Comment.mn

“Хүн хорих тусам хүсдэг амьтан” гэдгийг санаарай Хотын дарга аа!

Хотын даргагүй нэлээн удсаны эцэст удирдах эзэнтэй болсон. Шинэхэн хотын дарга С.Амарсайхан нь ажлаа хүлээн авсан өдрөөсөө эхлэн өмнөх зуун руугаа шилжихээр болсон уу гэлтэй шийдвэр гаргах гээд зэхэж эхэлснээ дуулгав.

Тодруулбал, Архидан согтуурахтай тэмцэх хуульд дөрвөн жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт орсноор 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “Аймаг, Нийслэлийн Засаг дарга, харъяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох”-оор заасан. Энэхүү хуулийн хүрээнд бизнес эрхлэгчдийг дэмжих, аялал жуучлалын улиралд жуулчдыг татах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны долдугаар сарын 09-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04 цаг болгон тогтоосон юм. Тэгвэл эл бүгдийг дахин өөрчлөхөөр болжээ. Угтаа Э.Бат-Үүл даргын үед батлагдсан дээрх хууль нь цаанаа учиртай. Архидалтыг хориглох тусам хөл толгойгоо алдаж ахуйн хүрээний гэмт хэргийн гаралт өссөн. Энэ нь ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй. Мөн архийг нууцаар худалдах, хулхи архи буюу найруулсан архийг дамлан борлуулах гээд буруу замын бизнес цэцэглэн хөгжиж байсныг зогсоох үүднээс дээрх хуулийг баталсан байдаг билээ.

Нөгөөтэйгүүр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудал ихээр гарсан. Зочид буудалд нийлж архидаж байгаад нэгнийхээ амийг бүрэлгэж, олноороо хулхи архинд хордож байсан хэрэг бүртгэгдэж байсныг олон нийт мартаагүй биз ээ… Хотын дарга С.Амарсайхан нь аливаа зүйлийг шууд хумхи биш наанатай, цаанатай хандах байлгүй дээ хэмээн иргэд хүлээж байна. Жуулчдыг татах зорилготой зэрэглэл өндөртэй газрууддаа өршөөлтэй хандаж, орон сууцны нэг давхарт байрлах баар, ресторанууддаа хяналтыг чангатгах нь зөв болов уу. Түүнээс биш бүгдийг нь хязгаарлаад, хумиад эхэлвэл нөгөө л хөл толгойгүй архин далай руугаа шумбаад орчих талтай гэдгийг бодох байлгүй.

Тэрнээс биш таксины жолооч нар архийг дамлан өндөр үнээр худалдаж байсан өмнөх үе рүүгээ шилжих юм бол Ардчилсан улсын “Их хотын залуус” нэр зүүгээд яанам бэ. Залуучууд нэг үе бодвол согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэдэг болчихсон. Харин хязгаарлаад, чөдөрлөөд ирвэл авгай нөхрийн зодоон нүдээн эхлэх нь лавтай. Энэ бүгдийг бодолцон эцсийн шийдвэрээ гаргана байгаа Хотын дарга аа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.