Comment.mn

Ч.Тамираа: Хятадын хоёр иргэн их хэмжээний валют гаргахыг завдсан

Гаалийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн байцаагч Ч.Тамираатай ярилцлаа

 

-Гаалийн ерөнхий газар энэ жил хэчнээн хэрэг, зөрчил илрүүлсэн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Энэ оны арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар 3420 орчим зөрчил илрүүлсэн. Эдгээр зөрчлийн 120 нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил байсан. Их хэмжээний татвараас зайлсхийх, хориглосон буюу хязгаарласан бараа, түүх соёлын дурсгалт зүйл , эм, эмийн бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулах буюу гаргах зөрчил давамгайлж байна. Үүнээс 3320 нь захиргааны зөрчил байгаа юм. Захиргааны зөрчилд гаалийн байгууллагаас тогтоосон дүрэм журмыг биелүүлэхгүй байх, бага хэмжээний татвараас зайлсхийх, бичиг баримтаа дутуу гаргаж өгөх, гаалийн улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх гэх зэрэг зөрчил гаргадаг. Энэ жил гарсан зөрчлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

-Их хэмжээний татвараас зайлсхийдэг гэлээ. Үүнийг оруулж ирж байгаа зүйлийнхээ тоог худал мэдүүлдэг гэж ойлгож болох уу?

 

-Аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд их хэмжээний татвараас зайлсхийж байна. Улсын хилээр нэвтрүүлж байгаа барааныхаа тоо хэмжээг бууруулж,эсвэл марк, зориулалтыг худал мэдүүлдэг. Тухайлбал, LX 570 машиныг LX 470 гэж худал мэдүүлэх зөрчил их гарч байна. Өөрөөр хэлбэл, өндөр үзүүлэлттэй барааг хямд үнэтэй бага үзүүлэлттэй барааны нэрээр мэдүүлж, татвараас зайлсхийхийг оролддог. Энэ оны зургаан сард Засгийн газрын 191 дүгээр тогтоол гарч жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай бүх төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Үүнд, уул уурхай, алт, согтууруулах ундааны зориулалтаар хэрэглэх тоног төхөөрөмж ороогүй. Гэтэл татварын хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдахгүй тоног төхөөрөмжийг гаалийн байгууллагад худал мэдүүлж, татвараас зайлсхийх гэсэн үйлдэл их гарч байна. Гаалийн байгууллага татвараас зайлсхийх зөрчлийг илрүүлснээр 120 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.

 

-Өвлийн улирал эхлэхээр улсын хилээр дархан цаазат болон нэн ховордсон амьтны эд эрхтэнг гаргах нь ихэсдэг. Уг зөрчлийн илрүүлэлт хэр байна вэ?

 

-Өмнөговь, Дорноговь, Дорнод, Ховд аймагт энэ төрлийн зөрчил их гардаг. Тархац нутагтаа тоо хэмжээ нь цөөрсөн, байгалийн жамаараа ховордсон ан амьтныг зөвшөөрөлгүй агнаж, устгаад эд эрхтэн, эвэр туурай, арьс үсийг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан гэмт хэргийн шинж тэмдэгтэй үйлдэл энэ онд 11 гарсан. Баавгайн савар, зээрийн эвэр, үнэг, хярсны арьс гэхмэтчилэн амьтны арьс, эд эрхтнийг улсын хилээр гаргахыг завддаг. Харамсалтай нь гадаад иргэд биш, Монгол Улсын тэр тусмаа тухайн бүс нутгийн иргэд эл хэргийг үйлдэж, хууль бусаар гаргах гэж байгаад баригдаж байгаа нь эмгэнэлтэй. Түүнчлэн байгалийн хагас үнэт чулуу буюу улаанчулууг улсын хилээр гаргахыг завдсан хууль бус 13 үйлдлийг илрүүлсэн. Тэгэхээр дээрх чулууг Хятад улсын нутагт нэг кг-ыг 70-80 мянган төгрөгөөр зардаг гэсэн албан бус мэдээ бий. Энэ мэдээллийг сонссон иргэд Өмнөговь, Дорноговь аймгаас улаанчулууг олборлоод ачаа тээшиндээ их хэмжээгээр нуун далдалж гаргах гэж байсныг илрүүлсэн.

 

-Хятад улсын иргэд их хэмжээний валют улсын хилээр гаргах гэж байсан гэсэн. Энэ үнэн үү?

 

-Хятадын хоёр иргэн их хэмжээний валют улсын хилээр гаргахыг завдсан үйлдэл гарсан. Нэг нь 480, нөгөө нь 130 мянган юанийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байгаад баригдсан.

 

-Гаалийн ерөнхий газар энэ онд улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрүүлэх вэ. Одоогоор хэдэн хувийг нь төвлөрүүлсэн байна вэ?

 

-Гаалийн байгууллага энэ онд улсын төсөвт 1.89 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй. Одоогоор улсын төсөвт оруулах ёстой орлогынхоо 89 хувийг оруулчихсан байна. Гэхдээ орох ёстой татварын орлого тасарсан хэд хэдэн үзүүлэлт байна. 2014 оны импортын тоо хэмжээг 2013 онтой харьцуулахад импортын эргэлт 20 хувиар буурсан.

 

-Шинэ жилийн баяр болох гэж байна. Иргэд хууль бусаар хилээр салют буюу тэсэрч дэлбэрэх бодисыг оруулж ирдэг. Энэ төрлийн зөрчил хэр гарч байна вэ?

 

-Шинэ жилийн баяр ойртож байна. Үүнтэй холбогдуулан иргэд пиротехникийн хэрэгсэл буюу салютыг улсын хилээр хууль бусаар оруулж ирэхийг завдсан зөрчил ихэсдэг. Замын-Үүдийн гаалийн газрын хамт олон “Салют” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гол нь салютыг хилээр оруулж ирэхийг таслан зогсоож, монгол хүний эрүүл мэндийг хамгаалах зорилготой. Аян эхэлснээс хойш таван үйлдлийг таслан зогсоосон. Тиймээс иргэд хэн нэгний гар дээрээс салют худалдан авахгүй байхыг анхааруулъя.

 

-Чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн улсын хилээр орж ирдэг. Тухайлбал, хөлдсөн, хугацаа нь дууссан. Үүнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

 

-Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтэд гаалийн байгууллага улсын хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж ажилладаг. Иргэддээ хандаж хэлэхэд хилийн чандаас хүнсний бүтээгдэхүүнийг оруулах гэж байгаа бол зарим нэг шаардлагуудыг мэдэж, гаалийн харилцаанд оролцож, гадаад худалдааг хийх хэрэгтэй. Тухайлбал, тухайн хүнсний бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирэхдээ хэрэглэх буюу ашиглах заавар, хаяг, шошго нь монгол, англи, орос хэл дээр байх ёстой. Өөр хэл дээр байвал улсын хилээр оруулахгүй гэсэн хуулийн заалт байдаг. Мөн тухайн бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа бий. Хадгалах хугацааны гуравны нэг нь хүчинтэй байх ёстой. Хөлдөж, гэмтдэг, зориулалтын тусгай нөхцөл шаарддаг бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахдаа дулаалгатай буюу чингэлэг, мах махан бүтээгдэхүүн бол хөргөлттэй тээврийн хэрэгслээр улсын хилээр оруулж ирэх хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагууд улсын хилээр оруулж ирж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөлийг хангаагүй оруулж ирсэн тохиолдолд хилээр оруулахгүй байх хуулийн шаардлагыг барин ажиллаж байна. Эрх бүхий байгууллагын дүгнэлт гарвал тухайн бүтээгдэхүүнийг эзэнд нь өгөхгүйгээр устгалд оруулдаг. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш 40 орчим зөрчлийг илрүүлсэн байгаа. Тиймээс иргэд хуулиа судалж, гаалийн харилцаанд оролцох хэрэгтэй.

 

-Улсын хилээр оруулахыг хориглосон ямар бараа бүтээгдэхүүн байдаг вэ?

 

-Ямар барааг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх вэ гэдгийг заадаг эрх бүхий субъект нь УИХ, Засгийн газар байдаг. УИХ, Засгийн газраас заасны дагуу хориглосон барааг нэг ширхэг ч байсан улсын хилээр нэвтрүүлэхгүй байхыг гаалийн байгууллага хариуцан ажилладаг. Үүнд, этилийн спирт, хар тамхи, мансууруулах бодис, ДОХ-ын шинжилгээ хийгээгүй цус, цусан бүтээгдэхүүн, хүний эд эрхтэн, гойд ашиг шимт мал амьтан, цөмийн зэвсгийн зориулалттай цацраг идэвхт бодис, садар самууныг суртачилсан дуу, дүрс бичлэг, хэвлэмэл материал, палакат, агнасан тарвага болон түүний арьс, хуш модны самар, зориулалтынхаа дагуу ажиглах боломжгүй хаягдал төмөрлөг, агнаж устгахыг хориглосон ан амьтан зэрэг барааг улсын хилээр оруулахыг хориглосон байгаа.

 

-Автомашины дугуйны наклодыг улсын хилээр оруулахгүй гэсний учир юу вэ?

 

-Энэ оны арваннэгдүгээр сард УИХ-ын тогтоол гарч зарим нэр төрлийн барааг улсын хилээр оруулахыг хориглосон. Тухайлбал, автомашины дугуйны наклад. Үүнийг яагаад хориглож байгаа юм гээд иргэд гайхаж магадгүй. Тэгэхээр бүх автомашины дугуйны накладыг оруулж ирэхийг хориглоогүй. Шөрмөсөн чулуугаар хийсэн дугуйн накладыг шууд хориглосон. Шөрмөсөн чулуу нь тормоз гишгэхэд үрэлтээс хүний нүдэнд харагдахгүй тоосонцор үүсгэдэг. Тоосонцор нь хүний уушгинд орж хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон.

 

С.Ичинхорлоо

Эх сурвалж : www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.