Comment.mn

ИРГЭН Б: НАМАЙГ “СҮҮ” ХУВЬЦААТ КОМПАНИ ШҮҮХЭД ӨГНӨ ГЭСЭН. БИ Ч ГЭСЭН ГОМДЛОО ГАРГАЖ БАЙНА

Өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэн Б өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Сүү ХК-ийн үйлдвэрлэдэг “Амтлаг” тарагнаас хулгана гарсан талаарх мэдээллийг цацсан. Тус мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн даруйдаа олон мянган хүнд хүрч, түүгээр ч зогсохгүй иргэд тус бүтээгдэхүүнээс болгоомжлоход хүргэсэн.

Гэвч дээрх мэдээллийг “Сүү” ХК-ийн зүгээс үгүйсгэж “Өнөөдөр сошиал суваг болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, ор үндэсгүй мэдээлэл цацагдаж, компанийн болон брэндийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. “Сүү” ХК- ийн бүтээгдэхүүний савлагаа нь битүү шугамаар явагддаг, дамжлага бүрт зориулалтын нарийн шүүлтүүр байршуулж, чанарын өндөр хяналт тавьж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын байнгын хяналтан дор үйлдвэрлэгддэг тул гадны биет орох ямар ч боломжгүй юм. Үндэслэлгүй, гүтгэлгийн шинж чанартай, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн энэхүү хуурамч мэдээлэлд эрхэм хэрэглэгч та бүхэн шүүмжлэлтэй хандахыг хүсье. Энэ асуудлаар бид мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагуудад хандаж шалгуулах болно” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл “Амтлаг” тарагны талаарх таагүй мэдээллийг олон нийтэд цацсан иргэн Б “Өглөөний Сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр ярихдаа “Энэ үйл явдал өнгөрөгч баасан гарагт /2019.04.26/ болсон. Хүүхдээ цэцэрлэгээс нь авчхаад Баянзүрх дүүрэгт байрлалтай “Сансар” худалдааны төвөөс хэдэн зүйл худалдаж аваад гэр рүүгээ харьсан. Манайх Баянзүрхийн товчооны тэнд байдаг л даа. Тэгээд оройдоо амыг нь хайчаар нээж, охиндоо хийж өгчхөөд, хавчаараар хавчаад сэрүүн газар тавих санаатай гэрийнхээ ус авдаг савны дэргэд тавьчихсан юм. Манай хөргөгч эвдэрчихсэн, хөлдөөгчтэй. Хүүхдэдээ өгөх гэж авсан болохоор хөлдөхөөс нь сэргийлж ус авдаг савныхаа тэнд тавьсан хэрэг. Тэгээд өглөө нь бас жаахныг аяганд нь хийж өгчхөөд, орой нь дахиад уух санаатай нэлээн тонгойлгоод аяганд хийтэл гэнэт л сүүл, хөл гараад ирсэн. Тэр үед үнэхээр балмагдсан. Яах аа мэдэхгүй, хулгана гарч ирсэнд нь итгэхгүй үнэхээр сонин болдог юм билээ. Тэгээд тарагны уутан дээр байсан “Сүү” хувьцаат компанийн утсаар холбогдохоор залгасан боловч автомат хариулагч нь аваад байсан. Дүүргийнхээ Мэргэжлийн хяналттай холбогдох гэсэн боловч амралтын өдөр болохоор мөн л болоогүй. Тэгээд ням гарагт нэг найзаасаа гуйгаад бичлэгийг нь тавьсан. Харамсалтай нь, намайг хулгана бариад хийчихсэн мэтээр хүмүүс дайраад, буцаад би өөрөө эвгүй байдалд орчихоод л байж байна.

Сүү ХК-ийн зүгээс надтай холбогдсон. Бичлэг тавьсны дараа буюу ням гарагт /2019.04.28/ ярьсан. “Мэргэжлийн хяналтаар шинжлүүлж, тодорхой болоогүй, нотлогдоогүй зүйлийг фэйсбүүкт тавилаа. Хэрвээ энэ тараг борлогдохоо больчихвол таныг шүүхэд өгнө. Хэдэн сая төгрөгийн торгуульд унана” гэж ярьсан. Тэгээд ямартай ч өргөдлөө өгтөл гээд бичлэгээ устгасан.

Би та бүхэнд таргаа харуулъя. Ийм амсраар хулгана багтаж орох уу… Би “Сүү” компанийн тараганд хулгана хийж яах юм бэ. Энэ таргийг би олон жил хэрэглэж байгаа. Надад тэгж хүн гүтгээд явах сонирхол алга. Өчигдөр /2019.04.28/ охиноо шинжилгээнд хамруулсан байгаа. Удахгүй хариу нь гарна. Хүүхдэдээ хэрэглүүлчихсэн болохоор л надад хэцүү байна. Энэ том компанийн тарагнаас хулгана гарна гэдэг байж болох хэрэг үү. Тарагнаас хулгана битгий хэл ялаа ч гарах ёсгүй биз дээ. Намайг “Сүү” хувьцаат компани шүүхэд өгнө гэсэн. Би ч гэсэн гомдлоо гаргаж байна. Үнэн мөн нь илрэх байлгүй дээ” хэмээн ярьжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.