвшин тогтооно. Хүсэлт гаргасан л бол мөнгөн тэтгэмж авна гэсэн үг биш шүү” гэж хэлсэн байсан. Гэтэл та бэлэн судалгаанд үндэслэнэ гэх юм. Энэ тухайд иргэд хэрхэн ойлгох вэ?

-Өрхийн амьжиргааны судалгааг айлуудаас дахиж авахгүй. Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдчихсан нийт нэг сая 44 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдэд өрхийн амьжиргаагаар нь 670 гэсэн босго оноо татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргасан хүүхдүүдээ амьжиргаагаар нь ангилсан. 670 гэсэн босго онооноос доош байгаа нэг сая хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно гэсэн үг шүү дээ. Тиймээс Ерөнхий сайд чиглэл өгсний дагуу хүсэлт гаргаснаар дүүрэг, хорооноос өрхийн амьжиргааны судалгаа явуулна гэдэг ойлголт байхгүй.

-Тэгэхээр шинээр хүсэлт гаргана гэсэн ойлголт байхгүй юм байна, тийм үү?

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой бүх судалгаа, тооцоог өнгөрсөн жил улсын хэмжээнд бүрэн хийж дуусгасан. Тодруулбал, хүүхдийн мөнгө авах хүсэлтээ айл өрхүүд гаргаад өрхийн амьжиргааны түвшин тогтоолгочихсон. Тиймээс уг судалгааны дүнд тулгуурлаад хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох ажлыг зохион байгуулна гэсэн үг.

М.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.