Comment.mn

“Эрдэнэт” үйлдвэрт нэр нөлөөгөө тогтоосон “Ocean Partners” компанийн эзэн Д.Мөнхбаярыг хэн хамгаалдаг вэ?

“Ocean Partners” гэх нэртэй компани сүүлийн үед олны анхаарлыг татаад буй. Тус компани нь “Эрдэнэт” үйлдвэрээс Хятад руу зэсийн баяжмал зардаг трейдер компани юм байна. Дээрх компанитай холбоотой хоёр ч ноцтой асуудал олон нийтэд ил болоод байна.

Тодруулбал, “Жаст” группийн захирал Ш.Батхүү МАН-ын нэр нөлөө бүхий гишүүдийн дэмжлэгтэйгээр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаанд тавьж, 50 гаруй сая ам.доллар зээлсэн хэргийн гол зохион байгуулагч нь дээрх компани болоод байгаа. Мөн өөр нэг ноцтой асуудал нь анх зээл авахад зуучлагчаар ажиллаж байсан дээрх компани Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өрийг эргүүлэн төлөх үйл явцад мөн л гар бие оролцож, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр “Эрдэнэт” үйлдвэртэй 20 гаруй жилийн өмнөөс хувь заяа нь холбогдсон “Ocean Partners” компанийн түүх олны анхаарлыг маш ихээр татаж байна. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрээс хамгийн их зэсийн баяжмал худалдаж авдаг байсан “Ocean Partners” компанийнхан МАН-ын нэр бүхий улстөрчидтэй нийлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж магадгүй гэх хардлага олны дунд төрөөд байна. Тэгвэл дээрх компанийн талаар ноцтой баримтыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж олон нийтэд саяхан мэдэгдсэн.

Тэрбээр “Жаст”-ын Ш.Батхүүд 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр 15,15-аар нийт 30 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкнаас аваад, гурван өдрийн дараа буюу 26-ны өдөр “Жаст” компанийн данс руу шилжүүлсэн байдаг юм. Энэ зээлийг авахад “Ocean Partners” компани зуучилсан. Зуучилсан гэж байгаагийн гол үндэслэл нь тодорхой хугацааны дараа зээл төлөхөд “Ocean Partners” өөрөө 48 сая ам.доллар төлсөн. Өөрөөр хэлбэл, эхлээд авсан 30, сүүлд “Эрдэнэт” баталгаа гаргаж авсан 20, нийтдээ 50 сая ам.долларын 48-ыг нь “Ocean Partners” компани өөрийнхөө зэсийн баяжмалын төлбөрөөс “Стандарт”банкинд төлсөн гэдэг мэдээлэл байгаа. Энэ албан ёсны мэдээлэл. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд АН-ын Зөвлөлд гаргаж өгсөн материапд төлбөр төлсөн гэдэг мэдээлэл бий.

Анхнаасаа зээл авахад “Ocean Partners” гэдэг компани тодорхой улстөрчдийн нөлөөгөөр зуучилсан нь эндээс харагдаж байгаа юм. “Ocean Partners” компани “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг худалдаж авдаг хамгийн том худалдан авагч байсан. Энэ компани нийтдээ 2.3 сая тонн зэсийн баяжмал “Эрдэнэт” үйлдвэрээс авсан, 1998 оноос өнөөдрийг хүртэл шүү дээ.2.3 сая тонн зэсийн баяжмалын төлбөр нь 3.2 тэрбум ам.доллар гэсэн үг.

