…Учир мэдэх томоохон хуульчид энэхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” хэсэгт нэмээд “…Эрүүдэн шүүсэн болох нь илэрхий болсон бол” гэсэн заалт нэмээд л болчихоор гарц байгаа ажээ. Угаасаа эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд, хууль хяналтын байгууллагынхан, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагынхан үзэцгээсэн. Олон нийтэд “өнгөт”-өөр ярьцгаачихсан. Ер нь бол эрүүдэн шүүсэн нь илэрхий болчихсон.
С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хүмүүс буруутгагдаж 2017 онд шүүхээс ял авсан.
Харин хэдэн сарын өмнөөс энэ хэрэг шийдэгдсэн байдалд эргэлзээ үүссэн. Тэднийг Урьдчилан хорих төвд эрүүдэн шүүсэн нь тодорхой болж, энэ мэдээлэл нийгмийг цочроогоод байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор тагнуулын ажилтнууд, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг баривчилж хориод байгаа. Бас Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг чөлөөлсөн гэхэд болно.
Тэгвэл эрүүдэн шүүсэн нь илэрхий болсон энэ асуудал цааш яаж үргэлжлэх вэ гэдэг анхаарал татаж байгаа юм.
Хамгийн түрүүнд эрүүдэн шүүлтийн хохирогч гэгдээд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэрхэх вэ гэдгийг ярьцгааж байгаа юм.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 2019 оны гуравдугаар сарын 21-нд олны өмнө гарч ирээд “…Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлсэн гэм зэмгүй хүмүүс хүйтэн камерт яаж амьдардгийг нүдээр үзье гэж би очсон юм. Аль аль нь 40 гаруй насны хүмүүс 20-25 жилийн ял авсан. Ийм хэмжээний ял авсан хүмүүс шоронд тэснэ гэж байдаггүй юм. Ялангуяа чанга дэглэмд хоригдож байгаа хүн. Би тэр эмэгтэйтэй нь ч уулзсан. Б.Содномдаржаатай нь ч уулзсан. Өчигдөр хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа юм энэ. Цаашдаа шүүх суллатал эмнэлэгт байлгаж байгаа гаргана гэж бодож байгаа. Би Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна” гэж мэдэгдсэн. Бас тэр өдөр нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан “…С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр уучлал гуйсан. Зохиомлоор хэргийн золиос болж шоронд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлээс уучлал гуйлаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яг 1937 он шиг юм болсон гэдгийг ч өчигдөр Ц.Нямдорж сайд хэлсэн. …Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой бичлэгүүд, мөрдөн байцаагч нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг дарамталж буй бичлэгүүд ил болсон. Бичлэгийг сэргээсэн байгаа. Ээжийнх нь хашаан дотор хүний цогцос хаяж айлгасан. Гурван Монгол залууг хүчээр айлган сүрдүүлж, дарамталж байгаад энэ хэргийг үүрүүлсэн байна” гэж ярьсан.
Эдгээр үг шоронд хоригдож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг, тэдний ар гэрийнхнийг “үхтэл” нь баярлуулсан нь лавтай. Хэзээ суллагдах бол гэсэн хүлээлт хаана хаанаа төрчихөөд байгаа нь тодорхой.
Гэтэл манай улсад мөрдөгдөж буй хуулиар Ц.Нямдорж, Ж.Батзандан нарын яриад байгаа шиг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаад тавих боломж байхгүй байна.
Үүнийг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байгаа, Монголын хуулийг гарын арван хуруу шигээ мэддэг Ц.Нямдорж, уг хэргийн талаар олон улсад төлөөлөх онцгой эрхтэй Түр хорооны дарга болсон, МУИС-д хуульч, Унгарт эрх зүйч мэргэжил эзэмшсэн Ж.Батзандан хоёр мэдэхгүй байх үндэсгүй. Тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 онд батлагдсан. Энэ хуулийн 41.1 дүгээр зүйлд “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл”-ийг заасан байна.
41.1.2-т “…шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэсэн байдаг. Энэ зүйл заалтаар дээрх хоёр хүнийг эрүүдэн шүүсэн асуудлыг шалгах боломжтой. Энэ дагуу хууль хүчний байгууллагын ажилтнууд баривчлагдаад байгаа юм.
Товчхондоо, энэ хуулиар бол Ц.Нямдорж нарын яриад байгаа шиг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах талаар Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдтол ярих боломжгүй байна.
Мөн уг хуулийн 16.12 дугаар зүйлийн Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх гэдгийн “1.Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй” гэсэн нь бас л ялгаагүй.
Хуулийн тайлбараар “…Тогтоогдох, тогтоогдвол” гэдэг нь “…Шүүхээр эцэслэн шийдэгдтэл” гэсэн шууд агуулгатай.
Ингэхээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг, тэр дундаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудал “зэлтэрийн гацаа”-нд орчихоод байгаа юм.
Ийм байтал хууль санаачлах үндсэн ажилтай ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга нар “…Тэднийг суллана” гэж яриад байгаа нь тун ойлгомжгүй байна. Уг нь тэдэнд хуулиа өөрчлөөд, шаардлагатай зүйл заалтыг хурдан түргэн нэмээд оруулчих бүрэн эрх нь бий.
Харин учир мэдэх томоохон хуульчид энэхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” хэсэгт нэмээд “…Эрүүдэн шүүсэн болох нь илэрхий болсон бол” гэсэн заалт нэмээд л болчихоор гарц байгаа ажээ.
Угаасаа эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд, хууль хяналтын байгууллагынхан, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагынхан үзэцгээсэн. Олон нийтэд “өнгөт”-өөр ярьцгаачихсан. Ер нь бол эрүүдэн шүүсэн нь илэрхий болчихсон.
Нөгөөтэйгүүр өнөөгийн цаг үед дэлхий нийтээр эрүүдэн шүүхийн эсрэг тэмцэж байна. Гучаад жил ардчилал ярьж ирсэн манай улсын хувьд яг эрүүдэн шүүсэн тухайд хуулийн ийм их цоорхойтой байгаа нь эмгэнэлтэй л юм.
Монгол Улсын Олон улсын гэрээнүүдийн нэг нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц байдаг. Гэтэл хууль маань дээрх байдлаар энэ асуудлыг орхигдуулсан байгаа юм.
Тиймээс энэ бүхнийг хамгийн сайн мэдэх хүмүүс огт мэдэхгүй хүн шиг “…Суллана” гэж мэдэгдэж, ярьж, хоригдож байгаа хүмүүс, тэдний ар гэрийнхэн, энэ хэргийг анхааралтай ажиглаж байдаг Монголын ард түмнийг төөрөгдүүлж байна гэж үндэслэл байна.
Энэ сацуу сүүлийн үед зарим хэвлэлээр МАН-ынхан С.Зоригийг хөнөөсөн хэргээр сонгуулийн шоу хийх гэж байна гэсэн хардлага яваад байгаа нь ч үндэслэлтэй мэт харагдаж буй.
Учир нь эрүүдэн шүүсэн гээд баригдаж хоригдсон тагнуул, шүүхийн шийдвэрийн ажилтнуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн одоогийн заалтаар шийднэ гэвэл 2020 оны сонгуультай яг сайхан давхцаж таарч байгаа юм.
Тэгэхээр тэр үед эрх баригчид өөрт ашигтай хувилбараар цэвэр улс төрийн шийдвэр гаргуулж, С.Зоригийг хөнөөсөн хэргээр Монголын улстөрчид 20 дахь жилдээ сонгуулийн шоу хийх магадлалтай гэсэн үг.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин