“Би зургаан настай. Аав намайг 2-3 удаа алгадсан. Толгой руу бас гурван удаа бал зоосон. Цээж рүү долоон удаа бал зоосон. Энхүүлэйг шугамаар хацар, толгой руу нь зүссэн. Тэгээд хамаг хүчээрээ хамарынх нь арьсыг хуулсан. Энхүүлэйгийн хамарнаас цус гоожсон.
Бас тэлээгээр зодсон. Бас модон хусуур хугартал Энхүүлэйгийн гар руу нь зодсон. Би уйлаад “Дүүг минь битгий зодооч дээ” гээд гуйсан чинь намайг олон удаа алгадсан. Бид хоёр ааваас дандаа айдаг. Манай ээжтэй суухдаа бид хоёрыг ингэж зоддоггүй байсан. Гэхдээ би ингэж бодсон. Аав хуучраад ирэхээрээ бид хоёрыг зодохгүй байх гэж бодсон. Өмнө нь бид хоёрыг усанд оруулахдаа усанд толгойгоор булхуулж, нуруунаас маажаад, хамарнаас чанга чимхдэг байсан. Ээжийг эзгүй гурван өдөр Энхүүлэй бид хоёрт аймшгийн кино үзүүлсэн. Би шөнө зүүдэлж айдаг болсон. Бид хоёр айдаг болохоор ерөөсөө өөдөөс нь юм хэлж чаддаггүй. Тэгээд “Ээждээ битгий хэлээрэй. Эмээдээ хэлбэл зодно шүү” гэсэн. Тийм болохоор хэлж чаддаггүй байсан. Ээжийг Дархан руу явсны ард Өмнөговьд байдаг Хишгээ ээж хаалга тогшоод манайд ирсэн ч аав ерөөсөө хаалга онгойлгож өгөөгүй…”.
Зургаахан настай балчир хүү ингэж яриад хоолой нь чичрэв. Энэ бол дөрвөн настай дүүгээ өөрийнхөө хэмжээнд хамгаалан хойд эцгийнхээ хатуу нударга доор 72 цагийг тэсч өнгөрүүлсэн зургаан настай О.Энхсүлд хүүгийн яриа. Ивий халаг, үрс минь. Тамлал, яргалал гэдэг өргөст торны цаана л өрнөдөг гэх бүдэг бадагхан ойлголт томчууд бидэнд байдаггүйсэн бил үү. Гэтэл төмөр шугам, өмдний тэлээ, бал, хоолны модон хусуур зэргээр эрэмдэг болтлоо яргалуулж бүтэн эрхтэнгүй болтлоо зодуулсан дөрвөн настай О.Энхтөгөлдөр хүү, түүний ах зургаан настай О.Энхсүлд нар өдгөө хүчирхийллийн айдас хургасан сүүдэрт дагжин чичирсэн хэвээрээ явна.
Нэхэн сануулбал, ийм тамлал Баянгол дүүргийн VII хороо, …дугаар байрны … тоотод өнгөрөгч гуравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд болсон байдаг. Хоолой зангирч, нулимс нүд бүрхээд, зүрх нэгэн хэмнэлээр энэ бүхнийг хүлээж авч чадахгүй, дотор баахан харанхуйлав. Турьхан балчир үрс минь мах цус, яс, арьсаараа хойд эцгийнхээ гарт 72 цагийн турш яргалал мэдэрч байхдаа нэг минут гэдэг юутай удааныг бяцхан зүрхээрээ тоолж байж шүү дээ.
ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ МӨРӨӨДСӨН ЭЭЖ, ХҮҮХДҮҮД ХОХИРЧЭЭ
Хүний амьдралын үнэ цэн бүхэн өөр. Тэр тусмаа үрээ тэвэрч яваа эмэгтэй хүний жаргал, зовлонг мэдрэх агшин өөр. Ч.Оюунтунгалаг гэх гучин нас ч хүрээгүй залуу бүсгүй арваад жилийн өмнөөс ажил хийж хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч явахдаа үг дуу цөөнтэй, даруухан нэгэн залууг мэддэг болсон нь хожмоо хоёр үрээ гарт нь эрэмдэглүүлэх сонголт хийж байгаагаа яахан мэдэх билээ. “Хүний хайр даадаггүй хүнд хэчнээн итгэл үзүүлээд ч өөрчлөгддөггүй юм билээ. Хүчирхийлэл амсаж өссөн хүн гэдэг хүчирхийлэгч болдгийг ингэж л ухаарлаа” гэж ярихдаа тэрбээр хэсэг чимээгүй болов.
“Тодзаяад би үнэхээр итгэсэн. Бид хоёр хамт нэг гэрт орж амьдраад хоёр жил гаруйхан хугацааг өнгөрүүлж байсан юм. Дундаасаа хүүхэдтэй болсон. Одоо ой хүрч байна. Тодзаяа надад балчир насныхаа амьдралыг ярьдаг байсан. Аав нь балаар хатгаж зоддог. Орцонд нүцгэн хөөж гаргадаг. Харанхуй өрөөнд түгждэг байсан тухай хэлдэг байсан. Энэ бүхнийг нь сонсоод хүүхэд нас нь тун хэцүү орчин нөхцөлд өнгөрч дээ гэж их өрөвддөг байлаа. Тодзаяагийн ээж нь олон жилийн өмнө солонгос руу ажил хийхээр явчихсан учраас Тодзаяатай тийм ч дотно байгаагүй юм билээ. Өөрийнх нь мэдэрч өссөн хүүхэд хүмүүжүүлэх арга, ухаан ердөө л ийм байж. Хоёр хүүхдийг минь миний нүдэн дээр цохиж, зодож байгаагүй учраас үнэхээр итгэсэн” гэж ярих бүсгүй бол Ч.Оюунтунгалаг. Хоёр хүүгийн ээж. Хүний амьдралд хөл алдах, гэнэ сэрэггүй байдлаас үүдсэн алдаа мунддаггүй. Ч.Оюунтунгалаг бүсгүй ийм гэнэ сэрэггүй зангаасаа болж хоёр балчир хүүгээ нөхөртөө үлдээсэн нь өнөөдөр өөрөө өөрийгөө зүхэх шалтгаан болчхоод байна.
Хэрэг явдлын эх хаанаас вэ гэдгийг тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр Дархан хотоос Ч.Оюунтунгалагийн утсанд дуудлага иржээ. Эгчийнх нь хөл хугарсан тул хэд хоног асаргаа хэрэгтэй байгааг хэлжээ. Ингээд эгчийгээ зовж байхад усанд хаясан чулуу шиг байж болохгүй тул аргагүй эрхэнд нялх хүүхдээ аваад том хоёрыгоо аавд нь захиж үлдээгээд явжээ. Ингээд Оюунтунгалагийг гэрээсээ гарсан цагаас эхэлж хоёр хүү аавдаа загнуулж, зодуулж эхэлжээ. Оюунтунгалаг Дарханд буусан даруйдаа хоёр хүүтэйгээ утсаар ярихаар залгасан боловч нөхөр нь болох Тодзаяа “Энхүүлэй унтаж байна. Энхсүлд хичээлдээ явсан” гэж хэлээд яриулаагүй байна. Ингээд Тодзаяагийн үгэнд итгэжээ. Маргааш өглөө нь мөн л хоёр хүүтэйгээ ярих гэсэн боловч холбож өгөөгүй байна. Утсаар залгах бүрт ямар нэгэн шалтаг хэлээд байгаа нь гурав дахь хоног дээрээ сэжигтэй санагдсан тул гуравдугаар сарын 13-ны өглөө Энхсүлд хүүгийнхээ төрсөн өдрийг далимдуулаад хот явах унаанд яаравчлан суужээ. Ингэхдээ хот руу явж байгаагаа Тодзаяад хэлээгүй, шууд гэртээ иржээ. Хаалгаа цохиод бараг 30-аад минут зогсжээ. Хаалга тайлсангүй тул Тодзаяа руу залгасан байна. Хэд хэдэн удаа дуудаж байж утсаа авч хаалгаа онгойлгож өгчээ.
ХҮҮГИЙНХ НЬ ЭГЭМ ХУГАРЧ, ХӨЛ ДЭЭРЭЭ ТОГТОЖ ЧАДАХГҮЙ УНАЖЭЭ
Хойд өрөөний орон дээр буруу хараад хэвтэх хүүгээ үнсэх гээд тонгойтол нүдэндээ итгэмгүй дүр зураг олж хараад Ч.Оюунтунгалаг багтран уйлжээ. Яагаад вэ, юу болоод ингэж хүүг минь зодоо вэ гэдгээс өөр асуух асуулт, хэлэх үгээ олоогүй дэмий л уйлж хүүгээ тэврэн авчээ. Хүүгийнхээ гараас татаж босгох гэсэн боловч гараа даахгүй уйлж хөл дээрээ тогтож чадахгүй муужиран унасан байна. Яг энэ мөчид юу болсныг сэхээрэхтэйгээ болж Гэмтлийн эмнэлэг явахаар яаравчилжээ.
“Орондоо шээсэн учраас зодсон чинь ийм болчихсон” хэмээн хээв нэг хариулж зогсохдоо Тодзаяа гэмшсэн шинжгүй харин ч Ч.Оюунтунгалагтай маргаан үүсгэж байжээ. Арван сартай нялхаа тэвэрч хоёр хүүгээ арай ядан хувцаслаад үүрч дүүрсээр такси зогсоосноор эмнэлгийн бараа харжээ. Тодзаяа хоёр балчирхан хүүг гурван хоног тамлахдаа хоол, цайны бараа харуулаагүйгээр үл барам харанхуй өрөөнд гарыг нь өргүүлж хэдэн цагаар ч хамаагүй зогсоох, хамар, хацар, нуруу, гуя орчмоос чимхэх, балны үзүүрээр толгой, цээжний хэсэгт хатгах зэргээр тамлаж байжээ. Дөрвөн настай Энхтөгөлдөр хүү өнөөдрийг болтол нийт есөн удаагийн хагалгаанд ороод байна. Ингэхдээ шулуун гэдэснээсээ 30 см орчим тайруулжээ. Хүүгийн дотор эрхтнүүдэд эрүүл эрхтэн алга. Энэ бол зодуураас үүдсэн гэмтлүүд” гэдгийг мэргэжлийн эмч нар хэлжээ.
ТОДЗАЯА ӨМНӨХ ЭХНЭРЭЭ Ч МӨН ЗОДДОГ БАЙСНЫГ МЭДСЭН
Өөрөөс нь хоёр насаар ах Тодзаяа гэх залууг хань, нөхрөөрөө сонголоо гэж итгэж явахдаа арай ч хоёр алаг үрийг нь бүтэн эрхтэн үлдэхгүй болтол нь зодно гэж бодож байгаагүйгээ Оюунтунгалаг бүсгүй учирласан. Хүүгийнх нь дотор эрхтнүүд ажиллагаагүй болж хоол идэж чадахгүй, уруул нь омголтож хатаад нүд халтирам болчхоод 10 секунд орчим зүрх нь зогсоход эх хүний сүнс биенээс нь гараад явчихдаг юм билээ. Юу болоод байгааг үнэндээ ойлгоогүй. Ой ухаанаа хэсэг зуурт алдчихсан. Хүүтэйгээ ижил ухаангүй болчихсон” гэж ярих тэрбээр өнөөдөр хаана, хэнд хандаж хүүгээ бүтэн болгохоо мэдэхгүй адгаж явна.
Тэрбээр Тодзаяагаас хүүхэдтэй болсон нь өдгөө ой хүрч байгаа гэнэ. “Би гэрээс гарахдаа гурван хүүхдээ гурвууланг нь дагуулаад гарсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд гарны тохой хэсгээрээ хугаралтай. Хоёр хөл нь олон газар хөхрөлт няцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй. Мөн хэвлийн эход харуулахад дотор эрхтэн нь маш их гэмтэлтэй, дотуур цус алдалттай, элэг, дэлүү нь няцралттай гэсэн хариу сонссон. Одоо ч миний хүү шоконд орсон байдалтай. Цочимтгой, ууртай болсон. Айдас нь арилахгүй шөнө бүр уйлдаг болсон” гэсэн юм. Цовоо сэргэлэн, юм л бол инээж явдаг хоёр алаг үрээ хүний гарт гурван хоногийн турш зодуулсан бодит байдлын ул мөр өнөөдрийг болтол ухаан санаанд нь нөлөөлсөн хэвээр байгааг 25-тай ээж уйлан байж ярилаа. Арьс, яс нь бэхжиж амжаагүй хүний алаг үрсийг 72 цагийн туршид яргалсан хүчирхийлэгчийг бодохуй хэнд ч юм гомдоно.
ХҮЧИРХИЙЛЭЛ АМССАНЫГ НЬ БААЛДАГ НИЙГЭМ БАЙЖ БОЛОХ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА
Хүнд хүний ёсоор итгэсэн нэгний буруу болдог хатуу нийгмийг бид нийтээрээ бүтээжээ. Энэ цаг үеэс эх хүнийхээ хувьд айж байна, би. Бага насны охин хүүхэдтэй иргэн хүнийхээ хувиар аргаа барж байна. Ч.Оюунтунгалаг ээжийн нулимсыг хараад, дөрөв, зургаан настай балчир үрсийн нүдийг хараад уймарч сууна. Уйлж сууна. Амьдралын хатууг мэдрээгүй бяцхан зүрхийг айдас нөмөрснийгхараад шаналж сууна.
