Comment.mn

2015 төсвийг 1 их наяд төгрөгөөр танана

УИХ Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийг их л сандруу баталсан. Өөрөөр хэлбэл батлагдах ёстой хугацаанаас нь нэг хоногийн өмнө баталсан юм. Энэ нь Засгийн газар огцорсонтой холбоотой гэх нь бий. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ болсон энэ цаг үед 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа орлого, зарлагыг тус бүр 1 их наяд төгрөгөөр танана хэмээсэн билээ.

Энэ хүрээнд 2013 оноос эхэлж 0-18 хүртэлх насны хүүхдэд сар тутамд 20 мянган төгрөг олгодог болсон. Гэвч ирэх оноос цензур тогтоож зөвхөн зорилтот өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгож байх саналыг Засгийн газар гаргасан. Статистик мэдээллээр Хүний хөгжил сангаас энэ оны эхний 11 сард 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөг олгосон байна.

Мөн жил гаруйн өмнө УИХ –аас оюутанд олгох 70 мянган төгрөгт шалгуур тавьж, онц, сайн сурсан оюутан, мөн тухайн их, дээд сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдсан бэ гэдгээс хамаарч үндэсний тэтгэлэг олгохоор хуулийг өөрчлөн баталж байв. Уг хууль бүрэн утгаараа ирэх оноос хэрэгжиж эхлэхийг Ерөнхий сайд хэллээ.

Түүнчлэн Төрийн албанд ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад нь салбараас нь хамааруулаад 12-36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаагийн тэтгэлэг болгон олгодог юм. Гэвч ирэх жилээс эхлэн тэтгэвэртээ суух төрийн албан хаагчдад салбарыг нь үл харгалзан дээрх тэтгэлгийг 12 сараар тооцон тэгшитгэж олгох саналыг Засгийн газар гаргалаа.

Мөн малчдын мал бүрт нь малын хөлийн татвар ногдуулахаар зэхсэнээ Ерөнхий сайд мэдэгдлээ. Дээрх татварыг орон нутаг нь тогтоож, түүгээр төсвийн орлогоо бүрдүүлэх аж. Энэ бол зөв систем. Улсын хэмжээнд энэ жил 50 сая гаруй толгой мал өвөлжиж байгаа мэдээ бий. Хэрвээ малын толгой бүрт 500 төгрөгийн татвар ногдуулъя гэж тооцвол жилдээ 250 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой нь харагдана.

Өмнө нь буюу 2010 онд малын хөлийн татвар бий болгох асуудал хөндөгдөж байсан ч эцэстээ малын ноос, ноолуураа үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад урамшуулал олгохоор шийдвэрлэж, УИХ-аас тогтоол батлан жил тутамд 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгадаг жишиг тогтсон билээ. Ингээд төсвийн үргүй зардлыг бууруулахын тулд онцгой, цагдаа, гааль, цэргийнхнээс бусдын дүрэмт хувцсанд зориулж хөрөнгө мөнгө төсөвлөхгүй байхаар шийдэж 2015 оны төсвийн тодотголыг боловсруулсан аж. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал, татварынхан зэрэг байгууллагууд дүрэмт хувцасны нормгүй болно гэсэн үг.

Ийнхүү Шинэчлэлийн Засгийн газар төсвийн алдагдлыг багасгах, мөн халамжийн зарим бодлогоо цэгцлэх, татварын оновчтой бодлого хэрэгжүүлэх зэрэг хүрээнд 2015 оны төсвийн тодотголыг боловсруулаад байна. Үүнийг УИХ-аар батлах ёстой.

Эх сурвалж: Zaluu.com

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.