Тэгэхээр энэ компани том нөлөөтэй, улстөрчдөд нөлөөлж чадахуйц компани гэдэг нь харагдаж байгаа юм. Сая “Стандарт” банкны өрийг төлөхөөр болоход энэ компани дахиад зуучлагчаар ажилласан. Зээл авахад ч, төлөхөд ч зуучилж байна гэдэг том асуудал байна гэдгийг харуулж байгаа биз. “Стандарт” банктай холбоотой Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. 115 сая ам.доллар манайхаас авах нь тодорхой байхад яагаад энэ мөнгөнөөсөө татгалзаж, 40 сая ам.доллар аваад салж байна вэ. Ямар ч эрүүл компани, банк ингэж ажиллахгүй. “Эрдэнэт” олон сая ам.долларын борлуулалт хийдэг компани. Тийм ч учраас “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь трейдер компаниудаас энэ мөнгийг суутгаад авчих боломжтой. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө авахаас татгалзаад, 40 сая ам.доллар төлөөд асуудал шийдэгдэж байгаа нь эхнээсээ л “Ocean Partners” компани “Стандарт” банкийг нэр төдий ашиглаад, өөрсдөө зээлээ өгчээ. Дараа нь зээлээ төлүүлж авчээ гэдэг схем харагдаж байгаа” гэсэн билээ.

“OCEAN PARTNERS” КОМПАНИЙН ЭЗЭН ДАМДИНСҮРЭНГИЙН МӨНХБАЯР ГЭЖ ХЭН БЭ

Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкнаас зээл авахад зуучлагч компаниар ажиллаж байсан, өдгөө “Стандарт” банкны өрийг төлөх үйл ажиллагаанд мөн л оролцож байгаа “Ocean Partners” компанийн эзэн хэн болохыг нэхэн сурвалжиллаа. Дээрх компанийн хувьцаа эзэмшигч нь Дамдинсүрэн овогтой Мөнхбаяр гэх Монгол Улсын иргэн аж. Албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр олны анхааралд өртөөд байгаа дээрх компанийн захирал Д.Мөнхбаяр нь АНУ-аас ирэн очин байдаг юм байна. Д.Мөнхбаяр гэх хүн улстөрчдийн хэнтэй холбоотой, түүний удирддаг компани “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал худалдаж авахад ямар хүн нөлөөлдөг, эрх ашгийг нь улс төрийн ямар бүлэглэл хариуццаг вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг “Таван богд групп”-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай олон талаар холбоотой ажилладаг гэх мэдээлэл гараад байгаа. Д.Мөнхбаяр нь Ц.Баатарсайханы эхнэр Д.Хулантай найман жилийн турш компани хамтран эзэмшиж байсан нь баримтаар тодорхой болоод байгаа гэх. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn цахим хуудаст дурдсанаар Дамдинсүрэнгийн Мөнхбаяр “Прайм софт” гэх нэртэй программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг компанийн хувьцааг эзэмшдэг. 2011 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулагдсан уг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр иргэн Д.Мөнхбаяр, хуулийн этгээд “Таванбогд трейд” хэмээсэн байдаг юм байна. Тэгвэл “Таван богд трэйд” нь Ц.Баатарсайханы эхнэр Д.Хулангийн компани гэдгийг эх сурвалж онцолж байгаа юм. Өөр нэг мэдээлэл нь УИХ- ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Д.Мөнхбаяртай ажил хэргийн олон жилийн холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа.

Дамдинсүрэнгийн Мөнхбаярын хариуцдаг “Ocean Partners” компани нь “Эрдэнэт” үйлдвэрээс худалдаж авсан зэсийн баяжмалаа БНХАУ-ын нэр бүхий компаниудад худалдан борлуулдаг нь, тодорхой юм. “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг хэний ч мэдэхгүй, сураггүй компани худапдан авах боломж байхгүй.

Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн захирал, дарга, цэргүүд зөвхөн “Ocean Partners” компанитай 20 жил тасралтгүй ажиллаж ирсэнд учир бий гэх хүмүүс байна. Тэгэхээр дээрх компанийн ард нэр нөлөө бүхий улстөрчид байх магадлал өндөр байгаа юм. Тиймдээ ч тус үйлдвэрийн зэсийн баяжмалын нийт борлуулалтад жин дарахуйцыг байнга худалдаж авдаг, цаашлаад тус үйлдвэрийг гадны компанид барьцаанд тавих, өр зээлийг нь барагдуулах зэрэг том ажлуудад гар хөлөө гүнзгий дүрдэг биз ээ.

Э.БААТАР

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.