Хайрласныхаа төлөө хардуулдаг, хүүхэд төрүүлснийхээ төлөө адлуулдаг, хүнд итгэснийхээ төлөө ар нуруундаа “хутгалуулдаг”, гэнэн итгэл дүүрэн байсныхаа төлөөсөнд хайртай бүхнээ алддаг ийм нэг цөвүүн цагт бид олуулаа амьдарч явна. Хүүхдэдээ ээлгүй, нударга зангидаж хутга далайдаг харгис нийгэмд бид дөжирч явна. Гурван балчир үрээ энгэрээсээ зүүсэн Ч.Оюунтунгалаг бүсгүйд төрсөн ээж Б.Жавзмаагаас нь өөр тулж түших, хань бараа болж хаа явсан газар нь сүүдэр шиг нь хайр дэвсэж байгаа хүн алга. Хүний эх гэдэг зовлонгийн өмнө, жаргалын ард явдаг даа. Б.Жавзмаа гуай тийм л ээжүүдийн төлөөлөл аж.
“Охин минь орох оронгүй, гурван балчир үрсээ дагуулж явна. Бурхан шиг сэтгэлтэй, алтан мутартай эмч нарын ачаар охин бид хоёр хоёр хүүгээ өдий зэрэгтэй босгоод авлаа. Одоо учиртай. Үхлийн хаалган дээр тулчихсан байсан хүүг минь алтан гараараа авран хамгаалсан эмч нартаа баярлалаа гэж хэлэхгүй бол алдас болно” хэмээн нулимсаа арчих Б.Жавзмаа гуай тун ч сэтгэлийн тэнхээтэй эмээ байв. Тэрбээр “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Цэнд-Очир, Баярсайхан, Пүрэвдорж, Сэхээн амьдруулах тасгийн эмчлэгч эмч Бямбаренчин, сувилагч Баасандорж, Эх нялхсын эрүүл мэндийн төвийн мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ганчимэг, эмчлэгч эмч Ундрам, мэс заслын эмч Цэнджав болон бусад эмч, сувилагч нарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа биднээр дамжууллаа. Хүүг минь хөл дээр нь босгохын тулд эрдэм чадал, зүрх сэтгэл, залбирал бүхнээ зориулсан эдгээр эмч нарын тус эрдэм хэмжээлшгүйг Б.Жавзмаа гуай хэлсэн.
Эрхэлж, мөөм хөхөж, чихэр нэхэж, тоглоомноос өөрийг бодох завгүй дөрөвхөн настай бяцхан хүүгийн нүдэнд айдас хургажээ, Ерөнхий сайд аа. Зүрхэнд нь цочих, айх, уйлах, өөрөө өөрийнхөө учрыг олохгүй уурлах сэтгэлзүйн гүн шок бий болжээ. Ивий хөөрхий хонгор үрс минь. Хүүхэд зодууллаа, хазууллаа, заазуурдууллаа гэх аймшигт мэдээлэл өмнө нь ч бишгүй олон гарч байсан. Хүүхэдтэй холбоотой тэднийг тамлаж тарчлаасан хэрэг гараад замхардаг, тэгсгээд намждаг баймааргүй.
Тэгвэл дөрөвхөн настай, зургаан настай хоёр хүүд туслаач. Дахиад дотор эрхтэн тайруулах, оёулах хагалгаанд дөрвөн настай Энхтөгөлдөр хүү орох ёстой. Гэтэл эмчилгээний зардал мөнгө, орох оронгүй айл айлын хаяа бараадаж тогоо, шанага харсан нөхцөл бий болчхоод байна. Гурван балчир үрсээ дагуулаад хаана хандахаа мэдэхгүй зүдэрч суугаа Ч.Оюунтунгалаг гэх залуухан бүсгүйд төр, түмэн гэж байдаг бол гар сунгаач. Гурван бяцхан үрсэд халуун дулаан, амар тайван байх гэр чухал байгааг энд дуулгая.
Эрхэм уншигч та бяцхан хүүхдүүдэд туслахыг хүсвэл ХААН банк 5064242394 ХХБ 424003489тоот дансанд сэтгэлийн өргөл өргөөрэй. Дуслыг хураавал далай гэдэг дээ.
Үргэлжлэл бий…
Муу новшийг өөрийг нь шоронд аваачиж тамлах хэрэгтэй. Муу хүний сүг